Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1590

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Оюунтын 11-5 тоотод оршин суух С.Эрдэнэтуяа /РД:КЮ72070501/-гийн нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 11-23 тоотод оршин суух Ө.Бахат /РД:ТГ70101375/-д холбогдох,

 

   Гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгө болох гэрийн эд зүйл, автомашин, 2 өрөө орон суунаас ноогдох хэсэг, лангуу худалдан авахад оруулсан хувиарт хөрөнгө 10.000.000 төгрөг, Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол 64-7 тоот орон сууцыг нэхэмжлэгч С.Эрдэнэтуяад үлдээх тухай үндсэн нэхэмжлэлтэй, гар утасны бизнесийн орлого 80.000.000 төгрөгнөөс өөрт ноогдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Эрдэнэтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр, хариуцагч Ө.Бахат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Бахатаас гэрлэлтээ цуцлуулж, орон сууцнаас 3 хүүхэд болон өөрт ногдох хэсгийг гаргуулж, Тэди төвд лангуу худалдан авахад оруулсан 10.000.000 төгрөг гаргуулах, морин хуур, 2 хаш цагаан хөөрөг, хейрби маркийн тоос сорогч, 2 хаалгатай хөргөгч, 32 инчийн Самсунг маркийн зурагт, Тоёота прусс-20 маркийн авто машин зэргийг хариуцагчаас гаргуулах саналтай байна гэв.

 

Хариуцагч Ө.Бахат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Орон сууц миний өмчлөлийнх биш. Миний асран хамгаалалтад байсан н.Батжаргал гэх хүүхдийн нэр дээр орон сууц байдаг. Авто машины зээлийн төлбөрийг Ө.Туул төлсөн учраас тэр хүн хууль ёсны эзэмшигч. С.Эрдэнэтуяагийн нэхэмжилсэн эд хогшил бүгд байгаа. 2 цагаан хаш хөөргийг би С.Эрдэнэтуяагийн ахаас мөнгөөр худалдаж авсан. Гэрийн тавилгын бид 2 гэр бүлийн дундын хөрөнгөөс худалдаж авсан. Чи 2 зурагтынхаа томыг нь авчихсан. Үлдсэн 1 зурагтаа авах гэж байгаа бол ав. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн утасны лангуу худалдаж авах оруулсан 10.000.000 төгрөг үндэслэлгүй. С.Эрдэнэтуяа намайг суусан цагаасаа л хуурч байсан. Бидний дундаас гарсан бага хүүхэд миний хүүхэд биш болох нь тогтоогдож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Миний асран хамгаалалтад байсан хүүхдийг С.Эрдэнэтуяа гэрээсээ хөөсөн. Гар утасны лангуу худалдаж авахад С.Эрдэнэтуяа бид 2, 2 талаасаа л хөрөнгө оруулсан. Гэр бүлийн гар утасны бизнес эрхэлж байхад С.Эрдэнэтуяа орсон орлогоо авдаг байсан. Би үндсэн бизнесийнхээ орлогоос нэг төгрөг ч аваагүй. Энэ хүн бүх зүйлээ хамж явсан. Гэр бүл болж амьдрахдаа л дундын хөрөнгөөс гэрийн эд хогшил худалдаж авч байсан. 2 ширхэг хаш цагаан хөөргийг би С.Эрдэнэтуяагийн ахаас худалдаж авсан. Морин хуур, Хейрби тоос сорогч, 32 инчийн зураг, 2 хаалгатай хөргөгч зэрэг байгаа. Энэ бүхнийг нэхэмжлэгчид өгөхөд татгалзах зүйлгүй. Тоёота прусс-20 маркийн авто машины төлбөрийг Ө.Туул төлж, өөрийн өмчлөлд авсан гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Туулын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Туулын дүүгийнх нь хүүхэд, Ө.Бахатын асрамжид байдаг н.Батжаргалын эзэмшлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 64 дүгээр байр 7 тоот, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр авсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, хариуцагчийн архи уудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, ажил төрөл хийдэггүй мэтээр ор үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй зүйл ярьдаг. Гэрлэгчдийг эд хөрөнгийн маргааны талаар эвлэрэх байх гэж найдсан ч эвлэрээгүй учраас гуравдагч этгээд Ө.Туул өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, шаардлага гаргасан. Нэхэмжлэлд дурдагдсан зүйл бодит байдал нийцэхгүй байна. С.Эрдэнэтуяа анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа орон сууцыг өөрт хамааралгүй гэсэн атлаа одоо орон сууц худалдаж авахад өөрийн хөрөнгө орсон гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг Ө.Туул төлсөн гэдгийг мэдэж байгаа. Нэхэмжлэгч, хариуцагчтай гэр бүл болохдоо 2 хүүхэдтэй байсан. Тэдний хамтын амьдралын хугацаанд төрсөн хүү шүүхийн шинжилгээгээр хариуцагч Ө.Бахатын хүүхэд биш болох нь тогтоогдсон. С.Эрдэнэтуяа, Ө.Бахатын эрхэлж байсан гар утасны бизнес эрхэлж, Ө.Бахат хүүхдүүдээ хардаг байсан. Ө.Бахатыг хүүхдүүдээ хардаг байсныг гэрч нар мэдүүлдэг. Хавтаст хэрэгт байрны төлбөрийг Ө.Туул төлсөн гэх баримтууд, Хас банкны гэрээ зэрэг нотлох баримтууд авагдсан. Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлд зааснаар орон сууц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө биш юм. 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Ө.Бахат уг орон сууцны өмчлөгч болсон байдаг бол нэхэмжлэгч, хариуцагч нар 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүл болсон. Иймд нэхэмжлэгчийн орон сууцтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэтуяа, хариуцагч Ө.Бахатад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгө болох орон сууцнаас өөрт болон 3 хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах, лангуу худалдан авахад оруулсан хөрөнгө 10.000.000 төгрөг гаргуулах, морин хуур, 2 ширхэг цагаан шүр /хаш/ хөөрөг, тоос сорогч, 2 хаалгатай хөргөгч, 32 инчийн зурагт, тоёота приус 20 маркийн автомашиныг өөртөө үлдээх нэхэмжлэлийг, хариуцагч Ө.Бахат гар утасны бизнесийн орлогоос өөрт оногдох хэсэг буюу 40.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэтуяа болон хариуцагч Ө.Бахат нар нь 2009 оны 03 дугаар сарын 18-нд гэр бүл болсныг 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлжээ. С.Эрдэнэтуяа 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Г.Ундармаа, 2005 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Э.Буяндорж нартай хамт амьдардаг байсан, Ө.Бахаттай гэр бүл болсноос хойш 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Буян-Учрал төржээ.

 

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2015 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна С.Эрдэнэтуяагийн хүүхдүүд Ө.Бахатын төрсөн хүүхдүүд биш ч гэсэн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т зааснаар гэр бүлийн гишүүн байна.

С.Эрдэнэтуяагийн охин Г.Ундармаа нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар хэдийгээр гэр бүлийн гишүүн боловч хэргийг шийдвэрлэх үед насанд хүрсэн буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байх тул нэхэмжлэгч нь түүний итгэмжлэлгүйгээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхгүй юм.

 

2007 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 239 дугаар захирамжаар О.Батжаргалын асран хамгаалагчаар Ө.Бахатыг тогтоожээ. /1 дүгээр хавтаст хэргийн 169 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар хамтран амьдарсан хугацаанд буюу гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн бөгөөд мөн зүйлийн 126.2.2-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө хамаарна.

 

Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 64 дүгээр байр, 7 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн буюу Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэгчид хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө мөн болох нь 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1060009647 дугаартай Хас банкны барьцаат зээлийн гэрээгээр тухайн орон сууцыг худалдан авахад зориулан 46.400.000 төгрөгийн зээл авсан, уг гэрээний зээлдэгч нь Ө.Бахат, хамтран үүрэг гүйцэтгэгч нь С.Эрдэнэтуяа нар байна. Үүнээс үзэхэд гэрлэгчид маргааны зүйл болох орон сууцыг барьцаат зээлийн гэрээний дагуу авч байсан нь нотлогдож байна.

Хариуцагч Ө.Бахат тухайн орон сууцыг О.Батжаргалын орон сууц гэх боловч энэ байдлаа баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгох тул нэхэмжлэгч болон хариуцагч, мөн хүү Э.Буяндорж, Ө.Буян-Учрал, О.Батжаргал нарыг гэр бүлийн гишүүн гэж тус тус үзнэ.

 

Иймд шүүх дээрх хөрөнгийг гэр бүлийн гишүүн болох нэхэмжлэгч, хариуцагч болон хүү Э.Буяндорж, Ө.Буян-Учрал, О.Батжаргал нарыг оролцуулан ногдох хэсгийг нийт гишүүдэд адил хэмжээгээр тодорхойлох боломжтой.

 

Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 793 дугаар дүгнэлтээр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 64 дүгээр байрны 7 тоот орон сууцыг 70.008.000 төгрөгөөр үнэлжээ. Иймд уг дүгнэлтийг үндэслэн гэр бүлийн 5 гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн нийт хэмжээ нь 70.008.000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ /70.008.000:5=14.001.600/ 14.001.600 төгрөг болж байна.

 

Иймд тухайн орон сууц Ө.Бахатын өмчлөлөөс Ө. Туулын өмчлөлд шилсэн байх тул тухайн орон сууцны ногдох хэсэг 14.001.600х3=42.004.800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болох бөгөөд С.Эрдэнэтуяагийн нэхэмжилсэн морин хуур, тоос сорогч, 2 хаалгатай хөргөгч, 32 инчийн зурагтыг өгөхийг Ө.Бахат зөвшөөрсөн тул хариуцагчаас морин хуур, тоос сорогч, 2 хаалгатай хөргөгч, 32 инчийн зурагтыг гаргуулж С.Эрдэнэтуяад олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн лангуу худалдан авахад оруулсан хөрөнгө 10.000.000 төгрөг гаргуулах, Ө.Бахатын гар утасны бизнесийн орлогоос өөрт ногдох хэсэг буюу 40.000.000 төгрөг гаргуулах шаардлагуудыг хувьд нэхэмжлэгч, хариуцагч нарын ажилуулж байсан лангуу өөр этгээдэд шилжсэн, лангуунд байсан утаснуудыг зохигчдын хэн авч захиран зарцуулсан нь тодорхгүй, энэ талаараа нэхэмжлэгч, хариуцагч нар нотлох баримтаар нотлоогүй байх тул уг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн нэхэмжлэгчийн 2 ширхэг цагаан шүр /хаш/ хөөрөгийн алийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 2 ширхэг хөөрөгийг Ө.Бахатаас гаргуулахаар шаардсан боловч ямар хийцийн, ямар хөөрөг гаргуулах нь тодорхой бус, хариуцагч уг хөөргүүдийг нэхэмжлэгчийн ахаас худалдан авч байсан, өөрийн эд хөрөнгө гэж маргажээ.

Уг хөөрөгнүүдийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн 2 ширхэг цагаан шүр /хаш/ хөөрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Гэрлэгчдийн дундын хөрөнгө гэх приус 20 маркийн 65-63 УБА улсын дугаартай автомашины эзэмшигчээр тогтоолгохоор Ө.Туул бие даасан шаардлагыг шүүхэд гаргажээ.

Уг автомашин Ө.Бахатын эзэмшлийх байх бөгөөд зохигчид зээлээр худалдан авч байсан талаар маргаагүй, бие даасан шаардлага гаргасан Ө.Туул тухайн автомашины зээлэнд 7.740.767 төгрөг төлсөн талаараа баримтаар нотолсон, нэхэмжлэгч С.Эрдэнэтуяа тухайн автомашины зээлийг төлж байсан гэх боловч энэ байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нотлоогүй байна.

Иймд 65-63 УБА улсын дугаартай приус 20 маркийн автомашины зээлийг бие даасан шаардлага гаргасан Ө.Туул төлсөн байх тул түүнийг уг автомашины эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр гэрчлэгчдийн гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 64 дүгээр байр 7 тоот орон сууцнаас С.Эрдэнэтуяа, Э.Буяндорж, Ө.Буян-Учрал нарт ногдох 42.004.800 төгрөг, морин хуур, тоос сорогч, 2 хаалгатай хөргөгч, 32 инчийн зурагтыг Ө.Бахатаас гаргуулан С.Эрдэнэтуяад олгож, 2 ширхэг цагаан шүр /хаш/ хөөрөг гаргуулах, лангууд оруулсан хөрөнгө 10.000.000 төгрөг, приус 20 маркийн автомашин гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Ө.Бахатын гар утасны бизнесийн орлогод 40.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Харчин овогт Самбуудоржийн Эрдэнэтуяа, Монголмууд овогт Өндөгөөгийн Бахат нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дүгээр зүйлийн 130.1, 130.2., 130.3-т заасныг хариуцагч Ө.Бахатаас 42.004.800 төгрөг, морин хуур, тоос сорогч, 2 хаалгатай хөргөгч, 32 инчийн зурагтыг гаргуулан нэхэмжлэгч С.Эрдэнэтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 ширхэг цагаан шүр /хаш/ хөөрөг гаргуулах, лангууд оруулсан хөрөнгө 10.000.000 төгрөг, приус 20 маркийн автомашин гаргуулах тухай С.Эрдэнэтуяагийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэтуяад холбогдох гар утасны бизнесийн орлогоос 40.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ө.Бахатын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 65-63 УБА улсын дугаартай, тоёота приус-20 маркийн автомашиныг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө.Туулд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 416.235 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 275.835 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө.Туулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Бахатаас 138.790 төгрөг гаргуулан Ө.Туулд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхбаярт даалгасугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО