Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/01614

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.И-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01107 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.И,

Хариуцагч М.Г-т холбогдох,

Автозогсоол албадан чөлөөлүүлж, хохирол 8 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн автозогсоол захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бурмаа, өмгөөлөгч Г.Батбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.  

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 онд байр худалдан авсан, байр худалдан авах гэрээг би өөрийн нэр дээр хийсэн. Учир нь 150.000 долларыг 4 жилийн хугацаатай төлөх байсан, авто зогсоол нь 10.000 долларын үнэтэй байсан ба төлбөрийг шууд бэлнээр өгсөн учраас охин Х.Иын нэр дээр гэрээ хийсэн. Төлбөрийг өгсөн учраас 2012 онд авто зогсоолыг манай авто зогсоол гэсэн батламжийг гаргаж өгсөн. Уг авто зогсоолыг 2013 оны 12 дугаар сар хүртэл бид өөрсдөө ашиглаж байсан ба зогсоолын байршил эвгүй тул солиулах гэтэл автозогсоолууд нь бүгд зарагдаад дууссан учраас байршлаа солиулж чадаагүй.

2010 оноос хойш бид нар зогсоолынхоо төлбөрөө төлж байгаа. Гэхдээ машинаа өөр газарт байрлуулж байна. Иймд зогсоолын эзэмшигч болохыг тогтоолгож, хариуцагчийн эзэмшлээс чөлөөлж, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх уг авто зогсоолыг 2012 онд худалдан авч эзэмшиж эхэлсэн. Гэтэл хажууд машинаа тавьдаг байсан Ш.Бурмаа гэх хүн 2014 оноос хойш машинаа гарга гэж бид нарын хооронд маргаан үүссээр байгаад сүүлдээ шүүхээр шийдвэрлүүлэх болсон гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Маргаан бүхий авто зогсоол нь өнөөдрийг хүртэл үлсын бүртгэлд хэн нэгний нэр дээр бүртгэгдээгүй байгаа. “Глобал тэсунг” ХХК, Х.И нарын хооронд байгуулсан автомашины зогсоол захиалан бариулах тухай 2010 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Эдгээр хүмүүсийн шударгаар гэрээний үндсэн дээр олж авч, эзэмшиж ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн этгээд булаацалдаж байгаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хамаарах тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Глобал тэсунг” ХХК-иас эрх олгосон учраас “Глобал тэсунг” ХХК болон иргэн Х.И нарын хооронд байгуулсан гэрээ нь хөндлөнгийн гуравдагч этгээд болох М.Г-ийн хууль ёсны ашиг сонирхолд хэрхэн нөлөөлж байгаа нь тодорхойгүй. н.Бямбасүрэнгээс автозогсоолыг худалдан авсан өмчлөх эрх үүссэн тухай баримтгүй, хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолж чадахгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж 27Б байрны 701 тоот хаягт байрлах С12 тоот автомашины зогсоолын эзэмшигч нь Х.И болохыг тогтоож, хариуцагч М.Г-ийн хууль бус эзэмшлээс С12 тоот зогсоолыг чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 8 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орон сууц болон автомашины зогсоолыг захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213 150 төгрөг, хариуцагчийн төлсөн 278 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад буруу үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад нэхэмжлэгчийг маргаан бүхий автозогсоолын эзэмшигч мөн болохыг тогтоох нотлох баримтууд авагдаагүй байсан, мөн шударга эзэмшигч болон эзэмшил үүсэх хуулийн үйл баримтад буруу үнэлэлт, дүгнэлт өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Х.И Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж 27Б-102 дугаар байрны С12 тоот автомашины зогсоолыг иргэн М.Г-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, маргаан бүхий зогсоолыг 2014 -2017 онуудад эзэмшиж, ашиглаж чадаагүйгээс учирсан бодит хохирол болох 8 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, автозогсоолыг 2012 онд иргэн н.Бямбасүрэнгээс худалдаж авсан гэж марган, “Глобал тэсунг” ХХК болон Х.И нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан автозогсоол захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

            Нэхэмжлэгч Х.И-ын “Глобал Тэсунг” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан автозогсоол захиалан бариулах гэрээ /хх-8/, автозогсоолын үнэ 10 000 ам.долларыг төлсөн баримт /хх-30/, төлбөрийг бүрэн төлж бариулсан С12 автозогсоолын өмчлөх эрхийг Х.И-т бүртгэхийг улсын бүртгэлийн газарт хүссэн “Глобал Тэсунг” ХХК-ийн 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 6/10 дугаартай албан бичиг /хх-32/ хэрэгт авагдсан байна.

            Түүнчлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж 27Б, 102-701 тоот байрны оршин суугч Ш.Бурмаа, Х.И нар СӨХ-д автозогсоолын цэвэрлэгээ, засвар үйлчилгээний төлбөр багтсан 65 150 төгрөгийг сар бүр төлж ирсэн талаар Твин парк СӨХ тодорхойлсон, энэ нь төлбөр төлсөн баримтууд, Төрийн банкны дансны хуулгаар нотлогджээ.

            Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Х.И-ыг маргаан бүхий С12 тоот автозогсоолыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар өмчлөлдөө шилжүүлэн авсан, ашиглалтын зардлыг хуульд зааснаар эрх бүхий этгээдэд төлж, өмчлөх эрхээ хэрэгжүүлж ирсэн шаардах эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх маргаантай үйл баримтад хамааралтай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлсэн, хариуцагчийн маргаан бүхий автозогсоолын эзэмшигч нэхэмжлэгч мөн болохыг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

            Хариуцагч М.Г-ийн тухайд С12 тоот автозогсоолыг 2012 онд иргэн н.Бямбасүрэнгээс худалдаж авснаар эзэмшиж байгаа гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж, нэхэмжлэлийн үндэслэлийг баримтаар няцаасан зогсоолыг эзэмшиж, ашиглах эрхийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул түүнийг С12 тоот автозогсоолын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Х.И, “Глобал Тэсунг” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн гэрээг үгүйсгэж маргах эрхгүй болно.

            Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Х.И нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн автозогсоолыг М.Г-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

            Хариуцагч М.Г автозогсоолыг хууль болон гэрээний үндсэн дээр шударгаар олж авч, эзэмшсэн гэж үзэх Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул “Глобал тэсунг” ХХК болон Х.И нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан автозогсоол захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

            Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                                               А.ОТГОНЦЭЦЭГ