Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0152

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Тээвэр хөгжлийн банк ХХК

Хариуцагч: Монгол банк

Гомдлын шаардлага: Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч Э.Гонгорын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0700050 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Дөлгөөн, гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Золзаяа, хариуцагч Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Э.Гонгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Дөлгөөн шүүхэд гаргасан гомдлын тайлбартаа: ...Монгол банкны хянан шалгагч Э.Гонгорын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0050070 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Монгол банкны хянан шалгагч улсын байцаагч Э.Гонгорын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0050070 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Тээвэр хөгжлийн банк нь уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйл, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу Монгол банкны ерөнхийлөгч бөгөөд улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан.

Монгол банкны 2020 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн Б1/484 албан тоотын дагуу бидний гаргасан гомдлыг хүлээж аваагүй байгаа.

Хариуцагчийн зүгээс Тээвэр хөгжлийн банканд холбогдох зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн . дахь хэсэгт заасны дагуу 50.000 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан.

Тээвэр хөгжлийн банканд холбогдох зөрчлийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 21000014 дугаартай тогтоолд Тээвэр хөгжлийн банк нь Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/138 тоот тушаалаар батлагдсан Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журмын 5.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн.

Дээрх журмын 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.6 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хэсэгчлэн хүчингүй болгуулахаар Тээвэр хөгжлийн банкны зүгээс 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан.

Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/138 дугаар тушаалаар батлагдсан Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журмын 5.3 дахь заалт нь банкны үйл ажиллагаанд сөрөг үр дагавар үүсгэж байгаа.

Тухайлбал дээрх журмын 5.3 дахь заалтыг хангахын тулд нэг харилцагчийн харилцах мөнгөн хадгаламжаас данснаас илүү мөнгөн хөрөнгийг хасаж харилцагчид буцаан олгох банкны санаачилгаар гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага үүснэ. Үүнээс үүдэн банкны олох байсан ашиг орлого алдагдах, цаашлаад банк болон харилцагчийн хооронд үл ойлголцох асуудал үүсэх, банкны нэр хүнд унах сөрөг үр дагавар үүсэж байгаа.

Түүнчлэн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний 1 буюу 2 талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна. Мөн хуулийн 455 дугаар зүйлийн 455.4-т тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг банк мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд 1 талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас өмнө цуцлах эрхгүй гэж заасан байгаа.

Монгол банкны улсын байцаагч нь биднийг Иргэний хуулийг зөрчих нөхцөл байдалд хүргэсэн байгаа.

Дээр дурдсаны дагуу захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хянагдаж эцсийн байдлаар шүүхийн шийдвэр гараагүй байхад уг маргаан бүхий заалтыг баримтлан Тээвэр хөгжлийн банканд шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Маргаан бүхий захиргааны акт нь Тээвэр хөгжлийн банк болон тус банкны харилцагч нарын эрх ашгийг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ..

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Золзаяа шүүхэд гаргасан гомдлын шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журмын 5.3 дахь заалтыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд захиргааны хэм хэмжээний актын зарим хэсэгт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Монгол банкны хянан шалгагч шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гонгор шүүхэд ирүүлсэн, шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Тээвэр хөгжлийн банк нь Монгол банкны баталсан Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журмын 5.3 дахь заалтыг зөрчсөн.

15 харилцах хадгаламж эзэмшигч нь банкны нийт актив хөрөнгийн 25 хувиас хэтрэхгүй байна гэсэн шаардлагыг Тээвэр хөгжлийн банк хангаж ажиллаагүй.

Зөрчлийн хэргийн материалд банкны тайлагнасан баримт байгаа. Тухайлбал 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж 25 хувьтай байх зохистой харьцааг 43.3 хувьтай буюу хэтрүүлж ажилласан. Иймд улсын байцаагчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 11.3 дахь хэсгийн 6 дахь заалтаар зөрчлийн хэрэг үүсгэж торгууль ногдуулсан.

Тээвэр хөгжлийн банкны зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүх, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн шийдвэрээр хариуцагчийн зөв гэж шийдвэрлэсэн байгаа.

Шүүхэд үүссэн маргаан удаан үргэлжилж байгаа нь банкны харилцах хадгаламж эзэмшигч нарыг эрсдэлд оруулах нөхцөл үүсгэх эрсдэлтэй.

Банк нь Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журмын 6.1-т ...энэ журамд тусгасан зохистой харьцааг өдөр бүр хангаж ажиллана. Энэ журмын 2, 4, 5, 6 дугаар бүлэгт тусгасан зохистой харьцаа алдагдсан тохиолдолд Монгол банканд бичгээр банк хариуцсан хянан шалгагчид цахим шуудангаар тухай бүрд мэдэгдэнэ гэх заалтыг зөрчсөн. Тээвэр хөгжлийн банк нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг алдсан бөгөөд үүнийгээ Монгол банканд тайлагнаагүй. Монгол банкнаас удаа дараа и-мэйлээр Тээвэр хөгжлийн банканд хүргүүлсэн боловч албан бичгээр хандахыг шаардсан.

И-Мэйлээр зохистой харьцааг хангаж ажиллахыг мэдэгдсэн боловч хангаж ажиллахгүй байсан учраас албан бичгээр мэдэгдсэн.

Хариу тайлбартаа 2019 оны 5 дугаар сараа хойших Тээвэр хөгжлийн банкны 10 том харилцах хадгаламж эзэмшигчид нь нийт актив хөрөнгийн хэдэн хувийг эзэлж байгаа талаарх график оруулсан. 2019 оны 5 дугаар сард 10 том харилцах хадгаламж эзэмшигчийн нийт актив хөрөнгө 27 хувь, 2019 оны 12 дугаар сард 43 хувьтай болсон.

Монгол банкны зүгээс журам хэрэгжүүлэх 6 сарын хугацаа өгсөн боловч 10 том харилцах хадгаламж эзэмшигчийн нийт актив хөрөнгө 43 хувьтай болж өссөн байсан. Тээвэр хөгжлийн банк нь Монгол банкны гаргасан журмыг хууль бус гэж үзэж хэрэгжүүлэхгүй бусад банканд нөлөөлж буруу жишиг тогтоосон. Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журмын агуулга нь банкны 10 том хадгаламж эзэмшигчийн хөрөнгөөс хамаарч болохгүй гэсэн утгатай байгаа.

1 том харилцах хадгаламж эзэмшигч нь банканд хадгалуулсан мөнгөө авахад бусад харилцагчдын мөнгийг өгөх боломжгүй болно. Үүнээс сэргийлж Монгол банкны зүгээс журам гаргасан боловч тээвэр хөгжлийн банк журмын заалтыг зөрчиж ажилласан. Монгол банкны зүгээс журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг удаа дараа мэдэгдэж ажилласан.

Нэхэмжлэгчийн зүгээс Монгол банкны журамтай холбоотой Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байхад шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлгүй гэж тайлбар өгч байна. Үүнд тайлбар хэлэхэд Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч нар нь Монгол банкны ерөнхийлөгчийн баталсан хүчин төгөлдөр журмыг дагаж мөрдөж ажиллах үүрэгтэй байдаг.

ҮНДЭСЛЭХ нь:

Тээвэр хөгжлийн банк ХХК нь тус банкийг Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагч Э.Гонгорын шийтгэлийн хуудаст Тээвэр хөгжлийн банк нь зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй зөрчил гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулсан Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0050070 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гомдол гаргагч болон хариуцагчийн тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Э.Гонгорын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0050070 дугаар шийтгэлийн хуудсаар Тээвэр хөгжлийн банк ХХК-ийг Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй... зөрчил гаргасан гэж үзэж 50.000 нэгжээр буюу 50.000.000 /тавин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй нь банканд бүтцийн өөрчлөлт хийх, эсхүл татан буулгах нөхцөл бүрдүүлээгүй бол банкийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай А-138 дугаар тушаалын 5.3 дугаар зүйлд Банкны хамгийн том 10 харилцагчийн хадгаламж, харилцахын нийлбэр нь нийт активын 25 хувиас хэтрэхгүй, 6.1 дүгээр зүйлд Банк энэ журамд тусгасан зохистой харьцааг өдөр бүр хангаж ажиллана... ...тухай бүр мэдэгдэнэ гэж заасан ба уг журмаас үзэхэд харилцагч банк өөрийн хамгийн том 10 харилцагчийн хадгаламжийн нийт дүнг өөрийн нийт активын 25 хувиас хэтрүүлэхгүй байлгахаар, мөн банк энэ журамд тусгасан зохистой харьцааг өдөр бүр хангаж ажиллах, хэрэв банк зохистой харьцааг алдагдуулсан тохиолдолд Монголбанкинд өдөр бүр, эсхүл банк хариуцсан хянан шалгагчид цахим шуудангаар тухай бүр мэдэгдэхээр журамлажээ.

Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д Монголбанкны хянан шалгагч банкны тухай хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлого болон Монголбанкны гаргасан дүрэм, журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийнэ. Хянан шалгагч нь улсын байцаагчийн эрх эдэлнэ гэж заасан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:, 6.19-д Монголбанкны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн ... 11.3 дугаар зүйл, ...д заасан зөрчил гэж хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Монголбанкны хянан шалгагч нь арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, захиргааны шийтгэл оногдуулах эрх хэмжээтэй байх тул Монголбанкны хянан шалгагч нь хуулиар олгогдсон бүрэн эрх, эрх хэмжээнийхээ хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6-дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Тодруулбал, Монголбанкны хянан шалгагчид захиргааны шийтгэл оногдуулах эрх хэмжээ хуулиар олгогдсон, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй.... бол банкийг ...нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тодорхой зааж хуульчилсан байх тул хариуцагчийг буруу зүйл, заалтаар шийтгэл оногдуулсан гэж буруутгах боломжгүй.

Харин гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан нь буруу гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...дээрх журмын 6.1 дэх хэсэгт заасны дагуу Тээвэр хөгжлийн банк ХХК нь Монголбанканд энэ журамд тусгасан зохистой харьцааг өдөр бүр хангаж, эрх бүхий байгууллагын хянан шалгагчид бичгээр, эсхүл цахим шуудангаар тайлангаа илгээж байсан гэж мэдүүлдэг боловч энэ талаарх нотлох баримт байхгүй гэж тайлбарлаж байгаагаас үзвэл журмын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг биелүүлж байсан нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Тээвэр хөгжлийн банк ХХК нь Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан журмыг 2020 оны 6 дугаар сараас эхэлж дагаж мөрдөж, биелүүлж ажиллаж байгаа гэж мэдүүлсэн нь хариуцагчийг буруу, үндэслэлгүй шийтгэлийн хуудас оногдуулсан гэдгээр буруутгах боломжгүй байна.

Иймд Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Э.Гонгорын Төв банкны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Тээвэр хөгжлийн банкнаас ирүүлсэн 2020 оны 1 болон 2 дугаар сарын тайлан, мөн цахим хаягаар ирүүлсэн тайланд буюу зайнаас хяналт шалгалт хийх явцад Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журмын 5 дугаар зүйлийн 5.3, 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын төвлөрлийн эрсдэлийн зохистой харьцааг хангаж ажиллаагүй зөрчил гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн дагуу Тээвэр хөгжлийн банк ХХК-д шийтгэл оногдуулсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6-д заасныг тус тус баримтлан Монголбанкны хянан шалгагч улсын байцаагч Э.Гонгорын гаргасан 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0050070 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ