Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2020/0752

 

2020 12 07 128/ШШ2020/0752

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК 

Нэхэмжлэгч: Х ХХК 

Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,

Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны А/53 дугаар тушаалаар байгуулагдсан тендерийн Үнэлгээний хороо,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,

Гуравдагч этгээд: БХХК /РД:5808***/,

Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага:

1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны А/53 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

2. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 02/1727 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

3. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн БХХК-д хүргүүлсэн тендерт шалгарсан талаарх Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны акт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар БХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот гэрээг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

5. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар тендерт Г ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах,

6. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Г ХХК-тай Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар гэрээ байгуулахыг даалгах

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага:

1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр, дүгнэлтийг хүчингүй болгуулах,

2. Х ХХК-ийг тендерээс татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02/1724 тоот албан бичгийг хүчингүй болгуулах,

3. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай тендерт БХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар БХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай гэрээг хүчингүй болгуулах,

5. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай тендерийн шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г ХХК-ийн төлөөлөгч О.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М, нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.С, Ч.У, хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, тус газраас байгуулагдсан тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, гуравдагч этгээд БХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунболор, түүний өмгөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02/1548 дугаартай албан мэдэгдэлдээ манай компанийг шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн байтал 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/1727 тоот мэдэгдэлд аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан гэрээг шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр манай компанийн тендерээс татгалзсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1. Худалдан авах гэрээг аж ахуйн нэгж хооронд байгуулсан боловч мөнгө гүйлгээ хувь хүмүүсийн дансаар хийгдсэн гэх үндэслэлийн хувьд: хувийн байгууллагууд худалдан авалт хийхдээ харилцан тохиролцож тухайн компанийн гүйцэтгэх захирлын нэрээр гэрээний төлбөрийг шилжүүлэх нь бизнесийн харилцан зөвшилцөх гэрээний нэг хэлбэр. Хувийн байгууллагуудын хоорондын гэрээнд байнга хийгддэг бүрэн эрхийн асуудал юм. Бид өөрийн компанийн гүйцэтгэх захирал О.Н Төрийн банкны дансаар худалдан авах гэрээний төлбөрийг З ХХК-аас шилжүүлэн авсныг гэрээ хийгдээгүй гэж үзэж татгалзсан нь ойлгомжгүй байна. Тус ТШӨХ-т гэрээний төлбөрийг хувь хүний дансаар төлсөн байж болохгүй гэж заагаагүй.

2. Гэрээнд дурдсан автомашины арлын дугаарыг Авто тээврийн үндэсний төвийн сайтаас хянан үзэхэд бүртгэлгүй тухай тодорхойлолт авснаар гэрээг хийгдээгүй гэж үзэж байгаа нь буруу. Учир нь Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн санд зөвхөн улсын дугаар авсан авто тээврийн хэрэгслийг бүртгэдэг, гаалийн бичигтэй автомашинууд нь уг мэдээллийн санд бүртгэлгүй байдэг. З ХХК-ийн захиалгаар оруулж ирсэн автомашинууд нь гаалийн бичигтэйгээ байгаа бөгөөд улсын дугаар аваагүй болно. Үүнийг баталгаажуулж бид гаалийн бичигтэй автотехникүүд нь Авто тээврийн үндэсний төвийн сайтад болон мэдээллийн санд байрших боломжгүй тухай тодорхойлолтыг Авто тээврийн үндэсний төвөөс авсан. Манай компанийн борлуулалтын гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагч байгууллагын тодорхойлолт, Гаалийн ерөнхий газраас тухайн техникүүдийг Монгол Улсын хилээр оруулж ирсэн нь үнэн болохыг тодорхойлсон баримтыг нотлох баримтаар Сангийн яаманд хүргүүлсэн.

Манай компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54.1-д заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам манай гомдлыг хянаад 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6-4818 дугаар албан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02/1546 дугаар гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хуулийн 55.3.1-д зааснаар хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгасан. Гэтэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо нь доорх шаардлагад нийцээгүй зөрчилтэй тендерийн баримт бичигтэй компанийг дахин хамгийн сайн" тендер хэмээн шалгаруулсан.

Тус тендерт шалгарсан БХХК албан ёсны борлуулагчийн гэрчилгээ хуурамчаар үйлдсэнийг манай компани Chengli Special Automobile компаниас албан мэдэгдлээр тодруулга авч нотлох баримтыг Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамнаас уг асуудлыг шалгаж тодруулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгасан. Гэтэл уг асуудлыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо нь нягталж тодруулалгүйгээр Б" ХХК-ийг дахин хамгийн сайн шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Мөн БХХК нь FOTON international компанийн албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан, мөн Chengli Special Automobile гэрээт борлуулагчийн гэрчилгээ хуурамч байхад тус гэрчилгээ зөвшөөрлийг ТОӨЗ 18.1(а)-д заасан шаардлагыг хангаж байгаа гэж Үнэлгээний хороо үзэж байгаа нь илтэд хууль зөрчиж байна.

Мөн авто үйлчилгээ үзүүлэх А2 ангилалын гэрчилгээ нь шаардлагад нийцэхгүй гэж Сангийн яамнаас тодорхойлсон. Уг асуудлыг Үнэлгээний хороо авч хэлэлцээгүй.

3. ТОӨЗ 12.1 (ё)-ын 2-т нийлүүлэх автомашины зураг ирүүлсэн боловч үйлдвэрлэгчийн каталоги ирүүлээгүй. Каталоги дээрээс санал болгож буй автомашиныг ялган тодруулж ирүүлнэ гэж заасныг зөрчсөн. Зөвхөн зураг ирүүлсэн нь шаардлага хангаж байгаа гэж үзэж байгаа нь хууль бус юм.

4. Маягт ТШМ -5В Одоо хэрэгжиж буй гэрээний мэдээлэл ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэлгүй гэж үзэж байгаа нь хууль бус байна. Тендерт оролцогч болон түншлэгч гишүүн бүр өөрсдийн хэрэгжүүлж буй одоо гүйцэтгэж байгаа бүх гэрээний талаар мэдээлэл ирүүлнэ гэж уг маягтад заасан байдаг. ТОӨЗ-ын маягтад заасан гэрээний талаарх бүх мэдээллийг оруулна гэж заасан нь санхүүгийн эх үүсвэр хангалттай эсэхийг тодорхойлдог. Тус компани зөвхөн 2020 оны 02 дугаар сараас 5 дугаар сарын хооронд нийт 7,152,480,000 төгрөгийн өртөгтэй ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулах эрх авсан нь уг компанийн Хаан банкны 3,7 тэрбумын шугамын зээлийн эрхтэй нь уг төсөл арга хэмжээнүүдэд хүрэлцэхгүй болохыг нотолж байхад Үнэлгээний хороо шугамын зээлийн эрхийг үндэслэн уг маягтыг илтэд үгүйсгэж байгаа нь хууль бус байна. Мөн доорх тендер төсөл арга хэмжээнүүдэд БХХК нь хугацаа нь дууссан FOTON international компанийн борлуулагчийн гэрчилгээ, Chengli Special Automobile компанийн албан ёсны борлуулагчийн хуурамч гэрчилгээ хавсаргаж нийт 7 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх эрх авч байгаа нь илтэд хууль зөрчиж байна. Тус компани Даланзадгадын дулааны цахилгаан станц- ХG951-III маркийн ковш шинээр худалдан авах -165,000,000 төгрөг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-тэй дунд оврын экскаватор 300,000,000 төгрөг, Сэргээн босгох үеийн экскаватор 800,000,000 төгрөг, Монголросцветмет ТӨҮГ-тай Автоцистерн -178,480,000 төгрөг, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газартай - Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ - 519,000,000 төгрөг, Хог тээврийн машин /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон/ - 145,000,000 төгрөг, Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянгол дүүрэг, З дугаар хороо/- 145,000,000 төгрөг, Экскаватор /1ш/ - 520,000,000 төгрөг, Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм - 4,380,000,000 төгрөг нийт 7,152,480,000 төгрөгийн ажил авсан байна.

Тус ажлуудыг хүлээлгэн өгч актаар баталгаажуулаагүй байхад уг компанийн санхүүгийн чадварт нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байгаа нь илтэд тендерийн баримт бичигт заасан шаардлагыг үгүйсгэж байгаа ойлголт юм.

Иймээс НХААГ-ын 02/1727 дугаартай Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож БХХК-ийн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгож НХААГ-ын Үнэлгээний хороог дахин тендерийн үнэлгээ хийлгүүлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилж, тодруулахдаа: 1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны А/53 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах,

2. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 02/1727 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны акт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах,

3. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн БХХК-д хүргүүлсэн тендерт шалгарсан талаарх Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны акт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах,

4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар БХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот гэрээг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах,

5. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар тендерт Г ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг даалгуулах,

6. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Г ХХК-тай Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар гэрээ байгуулахыг даалгуулах гэжээ.

Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: БХХК-ийн тендерийн материалыг татан авч үзэхэд тендерийн баримт бичгийн 8 зүйл зөрчилтэй байсан. Үүнд:

1. Техникийн тодорхойлолтод заагдсан хог тээврийн зориулалтын задгай тэвштэй автомашин болон шахдаг тэвштэй хог тээврийн зориулалтын техникийн тодорхойлолтод заагдсан чанарын гэрчилгээ зөвхөн ISO гэрчилгээ ирүүлсэн бусад гэрчилгээг ирүүлээгүй. Олон улсын IAF болон ХБНГУ-Dakks байгууллагуудын баталгаажуулсан тусгай зориулалтын автомашины үйлдвэрлэлт, тестүүд хийж баталгаажсан гэрчилгээ TUV, SUD, TUV Nord байхгүй, Олон улсын DNV GL байгууллагын хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй аюулгүй ажиллагааны стандартыг хангасан гэрчилгээ OHSAS 18001:2007 байхгүй,

2.Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 12.1 (ё)-ын 2-т нийлүүлэх автомашины зураг ирүүлсэн боловч үйлдвэрлэгчийн каталог ирүүлээгүй. Каталог дээрээс санал болгож буй автомашины ялган тодруулж ирүүлнэ гэж заасныг зөрчсөн.

3.Тендер шалгаруулалтын маягт-5/в Одоо хэрэгжиж буй гэрээний мэдээлэл байхгүй. БХХК нь одоо хэрэгжиж буй гэрээний маягтыг бөглөж ирүүлээгүй. Тендерт оролцогч болон түншлэгч гишүүн бүр өөрсдийн хэрэгжүүлж буй одоо гүйцэтгэж байгаа бүх гэрээний талаар мэдээлэл ирүүлнэ гэж заасан байдаг. 2020 оны 3, 4, 5 дугаар сард Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас авсан тендерийн ажлыг комиссын актаар баталгаажуулж хүлээлгэж өгөөгүй тул ажлын мэдээлэл ирүүлээгүй.

4.Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 15.10-т зааснаар үнийн санал тохируулаагүй тогтмол байна гэсэн мэдэгдэл байхгүй.

5.Тендер шалгаруулалтын маягт-4 Гэрээт борлуулагчийн зөвшөөрлийн итгэмжлэл баталгаат орчуулгын хамт ирүүлээгүй, зөвхөн тухайн компаниас өөртөө итгэмжлэл гаргасан.

6. Файл 4 дээр Фотон интернэйшнл компанийн албан ёсны үйлдвэрлэгчийн гэрчилгээ болон орчуулга он сар зөрүүтэй алдаатай орчуулагдсан.

7.Ченгли албан ёсны гэрчилгээ хуурамч.

8.Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 18.1(а) Үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн баталгаат орчуулгын товчоогоор орчуулж баталгаажуулсан байх гэж заасан байтал зөвхөн өөрийн компанид итгэмжлэл олгож, хавсаргасан.

Үүний дагуу Сангийн яаманд манай компани тендерийн баталгааны 56,000,000 төгрөгийг барьцаанд тавьж гомдол гаргасан. Сангийн яам нь манай компанийн гомдлыг 2020 оны 07 сарын 17-ны өдөр хянаж үзээд үндэслэлтэй гомдол гаргасан болохыг тогтоож барьцаа мөнгийг суутгалгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.3.1 дэх заалтын дагуу БХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийхийг даалгасан байдаг. Ингэж Сангийн яамнаас хүчингүй болгосон байтал Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо нь 2020 оны 07 сарын 21-ний өдөр дахин үнэлгээ хийж тендерийн баримт бичгийн зөрчилтэй БХХК-ийг дахин шалгаруулсан явдал нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга н.Болормаа болон Үнэлгээний хорооны дарга н.Түмэнжаргал нар нь уг компанитай ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь харагддаг.

Мөн 2020 оны 07 сарын 21-ний өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлтээр Сангийн яамнаас өгсөн шийдвэрийн дагуу БХХК-ийн хууль бус баримтуудыг дахин нягталж тодруулалгүйгээр манай компаниас тодруулга авч байгаа нь илтэд тус компанийг шалгаруулах ашиг сонирхлын зөрчилтэй Үнэлгээний хороо байгуулагдсан нь тодорхой болдог бөгөөд 2020 оны 06 сарын 30-ны өдрийн Сангийн яамнаас хүчингүй болсон шийдвэрийг хэвээр үлдээж тухайн өдрөө тендерийн дахин үнэлгээний дүгнэлтийг гаргаж гэрээ байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тухайн тендерт шалгарсан Бадрангуй орших компанийн материалыг хянаж үзээд Сангийн яамны шийдвэрийн дагуу А2 ангиллын гэрчилгээ нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заагдсан А1 ангиллын гэрчилгээний шаардлагыг хангахгүй тул буцаасан байдаг. Гэтэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга н.Болормаа нь тухайн өдрөө 02/1777 дугаартай тайлбар хүргүүлэх албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 04 сарын 12-ны С12 тушаалаар А1, А2 ангиллын гэрчилгээ нь Нийтийн тээврийн үйлчилгээний газраас олгодог гэрчилгээг хүчингүй болсон мэтээр худал тайлбар хийж 2020 оны 07 сарын 22-ны өдөр БХХК-тай гэрээ байгуулсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Үнэлгээний хорооны шийдвэр гарснаас 6 хоногийн дараа гэрээ байгуулна гэсэн заалтыг зөрчсөн.

Мөн А1, С1 ангиллын гэрчилгээ нь Зам тээврийн хөгжлийн сайдын 90 дүгээр тушаалаар баталсан өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Хууль зүйн яаманд захиргааны хэм хэмжээг тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн сангийн 3633 дугаарт бүртгэж баталгаажуулсан байдаг. Бид Нийтийн тээврийн үйлчилгээний газраас тодруулга авахад А1 ангиллын гэрчилгээ нь хүчингүй болоогүй бөгөөд зөвхөн Стандартчлал, хэмжил зүйн газрын даргын С-12 дугаар тушаалаар авто үйлчилгээний байгууллагад тавигдах ерөнхий стандартад нэмэлт өөрчлөлт орсон нь тодорхой болсон. Мөн А1 ангиллын гэрчилгээ нь албан ёсны борлуулах эрхтэй этгээд өөрийн эзэмшлийн засварын газартай, автомашины засвар үйлчилгээг иж бүрнээр хийх эрхтэй хуулийн этгээдэд олгодог зөвшөөрөл бөгөөд А2 ангиллын гэрчилгээ нь машин механизмын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой засвар үйлчилгээг төрөлжсөн буюу хэсэгчилсэн хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг авто бирж болон авто техникийн захуудад түрээсийн байраар хангах үйл ажиллагаа явуулдаг ялгаа бүхий зөвшөөрөл юм. Тус БХХК нь тус А2 ангиллын гэрчилгээг тендерийн баримт бичигт ирүүлсэн байдаг бөгөөд үүнийг Сангийн яам шаардлага хангахгүй гэж уг Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон.

Техникийн тодорхойлолт нь тендерийн баримт бичгийн гол шалгуур үзүүлэлт байдаг. Улаанбаатар хотын хог хаягдал зохицуулалтын албаны дарга нь уг техникийн тодорхойлолтыг боловсруулж тусгай заалтад байвал Олон улсын IAF болон ХБНГУ-Dakks байгууллагуудын баталгаажуулсан тусгай зориулалтын автомашины үйлдвэрлэлт, тестүүд хийж баталгаажсан гэрчилгээ TUV SUD8 TUV NORD олон улсын DNV GL байгууллагын хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй аюулгүй ажиллагааны стандартыг хангасан гэрчилгээ OHSAS 180001:2007 албан ёсны борлуулагчийн гэрчилгээ, А1, С1 ангиллын гэрчилгээг ирүүлэхийг шаардсан байдаг.

Гэтэл БХХК нь эдгээр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заагдсан баримт бичгийг ирүүлээгүй тендерийн баримт бичигт ирүүлсэн Фотон интернэйшнл компанийн борлуулагчийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 2018 оны 12 сараас 2019 оны 12 сарын 31-нд хугацаа нь дууссан гэрчилгээг тендерийн баримт бичигт илгээж оролцсон. Мөн Ченгли компанийн албан ёсны борлуулагчийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж оролцсон. Мөн техникийн тодорхойлолтод заагдсан авто техникүүд нь чанарын баталгаагүй Хово маркийн машины оронд Фотон маркийн машин ирүүлсэн нь техникийн тодорхойлолтод нийцэхгүй. Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 12.1 (ё) 2 болон 3 дахь шаардлагуудыг хангаагүй, тендерийн баримт бичгийн маягт 5/в-г бөглөөгүй нь тендерт уг байгууллагыг санхүүгийн чадвартай эсэхийг мэдэх гол үзүүлэлт байтал уг маягтыг бөглөөгүй хоосон илгээсэн.

Мөн уг тендерт илгээсэн БХХК Ченгли компанийн борлуулагчийн гэрчилгээний хугацаа нь 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 сарын 01-ний өдөр гэсэн огноотой гэрчилгээг тендерийн баримт бичигт илгээж оролцсон байтлаа уг гэрчилгээг 2020 оны 07 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатайгаар дахин огнооны эрс зөрүүтэй гэрчилгээг нотариатаар хуулбар үнэн даруулж шүүхэд мөн хуурамч баримт хүргүүлсэн байдаг. Бид Ченгли компанийн захирал Чин А Лу-тай холбогдож БХХК-ийн тендерт илгээсэн борлуулагчийн гэрчилгээ болон мэдэгдлүүд нь хуурамч болохыг тодруулга авч Ченгли компанийн удирдлагаас БНХАУ дахь Монгол Улсын Консулын хэлтсээр дамжуулан баталгаажуулж шүүхэд нотлох баримтыг гаргаж өгсөн гэв.

Нэхэмжлэгч Г ХХК-ийн өмгөөлөгч тайлбартаа: Нэг. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Г ХХК-д хүргүүлсэн 2020 оны 06 сарын 30-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 02/1548 тоот албан бичигт танай ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн боловч хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3 дахь хэсгийн дагуу татгалзаж байна гэсэн байдаг. Харин Г ХХК-иас гаргасан гомдлыг Сангийн яам шийдвэрлэж тендерийн үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсний дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаад Сангийн яамны шийдвэрт дурдсан БХХК-тай холбоотой шалгахыг даалгасан ажиллагааг хийгээгүй атлаа Г ХХК-ийн тендерийг дахин шалгаад шаардлагад нийцэхгүй гэж дүгнэсэн болохыг 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 02/1727 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, өмнө нь Г ХХК-ийн тендерийг шаардлагад нийцнэ гэсэн байж дахин нэмэлт ажиллагаа хийгээгүй мөртлөө нийцэхгүй гэсэн тэс зөрүүтэй шийдвэр гаргасан нь эргэлзээтэй байгаа юм.

Хоёр. Нийслэлийн худалдан авах ажиллагаанаас Г ХХК-д 2020.07.22-ны өдөр хүргүүлсэн 02/1727 дугаар албан бичигт тус компанийн тендерийг шаардлагад нийцээгүй болохыг дараах 2 үндэслэлээр тайлбарласан:

1. Худалдах, худалдан авах гэрээг аж ахуй нэгжийн хооронд байгуулсан боловч мөнгөн гүйлгээ хувь хүмүүсийн дансаар хийгдсэн,

Иргэн, хуулийн этгээд хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр эсэхийг тогтоодог газар нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар биш, шүүх зохигчдын эсвэл сонирхогч этгээдийн хүсэлтээр гэрээ хүчин төгөлдөр эсэх шийдвэрийг гаргана. Харин гэрээ нь хуурамч байна гэсэн бол өөр хэрэг. Гэхдээ хуурамч байсан ч түүнийг эрх бүхий байгууллага шалган тогтоох, эсвэл холбогдох баримтыг үнэлэх ёстой болохоос гарын үсэг, тамга зөрүүлж зурсан гээд хийсэн ажлыг үгүйсгэж, гэрээг хүчин төгөлдөр бус гэх эрх Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт байхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хэлцэл хүчин төгөлдөр бус байх 10 нөхцлийг зааж өгсөн. Тэдгээрт гарын үсэг, тамга зөрүүлсэн бол хэлцэл хүчин төгөлдөр бус байх тухай зохицуулалт байхгүй.

Г ХХК бол гэр бүлийн бизнес эрхэлдэг компани. Захирал О.Ж болон О.Н нар нь төрсөн ах, дүү нар юм. Тэр ч утгаараа 2017 оны 01 сарын 02-ны өдөр захирал О.Ж нь 17/29 дугаартай тушаал гаргаж дүү О.Ныг захирлаар томилсон боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Гэсэн хэдий ч тэр үеэс хойш бодит байдал дээр компанийн бүх үйл ажиллагааг О.Н хариуцсаар ирсэн. Өнөөдөр ч гэсэн О.Ж захирлын тушаалаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. О.Н хувийн дансаар төлбөр орсон учраас тухайн гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй.

2. Гэрээнд дурдсан машин механизмуудын арлын дугаарыг Авто тээврийн үндэсний төвийн мэдээлэл шалгах сайтаас хянан үзэхэд бүртгэлгүй тухай тодорхойлогдсон болно. Өөрөөр хэлбэл, ижил төрлийн бараа нийлүүлсэн талаарх баримт бичиг нь хуурамч, гэрээнд байгаа машинуудыг Г ХХК-д оруулж ирж захиалагчид нийлүүлээгүй гээд хар жагсаалтад оруулах талаар дурдсан.

Хэргийн материалын 15 дахь хуудаст байгаа Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн архив, лавлагааны тасгаас Г ХХК-д 2020 оны 07 сарын 23-ны өдөр хүргүүлсэн 04 тоот албан бичигт гэрээнд дурдсан арлын дугаартай тээврийн хэрэгслүүд улсын дугаар аваагүй, Авто тээврийн үндэний төвийн сүлжээнд бүртгэлгүй байгаа тул тээврийн хэрэгслийн лавлагаа гарах боломжгүй тухай бичсэн. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслүүд улсын дугаар аваагүй бол Авто тээврийн үндэсний төвийн сүлжээнд бүртгэгдэхгүй, тээврийн хэрэгслийн лавлагаа гарахгүй. Г ХХК-ийн хувьд захиалагчийн хүссэн барааг гаалиар оруулж ирээд захиалагчийн эзэмшилд хүлээлгэн өгснөөр гэрээнд заасан үүрэг нь дуусгавар болж байгаа. Харин бүртгүүлж, улсын дугаар авах эсэх нь захиалагчийн асуудал. Тэгэхээр Авто тээврийн үндэсний төвийн мэдээлэл шалгах сайтаас арлын дугаараараа гарч ирэхгүй байгаа нь Г ХХК-ийг тухайн тээврийн хэрэгслүүдийг оруулж ирснийг үгүйсгэх нөхцөл болохгүй.

Харин Гаалийн баримт нь Г ХХК-ийг тухайн тээврийн хэрэгслүүдийг оруулж ирснийг нотолно. Тухайлбал, Гаалийн ерөнхий газраас Г ХХК-д хүргүүлсэн 2020 оны 07 сарын 24-ний өдрийн 03-2/2610 дугаартай албан бичигт Гаалийн байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 5.1-д заасан мэдээлэл, бичиг баримтыг хүлээн авч ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2019 оны Автоцистерн ХТС651153Н1372370, ХТС651153Н1371707, ХТС651153Н1371734, 2019 онд үйлдвэрлэсэн Автокран ХТС43118RJ1383703, 2019 онд үйлдвэрлэсэн Эксковатор DH500LC-7 тоот арлын дугааруудтай авто машинуудыг 2019 онд Монгол Улсын гаалиар оруулж ирсэн нь үнэн болно гэснээс Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Авто тээврийн үндэсний төвийн сайтаас хайгаад олоогүй тээврийн хэрэгслүүдийг гаалиар оруулж ирснийг нотолсон байна. Энэ нь хэргийн материалын 17-19 дэх хуудаст байгаа захиалагч Зэт Эл Вэй ХХК болон гүйцэтгэгч Г ХХК-ийн хооронд 2019 оны 05 сарын 10-ний өдөр байгуулсан Машин механизм худалдах худалдан авах тухай ХАГ-2019/04 тоот гэрээ болон 20 дахь талд байгаа 2019 оны 07 сарын 05-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар мөн давхар нотлогдоно. Тухай гэрээний эхний нүүрт хүснэгтэн хэлбэрээр байгаа гэрээний зүйлүүд болох тээврийн хэрэгслүүдийн арлын дугаар Гаалийн ерөнхий газрын лавлагаагаар тогтоосон арлын дугаартай таарч байгаа. Мөн эдгээр тээврийн хэрэгслийг Г ХХК нь Зэт Эл Вэй ХХК-д нийлүүлсэн талаар тодорхойлолтыг тус компанийн 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 20/172 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байгааг хэргийн материалын 27 дахь талаас харж болно.

Гурав. Хэдийгээр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон Сангийн яамны шийдвэрт БХХК-ийн тендертэй холбоотой 4 асуудлыг магадлан үз гэсэн боловч нэгэнт тендерийн дахин үнэлгээг хийж байгаа бол тендерт анх оролцсон бусад бүх компанийг тендерийг дахин шалгаж болно гэдэгтэй маргахгүй. Гэхдээ Сангийн яамны шийдвэрт дурдсан БХХК-ийн асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байна.

Hийслэлийн худалдан авах ажиллагааны газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа БХХК-ийн албан ёсны борлуулагчийн гэрчилгээг дахин нягталж тодруулахад албан ёсны тамга тэмдэг, гэрчилгээний хүчинтэй хугацаа нь хүчин төгөлдөр болохыг яаж нотолсон нь тодорхойгүй. Сангийн яам холбогдох байгууллагаас тодруул гэсэн боловч тэр талаар дурдаагүй. Холбогдох байгууллагаас тодруулаагүй болохыг хэргийн материалын 144 дэх талд байгаа Үнэлгээний хорооны 2020 оны 07 сарын 21-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлийн Б.Золзаяагийн БХХК-ийн сертификат хуурамч байх магадлалтай учир Х ХХК-ийг сонгож байна гэсэн саналаас ч харж болно. Тэгэхээр Сангийн яамны шийдвэрийг биелүүлээгүй, шалгаж тогтоогоогүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 07/1351 тоот албан бичгийн хавсралтаар Хог тээврийн зориулалтын задгай тэвштэй автомашины техникийн тодорхойлолтын 44 дэх жагсаалтад Албан ёсны борлуулах эрхтэй төлөөлөгч байх, итгэмжлэх болон төлөөлөгчийг нотлох гэрээг хавсаргах, автомашин нийлүүлэгч байгууллага нь Монгол Улсад мөрдөгдөж буй авто үйлчилгээ үзүүлэгч байгууллагад тавигдах MNS5025:2010 стандартын А1 болон С1 ангиллыг хангасан байх, баталгаажуулсан тусгай зөвшөөрөлтэй байна гэж ирүүлсэн. Гэвч Монгол Улсад мөрдөгдөж буй авто үйлчилгээ үзүүлэгч байгууллагад тавигдах MNS5025:2010 стандарт нь Стандартчилал, хэмжилзүйн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын С/12 дугаар тушаалаар хүчингүй болсон байна. Үнэлгээний хорооны 2020 оны 06 сарын 29-ний хурал болон 2020 оны 07 сарын 21-ний хурлаар тус тус тендерт оролцогч бүх компанийн тусгай зөвшөөрлийг тендерийн үнэлгээнд оруулаагүй болно гэсэн.

MNS5025:2010 хүчингүй болсон нь үнэн. Гэхдээ түүнийг орлох MNS5025:2020 гэж стандарт гарсан. Уг стандартаар Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоогоогүй. Гэхдээ Зам, тээврийн сайдын Журам батлах тухай 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 90 дүгээр тушаал, түүний хавсралтууд одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тус тушаалын нэгдүгээр хавсралт болох Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам-ын Ангилал тогтоох хүсэлт гарчигтай Хавсралт Б-ийн хоёр-т А хүрээний ажил үйлчилгээ: Авто машины хөдөлгөөний аюулгүй байдлыг шууд хангахтай холбоотой агрегат, зангилаа, механизм /явах анги, тоормос, гэрэлтүүлэг, дохиоллын систем гэх мэт/-ын иж бүрэн засвар, үйлчилгээ, оношилгоо хийхийг ойлгоно гээд 1. Хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой бүх агрегат, механизм, зангилааны засвар, үйлчилгээг иж бүрнээр хийх А1 гэрчилгээ олгоно гэсэн. Харин 2-т Хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой үндсэн агрегат, механизм, зангилааны засвар үйлчилгээг төрөлжсөн хэлбэрээр хийх бол А2 гэрчилгээг олгоно. С хүрээний ажил үйлчилгээ: Автомашин, сэлбэг худалдах, авто бирж, авто техникийн зах ажиллуулах, сэлбэг хэрэгсэл, тосолгооны болон ашиглалтын бусад материалаар хангах, цэнэглэх, авто зогсоолын үйлчилгээ эрхлэх хамаарна. Түүний 7-д Автомашин, сэлбэг хэрэгсэл, тослох материалыг үйлдвэрлэгчээс шууд бөөнөөр нийлүүлдэг дистрибьютерийн үйлчилгээ үзүүлэх бол С1-г гэрчилгээг олгоно гэсэн.

MNS5025:2010 стандарт хүчингүй болсон ч сайдын тушаал түүний хавсралтыг үндэслэж, шаардлагад нийцсэн байгууллагуудад А1, С1 гэрчилгээг олгож байгаа талаар хэргийн материалын 241 дэх талд байгаа Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 2020.09.03-ны өдрийн 4/961 тоот албан бичигт тайлбарласан.

Тээврийн хэрэгслийг авах Нийслэлийн Засаг даргын тамгын газар Тендерийн баримт бичигтээ А1 юм уу С1 гэрчилгээтэй компани байхыг шаардсан байх, Зам тээврийн сайдын тушаал хүчин төгөлдөр хэвээр байхад Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, түүний байгуулсан Үнэлгээний хороо дур мэдэн бүх компанийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг тендерийн үнэлгээнд оруулаагүй байна. Нэг ч компани А1 юм уу С1 зөвшөөрөлгүй байсан бол тийнхүү үнэлэхийг зөвшөөрлөө гэж бодоход Г ХХК С1 зөвшөөрөлтэй байсан. Гэтэл үнэлээгүй нь А2 буюу тендерийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй зөвшөөрөлтэй БХХК-ийг шалгаруулахын тулд л ийнхүү шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д Төрийн албанд захирах, захирагдах ёсыг баримтална гэж заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу Сангийн яаманд гаргасан гомдлоор захиргааны байгууллага 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгосон. Тус хуулийн 98.2 дахь хэсэгт Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ гэж заасан байхад Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын байгуулсан Үнэлгээний хороо нь Сангийн яамны захиргааны актад дурдсан БХХК-тай холбоотой шалгах ажиллагааг хийгээгүй.

Дөрөв. БХХК нь Ченгли тусгай автомашин компанийн албан ёсны борлуулагч биш талаар: Сангийн яамнаас 2020 оны 07 сарын 17-ны өдөр Нийслэлийн худалдан ажиллагааны газарт хүргүүлсэн 2020 оны 06 сарын 30-ны өдрийн 02/1546 дугаар гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг шийдвэрлэсэн тухай 6-1/4818 тоот албан бичигт БХХК нь Ченгли компанийн албан ёсны борлуулагч мөн эсэхийг холбогдох байгууллагаас тодруулахыг даалгасан байдаг. Өмнө дурдсанчлан ийм тодруулгыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар аваагүй. Харин хэргийн материалын 22, 23 дахь талд байгаа Ченгли компанийн албан бичгээс БХХК нь тус компанийн албан ёсны борлуулагч биш болохыг мэдэж болно. Мөн хэргийн материалын 24, 25 дахь талд Г ХХК-ийг өөрийн үйлдвэрлэдэг тээврийн хэрэгслүүдийг нийлүүлэх нөхцөлтэйгөөр НХААГ-20/104 тоот тендерт албан ёсны борлуулагчийн хувьд оролцох эрхийг Ченгли компани өгсөн албан бичиг байгаа.

Үнэлгээний хорооны 2020 оны 06 сарын 30-ны хурлын тэмдэглэл гарснаар БХХК-д гэрээ байгуулах эрх олгосон. Үүнтэй холбоотой Г ХХК Сангийн яаманд гомдол гаргасны дагуу БХХК нь Ченгли компанийн албан ёсны борлуулагч мөн эсэхийг шалгах болсон. Харин Үнэлгээний хороо 2020 оны 07 сарын 21-ний өдөр дахин үнэлгээ хийхдээ БХХК-ийг Ченгли компанийн албан ёсны борлуулагч мөн гэж үзсэн бололтой. Тийм ч учраас дахин гэрээ байгуулах эрх олгосон. Гэтэл хэргийн материалын 271 дэх талд байгаа БХХК-ийн гаргаж өгсөн баримтаас харах юм бол Ченгли компани нь 2020 оны 07 сарын 21-ний албан бичгээр БХХК-д албан ёсны борлуулагч байх эрхийг олгосон гэж харагдаж байна. Тийнхүү шийдвэр гаргасан өдөр нь Хятадаас уг бичгийг аваад хятад, англи хэл дээрх албан бичгийг орчуулалгүй Үнэлгээний хороонд өгөөд Үнэлгээний хороо тэр дор нь хурлаа хийж шийдвэрлэсэн гэж харагдаж байна. Учир нь хэргийн материалын 271 дэх талд байгаа орчуулгаас харахад уг албан бичгийг 2020 оны 09 сарын 21-ний өдөр буюу бүүр сүүлд орчуулсан байна. 2020 оны 07 сарын 21-ний өдөр ийм олон үйл явдал болсон нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын өөрсдийнх нь шүүхэд өгсөн тайлбарт дурдсантай адил хөндлөнгөөс харахад ямар ч боломжгүй зүйл юм. Мөн тендерийн хэл нь монгол хэл байна гэж заасан байхад орчуулгагүй баримтыг үнэлсэн нь хууль тогтоомж зөрчсөн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заасан. Энэ нь хуулийн 55.1-д тендерт оролцогч захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн бол ажлын 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан зохицуулалтыг хэрэгжих боломжтой болгохтой холбоотой зохицуулалт. Гэтэл Үнэлгээний хороо 2020 оны 07 сарын 21-ний өдөр хуралдаад маргааш нь БХХК-д гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгдсэн даруйдаа тэр өдрөө гэрээ байгуулсан.

Үүнийг тендерийн хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө амжуулахын тулд хийсэн гэж үзэхгүй байна. Учир нь Сангийн яам албан бичигтээ хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгаснаа дурдсан. Хэргийн материалын 34 дэх талд байгаа Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас шүүхэд ирүүлсэн тайлбарт тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 08 сарын 05-ны өдөр дуусахаар байсан гэсэн. Тэгэхээр БХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг 2020 оны 07 сарын 22-ны өдөр Мягмар гарагт өгсөн гэхээр 2020 оны 07 сарын 23, 24, 27, 28, 29, 30 гэсэн 6 ажлын өдрийн дараа 2020 оны 07 сарын 31-нд буюу тендер хүчинтэй байх хугацаанд багтаж гэрээ байгуулах боломжтой байсан.

Нөгөөтэйгүүр хуульд нэг гомдол гаргасан асуудлаар дахин гомдол гаргасан бол Сангийн яам хүлээж авахгүй байхаар зохицуулсан байгаа ч Үнэлгээний хорооны 2020 оны 06 сарын 30-ны өдөр гаргасан шийдвэрт гомдол гаргах 2020 оны 07 сарын 21-ний өдрийн шийдвэрт гаргах гомдол 2 нь өөр утга, агуулгатай байсан. Тиймээс гомдол гаргах хугацааг олгох л ёстой. Нэг асуудлаар дахин гомдол гаргахгүй гэдэг нь гаргасан гомдлыг нь хангаагүй, эсвэл гомдол гаргасан асуудлын дагуу дахин шийдвэрлэхдээ яг адилхан үндэслэл барьсан байгаа тохиолдолд л гомдол гаргах тухай асуудал хамаарна.

Хоёр. БХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн нэг баримтад Ченгли компани өөрийг нь албан ёсны эрхтэй болохыг тодорхойлсон бол өөр нэг баримтад Ченгли компани манайх ямар ч байгууллагад албан ёсны эрх олгодоггүй, харин зөвхөн тухайн тендерт оролцох эрх олгодог гэсэн байна. Өөрөөр хэлбэл нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн ийм зөрүүтэй нотлох баримтуудыг гаргаж өгч байгаа нь тус компанийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Мөн БХХК-д тендерт оролцох эрх олгосон гэсэн байх боловч тэр нь баримтаар байхгүй байна. Дахин үнэлгээ хийчихээд бичгийн нотлох баримт байхгүй эдгээр нөхцөл байдлыг тодруулалгүйгээр Үнэлгээний хорооны шийдвэр нь хууль зөрчсөн байна. Тендерийн хүчинтэй хугацаа дууссан учраас дахин зарлах нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. гэв.

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зарласан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай тендерт оролцож саналаа хүргүүлсэн.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас манай хүргүүлсэн тендерийг үнэлж 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02/1551 тоот албан бичгээр тендерт шалгараагүй, татгалзсан тухай бидэнд мэдэгдэл ирүүлсэн. Үүнийг эс зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сангийн яаманд хандан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Н-380 дугаартай гомдол гаргасан бөгөөд уг гомдлын хариуд тус яамнаас 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/4818 дугаартай Гомдол хянасан тухай албан бичиг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хандан тендерт шалгарсан байгууллага болох БХХК-ийн тус тендерт хүргүүлсэн материалыг хянаж үзэн тодорхой шалтгаануудыг дурдан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн худалдан авах ажиплагааны газраас БХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож тус хуулийн 55 дугаар зүйл 55.3.3 дахь заалтыг үндэслэн тендер шалгаруулалтын үнэлгээг хуулъд нийцүүлэн дахин хийхийг даалгасан байдаг. Энэхүү шийдвэрийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендер шалгаруулалтын үнэлгээг дахин зохион байгуулсан байдаг. Гэтэл үнэлгээг дахин хийсэн ч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02/1724 дугааргай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр манай Х ХХК-ийн хүргүүлсэн тендерээс татгалзаж, шалгараагүй тухай мэдэгдсэн.

Үүнийг эс зөвшөөрч Сангийн яаманд 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Н-397 дугаар гомдол гаргасан. Сангийн яамны 2020 оны 7 сарын 30-ны өдрийн 6-1/5085 дугаар Гомдол буцаах тухай албан бичгээр ...Гомдолд дурдсан асуудлаар танай компаниас болон Г ХХК-аас гаргасан гомдлын дагуу Сангийн яам 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/4818 дугаар албан бичгээр хариу өгч, шийдвэрлэсэн байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 4.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн гомдлыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна, тодруулбал нэг шийдвэрлэсэн асуудлаар дахин шийдвэрлэхгүй хэмээн мэдэгдсэн.

Сангийн яамны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 6-1/5085 дугаар Гомдол буцаах тухай шийдвэр үндэслэлгүй юм. Учир нь Сангийн яамны 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/4818 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгээр үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгасан байдаг. Энэхүү шийдвэрийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиплагааны газраас тендер шалгаруулалтын үнэлгээг дахин зохион байгуулсан байдаг. Тендерийн үнэлгээг дахин хийж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын НХААГ-20/0104 дугаартай тендерийн Үнэлгээний хороо Х ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, БХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулсан. Тиймээс Х ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Н-397 дугаар гомдлыг Сангийн яам хянах ёстой байсан болно.

Одоо Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин

механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот тендерт шалгарсан БХХК-тай Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх гэрээ-г байгуулаад байна. Тиймээс дээр дурдсан шийдвэр, Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх гэрээ-г хууль бус хэмээн эс зөвшөөрч хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл:

1. БХХК нь НХААГ-20/0104 тоот тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны ТОӨЗ 12.1 (ё) 3-т Санал болгож буй үйлдвэрийн албан ёсны дистрибьютер байх бөгөөд нотлох баримт хавсаргаж ирүүлнэ" гэж заасны дагуу тендерийн баримт бичигтээ Foton International Trade Co.LTD компанийн албан ёсны дистрибьютер болохыг албан тоотоор тусгаж 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон дилерийн гэрчилгээг тендерийн материалдаа хавсаргасан байна. Уг гэрчилгээний хүчинтэй хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 31 хүртэл буюу хугацаа нь дуусгавар болсон байсан. Гэтэл гэрчилгээний баталгаат орчуулга гэх ДБСЭ орчуулгын төвд орчуулж баталгаажуулсан бичигт тус гэрчилгээний хүчинтэй хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэл гэж илгээсэн нь хүчингүй болсон гэрчилгээг хүчинтэй мэтээр илт худал мэдээллийг тендер шалгаруулалтад илгээсэн байна. Энэ нь ТОӨЗ 12.1 (ё) 3-т заасан шаардлагыг БХХК-ийн ирүүлсэн тендер хангахгүй гэж үзэх үндэслэл болж байна.

НХААГ-20/0104 тоот тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ын 5.2-т Үйлдвэрлэгчийн гэрчилгээ, барааны гарал үүслийн гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ. Олон улсын чанарын СЕ, FDA ISO, ТUV зэрэг стандартын аль нэгийг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээг ирүүлнэ" гэж заасан бөгөөд мөн тендер шалгаруулалтын техникийн тодорхойлолтын 39-т Олон улсын чанарын шаардлага хангасан, туршилт тестүүд хийгдсэнийг батлах гэрчилгээ ISO14001:2015, ТUV SUD, TUV NORD, OHSAS18001:2007, ISO9001:2015 стандартуудыг шаардсаны дагуу БХХК нь тендерийн баримт саналдаа №0350618Q30084R0М болон №0155-2002-QА-GRC-RvA/Rev.1 тоот ISO9001:2015 стандартын 2 ширхэг гэрчилгээ, тус гэрчилгээний баталгаат орчуулга болох ДБСЭ ХХК болон Хишиг-Ананда ХХК-ийн орчуулсан бичгийг илгээсэн байдаг.

Уг гэрчилгээ орчуулгууд нь хоорондын хүчинтэй хугацаа нь зөрүүтэй буюу хүчинтэй хугацаа дуусгавар болсон гэрчилгээг баталгаат орчуулга дээр хүчинтэй мэтээр илт худал мэдээллийг тендер шалгаруулалтад илгээсэн байна. Нэгэнт ирүүлсэн гэрчилгээ нь хүчингүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно гээд 16.1.7-д барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн итгэмжлэл гэж заасан, мөн ТОӨЗ-ын 5.2-т заасан үнэлгээний ерөнхий шалгуур үзүүлэлтийг хангахгүй гэж үзэх үндэслэл болж байна.

3. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 18.2 (б)-д Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй тусгай зориулалтын автомашин болон машин механизм нийлүүлсэн байх. Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ гэж заасанчлан БХХК нь тендерийн саналдаа Зам, тээврийн яамнаас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хаягласан 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн АОЗ/797 тоот албан бичгийг ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагад хамааруулан илгээсэн байдаг. Гэвч уг албан тоотод тухайн байгууллагын албан бичгийн дугаар байхгүй, хувилсан хуулбар хувь байгаа нь тухайн бичгийг зохиомлоор бүтээж тендерийн материалдаа хавсарган илгээсэн байх эргэлзээг төрүүлж, ТОӨЗ 18.2 (б)-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

4. Тендерийн баримт бичгийн тодорхойлолт хэсгийн 44-т Автомашин нийлүүлэгч байгууллага нь Монгол Улсад мөрдөгдөж буй авто үйлчилгээ үзүүлэгч байгууллагад тавигдах MNS5025:2010 стандартын А1 болон С1 ангиллыг хангасан байх, баталгаажуулсан тусгай зөвшөөрөлтэй байна гэж заасан бөгөөд Авто тээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам-ын дагуу А ангиллын хүрээний ажил, үйлчилгээнд автомашины хөдөлгөөний аюулгүй байдлыг шууд хангахтай холбоотой агрегат, зангилаа, механизм /явах анги, тоормос, гэрэлтүүлэг, дохиоллын систем гэх мэт/-ын иж бүрэн засвар үйлчилгээ, оношлогоо хийх гэж тусгасан байдаг бөгөөд А1 Хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой бүх агрегат, механизм, зангилааны засвар, үйлчилгээг иж бүрнээр хийх, А2 Хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоогой үндсэн агрегат, механизм, зангилааны засвар үйлчилгээг төрөлжсөн хэлбэрээр хийх гэж үйлчилгээний хүрээг тогтоосон байдаг.

Харин БХХК нь тендерийн шаардлагад заасан А1 буюу хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой засвар үйлчилгээг иж бүрнээр хийх гэсэн шалгуур үзүүлэлтийг хангах чадавхгүй, А2 буюу хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой засвар үйлчилгээг зөвхөн төрөлжсөн хэлбэрээр гүйцэтгэх чадавхтай компани болох нь тоггоогдож байна. Энэ нь тус шаардлагыг БХХК хангахгүй гэж үзэх үндэслэл болж байна.

БХХК нь тендерийн материалдаа 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Т20/433 тоот албан бичгийг илгээсэн бөгөөд уг албан тоотод Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийпүүлэх НХААГ-20/0104 тоот тендерийн ТОӨЗ-ийн 19.1-т заасны дагуу техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийг ирүүлсэн бөгөөд техникийн тодорхойлолт зөрсөн бол шаардлагаас бага биш өндөр үзүүлэлттэй, шаардлагыг үндсэнд нь хангаж байгааг мэдэгдсэн байдаг. Гэвч тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 19.1-т Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтоос зөрсөн тохиолдолд тухайн тендерээс татгалзана гэж хатуу заасан ч тендерийн Үнэлгээний хороо ТОӨЗ-ийн 19.1-т заасан заалтыг үнэлгээнд огт харгалзаагүй байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйл 16.1.6, 16.1.7 хэсэгт заасан үнэлгээний ерөнхий шалгуур үзүүлэлтийг БХХК-ийн тендер хангахгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот тендерийн Үнэлгээний хорооноос ерөнхий шаардлага, ТОӨЗ-д заасан шаардлагыг хангаагүй БХХК-ийг шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг зөрчсөн хууль бус шийдвэр болно. Тус хууль бус шийдвэрийг үндэслэн гарсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02/1724 тоот шийдвэр, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот тендерт БХХК-ийг тендерт шалгаруулсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэр хууль бус байна. Мөн хууль бус шийдвэрийг үндэслэн байгуулагдсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар БХХК-тай байгуулсан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх гэрээ хууль бус болох тул хүчингүй болгох нь зүйтэй юм.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасны дагуу шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй бол тендер шалгаруулалтыг дахин явуулах ёстой байтал БХХК-ийг шалгаруулж байгаа нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлах зарчим зөрчигдөж, Х ХХК-ийн тендерт оролцогчийн тэгш, шударгаар өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Тиймээс Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот тендерийн сонгон шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг даалгаснаар Х ХХК тендерт дахин оролцох боломжтой болж эрх тэгш өрсөлдөх боломжтой болж зөрчигдсөн эрх нь сэргэх юм.

Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлт, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02/1724 тоот шийдвэр, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот тендерт БХХК-ийг тендерт шалгаруулсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар БХХК-тай байгуулсан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, Ннйслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Ченгли компанийн албан ёсны дистрибьютерийн гэрчилгээг олгосон он сар нь 2018 оны 01 сарын 01-ний өдөр, хүчинтэй хугацаа нь 2021 оны 06 сарын 01-ний өдөр дуусахаар байна. Фотон интернэйшнл компанийн албан ёсны дистрибьютерийн гэрчилгээ нь 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй, он сарын хувьд зөрүүтэй байна. Энэ талаар Сангийн яамны 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 6-1/4818 дугаартай албан бичигт тус компанийг Фотон интернэйшл компанийн гэрээт борлуулагч болох тухай гэрчилгээний хүчинтэй хугацаа 2019 оны 12 сарын 31-ний өдөр дууссан байна гэж дүгнэсэн байдаг. гэв.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн өмгөөлөгч нар тайлбартаа: Тендерийн баримт бичгийн хүснэгтэд өөрийн засварын төвтэй байх, түүнийг нотолсон баримтаа ирүүлнэ гэсэн байдаг. БХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16.1.1, 16.1.4-т заасан баримтуудыг ирүүлээгүй. Зөвхөн худалдааны борлуулагчийн талаарх баримтуудыг л ирүүлсэн байдаг. Тиймээс БХХК нь засварын төвтэй байх гэсэн шаардлагыг хангаагүй байхад тендерт шалгаруулсан байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрчилгээний хугацаа дууссан байгаа нь шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Бадрангуй орших ХХК нь Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 12.1 (ё)-ын 2-т-т заасан чадавхийн шаардлагыг хангаагүй байна. ISO9001:2010 стандартын 2 ширхэг гэрчилгээ, хавтаст хэргийн 316-д авагдсан гэрчилгээнүүдийн хүчинтэй хугацаа зөрүүтэй, орчуулган дээр нь хүчинтэй хугацааг нь засаж бичсэн нөхцөл байдал харагдаж байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16.1.1-д заасан шаардлагыг хангахгүй байна. А1 ангилал нь хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой засвар үйлчилгээг иж бүрнээр нь хийх гэсэн шаардлагыг хангаагүй, энэ шаардлагыг хангасан баримтыг БХХК ирүүлээгүй. Хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй тодорхой бус байна. Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шалгарах ёсгүй компанийг шалгаруулж, бүх тендерээс татгалзаж тендерт оролцох эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч компаниудаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/464 дүгээр захирамжаар Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн.

Тендер шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороог Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/53 дугаар тушаалаар байгуулсан. Тендерийн урилгыг өдөр тутмын Засгийн газрын мэдээ болон Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын www.ub-procurement.mn цахим системд тус тус нийтэлсэн. Тус төсөл, арга хэмжээг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зарлан 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг 00 минут хүртэл хүлээн авч, 11 цаг 40 минутад нээлтийг хийхэд 6 компани буюу БХХК, Батсээр ХХК, Яншинэ техник ХХК, Г ХХК, Майнс Ап ХХК, Х ХХК тус тус тендер ирүүлсэн.

Үнэлгээний хороо 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 100 хувийн ирцтэй тендерийн үнэлгээг хийж, хуралдан Батсээр ХХК, Яншинэ техник ХХК, Майнс Ап ХХК, Х ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар шаардлагад нийцээгүй, Г ХХК-ийн тендерээс 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь заалтыг үндэслэн татгалзаж, мэдэгдлийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02/1548 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Сангийн яамнаас 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/4667 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтад оролцогч Г ХХК-иас гомдол гаргасан болохыг мэдэгдэж гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлсэн. Сангийн яам нь гомдлыг хянан үзэж 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/4818 дугаар албан бичгээр дахин үнэлгээ хийж, тендерт оролцогч БХХК-иас ирүүлсэн чанарын гэрчилгээнүүд, гарчилгээ олгосон үйлдвэрлэгчийн нэр, хугацааны хувьд зөрүүтэй байдал болон техникийн тодорхойлолтод заасан А-1 ангиллын гарчилгээний талаар холбогдох байгууллагаас нягтлан үзэх талаар мэдэгдсэн.

Сангийн яамны албан бичгийн дагуу Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, Зам, тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газраас болон тендерт оролцогч Г ХХК-иас тодруулга авч 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хуралдан Үнэлгээний хорооны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрийг дахин хэвээр үлдээсэн болно.

Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тендерт оролцогч компаниудад хүргүүлсэн. Тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр болно. Г ХХК-ийн тендер шалгаруулалтыг хүлээн зөвшөөрөлгүй дараах нэхэмжлэлийг гаргасанд дараах тайлбарыг хүргүулж байна.

1. Худалдан, худалдан авах гэрээг аж ахуй нэгжийн хооронд байгуулсан боловч мөнгө гүйлгээ хувь хүний дансаар хийгдсэн тухайд:

Г ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр З ХХК-тай машин механизм худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэх боловч уг гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Тус худалдах, худалдан авах гэрээнд худалдагч тал Г ХХК, худалдан авагч тал З ХХК гэж дурьдагдсан боловч гэрээний талуудыг зөрүүлж худалдан авагч тал нь Г ХХК, худалдагч тал нь З ХХК гэсэн байдлаар гарын үсэг зурж, тамга тэмдэг дарагдсан байгаа нь гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлтэй байна.

Мөн Г ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1/401 дүгээр албан бичгийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хаяглаж ирүүлэхдээ дээрх гэрээний төлбөрийг 2 тал харилцан тохиролцож хувийн дансаар шилжүүлсэн. Шилжүүлэхдээ гүйцэтгах захирал О.Н хувийн дансаар гүйлгээ хийсэн гэсэн тайлбарыг хүргүүлсэн байна. Гэвч О.Н нь Г ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2019 онд ажиллаж байсан гэсэн нотлох баримт байхгүй, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2019 онд О.Н нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бүртгэл байхгүй зэргээр нотлогдож тендерээс татгалзах гол үндэслэл болсон.

2. Гэрээнд дурдсан автомашин механизмуудын арлын дугаарыг Авто тээврийн үндэсний төвийн мэдээлэл шалгах сайтаас хянан үзэхэд бүртгэлгүй тухай тодорхойлогдсон тухайд:

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02/1704 дүгээр албан бичгийг Г ХХК-д хүргүүлж тодруулга ирүүлэхийг хүссэн. Тодруулгын хариуг Г ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1/401 дүгээр албан бичгээр ирүүлэхдээ Г ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Н дансаар гүйлгээ хийсэн. З ХХК-ийн захирал Ковид-19-ийн тусгаарлалтад байгаа тул гаалийн бичиг болон холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна гэсэн хариу өгсөн.

Иймд үнэлгээний хороо Г ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 01/251 дүгээр албан бичгээр холбогдох эрх бүхий байгууллагуудаас тодруулга авахад татгалзах зүйлгүй болно гэсний дагуу 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд дурьдсан машин механизмуудын арлын дугаарыг Авто тээврийн үндэсний төвийн мэдээлэл шалгах www.transdep.mn/check_vin.php сайтаас хянан үзэхэд бүртгэлгүй тухай тодорхойлогдсон болно. Иймд Г ХХК-ийн нэхэмжлэлд хавсаргасан материалд 2020 оны 7 сарын 23-ны өдрийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар ХТС651153Н1372370, ХТС651153Н1371707, ХТС651153Н1371734, ХТС43118RJ1383703 арлын дугаартай тээврийн хэрэгслүүд нь улсын дугаар аваагүй, Авто тээврийн үндэсний төвийн сүлжээнд бүртгэлгүй гэдэг нь нотлогдож байна.

Г ХХК, З ХХК нь 2019 оны 7 дугаар сард машин механизмаа хүлээлцсэн, З ХХК нь 2,060,000,000 төгрөгийн 11 ширхэг машин механизмыг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэп улсын бүртгэлийн дугаар аваагүй хадгалж байгаа зэрэг нь өнөөгийн нэхцөл байдалд ямар ч тохиромжгүй, хөндлөнгийн хүн харсан ч хуурамч гзрээ хийсэн, мөнгө гүйлгээ хийгээгүй тендерийн материалыг хуурамчаар бүрдүүлж өгсөн гэдгийг бүрэн нотлогдож байна.

3. Тус тендерт шалгарсан БХХК-ийн албан ёсны борлууулагчийн гэрчилгээ хуурамчаар үйлдсэн гэх тухайд: Сангийн яамны 2020 оны 7 дугаар сарын 17-ны 6-1/4818 дугаар албан бичгийн дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээ хийхдээ БХХК-ийн албан ёсны борлуулагчийн гэрчилгээг дахин нягталж тодруулахад албан ёсны тамга тэмдэг, гэрчилгээний хүчинтэй хугацаа нь хүчин төгөлдөр болох нь нотлогдсон.

4. Авто үйлчилгээ үзүүлэх А2 ангилалын гэрчилгээ нь шаардлагагүй нийцээгүй гэх тухайд: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 07/1351 тоот албан бичгийн хавсралтаар Хог тээврийн зориулалтын задгай тэвштэй автомашины техникийн тодорхойлолтын 44 дэх жагсаалтад Албан ёсны борлуулах эрхтэй төлөөлөгч байх, итгэмжлэх болон төлөөлөгчийг нотлох гэрээг хавсаргах, автомашин нийлүүлэгч байгууллага нь Монгол Улсад мөрдөгдөж буй авто үйлчилгээ үзүүлэгч байгууллагад тавигдах МNS5025:2010 стандартын А1 болон С1 ангиллыг хангасан байх, баталгаажуулсан тусгай зөвшөөрөлтэй байна гэж ирүүлсэн.

Гэвч Монгол Улсад мөрдөгдөж буй авто үйлчилгээ үзүүлэгч байгууллагад тавигдах МNS5025:2010 стандарт нь Стандартчилал, хэмжилзүйн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын С/12 дугаар тушаалаар хүчингүй болсон байна. Иймд Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 29-ний хурал, 2020 оны 7 дугаар сарын 21-ний хурлаа тус тус тендерт оролцогч бүх компанийн тусгай зөвшөөрлийг тендерийн үнэлгээнд оруулаагүй болно. Иймд энэхүү ажил нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон журмын дагуу явагдаж, гэрээ байгуулагдсан тул тус тендер шалгаруулалтыг хүчингүй болгох нь төрийн байгууллага, захиалагч, тендерт оролцогчид цаашилбал нийслэл хотын бүтээн байгуулалтад илтэд хохиролтой тул Г ХХК, Х ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Г ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас гомдлыг хянаж үзээд 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 6-1/4818 дугаар албан бичгээр дахин үнэлгээ хийж, тендерт оролцогч БХХК-иас ирүүлсэн чанарын гэрчилгээнүүд, гэрчилгээ олгосон үйлдвэрлэгчийн нэр, хугацааны хувьд зөрүүтэй байдал болон техникийн тодорхойлолтод заасан А1 ангиллын гэрчилгээний талаар холбогдох байгууллагаас нягтлан үзэх талаар мэдэгдсэн. Сангийн яамны албан бичгийн дагуу Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн тээврийн үйлчилгээний газраас болон тендерт оролцогч Г ХХК-иас тодруулга авч 2020 оны 07 сарын 21-ний өдөр хуралдан Үнэлгээний хорооны 2020 оны 06 сарын 30-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийг 2020 оны 07 сарын 21, 22-ны өдөр тендерт оролцогч компаниудад хүргүүлсэн. Тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 08 сарын 05-ны өдөр дууссан. Г ХХК нь 2019 оны 05 сарын 10-ны өдөр З ХХК-тай машин механизм худалдах, худалдан авах гэрээ хийсэн боловч уг гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Мөн Г ХХК нь 2020 оны 07 сарын 21-ний өдрийн 1/401 тоот албан бичгийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хаяглаж ирүүлэхдээ дээрх гэрээний төлбөрийг 2 тал харилцан тохиролцож гүйцэтгэх захирал О.Н хувийн дансаар гүйлгээ хийсэн гэсэн тайлбарыг хүргүүлсэн байна. Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2019 онд О.Н нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бүртгэл байхгүй байгаа зэргээр нотлогдож тендерээс татгалзах гол үндэслэл болсон. Гэрээнд дурдсан автомашин механизмуудын арлын дугаарыг Авто тээврийн үндэсний төвийн мэдээлэл шалгах сайтаас хянан үзэхэд бүртгэлгүй байсан.

А1, С1 стандартын тухайд Нийслэлийн худалдан авах ажиллагааны Үнэлгээний хороо үнэлгээ хийх үед хүчингүй болсон байсан учраас бүх оролцогчдын үнэлгээнд энэ стандартыг тооцоогүй. Тухайн тендерийн техникийн баримт бичгийг боловсруулахад стандарт хүчинтэй байсан. БХХК-иас гэрчилгээг эх хувиар ирүүлэхийг шаардаж баталгаат орчуулгатай тулгаж үзэхэд хангалттай байсан учраас дахин гэрээ байгуулсан. Х ХХК нь материалаа дутуу ирүүлсэн байсан тул Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тус компанид мэдэгдсэн. Энэ талаар баримт хэргийн материалд авагдсан. гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/464 дүгээр захирамжаар Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн. Тендер шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороог Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/53 дугаар тушаалаар байгуулсан байна.

Тус төсөл, арга хэмжээг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зарлан 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг 00 минут хүртэл хүлээн авч, 11 цаг 40 минутад нээлтийг хийхэд 6 компани буюу БХХК, Батсээр ХХК, Яншинэ техник ХХК, Г ХХК, Майнс Ап ХХК, Х ХХК тус тус тендер ирүүлсэн байна. Үнэлгээний хороо 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 100 хувийн ирцтэй тендерийн үнэлгээг хийж, оролцогч компаниудад мэдэгдлийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02/1548 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Сангийн яамнаас 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/4667 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтад оролцогч Г ХХК-иас гомдол гаргасан болохыг мэдэгдэж гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлсэн. Сангийн яам нь гомдлыг хянан үзэж 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/4818 дугаар албан бичгээр дахин үнэлгээ хийж, тендерт оролцогч БХХК-иас ирүүлсэн чанарын гэрчилгээнүүд, гэрчилгээ олгосон үйлдвэрлэгчийн нэр, хугацааны хувьд зөрүүтэй байдал болон техникийн тодорхойлолтод заасан А-1 ангиллын гарчилгээний талаар холбогдох байгууллагаас нягтлан үзэх талаар мэдэгдсэн байна. Сангийн яамны албан бичгийн дагуу Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, холбогдох газруудаас тодруулга авч 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хуралдан Үнэлгээний хорооны 2020 оны 6 дугаар сарын 30-ны шийдвэрийг дахин хэвээр үлдээж, уг шийдвэрийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тендерт оролцогчдод хүргүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/762 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга улс, нийслэл, бусад эх үүсвэрээр нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гэрээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга баталгаажуулах болсон. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нь худалдан авах эрх шилжүүлсэн байгууллагын үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж байхаар уг захирамжид дурдсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т тендерийн Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх, мөн Сангийн сайдын 2014 оны 212 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулах журам-ын 4 дүгээр зүйлд Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана. Хуралдаанаас шийдвэр гаргахдаа илээр санал хураах бөгөөд үнэлгээний хороонд томилогдсон нийт гишүүдийн олонхийн санап авснаар уг шийдвэр хүчин төгөлдөр болно. Үнэлгээний хорооны бүх гишүүд саналын тэгш эрхтэй байна гэж тус тус зохицуулсан. Мөн журмын 8 дугаар зүйлийн 8.1-д Үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлт нь хууль тогтоомжийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн нь тогтоогдвол уг шийдвэрийг дэмжсэн бүх гишүүд хуулийн 57.1 дэх хэсгийн холбогдох хариуцлага хүлээнэ гэж заасан.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/1725 дугаар албан бичгээр ирүүлсэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан зөвлөмжийн дагуу БХХК-тай гэрээ байгуулсан болно. Гэрээний хуулбарыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд хүргүүлсэн байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Үнэлгээний хороо 2020 оны 07 сарын 21-ний өдөр хуралдан шийдвэрийг хэвээр үлдээсэн гэдэг албан бичгийг ирүүлсэн учраас гэрээг байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1.3-т заасны дагуу Үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулах ёстой. Үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийг үндэслэлгүйгээр өөрчлөхийг хуулиар хориглодог. Мөн Сангийн сайдын баталсан тушаал болон тендерийн хуулийн дагуу үнэлгээний хороо буруу шийдвэр гаргасан тохиолдолд тухайн үнэлгээний хорооны гишүүнд хариуцлага тооцох зохицуулалттай. Ер нь нийслэлийн хэмжээнд жилд 3000 орчим тендерийн материал ирдэг учраас тэр болгоныг шалгаж үзэх боломжгүй байдаг. Гэрээ байгуулах боломжгүй гэдэг хариуг бүх компанид өмнө нь хүргүүлсэн байсан. 2020 оны 06 сарын 30-ны өдрийн 02/1548 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах үндэслэлийг хүргүүлсэн. 06 сарын 30-ны өдөр гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж, түүнээс хойш Сангийн яаманд гомдол гаргасан. Үнэлгээний хорооны шийдвэр өмнөх шийдвэр хэвээр учир гэрээг 7 сарын 22-нд байгуулсан. Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжид гэрээний ерөнхий нөхцөл заасан, гэрээний ерөнхий нөхцөл нь гэрээний салшгүй хэсэг учраас засвар үйлчилгээтэй холбоотой зохицуулалт энэ хэсгээрээ зохицуулагдаад явна. Санхүүжилт хийгдээгүй, шүүхийн маргаантай байгаа учраас гэрээний хугацаа сунгах эсэх талаар мэдэхгүй байна.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас томилогдсон Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар буюу захиалагч нь гэрээг байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1.3-д заасны дагуу гэрээг байгуулсан. Энэ төслийн арга хэмжээ нь 5,6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хамгийн бага үнийн саналыг буюу БХХК нь 4 тэрбум 380 сая төгрөгөөр тусгай зориулалтын тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх үнийн саналыг ирүүлсэн учраас Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулсан. гэв.

Гуравдагч этгээд БХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэгч компаниудын нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: Манай компани нэхэмжлэгч компаниудын тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Манай компани 2018 оноос БНХАУ-ын LOVOL, FOTON, Chengli Special automobile үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд тус үйлдвэрийн төлөөлөгч нарыг Монгол Улсад урин авто зам, уул уурхай, барилгын салбарын томоохон үзэсгэлэн худалдаануудад идэвхитэй оролцож ирсэн. Бид СLW, Foton үйлдвэрүүдтэй Монгол Улс дахь албан ёсны дистрибютерийн гэрээ байгуулан машин, механизм тоног төхөөрөмжийг Монгол Улсын зах зээлд нийлүүлэхээс гадна борлуулалтын дараах баталгаат хугацааны сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээнд онцгой анхааран ажилладаг. Өнөөдрийн байдлаар 20 гаруй ажилтан албан хаагчидтай. Хүнд машин, механизм болон тусгай зориулалттай машин механизмын худалдаа, засвар үйлчилгээ, сэлбэг худалдааны чиглэлээр төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуйн нэгж болно.

1. ТОӨЗ 12.1 (ё)-ийн 2-т Нийлүүлэх автомашины зураг ирүүлсэн боловч үйлдвэрлэгчийн каталоги ирүүлээгүй ... гэжээ.

Манай компани тус үйлдвэрүүдийн албан ёсны төлөөлөгч тул дистрибютерийн гэрээгээр хамтран ажиллаадаг тул өөрийн улсын эх хэл /монгол хэл/ дээр үйлдвэрлэгчийн гаргаж өгсөн үзүүлэлтийн дагуу хэвлэмэл танилцуулга бэлдэх бүрэн эрхийн дагуу гаргасан танилцуулга \каталоги\ хавсаргасан.

2. Маягт: ТШМ-5В Одоо хэрэгжиж буй гэрээний мэдээлэл ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэлгүй гэж үзэж байгаа нь хууль бус байна ... гэжээ.

2.1. Даланзадгадын дулааны цахилгаан станц-ХG951-III маркийн ковш шинээр худалдан авах-165,000,000 төгрөг гэрээний бүтцэд өөрчлөлт орсон тул хойшилсон.

2.2. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-тэй Дунд оврын экскаватор 300,000,000 төгрөг, Сэргээн босгох үеийн экскаватор 800,000,000 төгрөг- Ковид 19 цар тахалтай холбоотой төлбөр тасалдаж хүчингүй болсон.

2.3. Монголросцветмет ТӨҮГ-тай Автоцистерн- 178,480,000 төгрөг- Ковид 19 цар тахалтай холбоотой төлбөр тасалдаж хүчингүй болсон.

2.4. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газартай - Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ - 519,000,000 төгрөг, Хог тээврийн машин /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон/ - 145,000,000 төгрөг, Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянгол дүүрэг, З дугаар хороо/- 145,000,000 төгрөг, Экскаватор /1ш/ - 520,000,000 төгрөг, Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм - 4,380,000,000 төгрөг нийт 7,152,480,000 төгрөг байна гэжээ. Үүнээс 520,000,000 төгрөгийн дүнтэй экскаваторыг нийлүүлж санхүүжилт авсан тул ТОӨЗ 18.2 (г) Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна гэсэн шаардлагыг хангана гэж үзнэ.

2.5. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм НХААГ-20/0104 тоот тендерт оролцох үед дээрх тендерийн гэрээ Нийслэлийн засаг даргын тамгын газраас албажиж гараагүй байсан тул одоо хэрэгжиж буй гэрээ хэсэгт оруулах боломжгүй юм.

Манай компани Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулан гэрээний хэрэгжилт тал хувьдаа орсон, гадаад гэрээ, захиалгын ажлууд хийгдэж дуусах шатандаа явж байгаа тул нэхэмжлэгч компаниудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдэгч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа: Тендерийн Үнэлгээний хорооноос 2020 оны 07 сарын 22-ны өдөр Г ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Уг Үнэлгээний хороо хуралдаж Г ХХК, БХХК-иуд тендерийн бүхий л шаардлагыг аль аль хангасан байна. Гэхдээ үнийн дүн Г ХХК-ийнх илүү байгаа учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.4-т зааснаар бага үнийн санал буюу БХХК-ийг шалгаруулсан байдаг. Нөгөө талаар энэ мэдэгдлийг авч үзэхэд Г ХХК нь тендерийн бичиг баримтад заасан шаардлагыг хангаагүй байсан.

Нэгдүгээрт: Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын борлуулалтын орлоготой холбоотой асуудлаар шүүхэд тайлбараа ирүүлэхдээ О.Н захирал тус компанийн гүйцэтгэх захирал гэсэн баримтуудыг гаргаж өгсөн боловч нийтэд илэрхий үйл баримтаар О.Н нь Г ХХК-ийн гүйцэтгэх захирал биш болох нь тодорхой байна.

Хоёрдугаарт: Талуудын хооронд буюу хамгийн өндөр үнийн дүнтэй худалдан авалт хийсэн гэх З ХХК-тай байгуулсан гэрээнд О.Н биш Г ХХК-д төлбөр тооцоог шилжүүлэхээр заасан. Тендерт оролцохдоо хувь хүний дансны хуулгыг өгч манай компани энэ дансаар төлбөрөө авдаг гэж тайлбарладаг. Энэ асуудал нь Г ХХК-ийн тендерээс татгалзах бас нэг үндэслэл болсон гэж үзэж байна.

Нөгөө талаар тодорхой тооны автомашинуудыг худалдан борлуулсан гэж тайлбарладаг. Авто тээврийн тухай хуульд хэрвээ худалдан борлуулж өмчлөх эрх нээгдсэн бол 3 хоногийн дотор үзлэг оношилгоонд оруулж, холбогдох бүртгэлийг хийж замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл авах эрхээ авах ёстой. Гэтэл хэрэгт үүнтэй холбоотой ганц ч баримт байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан гаалийн лавлагаанд хэн оруулж ирсэн нь тодорхойгүй байдаг. Мөн Авто тээврийн үндэсний төвийн лавлагаанд гаалиар автомашин худалдагч нь Г ХХК гэдэг боловч бодит байдал дээр төлбөр өгч, авсан этгээдүүд нь өөр, санхүүгийн чадавхийн хувьд тодорхойгүй байдаг учраас тендерээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

Х ХХК-ийн хувьд бүрэн гүйцэд материал өгсөөр байхад манай эрх ашгийг хөндсөн гэж огт тайлбар хийдэггүй. Тус компани дутуу материал илгээснээс хасагдсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгч Х ХХК-ийн ямар эрх ашиг нь зөрчигдөж ямар байдлаар эрх ашгаа хамгаалуулах талаар тодруулж ярьсангүй.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн мэдэгдэлд нэхэмжлэгч Х ХХК нь цахим тендерт оролцохдоо хавсаргасан баримтуудаа оруулсан боловч өөрсдөө устгаж тендерийн бичиг баримтад зайлшгүй хангах ёстой 3 шаардлагыг огт хангаагүй материал ирүүлсэн байна гэж Х ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлд маш тодорхой дурдсан байдаг. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 19.1, 13.1, 15.9/б.1-д тус тус заасан нөхцөл байдал үүссэн байхад Х ХХК нь хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Сангийн яамны 2020 оны 07 сарын 17-ны өдрийн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ирүүлсэн албан тоотод тендерийн баримт бичгийг бүхэлд нь судалж үнэлж үзсэн учраас шийдвэрийг гаргахаар нэхэмжлэгч нарт албан тоотоор хүргүүлсэн байна. Мөн Фотон интернэйшнл компанийн албан ёсны гэрчилгээний хувьд албан ёсны дистрибьютерийн гэрээтэй гэдгээ нотлохын тулд тендерийн бичиг баримтад дистрибьютерийн гэрээнүүдийг хавсаргасан. Уг гэрээнд хүчинтэй хугацаа нь тодорхой бичигдсэн, Үнэлгээний хороо ч энэ бүхнийг харгалзан үзсэн. Стандартчилал хэмжилзүйн газраас стандарт хангасан эсэх дээр тендерийн Үнэлгээний хорооноос үнэлгээ хийх явцдаа тодруулга авахад ММS5025:2010 стандарт нь хүчингүй болсон гэдэг нь Стандартчилал, хэмжилзүйн газраас ирүүлсэн баримтын 2 дугаар хавсралтад дурдсан байдаг. Нэхэмжлэгч нь Г ХХК, Кристалл хилл капитал ХХК-тай түншлэлээр тендерийн баримт бичиг ирүүлсэн байдаг. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түншлэгч компаниас ямар нэгэн зөвшөөрөл авсан, итгэмжлэл олгосон зүйл огт байхгүй. Г ХХК нь ганцаараа бие даан нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл түншлэгч Кристалл хилл ХХК нь 2020 оны 07 сарын 08-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлтээр тендерийн хар жагсаалтад орсон байдаг. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдохгүй байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Чанарын гэрчилгээтэй холбоотой аль нэгийг нь хангасан байхад болно гэж тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2-т заасан. Өөрөөр хэлбэл БХХК нь тендерт оролцохдоо тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2-т заасан Олон улсын чанарын гэрчилгээнүүдээс хэд хэдэн гэрчилгээнүүдийг өгсөн. БХХК-ийн хувьд ганцхан гэрчилгээг баримталж уг тендерт оролцоогүй, Үнэлгээний хороо дахин хянаж үзээд БХХК-ийг ирүүлсэн бичиг баримтууд нь нийцэж байна гэж дүгнэсэн учраас шийдвэр гаргасан. Мөн Фотон интернэйшнл компанийн гэрчилгээ 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл одоог хүртэл хүчинтэй байгаа нь тодорхой харагдаж байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ченгли компани нь БХХК-ийн шилжүүлсэн төлбөрийг хүлээж аваад, үлдэгдэл төлбөрөө төлсөн тохиолдолд танай машин механизм ачигдахад бэлэн болсон гэдэг тодорхойлолтыг ирүүлснийг орчуулж, эх хувийг зурагтай нь хамт хэрэгт өгсөн. Нэгэнт гэрээ хэрэгжиж эхэлсэн учраас манай компани гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэрээний хугацааг түр хойшлуулах, түр хугацаагаар үйлдвэрлэлээ зогсоох тухай албан бичгийг ирүүлсэн. Шүүхээс Үнэлгээний хорооны шийдвэр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхгүй гэсэн шийдвэр гарсан учраас шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлж, машин тоног төхөөрөмжөө нийлүүлэхэд бэлэн болсон байгаа.

А1, С1 ангиллын тухайд энэ тендерт оролцсон бүх компаниудад уг шалгуурыг шаардлага болгож үзээгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маш тодорхой дурдсан. Зөвхөн БХХК-ийн хувьд энэ шалгуурыг шаардаагүй орхисон зүйл байхгүй. Энэ талаар Үнэлгээний хорооноос Стандартчилал, хэмжил зүйн газраас тодруулга авч бүх тендерт оролцогчдод тэгш байдалтай хандсан.

Мөн Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар засварын төвтэй байх шаардлагын тухайд тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 12.1 (ё).4-т өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байна гэж зааснаас биш газрын гэрчилгээ, өмчлөх эрхийн гэрчилгээг ирүүлэхийг шаардаагүй. Манай компанийн хувьд энэ шаардлагын дагуу холбогдох нотлох баримт болох засварын төвийн фото зургаа ирүүлж Үнэлгээний хороо шийдвэрээ гаргасан. Үнэлгээний хороо тендерийн тухай хуулийн дагуу шалгуураа явуулсан байгаа нь харагдаж байна. Иймд тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Кристал хилл капитал ХХК-тай түншлэлээр оролцсон Г ХХК-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зарласан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай тендерт БХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан нь хуульд нийцээгүй гэсэн Г ХХК, Х ХХК-иудын гомдлоор Сангийн яам тендер шалгаруулалтын материалыг хянаад 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/4818 тоот албан бичгээр дахин үнэлгээ хийхийг захиалагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн байна.

Үүний дагуу тендерийн Үнэлгээний хороо 7 дугаар сарын 21-нд дахин үнэлгээ хийж, БХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шалгаруулан, бусад оролцогчдын тендерээс татгалзсан дүгнэлт гаргасан бөгөөд хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчтой гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэх зөвлөмжийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт өгч, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02/1724 тоот албан бичгээр тендерт оролцогчдод дахин үнэлгээ хийж Үнэлгээний хорооны өмнөх шийдвэр хэвээр гэсэн мэдэгдэл хүргүүлжээ. Мөн Г ХХК-д 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/1727 тоот албан бичгээр тус компанийн тендерээс татгалзсан үндэслэлийг хүргүүлсэн байдаг. Улмаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар тендерт шалгарсан БХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч Г ХХК, Х ХХК-иуд нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны А/53 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны Г ХХК, Х ХХК-иудын тендерээс татгалзсан, БХХК-ийн тендерийг шалгаруулсан 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийг, энэ талаарх мэдэгдлийг тендерт оролцогчдод хүргүүлсэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 21, 22-ны өдрийн мэдэгдлүүдийг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байгуулсан гэрээг хууль бус хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа

1/ Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны А/53 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

2/ Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн БХХК-ийг тендерт шалгарсан, гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах,

3/ Х ХХК, Г ХХК -ийн тендерээс татгалзсан талаарх мэдэгдэл хүргүүлсэн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02/1724, 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/1727 тоот албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

4/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар БХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хот тохижилтын тусгай зориулалтын хогны автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах хэмээн тус тус тодорхойлсны дээр,

нэхэмжлэгч Г ХХК нь бусад шаардлагаа

5/ Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар тендерт Г ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах,

6/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Г ХХК-тай Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар гэрээ байгуулахыг даалгах гэж тодорхойлсон бол,

нэхэмжлэгч Х ХХК нь бусад шаардлагаа

5/ Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгуулах гэж тодорхойлон маргажээ.

Нэг. Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зарласан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай тендерт Г ХХК (Кристаллхилл капитал ХХК-тай түншлэл), Х ХХК, БХХК, Батсээр ХХК, Яншинэ техник ХХК, Майнс-Ап ХХК гэсэн 6 оролцогч оролцсоноос Үнэлгээний хороо 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар үнэлгээ хийж, Батсээр ХХК, Яншинэ техник ХХК, Майнс-Ап ХХК, Х ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагад нийцээгүй үндэслэлээр тэдгээр оролцогчдын тендерээс татгалзаж, Г ХХК (Кристаллхилл капитал ХХК-тай түншлэл), БХХК-ийн тендерт үнэлгээ хийж, 28 дугаар зүйлийн 28.7.4-т зааснаар БХХК-ийг хамгийн бага харьцуулах үнэтэй буюу хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн шалгаруулж, Г ХХК (Кристаллхилл капитал ХХК-тай түншлэл)-ийн тендер 28.7.3-т зааснаар хамгийн бага харьцуулах үнэтэй тендерээс өндөр үнийн санал ирүүлсэн тул татгалзаж, хамгийн сайн үнэлэгдсэн оролцогчтой гэрээ байгуулах зөвлөмж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Үнэлгээний хорооны энэ дүгнэлтийг эс зөвшөөрч Х ХХК, Г ХХК гомдол гаргаснаар Сангийн яам захиалагчаас ирүүлсэн тендерийн бичиг баримт, оролцогчдын материалд үндэслэн хянаад захиалагч Х ХХК-ийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй байна гэсэн ба,

гомдолд дурдсаны дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон БХХК-ийн ирүүлсэн тендер борлуулалтын орлого, ижил төстэй ажил гүйцэтгэсэн ажлын туршлагын шаардлагыг хангасан, санал болгосон үнийг тохируулахгүй, гэрээний явцад тогтмол байна гэсний дагуу санал болгосон үнээр барааг нийлүүлэх, гэрээний ерөнхий болон тусгай нөхцлийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл ирүүлсэн, нийлүүлэх барааны зургийг ирүүлсэн, байнгын болон урсгал засварын үйлчилгээний хуваарийг ирүүлсэн нь тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн заалтад нийцсэн, Chengli Special Automobile компанийн гэрээт борлуулагчийн гэрчилгээ ирүүлсэн нь үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн шаардлагыг хангасан, хог тээврийн зориулалтын задгай тэвштэй автомашинд санал болгосон БНХАУ-ын Foton үйлдвэрлэгчийн автомашиныг техникийн тодорхойлолтод заасан шалгуурын хүрээнд БНСУ, Япон улсад үйлдвэрлэсэн автомашины шалгууртай дүйцүүлэн үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна, хог тээврийн зориулалтын задгай тэвштэй автомашин, хог тээврийн зориулалтын шахдаг тэвштэй автомашины техникийн тодорхойлолтын дагуу нийлүүлэх Foton үйлдвэрлэгчийн автомашинд холбогдох гарал үүслийн гэрчилгээг, хүнд машин механизмын худалдаа, засвар, үйлчилгээ, сэлбэгийн худалдааны үйл ажиллагааг бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлсэн нь техникийн тодорхойлолтод нийцсэн, захиалагч тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтын дагуу тендерт оролцогчдоос санал болгож буй хог тээврийн зориулалтын задгай тэвштэй автомашины техникийн үзүүлэлтийг үйлдвэрлэсэн орноос үл хамааран харьцуулан үнэлгээ хийсэн нь үндэслэлтэй байна, үйлдвэрлэгчийн чанарын гэрчилгээ ирүүлсэн нь тендерт оролцогчдод өгөх зөвлөмжид нийцсэн, Үнэлгээний хороо аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний мэдээллийг цахим системээр дамжуулан татан авч үнэлэх боломжтой тул улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй, одоо хэрэгжиж буй гэрээний мэдээллийг ирүүлээгүй нь нийлүүлэгчийн санхүүгийн чадавхид нөлөө үзүүлэхгүй, шугамын зээлийн эрхтэйг нотолсон банкны тодорхойлолт ирүүлсэн гээд,

харин гомдолд дурдсаны дагуу тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2-т олон улсын чанарын CE, FDA, ISO, TUV стандартын аль нэгийг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ гэж заасан байхад хог тээврийн зориулалтын задгай тэвштэй автомашин, хог тээврийн зориулалтын шахдаг тэвштэй автомашины техникийн тодорхойлолтод олон улсын чанарын шаардлага хангасан, туршилт тестүүд хийгдсэнийг батлах гэрчилгээ (ISO 14001:2015, TUV SUD, TUV NORD, OHSAS 180001:2007, ISO 9001:2015)-г ирүүлэхийг заасан нь хоорондоо зөрчилтэй байж болзошгүй гээд тус компанийн чанарын гэрчилгээнүүд шаардлага хангасан эсэхийг нягтлах шаардлагатай, Foton International Trade компанийн гэрээт борлуулагчийн гэрчилгээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-нд дууссан, Beiqi Foton Motor компанитай 2020 оны 1 дүгээр сарын 10-нд байгуулсан гэрээт борлуулагчийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэл заасан байх тул гэрчилгээ олгосон үйлдвэрлэгчийн нэр, хугацааны зөрүүг нягтлах, А2 ангиллын гэрчилгээтэй байгаа нь А1 ангиллын гэрчилгээтэй байх шаардлагад нийцэхгүй байна, мөн Г ХХК-ийн гомдолд Chengli Special Automobile компаниас БХХК-ийг албан ёсны борлуулагч биш гэсэн мэдэгдэл ирүүлсэн тул тодруулах гэсэн үндэслэлүүд дурдаад гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгджээ.

Сангийн яамны энэхүү 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/4818 тоот албан бичгээр өгсөн мэдэгдлийн дагуу Үнэлгээний хороо 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дахин үнэлгээ хийж, Батсээр ХХК, Яншинэ техник ХХК, Майнс-Ап ХХК, Х ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагад нийцээгүй үндэслэлээр тэдгээр оролцогчдын тендерээс татгалзсан, тухайлбал нэхэмжлэл гарган маргаж буй Х ХХК-ийг нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт болон харьцуулсан байдлаар хүснэгтээр баталгаажуулж ирүүлээгүй, барааны жагсаалт, бараа нийлүүлэлтийн хуваарь, холбогдох засвар үйлчилгээний жагсаалт, гүйцэтгэлийн хуваарийг ирүүлээгүй, CIP үнэ буюу даатгал, татвар, сургалт, суурилуулалт, эцсийн цэг хүртэлх зардал багтсан үнэ тооцож ирүүлээгүй үндэслэлээр тендерийн баримт бичигт заасан чадавхийн шаардлага тодорхойлох шалгуур үзүүлэлт хангаагүй тул тус оролцогчийн тендерээс 27 дугаар зүйлийн 27.1.3-т зааснаар дахин татгалзсан байна.

Харин Г ХХК (Кристаллхилл капитал ХХК-тай түншлэл), БХХК-ийн тендерт үнэлгээ хийж, 28 дугаар зүйлийн 28.7.4-т зааснаар БХХК-ийг хамгийн бага харьцуулах үнэтэй буюу хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн шалгаруулж, Г ХХК (Кристаллхилл капитал ХХК-тай түншлэл)-ийн тендер 28.7.3-т зааснаар хамгийн бага харьцуулах үнэтэй тендерээс өндөр үнийн санал ирүүлсэн тул татгалзаж, хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчтой гэрээ байгуулах зөвлөмж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Тендерт оролцогчдын ирүүлсэн үнийн саналыг дурдвал нэхэмжлэгч Х ХХК хамгийн өндөр үнэ буюу 5,250,244,700 төгрөгийн, Г ХХК 4,431,200,000 төгрөгийн үнэ санал болгосон бол тендерт шалгарсан БХХК 4,380,000,000 төгрөгийн үнэ санал болгосон байдаг.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/1727 дугаартай албан бичгээр Г ХХК-д хүргүүлсэн тус компанийн тендерээс татгалзсан үндэслэлд болон Үнэлгээний хорооны 7 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлд ижил төстэй бараа нийлүүлсэн сүүлийн 3 жилийн туршлагад ирүүлсэн материалд худалдах, худалдан авах гэрээгээр нийлүүлсэн автомашин, механизмын төлбөрийн мөнгөн гүйлгээ хувь хүний дансаар хийгдсэн, гүйлгээ хийгдсэн данс эзэмшигч О.Н нь тухайн компанийн захирлаар улсын бүртгэлд бүртгэлгүй, гэрээнд дурдсан нийлүүлсэн автомашин, механизмуудын арлын дугаараар шалгахад Автотээврийн үндэсний төвийн мэдээлэлд бүртгэлгүй байгааг тендерийн материалыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл болгосон талаар дурдсан байдаг.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас байгуулагдсан энэ тендерийн Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхдээ тендерийг хянан үзэх шатанд эрх бүхий эсэх, гэрээг хэрэгжүүлэх чадварыг хангасан эсэх, шаардлагад нийцэж буй эсэх, тендерийн баталгаа шаардлага хангасан эсэх, үндсэн шаардлага хангасан эсэхийг хянан үзсэн байдаг.

Улмаар Үнэлгээний хороо мөн өдөр Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар тендерт оролцогч Батсээр ХХК, Яншинэ техник ХХК, Майнс-Ап ХХК, Х ХХК-ийн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу, Г ХХК (Кристаллхилл капитал ХХК-тай түншлэл)-ийн тендерээс 28.7.3-т заасны дагуу татгалзаж, БХХК-ийн ирүүлсэн тендерийг 28.7.4-т заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн гэж дүгнэлт гаргаж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Үнэлгээний хорооны дүгнэлтийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 2020 оны 7 дугаар сарын 21, 22-ны өдөр тендерт оролцогчдод тухайн тендерт дахин үнэлгээ хийж өмнөх шийдвэр хэвээр болох мэдэгдлийг хүргүүлсэн, гэрээ байгуулах мэдэгдлийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 7 дугаар сарын 22-ны өдөр тендерт шалгарсан БХХК-тай Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай гэрээ байгуулжээ.

Сангийн яамны үнэлгээг дахин хийлгэх үндэслэл болсон нөхцөл байдлуудыг тодруулсан хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Бадрангуй орших ХХК нь БНХАУ-ын Chengli Special Automobile компанийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн албан ёсны борлуулагчийн гэрчилгээг тендерийн баримт бичигт ирүүлж, тус компанийн тусгай зориулалтын автомашин механизмыг нийлүүлэхээр тендерт оролцсон ба тендерт оролцогч Г ХХК Chengli Special Automobile компанийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн БХХК албан ёсны борлуулагчийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн гэх мэдэгдлийг ирүүлснийг Сангийн яам тодруулах шаардлагатай гэжээ. Улмаар БХХК нь Chengli Special Automobile компанийн 2020 оны 7 дугаар сарын 21-нээс 2021 оны 7 дугаар сарын 21-нийг хүртэл хугацаатай Бадрангуй орших ХХК-д олгосон албан ёсны борлуулагчийн гэрчилгээг (2020 оны 7 дугаар сарын 21-нд орчуулгын хамт нотариатаар гэрчлүүлсэн) ирүүлсэн байдаг.

Түүнчлэн Бнь БНХАУ-ын Lovol Construction Mashinery group компанийн (2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл) болон Foton International Trade компанийн (2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл) албан ёсны борлуулагчийн гэрчилгээг (2020 оны 7 дугаар сарын 21-нд орчуулгын хамт нотариатаар гэрчлүүлсэн) ирүүлсэн байна.

Тиймээс Сангийн яамны мэдэгдэлд заасан нөхцлүүдийг тодруулж үйлдвэрлэгчийн гэрчилгээ, тодорхойлолтыг ирүүлэх шаардлагыг хангасан гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгахааргүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г ХХК нь Chengli Special Automobile компаниас 2020 оны 8 дугаар сарын 20, 8 дугаар сарын 25-ны өдрийн БХХК албан ёсны борлуулагч биш гэх мэдэгдлүүдийг шүүхэд ирүүлсэн бол, гуравдагч этгээд БХХК нь Chengli Special Automobile компанитай байгуулсан автомашин, сэлбэг хэрэгсэл худалдан авах борлуулалтын гэрээг 2020 оны 9 дүгээр сарын 9-нд орчуулгын хамт нотариатаар гэрчлүүлэн, мөн Chengli Special Automobile компаниас тусгай зориулалтын 25 автомашин худалдан авах 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг 2020 оны 9 дүгээр сарын 16-нд орчуулгын хамт нотариатаар гэрчлүүлэн, түүнчлэн Chengli Special Automobile компаниас БХХК-тай 2018 оны 3 сараас хамтран ажиллаж байгаа, 2020 оны 7 дугаар сарын 21-нээс 2021 оны 7 дугаар сарын 21-нийг хүртэл албан ёсны дистрибьютерийн онцгой эрх олгосон гэсэн 7 дугаар сарын 21-ний өдрийн захидлыг 9 дүгээр сарын 25-нд орчуулгын хамт нотариатаар гэрчлүүлэн тус тус шүүхэд ирүүлжээ.

Тиймээс БХХК-ийг үйлдвэрлэгчийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Мөн тендерт шалгарсан БХХК-ийг А2 ангиллын гэрчилгээтэй байгаа нь А1 ангиллын гэрчилгээтэй байх шаардлагад нийцэхгүй байна гэж Сангийн яамны мэдэгдэлд дурдсаныг Үнэлгээний хороо тендерийн баримт бичиг боловсруулах үед хүчинтэй байсан стандарт тендерийг дахин үнэлэх үед өөрчлөгдсөн байсан тул бүх оролцогчдын материалд энэ стандартыг үнэлгээгүй хэмээн тайлбарладаг.

Харин Сангийн яамны мэдэгдэлд дурдагдсан олон улсын чанарын гэрчилгээний шалгуур тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд болон автомашины техникийн тодорхойлолтод зөрүүтэй заагдсан нь зөрчилтэй байж болзошгүй гэх тодруулах асуудал нь тендерт оролцогчид биш тендерийн баримт бичиг боловсруулсан Үнэлгээний хороо, захиалагчид хамааралтай асуудал бөгөөд гуравдагч этгээд БХХК нь нийлүүлэх барааны олон улсын чанарын стандартын гэрчилгээнүүд тендерийн материалд ирүүлсэн байдаг.

Хоёр. Дээрх үйл баримтуудаас гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх, маргах эрхийн хүрээ буюу зөрчигдсөн гэх хамгаалагдах эрхийн талаар дүгнэж нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлийн шаардлыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай тендерт нэхэмжлэгч Г ХХК нь Кристалхилл капитал ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Г20/05 дугаартай түншлэлийн гэрээгээр оролцсон, өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.б-д зааснаар түншлэлээр тендерт хамтарч оролцсон байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан шүүхэд гомдол гаргах тендерт оролцогчийн эрхийг дангаар эдлэх боломжгүй байна. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр Г ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Тодруулбал тендерийн баримт бичгийн болон техникийн тодорхойлолтод заагдсан хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм худалдан авах тухай гэрээ байгуулах зорилгыг хэрэгжүүлэхийн тулд Г ХХК болон Кристалхилл капитал ХХК нь хамтран ажиллах тохиролцоо хийж, харилцан үүрэг хүлээх хэлбэрээр тус тендерт оролцсон байх бөгөөд түншлэлийн гэрээнд хамтран хэрэгжүүлэх ажлыг тодорхойлж, талууд ямар байдлаар оролцохыг заасан тул талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, аливаа эрх зүйн харилцаанд оролцоход харилцан зөвшөөрлийг авах шаардлагатай байна.

Иймд Г ХХК-ийг тус тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй, түншлэгч Кристалхилл капитал ХХК-иас Г ХХК-д тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгоогүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийн шаардлагаар тендер шалгаруулалтын хууль зүйн үндэслэлийг дүгнэх боломжгүй юм.

2. Х ХХК-ийн ирүүлсэн тендерийг Үнэлгээний хороо хянан үзээд тендерийн иж бүрдэл дутуу, ажлын тоо хэмжээ дутуу, тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангаагүй буюу нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт болон харьцуулсан байдлаар хүснэгтээр баталгаажуулж ирүүлээгүй, барааны жагсаалт, бараа нийлүүлэлтийн хуваарь, холбогдох засвар үйлчилгээний жагсаалт, гүйцэтгэлийн хуваарийг ирүүлээгүй, CIP үнэ буюу даатгал, татвар, сургалт, суурилуулалт, эцсийн цэг хүртэлх зардал багдсан үнэ тооцож ирүүлээгүй үндэслэлээр тендерийн баримт бичигт заасан чадавхийн шаардлага тодорхойлох шалгуур үзүүлэлт хангаагүй үндэслэлээр тус компанийн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т зааснаар татгалзсан, тодруулбал мөн хуулийн 14-16 дугаар зүйлд заасан тендерт оролцогчийн ерөнхий нөхцлийг магадлах, санхүүгийн чадавхийг үнэлэх, техникийн чадавхи болон туршлага үнэлэх шатанд тендерийн баримт бичигт заасан чадавхийн шаардлага тодорхойлох шалгуур үзүүлэлт хангаагүй үндэслэлээр тендерээс хасагдсан байдаг. Сангийн яам тус компанийн гомдлоор хянаад захиалагчийн энэ шийдвэрийг үндэслэлтэй хэмээн дүгнэсэн байдаг.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр А-1/1310 тоот албан бичгээр тус компани 6 дугаар сарын 10, 11-нд цахимаар тендерийн материал илгээхдээ 9 файл хавсаргаж, 3 файл устгаж илгээсэн, уг тендерийн материалаа 6 дугаар сарын 12-ны өдөр буцааж, 1 файл нэмж илгээхдээ 6 файл сонгон илгээсэн, тухайлбал pdf өргөтгөлтэй танилцуулга, санал гэсэн файлыг устгасан, санал гэсэн файлыг илгээгээгүй болохыг, 6 дугаар сарын 30-нд 02/1551 тоот албан бичгээр тус компанийг дээрх тендерийн баримт бичигт заасан чадавхийн шаардлага тодорхойлох шалгуур үзүүлэлтийн материалуудыг дутуу илгээсэн, ирүүлээгүй талаар мэдэгдсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч ийнхүү материал дутуу илгээсэн талаар маргадаггүй, харин байсан материалын хүрээнд үнэлэх боломжтой байсан, тендер шалгаруулалтыг дахин явуулбал тус компанийн тэгш өрсөлдөх эрхийг хангана гэж маргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан өрсөлдөх тэгш боломжтой байх худалдан авах ажиллагааны зарчим нь мөн хуулиар тавигдсан бүхий л шаардлагуудыг адил хангасан этгээдүүдийн хувьд хамаарах бөгөөд материалаа дутуу ирүүлснээс тендерийн баримт бичигт заасан чадавхийн шаардлага тодорхойлох шалгуур үзүүлэлт хангаагүй үндэслэлээр тендерээс хасагдсан оролцогч бусад оролцогчийн шаардлага хангасан эсэхтэй маргах байдлаар хамгаалуулах эрх биш.

3. БХХК-ийг тендерт шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Х ХХК-ийн маргах эрхийн хүрээнд дүгнэлт хийхэд:

Тус компанийг А2 ангиллын гэрчилгээтэй байгаа нь А1 ангиллын гэрчилгээтэй байх шаардлагад нийцэхгүй хэмээн маргадаг ч Үнэлгээний хороо тендерийн баримт бичиг боловсруулах үед хүчинтэй байсан стандарт тендерийг дахин үнэлэх үед өөрчлөгдсөн байсан тул бүх оролцогчдын материалд энэ стандартыг үнэлгээгүй хэмээн тайлбарласан.

Нөгөө талаас тендерийн баримт бичгийн энэ шаардлага нь нийлүүлсэн машин механизмын засвар үйлчилгээг хариуцахтай холбоотой шалгуур үзүүлэлт байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хамгийн сайн үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно" гэж заасан, тендерийн баримт бичгийн гэрээний ерөнхий нөхцөлд баталгаат хугацаа, засвар үйлчилгээний шаардлага тусгагдсан, гэрээний ерөнхий нөхцөл нь гэрээний салшгүй хэсэг тул энэ шалгуурыг гэрээгээр хангуулах боломжтой гэж үзлээ.

Иймд БХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзсэн Үнэлгээний хорооны дүгнэлт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 27.1-д заасан бүх нөхцлийг зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ., 28 дугаар зүйлийн 28.3 шаардлагад нийцсэн тендерийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна, 28.7.4 хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасанд нийцсэн, тендерт оролцогч Х ХХК-ийн тендерт тэгш өрсөлдөх эрхийг хууль бусаар хөндөөгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах-аар заасан бөгөөд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр энэ тухай мэдэгдэл өгсөнөөс хойш хуулиар тогтоосон хугацаа болоогүй байхад буюу 7 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан нь уг заалтыг зөрчсөн, тендерт оролцогчдын гомдол гаргах эрхийг хязгаарласан хэмээн нэхэмжлэгч нар маргадаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар бусад оролцогчийн тендерээс татгалзсан, тендерт шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны өмнөх /6 дугаар сарын 30-ны өдрийн/ шийдвэр дахин үнэлээд хэвээр болохыг тендерт оролцогчдод 7 дугаар сарын 21-нд мэдэгдсэн, нөгөө талаас уг хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Сангийн яам гомдлыг шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гомдол гаргах тохиолдолд хүлээн авахаас татгалзах-аар заасан, өөрөөр хэлбэл Сангийн яаманд 2 дахь удаагаа гомдол гаргахыг хуулиар ийнхүү хязгаарласан үндэслэлээр гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүргүүлснээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн хугацааг хүлээх бусад оролцогчийн гомдол гаргах эрхийг хангах энэ зохицуулалтыг хэрэглэлгүй гэрээ байгуулсан гэх хариуцагчийн тайлбарыг буруутгахааргүй байна. Иймд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар БХХКтай байгуулсан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд тендерт шалгарч гэрээ байгуулах эрх авсан БХХК-тай Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг зөрчсөн гэж үзээгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.б, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны А/53 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/1727 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын БХХК-д тендерт шалгарсан, гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгдсэн захиргааны акт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар БХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот гэрээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар тендерт Г ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Г ХХК-тай Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.3, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны А/53 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, мөн өдрийн Х ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан 02/1724 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, тус тендерт БХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар БХХК-тай байгуулсан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай гэрээг хүчингүй болгуулах, НХААГ-20/0104 дугаар тендерийн сонгон шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах шаардлага бүхий Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА