Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 1498

 

МАГАДЛАЛ

 

2017.06.30                                            Дугаар 1498                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Прогресс интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/01093 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Прогресс интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Тилеуханд холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 18 788 531 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Цэрэндагва,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Эксперт консалтинг” ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 11 дүгээр байрны 2-д-2 тоотод байршилтай 192,44 м.кв талбайтай рестораны зориулалттай байрыг Н.Тилеуханд түрээсэлж эхэлсэн. 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль” батлагдаж, дагаж мөрдөх болсноор “Эксперт консалтинг” ХХК нь энэ хуулийн 36.7-д “өмгөөллийн хуулийн этгээд нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заасны дагуу түрээсийн үйл ажиллагаа эрхэлж болохгүй болсон тул 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдөр гэрээг дуусгавар болгож, өөрийн өмчлөлийн түрээсийн байрыг “Прогресс Интернэшнл” ХХК-д шилжүүлсэн. Түрээслэгч Н.Тилеухан нь түрээсийн зүйлийг үргэлжлүүлэн түрээслэх хүсэлтэй байсан тул “Эксперт Консалтинг” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг үргэлжлүүлж, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Прогресс Интернэшнл” ХХК-тай 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дуусах байтал 2015 оны 4 дүгээр сарын 27-нд түрээслэгчээс 01,58 дугаартай албан бичгээр гэрээг хугацаанаас нь өмнө буюу 4 дүгээр сарын 20-ноор тасалбар болгож цуцлах саналаа ирүүлсэн байна. Гэрээг цуцлах саналаа ирүүлсэн боловч 2015 оны 4 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрөө төлөөгүй байсан юм. Мөн түрээслүүлэгчийн зүгээс 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлцсэн эд хөрөнгийг тоолох гэсэн боловч түлхүүр өгөхгүй, эд хөрөнгө хүлээлцэхгүй байсаар 2015 оны 5 дугаар сарын 18-нд эд хөрөнгө тоолж, түлхүүрээ хүлээн авсан юм. Уг эд хөрөнгө тоолсон “тооцоо нийлсэн акт”-аар Н.Тилеуханд хүлээлгэн өгсөн эд хөрөнгөөс 13,958,531 төгрөгийн эргэлтийн хөрөнгө дутсан ба 5,400,000 төгрөгийн үндсэн хөрөнгө, цаашид ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон. 2015 оны 4 дүгээр сарын 01-нээс 2015 оны 5 дугаар сарын 01-нийг хүртэл түрээсийн төлбөр 4,500,000 төгрөг, 5 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 18 хүртэл 3,020,000 төгрөг, нийт түрээсийн төлбөр 7,520,000 төгрөг төлөхийг, мөн Түрээсийн гэрээний 3.2-т “түрээсийн эд хөрөнгө эвдэрч, гэмтсэн, дутагдал гарсан тохиолдолд барьцааны мөнгөнөөс суутган тооцно” гэсний дагуу түрээсэлсэн эргэлтийн хөрөнгө болох шил шаазан эдлэл, дутаасан 13,958,531 төгрөгөөс барьцааны 2,500 ам.долларыг 1 ам.долларыг 1,940 төгрөгөөр бодож 4,850,000 төгрөгийг хасч, 9,108,531 төгрөг төлөхийг, цаашид ашиглах боломжгүй болсон тавилга, тоног төхөөрөмжийн үнэ 2,160,000 төгрөгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу элэгдэл тооцон төлөхийг мэдэгдсэн байдаг.

Гэвч түрээслэгч Н.Тилеухан нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, хүний эд хөрөнгийг дутааж, эвдэлж, цаашид ашиглах боломжгүй болгож, энэ тухай мэдсээр байж төлөхөөс зайлсхийж, түрээсийн төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрч байгаа тул Н.Тилеуханаас 2015 оны 4 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр болох 7,520,000 төгрөг, 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “тооцоо нийлсэн акт”-аар хүлээлцсэн эд хөрөнгөөс 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авахад дутаасан эд хөрөнгийн төлбөр болох 9,108,531 төгрөг, мөн цаашид ашиглах боломжгүй болгосон тавилга, тоног төхөөрөмжийн төлбөрт 2,160,000 төгрөг, нийт 18,788,531 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Анх 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс би “Эксперт Консалтинг” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 11 дүгээр байр, 2-д-2 тоот хаягт байрлах 192,44 м.кв талбайтай, рестораны зориулалттай байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийг “Прогресс Интернэшнл” ХХК-д шилжүүлсэнтэй холбоотойгоор тус компанитай 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ийнхүү рестораныхаа үйл ажиллагаагаа явуулж байтал Монгол улсад бий болсон хямралтай холбоотойгоор цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, цаашид гэрээг сунгахгүй, гэрээнд заасан хугацаанаас 10 хоногийн өмнө цуцлах болсон талаарх албан бичгийг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр түрээслүүлэгчид хүргүүлсэн боловч тус компаниас ирж, эд хөрөнгөө хүлээж авахгүй байсаар 5 дугаар сарын 18-ны өдрийг хүргэсэн. Гэрээний хугацаа 5 дугаар сарын 01-ний өдөр дууссан байхад өөрсдөө эд хөрөнгөө хүлээж авахгүй байсаар 5 дугаар сарын 18-ны өдрийг хүргэчихээд энэ өдрөөрөө тооцон түрээсийн төлбөр авахаар нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Учир нь гэрээний хугацаа дууссанаас хойших төлбөрийг би төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс энэ хугацааны төлбөрийг манайхаас шаардах эрхгүй. Харин 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг бэлнээр төлсөн. Өмнөх саруудын төлбөрийг сар болгон урьдчилж төлж ирсэн. Мөн тооллогоор байгаа эд зүйлсийг чанар муутгасан гэж өөрсдөө үзээд акталж, намайг дутаасан мэтээр ийнхүү нэхэмжилж байх бөгөөд эдэлгээний хугацаа нь болоогүй эд хөрөнгүүдийг чанар муудсан, ашиглах боломжгүй гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би уг эд хөрөнгийг цаг тухай бүрт нь цаг алдалгүй засвар үйлчилгээг нь хийж, сольж, засаж сайжруулж ирсэн бөгөөд чанар муудаж, ашиглах боломжгүй болсон эд зүйлс байхгүй гэж үзэж байна. Гэрээний хугацаанд 4 удаа ирж, түрээслүүлсэн рестораны аяга тавагнаас авч явсан хөгжим, өсгүүр зэргийг өөрсдөө авсан, гал тогооны шарах шүүгээ зэрэг тоног төхөөрөмжийг манайх огт ашиглаагүй, өөрсдийн тоног төхөөрөмжөө ашиглаж байсан. Түүнчлэн дутаасан гэх эд зүйлээ хаанаас тогтоосон, ямар үнээр тооцсон нь тодорхойгүй, өөрсдөө үнээ зохиож тооцож, ямар ч баримтгүйгээр гаргасан төлбөрийг миний бие төлөх ёсгүй юм. Гэрээнд зааснаар дээрх тохиолдол гарсан бол нөхөн төлөх зорилгоор барьцаа 2,500 ам.долларыг өгсөн, түүгээр хохирлоо барагдуулах ёстой учир дутаасан эд хөрөнгийн төлбөр 9,108,531 төгрөг болон ашиглах боломжгүй болгосон тавилга, тоног төхөөрөмжийн төлбөр 2,160,000 төгрөгийг би төлөх үндэслэл байхгүй. Иймд “Прогресс Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Тилеухан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4-т “энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус зааснаас үзэхэд дээрх гэрээ нь хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх талаар байгуулсан гэрээг бичгээр байгуулсан байх тул мөн хуульд заасны дагуу уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой байхад бүртгүүлээгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Эксперт консалтинг” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлсэн байх боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 11 дүгээр байр, 2д-2 тоот хаягт байрлах 192,44 м.кв талбайтай, рестораны зориулалттай үл хөдлөх хөрөнгөө “Эксперт консалтинг” ХХК нь 2013 онд нэхэмжлэгч “Прогресс Интернэшнл” ХХК-д шилжүүлж, 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээнээс өмнө үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн бөгөөд үүнийгээ үндэслээд хариуцагч Н.Тилеухантай түрээсийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 318.3-т зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байжээ. Иймд дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хувьд, анхны түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлсэн. 2 дахь гэрээг дахин бүртгүүлэх талаар бид гурав ярьж байсан боловч өмчлөх объект болон өмчлөгч нь өөрчлөгдөөгүй болохоор эрх нь хадгалагдах байх гэж ярилцаад бүртгүүлээгүй. Үүнийг хариуцагч мэдэж байсан бөгөөд хүлээн зөвшөөрөөд “хугацааг 3 жил болгож өгөөч, би өөр зүйлд хөрөнгө оруулах гэж байгаа” гэж хэлж байсныг тод санаж байна. Иймд түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Прогресс Интернэшнл” ХХК болон Н.Тилеухан нарын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, хариуцагч Н.Тилеуханаас 13,709,193 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Прогресс Интернэшнл” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5,079,338 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,895 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 428,000 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагчаас дутуу төлсөн 80,000 төгрөгийг улсын орлогод /Баянгол дүүргийн татварын хэлтэст/ оруулах, мөн хариуцагчаас 226,496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс 508,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлсөнд 220,000 төгрөгийг хариуцагч Н.Тилеуханаас гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

—т


Түрээсийн гэрээний хугацаа 5 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж цаашид сунгахгүй болохоо гэрээний хугацаа дуусахаас өмнө мэдэгдэж, үйл ажиллагаагаа зогсоосон байхад түүнээс хойших буюу 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус байна. Мөн түрээсийн төлбөрийг хэдэн төгрөг гэж тооцсон нь шүүхийн шийдвэрээс тодорхой харагдахгүй, нийтэд нь базаж тооцсон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 7.520.000 гэж нэхэмжилсэн байхад шүүхээс 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл тооцсон хэрнээ 7.520.000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн нь ойлгомжгүй байгаа юм.

 

Нэхэмжлэгчийн бас нэг шаардлага болох эргэлтийн хөрөнгө буюу шил, шаазан эдлэл дутаасан 13.958.531 төгрөг, ашиглах боломжгүй болсон тавилга, тоног төхөөрөмжийн үнэ 2.160.000 төгрөгийг шаардсанд анхан шатны шүүхээс дугнэлт хийхдээ 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тооллогын баримтыг үндэслэл болгон 13.958.531 төгрөг байхыг тогтоож, түүнээс гэрээг анх байгуулах үед барыдаа болгон өгсөн 2.500 ам.долларыг 1940 төгрөгөөр тооцон 4.850.000 төгрөгийг хасаж, 9.108.531 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдсон тохиолдолд өгсөн, авсан зүйлсээ буцаан өгөх үүрэгтэй тул барьцаа 2500 ам.долларыг буцаан өгөх ёстой байтал суутган тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн зүгээс нотлох баримтаар өгсөн түрээсийн хугацаанд буцаан авч, гарын үсэг зурж хүлээлцсэн баримтын талаар огт дүгнэлт хийгээгүй, хасаж тооцоогүй байна. Мөн 2 тал үнийн дүн дээр маргаантай байхад шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй байгаа нь эргэлзээтэй бөгөөд шинжээчийн дүгнэлт бол хэрэгт авагдсан, нотлох баримтын шаардлага хангасан баримт, дээр нь нэхэмжлэгч талаас хүлзэлгэн өгсөн эд зүйлээсээ буцаан авч, гарын үсэг зурсан баримтыг үнэлэхгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна. Түүнчлэн хэрэгт авагдсан "Эксперт консалтинг" ХХК, хариуцагч Н.Тилеухан нарын хүлээлцсэн актыг үндэслэл болгон шийдвэрлэсэн хэрнээ "Эксперт консалтинг" ХХК-ийн захирал н.Энхдалай гэгч нь тавилга, эд зүйлс буцааж аваад гарын үсэг зурсан баримтыг яагаад нотлох баримтаар үнэлж, тооллого хийсэн баримтаас хасаж тооцох үндэслэлгүй гэж үзсэн тодорхойгүй, хуульд нийцэхгүй дүгнэлт хийсзн гэж үзэж байна. Мөн хэдийгээр хариуцагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэдий ч түүнийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй гэж үзэхгүй байгаа бөгөөд түүнээс буцаан хүлээн авсан эд зүйлсийг хасаж тооцох юм бол хариуцагчийн зүгээс дутаасан зүйл эд хөрөнгө, ашиглах боломжгүй болсон эд хөрөнгө гэж байхгүй болно гэж үзэж байна. Иймд анхан шашы шүүхийн шийдвэрийг өөрчилж, "...хариуцагч Н.Тилеуханаас 13.709.193 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож" гэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Прогресс интернэшнл” ХХК нь хариуцагч Н.Тилеуханд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 18 788 531 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч Н.Тилеухан нь 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Эксперт консалтинг” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамжны 11 дүгээр байрны 2-2-т байршилтай, 192.44 м.кв талбай бүхий “Саруул” рестораныг 2 жилийн хугацаатай, сард 1200 ам.долларын төлбөртэйгээр түрээслэхээр тохиролцон, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрээний зүйл болох 124 098 653 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч хүлээн авч акт үйлджээ.

Гэрээний зүйлийн өмчлөгч нь “Прогресс интернэшнл” ХХК болж өөрчлөгдсөн нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр огноологдсон улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний үүрэг гэж үндэслэсэн ба хариуцагч уг гэрээг гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлан маргасан.

Талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ хэрэгт авагдсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх бөгөөд энэ талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хангахдаа хийсэн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзнэ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 13 709 193 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байх бөгөөд хэргийг шийдвэрлэхдээ баримталсан хуулийн зохицуулалт зөв байна.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийг баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/01093 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 226 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

                                      ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД                                                     

 

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ