Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 32

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2018/00166/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                             Хариуцагч                                   *******                       

                                   Хариуцагчийн өмгөөлөгч        Л.Доржпүрэв

                                   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 211 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох “9.140.000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч ******* нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... ******* нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй 10.760.000 төгрөгийг Сүхбаатар сум 7 дугаар баг ******* *******ын 1 дүгээр 8 айлын ******* тоотод байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай, ******* гэрчилгээний дугаар бүхий 1 өрөө 17.4м2 орон сууцыг барьцаалж зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан зээлсэн болно. Энэ хугацаанд олон удаа мөнгө нэхсэн боловч 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 4.000.000 төгрөг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг нийт 7.000.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш удаа дараа нэхсэн боловч би цалингаас өөр орлогогүй 2017 оны 03 дугаар сард цалингийн зээл авах боломжтой тэгээд өгье, мөн оны 09,12 дугаар сард цалингийн зээл авна гэж хойшлуулж өдий хүртэл хүлээлгэсэн боловч цалингийн зээл эргэн төлөлт хоцорсон болохоор бүтсэнгүй гээд төлөхгүй намайг хохироож байна. Тухайн үедээ одоохон ажил бүтэх гэж байна, удахгүй мөнгийг чинь өгнө гэдэг байсан. Би ч итгэсэн учир нь нөхөр нь гаальд ажилладаг боломжтой байх, өгчих байх л гэж бодсоор өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч *******аас үндсэн мөнгө 10.760.000 төгрөг дээр 2 сарын хүү 1.076.000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоногийн алданги 4.304.000 төгрөг нийт 16.140.000 төгрөгнөөс түүний надад өгсөн 7.000.000 төгрөгийг хасаж 9.140.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож, барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* нь анхан шатны шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Миний бие 2015 оны 05 сарын 18-нд *******аас 10.760.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн барьцаанд ******* *******ын ******* айлын ******* тоотод байрлах 1 өрөө орон сууцыг тавьсан. Үүнээс хойш 2016 оны 3 сард 4.000.000 төгрөг, 11 сард нь 3.000.000 төгрөг нийт 7.000.000 өгсөн ба үлдэгдэл 3.760.000 төгрөг л үлдсэн. Миний бие энэ хугацаанд өвчний учир эмнэлэгээр явж *******т мөнгийг нь өгөх боломж гараагүй. Надад цалингийн зээл авахаас өөр боломж байхгүй. 2018 оны 2 сард хүртэл хүн гуйж банкнаас зээл хүсэхэд хугацаа хэтэрсэн шалтгаанаар надад зээл олгоогүй. Дараагийн зээл авах боломж 8 дугаар сард гарна. Үүнээс өөр боломжгүй тул нийт үндсэн мөнгө 10.760.000 төгрөгийн үлдэгдэл 3.760.000 төгрөгийг төлнө. Үлдэх мөнгийг төлөх боломжгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр  хянан хэлэлцээд 211 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дгаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 9.140.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

- Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ******* дугаартай, ******* дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг төмөр *******ын сургуулийн гудамжны 1 дүгээр 8 айлын 2 дугаар орц ******* тоот хаягт байршилтай 17.4м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс 9.140.000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг мэдэгдэн,

- Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161.190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 161.190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэсэн байна.  

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан: ...******* нь надаас 9.140.000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан бөгөөд шүүх 9.140.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд би гомдолтой байна. Шүүх шийдвэртээ заахдаа: талууд 2015 оны 5-р сарын 18-ны өдрийн 10.760.000 төгрөгийн зээлийн гэрээнд маргаагүй гэж бичсэнийг би зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрөхгүй  байгаа учир эхний хийсэн гэрээ 2015 оны 2-р сарын 10-ны өдрийн гэрээг шүүх хурал дээр баримт болгож гаргаж өгсөн юм. Харин нэхэмжлэгч ******* нь энэ эхний гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй зөвхөн дараа нь хийсэн 2015 оны 5-р сарын 18-ны өдрийн гэрээг л шүүхэд өгсөн байсан юм. Шүүх шийдвэртээ хариуцагч нь нэхэмжлэгч *******аас 10.760.000 төгрөгийг авсан нь үнэн байна гэж бичсэн байна. Гэтэл би 10.760.000 төгрөгийг аваагүй, .Мэндбаяр ч гэсэн өөрөө шүүх хурал дээр  өгөөгүй гэж хэлсэн юм. Би эхний гэрээ хийхэд л 9.000.000 төгрөг авсан юм. 2015 оны 5-р сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний 4-р зүйлд: энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг.. Тэгэхээр сүүлд хийсэн зээлийн гэрээ хүчингүй болж байна гэж би үзэж байна.

Гэтэл Шүүх энэ 10.760.000 төгрөгнөөс зээлийн хүү тооцож шийдвэрлэж байгаад би гомдолтой байна. Нэхэмжлэгч ******* нь зээлийн алданги гэж 4.304.000 төгрөг нэхэмжлэхдээ ямар учраас 4.304.000 төгрөг гэж тооцсоныгоо нэхэмжлэлдээ бичээгүй байсан. Гэтэл Шүүх алдангийн тухай бодолт хийсэн байгаа бөгөөд бодолтыг хийхдээ буруу бодож хийсэн байгаа юм. Шүүгчийн энэ үндэслэлгүй шийдвэр нь иргэн надад хохиролтой шийдвэр болж байна. Миний хувьд жил бүр бөөрний эмчилгээнд ордог өндөр зардалтай байдаг болохоор нэхэмжлэгчид 9.140.000 төгрөг төлөх боломжгүй хэцүү нөхцөлтэй байгаа билээ. Би нэхэмжлэгч *******аас 9.000.000 төгрөг зээлж аваад 7.000.000 төгрөгийг буцааж өгсөн байхад шүүх шийдвэрлэхдээ 9.140.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж төлж чадахгүй тохиолдолд орон сууцыг худалдан борлуулсаны үнийн дүнгээс төлүүлнэ гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хүү, алдангийг 6 хувиар тооцож шийдвэр гаргасанд гомдолтой байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй, зарим зүйл заалтыг илэрхий зөрчиж гаргасан гэж үзэж байна. ...Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүү, алдангийг 5 хувиар нэхэмжилсэн, мөн гэрээнд 5 хувиар заасан байхад анхан шатны шүүх алдангийг 6 хувиар тооож шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт 50 хувиар тогтооход 128.374.200 төгрөг гэж заасан. Дээрх байдлуудаас харахад иргэн хүнийг хохироож байна гэж үзэж байна. Учир нь хариуцагч нь 2 удаа цалингийн зээл авч мөнгийг төлсөн. Үлдэгдэл мөнгөн дээр үндэслэлгүйгээр алдангийг нэхэмжилсэн байна. Тиймээс алдангиас чөлөөлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 2 сарын 10-ны өдөр хариуцагч ******* нь 9.000.000 төгрөгийг сарын 6% хүүтэйгээр үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээлсэн. Гэрээний хугацаандаа хүү ч өгөхгүй, мөнгөө төлөхгүй байсаар 2015 оны 05 сар хүрсэн. Би мөнгөө удаа дараа нэхсэн боловч Батжаргал нь өөрөө өнгөрсөн хугацааныхаа хүү алданги нэмээд гэрээгээ сунгуулъя гэж хүссэний дагуу 2015 оны 05 сарын 18-нд үндсэн мөнгө 9.000.000 төгрөг дээр хүү алданги 1.760.000 төгрөг нэмж 10.760.000 төгрөгөөр гэрээгээ сунгасан.  Урьдынхаа гэрээг сунган хийж байгаа гэрээ учир би дахин 10.760.000 төгрөг өгөх үндэслэлгүй юм. ...Хариуцагч ******* нь анхан шатны шүүх хурал дээр өмгөөлөгч Доржпүрэвийн хамт 9.000.000 төгрөг аваад гэрээ хийж байсан, хүү алданги нэмээд 10.760.000 төгрөгөөр дахин гэрээ хийхийг би өөрөө хүсэлт гаргаж хийсэн гэдгээ хэлж, ийм учраас 2015 оны 05 сарын 18-ны  10.760.000 төгрөгний гэрээг хүлээн зөвшөөрч байна гэсэн. Би Батжаргалаас удаа дараа гуйж чи үндсэн мөнгө өгчихөөд хүний мөнгийг 3 жил шахам хэрэглэсэн юм чинь хүү гээд ядаж 3.000.000 төгрөг өгчих гэж хэлж байсан. Би Батжаргалын боломжийг маш их харж хүлээсэн арга ядаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс эвлэрэх боломж байна уу гэхэд нь хүртэл чи надад одоо 2.500.000 төгрөг өгөөд 6 сарын дараа 2.500.000 төгрөг өгчих нийт 5.000.000 төгрөг аваад болъё” гэж хүртэл гуйж байхад тийм боломж байхгүй гэж байсан. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 211-р шийдвэрийг үндэслэлтэй үнэн зөв гарсан шийдвэр гэж үзэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 9.140.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэжээ.

 

Хэргийн хариуцагч ******* болон түүний өмгөөлөгч нар нь  анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлынхоо үндэслэлээ шүүх  хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан зээлийн хоёр гэрээнд дүгнэлт хийгээгүй, зөвхөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн  хэргийг хянан шийдвэрлэсэн  гэж тайлбарласан байна.

 

Хэргийг судлан үзвэл: Зохигчдын хооронд 2015 оны 02 сарын 10-ны өдөр 9.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай, зээлийн гэрээ байгуулж гэрээний дагуу 9.000.000 төгрөгийг нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д шилжүүлснээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 03 сарын 10-ны өдөр дууссан боловч зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч ******* зээлдэгч ******* нар нь 2015 оны 05 сарын 18-ны өдрийн  гэрээгээр мөнгө  шилжүүлэлгүй,  өмнөх зээл 9.000.000 төгрөг дээр түүний хүү,  алданги  нийлээд 10.760.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй,  2 сарын  хугацаатай  зээлэх, үүргээ зөрчвөл алданги төлөх,  мөн зээлийн гэрээний үүрэгт  барьцааны гэрээ  зэргийг тус тус байгуулсан байна.

 

Хэрэгт талуудын хооронд байгуулсан хоёр төрлийн зээлийн гэрээ авагдсан байхад  анхан шатны шүүх гэрээнүүдэд огт дүгнэлт хийгээгүй бөгөөд  ямар үндэслэлээр талуудын хооронд байгуулсан 2015 оны 05 сарын 18-ны өдрийн гэрээг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь   тодорхойгүй байх тул  давж заалдах шатны шүүхээс  гэрээ тус бүрт  дараах хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох,   мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д зааснаар хүүгээс анз тооцохгүй гэж тус тус заасан бөгөөд  зохигчдын хооронд 2015 оны 05 сарын 18-ны өдөр зээлийн гэрээнд заасан  мөнгийг бодитойгоор шилжүүлээгүй, өмнөх гэрээний зээлийн хүүгээс анз тооцсон, өөрөөр хэлбэл талуудын хооронд 10.760.000 төгрөгийг зээлсэн  мэтээр дүр үзүүлэн  хэлцэл хийсэн  нь Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан  хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзлээ.

Зохигчдын хооронд  байгуулсан 2015 оны 05 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд  тухайн хэлцлийн үндсэн дээр хийгдсэн   барьцааны гэрээ нь  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар  мөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Нэхэмжлэгч *******ын 2015 оны 05 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг шаардсан  нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй,  харин хариуцагч ******* нь урьд байгуулсан зээлийн гэрээний  үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн талаар шүүхэд тайлбар гаргасан байх тул 2015 оны 02 сарын 10-ны өдрийн хүчин төгөлдөр  зээлийн гэрээг үндэслэн зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 02 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч ******* нь зээлдүүлэгч *******ын өмнө үндсэн зээл 9.000.000 төгрөг зээлийн хүүд 540.000 төгрөг нийт 9.540.000 төгрөгийн үүрэг хүлээсэн. Тус гэрээний үүргээс 7.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдсон. Зохигчид 7.000.000 төгрөгийг буцаан төлсөн эсэх талаар маргаагүй байх тул хариуцагч *******аас зээлийн гэрээний үлдэгдэл /9.540.000-7.000.000=2.540.000/ зээлийн гэрээний үүүрэг 2.540.000 төгрөг,  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хугацаа хэтрүүлсний алданги 1.270.000 төгрөг нийт 3.810.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож нэхэмжлэлийн  шаардлагыг заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь   хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны   шүүхийн 2018 оны  05 сарын 07-ны өдрийн 211 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн

 1 дүгээр заалтыг:  

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар  хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэг 3.810.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.330.000 төгрөг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг   хэрэгсэхгүй болгосугай.” гэж,  

4 дүгээр заалтыг  

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч *******аас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161.910 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 75.910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.” гэж  тус тус  өөрчилж,  шийдвэрийн Тогтоох хэсгийн 2, 3 дугаар  заалтыг  тус тус хүчингүй болгон бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН