Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 222

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Сэлэнгэ аймаг Ерөө сумын 3 дугаар баг  Бугант чулуут гудамж, 1-33 тоотод оршин суух хаягтай,

                 Өөлд овогт Доржсүрэнгийн Төмөрбат

                 Регистрийн дугаар: /МТ-66122415/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Ерөө сумын 3 дугаар баг  Бугант чулуут гудамж, 1-20 тоотод оршин суух хаягтай,

                Зөөд овогт Дамирангийн Батхишиг                                

                Регистрийн дугаар: /МТ-87071616/- т холбогдох

 

“Гэм хорын хохиролд 34.816.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Төмөрбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч Д.Батхишиг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа, иргэдийн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад С.Энхтайван нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Төмөрбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

          ... 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт Д.Батхишиг нь согтуугаар намайг зодож, Д.Төмөрбат миний зүүн нүдийг сохолсон хэрэг учрал гарсан.

           Энэ хэрэгт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар Д.Батхишигт холбогдох 173001360069 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалтын явцад Д.Батхишиг “Би гурван хүүхэдтэй, шоронд явахад надад хэцүү байна. Таны нүдтэй холбоотой эмчилгээ, протезний бүх зардлыг би төлнө. Та надад гомдолгүй гээд хэлээд өгчих өө. Би танд эмчилгээний зардлаас гадна бололцооны хэрээр мөнгөн тусламж үзүүлнэ” гээд гуйгаад байхаар залуу хүн, нутгийн хүн гэж бодоод мөрдөн байцаалтын үед болон шүүх хурал дээр гомдолгүй гэж хэлсэн.

          Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор “шүүгдэгч Д.Батхишигийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Төмөрбатын нүдэн тус газар нь цохиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, хохирогч Д.Төмөрбатын эмчилгээний зардалд 1.050.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, ялтан Д.Батхишигээс 2.692.126 төгрөг гаргуулж Д.Төмөрбатад олгохоор тус тус шийдвэрлэсэн ба энэ шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон.

    Шүүх хурлаас хойш шийтгэх тогтоолд заасан 2.692.126 төгрөгийг давж заалдах хугацаа дуусахаас өмнө Д.Батхишиг нь надад өртэй боловч намайг харж үзнэ гэж амалсан ёсоороо надад мөнгөн тусламж үзүүлээгүй, ба надад олдохоо ч больсон. Нэг нүд хараагүй болсоны улмаас миний бие Дархан-Уул аймагт дүүгийндээ амьдарч байгаа тул манай дүү Туяа нь хайж явж, гэрт очиж уулзахад Д.Батхишиг “надаас одоо юуг нь авдаг юм. Өгөх мөнгө төгрөг байхгүй, шүүхдээ өгвөл өгөхгүй юу” гэсэн байсан. Д.Батхишиг нь Шүүхийн тогтоол гарснаас хойш 3 сар өнгөрч байхад ганц удаа ирээд ч уулзаагүйд би гомдолтой байгаа болно.

    Миний зүүн нүд сохорсны улмаас машин барьж чадахаа больж, улмаар Сэлэнгэ аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 0100338 дугаартай шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож, тахир дутуу хүний эгнээнд шилжсэн. Одоо би 245.000 төгрөгийн тахир дутуугийн тэтгэврээс өөр орлогогүй болсон. Эмч нар миний зүүн нүдийг авч, хиймэл нүд хийсэн ба уг хиймэл нүд /протез/-ийг 2 жил тутамд солиулах эмчийн заалттай.

     Миний бие нь Д.Батхишигт нүдээ сохлуулахаас өмнө ээжтэйгээ амьдардаг байсан ба Бугант-Дарханы хооронд Пронтер маркийн СЭҮ-28-13 улсын дугаартай ачааны машинаараа ачаа, бараа тээвэрлэж, сард дунджаар 700.000 төгрөгний орлого олж, амьдралаа аваад явдаг байсан боловч татвар төлж байгаагүйн улмаас ийнхүү орлого олж байснаа баталгаажуулж чадахгүй байгаагийн улмаас Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нэхэмжлэх боломжгүй байна.

          Гэхдээ Д.Батхишигээс гэм хор учруулсны нөхөн төлбөр гаргуулахаар дараахь үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:        

           1. Миний бие нь 52 настай ба хэрвээ би хөдөлмөрийн чадвараа алдаагүй байсан бол 60 нас хүрээд тэтгэврийн насанд хүртлээ 8 жил х 12 сар= 96 сар ажил хөдөлмөр эрхэлж орлого олох боломжтой байсан байна.

           Иймд би 96 сарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгөөр үржүүлж 23.040.000 төгрөгийн нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-г “Гэм хор учруулах үед хохирогч, цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасныг баримтлан Д.Батхишигээс гаргуулахаар нэхэмжилж байна.

           2. Миний бие нь 2 жил тутам хиймэл нүдээ солиулах эмчийн заалттай бөгөөд энэ жил 690.000 төгрөгөөр солиулсан.Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд буюу 2013 онд гаргасан тооцооллоор манай улсын хүн амын дундаж наслалт 69.1 болсон байна гэж гаргасан тул би 54, 56, 58, 60, 62, 64, 66, 68 насандаа хиймэл нүдээ солиулна гэж тооцвол 690.000 төгрөг х 8 удаа= 5.520.000 төгрөгийг хиймэл эрхтэн хийлгэхэд зарцуулах тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан 5.520.000 төгрөгийг нэхэмжилж байна.

          3. Нулимас их гоождог тул тул эмчийн заавраар байнга 5000 төгрөгийн үнэтэй нүдний дусаалга, 2000 төгрөгийн өвчин намдаах эм сард 2-ийг хэрэглэдэг ба үүнийг насан туршдаа хэрэглэнэ гэж үзвэл 12 сар х 17 жил х 14,000 төгрөг=2.856.000 төгрөгийн эмийн мөнгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан нэхэмжилж байна.

           4. Мөн 3 сар тутамд Бугантаас Сэлэнгэ аймагт эмчийн хяналтад ирж үзүүлэхийн тулд Бугант-Дархан, Дархан-Сэлэнгэ гэсэн чиглэлийн тендерийн таксигааар явахад нэг талдаа 25.000 төгрөг хоёр талдаа 50.000 төгрөг зарцуулах тул жилд 4 х 50.000=200.000 төгрөг 69 нас хүртэл 17 жилд х 200.000= 3.400.000 төгрөгийг зөвхөн эмчид үзүүлэхийн тулд замын зардалд зарцуулах болж байна.

          Энэхүү зардал нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарч байгаа зайлшгүй зардал тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны баримтлан уг 3.400.000 төгрөгийг мөн гаргуулах.

 Иймд өөрийн эрүүл мэндэд гэм хор учруулсны нөхөн төлбөрт 34.522.000 төгрөгийг хариуцагч Д.Батхишигээс гаргуулж өгнө үү! гэжээ.

 

Хариуцагч Д.Батхишиг нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 тоот шийтгэх тогтоолоор Д.Төмөрбатын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн. Одоо ялаа эдэлж 15 сая төгрөгийн торгуулийг төлж яваа билээ.

Би одоогоор Д.Төмөрбатад 3.742.126 төгрөг төлөөд байгаа. Энэ хүмүүс надаас 15 сая төгрөг нэхэмж ирэхээр нь би “Энэ чинь торгуулийн мөнгө шүүдээ. Шүүхэд очиж лавлахгүй юу”  гэж хэлсэн. Өөр элдэв үг хэлээгүй.

Миний бие 3-7 насны 3 хүүхэд, эхнэртэйгээ ам бүл 5-уулаа амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Миний амьдрал маш хүнд нөхцөлд байна.

Д.Төмөрбатын биед хүнд гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч, харамсаж гэмшээд барахгүй байна.

Д.Төмөрбат ахтай очиж уулзах гэхээр мөнгө төгрөгний асуудал яригддаг. Би их хэмжээний торгуулийн ялтай болохоор одоогоор надад их хүнд байна.

Би Д.Төмөрбатад учирсан хохирлыг төлөхгүй гээгүй. Өөрийн боломжоор 3.742.126 төгрөг төлсөн.  2 жилд 1 удаа солих портезний 690.000 төгрөгийг тухай бүрт нь өгч байхаар тохиролцож, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны өмнө эвлэрлийн гэрээ хийсэн бөгөөд урьдчилан өгнө гэж бидний хооронд тохиролцсон зүйл байхгүй.

Миний бие сард 800.000 төгрөгний цалинтай ажил хийдэг бөгөөд торгуулийн ялд 700.000 төгрөг, эхнэр 3 хүүхдээ 100.000 төгрөгөөр тэжээдэг билээ.

Иймд цаашид миний амьдралын аргагүй байдлыг харгалзан үзэж Д.Төмөрбатын нэхэмжилж байгаа 34.522.000 төгрөгийг багасгаж тооцож өгнө үү! ... гэжээ.

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад      

                                            

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Төмөрбат нь хариуцагч Д.Батхишигт холбогдуулан “Гэм хорын хохирол 34.816.000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 509.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байх ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч дээрх гэм хорын хохирлоо өөрийнхөө насны хязгаараар тооцож гаргасаныг шүүхээс түүний насыг хийсвэрээр урьдчилан дүгнэж тогтоох боломжгүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Үүнд: 1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор, Д.Батхишигийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байх ба хохирогч Д.Төмөрбатын эрүүл мэндэд учирсан хохиролд хэрэгт авагдсан баримтаар нийт 3.742.126 төгрөг нэхэмжилсэнээс Д.Батхишиг 1.050.000 төгрөгийг төлсөн, үлдэх 2.692.126 төгрөгийг төлөхөө илэрхийлснийг шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт дүгнэсэн байна. /х.х-12 тал/

 

           2. Бугант-Дархан-Бугант руу зорчих нэг талын зардал 15000 төгрөг,  /х.х 3 тал/

 

3. “OS-анофтальи оноштойгоор 2017 оны 11 сарын 15-наас 50%-иар шинээр 1 жилээр тогтоох санал, ЭХК №45 /х.х-6 талын ар тал/

 

4. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр  Д.Төмөрбат хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл сунгасан, /х.х-6 талын ар тал/

 

          5. Ц.Золжаргалын ... Төмөрбат нь 2017 оны 10 дугаар сарын 07-нд цохиулж, 8-нд УНТЭ-т алим авах мэс засал хийгдсэн ... гэх дүгнэлт  /х.х-7 тал

 

          Мөн Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны “Бугант-Өгөөмөр” ХХК-ний “Бугант-Дархан-Бугант” хоорондох нэг талын зардал 15.000 төгрөг” гэх тодорхойлолт, Ариунмаргад, Түшигт алтан нуга, Дархан фарм” эмийн сангаас авсан эмийн баримтууд, хот хооронд зорчих тасалбар зэрэг баримтууд,  /х.х-9 тал/ хэрэгт нотлох баримтаар тус тус авагджээ.

         Дээрх баримтууд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоос хойшхи эм, Бугант-Дархан хооронд ирж буцах зардал болон нөхөн төлбөрийг шаардлагатай зардал гэж үзэхээр байна.

           Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж хэдийгээр заасан боловч зохигчид 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ... Хохирогч Д.Төмөрбатад 1.050.000 төгрөг бэлнээр шилжүүлж төлсөн байгаа одоо хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжилж байгаа нийт 3.742.126 төгрөгнөөс төлсөн 1.050.000 төгрөгийг хасаж 2.692.126 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж дуусгахаар боллоо. Нүдний портезний үнэ 690.000 төгрөг 2 жил тутам төлнө. Ханш өөрчлөгдсөн тохиолдолд төлөхөд татгалзах зүйлгүй гэх эвлэрлийн хүчин төгөлдөр гэрээтэй байх тул энэхүү гэрээг дүгнэх нь учир дутагдалтай гэж үзлээ.

            Түүнчлэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх  зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байхад хариуцагч Д.Батхишигийн буруутай үйлдлийн улмаас Д.Төмөрбатын эрүүл мэндэд нь хохирол учирсан, цаашид хөдөлмөрийн чадвараа 50%-иар алдсан, эмчилгээ хийх шаардлагатай болох нь хэрэгт авагдсан  дээрх баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Төмөрбатын цалин хөлс, орлогогүй байсан буюу шийтгэх тогтоолоос хойшх эмчилгээ хийлгэхэд шаардлагатай замын зардал, ажилгүй байсан үеийн цалинг Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0106338 тоот шийдвэрт заасан хугацаагаар буюу 1 жилээр тооцох нь зүйтэй.

Учир нь: Нэхэмжлэгч ажил хөдөлмөр эрхэлдэггүй ч эрүүл мэндээрээ хохирсоны улмаас хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан үндэслэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөрийг шаардах эрхтэй хэдий боловч шүүх нэхэмжлэгчийн насыг шүүх хийсвэрээр урьдчилан дүгнэж тогтоох боломжгүй тул дараах байдлаар хохиролыг тооцож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

          Үүнд: 1. Нэхэмжлэгч Д.Төмөрбатын тэтгэврийн насанд хүртлээ 8 жил х 12 сар=96 сар ажил хөдөлмөр эрхэлж орлого олох боломжтой байсан 96 сарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгөөр үржүүлж 23.040.000 төгрөг нэхэмжилснийг Сэлэнгэ аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0106338 тоот шийдвэрийг үндэслэн 1 жилийн хугацаагаар буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр / 240.000 төгрөгийг х 12 =2.880.000 төгрөг/ тооцож,

            2. Д.Төмөрбат нь 54, 56, 58, 60, 62, 64, 66, 68 насандаа хиймэл нүдээ солиулна гэж тооцвол 690.000 төгрөг х 8 удаа= 5.520.000 төгрөгийг зохигчид 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээний дагуу хохиролыг талууд тохиролцжээ. Хэрэв гэрээнд заасан хугацаанд хариуцагч портезын зардлыг төлөөгүй тохиолдолд энэхүү зардлаа нөхөн төлүүлэхээр дахин шүүхэд хандахад энэхүү шийдвэр саад болохгүй болно.

Өөрөөр хэлбэл нэгэнтээ зохигчид харилцан хүсэл зоригоо илэрхийлэн, хэлцлийн гол нөхцөл болох портезийг 2 жил тутамд 1 удаа солиулах зардал 690.000 төгрөг, ханш өөрчлөгдөхөд татгалзахгүй байхаар тохиролцож, талууд хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийн 39, 42, 43 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан хэлцэл зохигчдын хооронд хийгдсэн байх бөгөөд дээрх хугацаа болоогүй байхад энэхүү гэрээг дүгнэх нь учир дутагдалтай байна.

3. Эмчийн заавраар байнга 5000 төгрөгийн үнэтэй нүдний дусаалга, 2000 төгрөгийн өвчин намдаах эм сард 2-ийг хэрэглэдэг ба үүнийг насан туршдаа хэрэглэнэ гэж үзвэл 12 сар х 17 жил х 14,000 төгрөг=2.856.000 төгрөг гэж нэхэмжилсэнээс баримтаар тогтоогдсон 9.000 төгрөгийг гаргуулж, үлдэх 2.847.000 төгрөг хэрэгсэхгүй болгож,

4. Д.Төмөрбатын 3 сар тутамд Бугантаас Сэлэнгэ аймагт эмчийн хяналтанд ирж үзүүлэх зардал нэг талдаа 25.000 төгрөг хоёр талдаа 50.000 төгрөг, 69 нас хүртэл 17 жилд 3.400.000 төгрөгийг нэхэмжилнээс баримтаар тогтоогдсон 120.000 төгрөгийг гаргуулж, үлдэх 3.280.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Батхишигээс нийт 3.090.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Төмөрбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31.726.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Батхишигээс нийт 3.090.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Төмөрбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31.726.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолтой 1781001360069 дугаартай эрүүгийн хавтаст хэргийн татан авч уг иргэний хэрэгтэй холбоотой баримтуудыг шинжлэн судлах боломжоор хангаж өгнө үү... гэх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээс татгалзсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 509.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Д.Батхишигээс 3.090.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Төмөрбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31.726.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 64.390 төгрөг гаргаж орон нутгийн орлогод оруулсугай.

3. Эвлэрлийн гэрээнд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй тохиолдолд 2 жил тудамд 1 удаа солиулах портезийн зардал 690.000 төгрөг /ханш өөрчлөгдөхөд татгалзахгүй/-ийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дах хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дах хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

                       

              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.ЭНХТАЙВАН

                                         ШҮҮГЧИД                          Д.МӨНХЦЭЦЭГ

                                                                                    Б.МӨНХЗУЛ