| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00166/И |
| Дугаар | 211 |
| Огноо | 2018-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 211
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг 1 дүгээр хэсэг 044 тоотод оршин суух, Хангай овогт Бямбын Мэндбаяр /МЮ-70100266/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 7 дугаар баг ,Ганзам 3 дугаар хэсэг 38 дугаар байр 15 тоотод оршин суух, Их Монгол овогт Даваагийн Батжаргал /МЮ-79020565/-д холбогдох
9.140.000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мэндбаяр, хариуцагч Д.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мэндбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Д.Батжаргал нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй 10.760.000 төгрөгийг Сүхбаатар сум 7 дугаар баг Төмөр замын 1 дүгээр 8 айлын 2-01 тоотод байршилтай Ү-1317003314 улсын бүртгэлийн дугаартай, 000125363 гэрчилгээний дугаар бүхий 1 өрөө 17.4м2 орон сууцыг барьцаалж зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан зээлсэн болно.
Энэ хугацаанд олон удаа мөнгө нэхсэн боловч 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 4.000.000 төгрөг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг нийт 7.000.000 төгрөг өгсөн.
Үүнээс хойш удаа дараа нэхсэн боловч би цалингаас өөр орлогогүй 2017 оны 03 дугаар сард цалингийн зээл авах боломжтой тэгээд өгье, мөн оны 09,12 дугаар сард цалингийн зээл авна гэж хойшлуулж өдий хүртэл хүлээлгэсэн боловч цалингийн зээл эргэн төлөлт хоцорсон болохоор бүтсэнгүй гээд төлөхгүй намайг хохироож байна. Тухайн үедээ одоохон ажил бүтэх гэж байна, удахгүй мөнгийг чинь өгнө гэдэг байсан. Би ч итгэсэн учир нь нөхөр нь гаальд ажилладаг боломжтой байх, өгчих байх л гэж бодсоор өнөөдрийг хүрсэн.
Иймд хариуцагч Д.Батжаргалаас үндсэн мөнгө 10.760.000 төгрөг дээр 2 сарын хүү 1.076.000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоногийн алданги 4.304.000 төгрөг нийт 16.140.000 төгрөгнөөс түүний надад өгсөн 7.000.000 төгрөгийг хасаж 9.140.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож, барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Д.Батжаргал нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие 2015 оны 05 сарын 18-нд Б.Мэндбаяраас 10.760.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн барьцаанд Төмөр замын 1-8 айлын 8-1тоотод байрлах 1 өрөө орон сууцыг тавьсан. Үүнээс хойш 2016 оны 3 сард 4.000.000 төгрөг, 11 сард нь 3.000.000 төгрөг нийт 7.000.000 өгсөн ба үлдэгдэл 3.760.000 төгрөг л үлдсэн. Миний бие энэ хугацаанд өвчний учир эмнэлэгээр явж Б.Мэндбаярт мөнгийг нь өгөх боломж гараагүй. Надад цалингийн зээл авахаас өөр боломж байхгүй. 2018 оны 2 сард хүртэл хүн гуйж банкнаас зээл хүсэхэд хугацаа хэтэрсэн шалтгаанаар надад зээл олгоогүй. Дараагийн зээл авах боломж 8 дугаар сард гарна. Үүнээс өөр боломжгүй тул нийт үндсэн мөнгө 10.760.000 төгрөгийн үлдэгдэл 3.760.000 төгрөгийг төлнө. Үлдэх мөнгийг төлөх боломжгүй! гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мэндбаяр нь хариуцагч Д.Батжаргалд холбогдуулан 9.140.000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 10.760.000 төгрөгийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулсан байх ба энэ үйл баримт дээр зохигч маргахгүй байна.
Хариуцагч нь ... Б.Мэндбаяраас 2015 оны 02 дугаар сарын 10-нд 1 сарын хугацаатай 9.000.000 төгрөг бэлэн авсан. 2015 оны 5 дугаар сарын 18-нд зээлийн гэрээгээ 2 сараар сунгаад 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх 3 сар 8 хоногийн хүү болох 1.760.000 төгрөг, нийт 10.760.000 төгрөг авсан нь үнэн маргах зүйлгүй.
Харин Б.Мэндбаяраас авсан мөнгөө төлөх гэж банкнаас цалингийн зээл авч 2016 оны 03 дугаар сард 4.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сард 3.000.000 төгрөгийг тус тус өгсөн бөгөөд 2017 онд дахин зээл авах гэтэл зээл хоцроосон гээд авах боломжгүй болоод үлдэгдэл мөнгийг төлж чадаагүй. Одоо банкинд зээлтэй байгаа тул үндсэн мөнгө болох 10.760.000 төгрөгөөс өгсөн 7.000.000 төгрөгөө хасаад үлдэгдэл 3.760.000 төгрөгийг төлнө үлдэх 5.380.000 төгрөгийг төлөхгүй... гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр Б.Мэндбаяр нь Д.Батжаргалд 10.760.000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаатай, зээлдүүлэх, зээлдэгч Д.Батжаргал нь заасан хугацаанд мөнгийг эгүүлэн төлөхөөр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцож улмаар уг зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 3 дугаар баг Төмөр замын Сургуулийн гудамжны 1 дгээр 8 айлын 2 дугаар орц 8-01 тоот Д.Мартын эзэмшлийн № 000125363 дугаартай, Ү-1317003314 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон 17,4 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах тухай итгэмжлэл, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хэдийгээр хариуцагч нь ... миний бие энэ хугацаанд эмнэлэгээр явсан, сарын цалин 772.000 төгрөг, Үүнээс ХААН банкны цалингийн зээлд сар бүр 380.000 төгрөг төлдөг, 1 оюутан хүүхэд, 1 сургуулийн насны хүүхэд,1 цэцэрлэгийн насны нийт 3 хүүхэдтэй, Жил бүр 1-2 удаа бөөрний эмчилгээ хийлгэдэг, бөөрний эмчийн хяналтанд байдаг, эм тарианд их мөнгө зарцуулдаг, банкнаас зээл авах гэхлээр хугацаа хэтэрсэн гээд зээл олгогдоогүй, дараагийн зээл авах боломж 8 сард гарна түүнээс өмнө ямар ч боломж байхгүй... гэх тайлбарыг гаргаж байгаа ч баримтаар нотолж чадаагүй байна.
Түүнчлэн зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнд хариуцагч талаас тайлбартаа дурьдсан зүйлийн талаар гэрээнд огт тусгагдаагүй байх ба энэ талаарх ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй зэрэг байдлаас дүгнэхэд хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байх ба тэрээр гэрээний 3 дэх хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч алданги гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Мөн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 18-ний өдөр хүртэл нийт 60 хоногийг тооцоход /10.760.000х6%=645.600 төгрөг х 12 сар=7.747.200 төгрөг болсоныг Иргэний хуулийн 232.4 дэхь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүргэж зогсооход 128.374.200 төгрөг, мөн гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу сарын 6 хувийн хүү дээрх хугацаанаас тооцоход 16.140.000 төгрөг болж байх бөгөөд хариуцагчаас 2016 оны 03 дугаар сард 4.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сард 3.000.000 төгрөгийг тус тус хасч тооцоход 9.140.000 төгрөг болж байна.
Иймд Д.Батжаргалаас 9.140.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Д.Мартын өмчлөлийн 000125363 дугаартай, Ү-1317003314 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг төмөр замын сургуулийн гудамжны 1 дүгээр 8 айлын 2 дугаар орц 8-1 тоот хаягт байршилтай 17.4 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөнөөс хуулийн дагуу үүргийг гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 161.190 төгрөг төлснийг дурьдаж, хариуцагчаас161.190 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дгаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Батжаргалаас зээлийн гэрээний үүрэгт 9.140.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мэндбаярт олгосугай.
2. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэхзааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 000125363 дугаартай, Ү-1317003314 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг төмөр замын сургуулийн гудамжны 1 дүгээр 8 айлын 2 дугаар орц 8-1 тоот хаягт байршилтай 17.4м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс 9.140.000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг мэдэгдсүгэй.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мэндбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161.190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 161.190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мэндбаярт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ