Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 229

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 5 дугаар баг,1 дүгээр хэсэг  041 тоотод оршин суух, *******ийн Байгалмаагийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох

                                         

               “Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл  нөхөн төлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 ... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд 2015 оны 06 дугаар сараас эхлэн нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтнаар ажилд орсон.

Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр намайг ажлаас халсан үүнийг нь би зөвшөөрөхгүйн улмаас тус шүүхэд хандсанаар 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 563 дугаартай шийдвэр, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 53 дугаартай магадлалаар тус тус намайг ажилд буцаан томилсон.

Гэтэл намайг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажилд авсан тушаалыг гаргасан байсан ба албан ёсоор мэдээгүй байж байгаад сүүлд нь очиж үзэхэд нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон ба миний сарын цалинг 90.045 төгрөгөөр бодсон нь хөдөлмөрийн тухай хууль болон үндсэн хуульд заасан ажил хөдөлмөр эрхлэх, түүнийхээ үр шимийг хүртэх цалин хөлсийг хуульд зааснаар авах эрхэнд ноцтой халдсан учраас энэ талаар Сэлэнгэ аймаг дахь төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 28-ны  өдрийн 30 дугаартай албан тоотоор цалинг нь өмнө олгож байсан хэмжээгээр тогтоож ажиллуул гэсэн боловч одоо болтол хэрэгжүүлээгүй, харин эсрэгээр ажлаас халсан шийдвэрийг гаргасан байна.

Энэ талаар би огт мэдээгүй, надад ажлаас халсан тушаалыг өгөөгүй, хэзээ халсныг хүртэл мэдээгүй байгаа тул тушаалын хуулбар байхгүй болно.

Төрийн албаны салбар зөвлөлд ажлаас нь халсан гэж мэдэгдсэн ба миний бие нь авах гээд очиход өгөхгүй байгаа.

Иймд намайг өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ. 

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь шүүхэд гаргасан тайлбартаа:

... Сэлэнгэ аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байгууллагын нягтлан бодогчоор *******г томилсон тушаал гаргасан. Тухайн үед ******* нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа гээд ирээгүй. 12 дугаар сарын 25-наас эхлэн ажиллахаар тохиролцсон боловч ажилд ороогүй.

Энэ өдрөөс эхлэн *******г удаа дараа дуудсан боловч ирээгүй, цагийн бүртгэлд энэ бүхэн тодорхой байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажил хүлээлцүүлэх тушаал гаргаж *******г ажлын хэсгийн ахлагч Ш.Мөнхжаргал / санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч, гишүүн П.Гантуяа санхүүгийн хяналт аудитын албаны мэргэжилтэн нар гар утсаар залгаж дуудсан боловч утсаа авахгүй, ирэхгүй манай байгууллагын ажлыг хүндрүүлсэн. Ажилтнуудын цалингийн урьдчилгаа бичилт олгох хугацаа өнгөрсөн, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргаж, тушаах цаг хугацаа тулсан тул аргагүйн эрхэнд *******г 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс албан ёсоор ажлаас чөлөөлж мэргэжилтэн П.Гантуяад нягтлан бодогчийн ажлыг хариуцуулж сарын 30000 төгрөгөөр цалинжуулж байна.  

Шүүхийн шийдвэр гарсны дагуу

              -нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оныг дуусталх хугацаагаар бодож төлөлт хийсэн, ******* нь нийгмийн даатгалын дэвтрээ авчирч бичилт хийлгээгүй,

              -Цалингийн зөрүүг олгосон. Манай байгууллага төсвөөс 6-н орон тоотой ажиллахаар батлагдсан. *******г ажил тасалсан, чөлөө авсан, шатлал бууруулж цалинжуулсны зөрүүгээр цалинжуулан ажлын байраар төсвийн шууд захирагчийн эрх мэдлийг дур мэдэн хэтрүүлж ажиллуулж ирсэн. Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс байнга л илүү орон тооны хүнээ чөлөөл, цалинг чинь өгөхгүй гэж байгууллагын цалинг хаах, дансыг хаах зэргээр дарга Б.Дарихжав надад дарамт үзүүлж байсан боловч *******г ажиллуулж ажилтай орлоготой байлгаж ирсэн.

              ******* энэ бүхнийг маш сайн мэдэж байгаа.

              - Ажлаас чөлөөлсөн тушаалыг авах гэж ******* нэг ч удаа ирээгүй. Тушаалаар томилсон ажлын хэсгээс утастаж мэдэгдсэн. Эгч нь ирсэн боловч өөрт нь өгнө гэж хэлээд өгөөгүй юм.

             Цалингийн зөрүү гарч байвал зөрүүг *******д бүгдийг нь өгч Засгийн газрын тогтоолоор тогтоосон төрийн албан хаагчийн сарын цалингийн хэмжээнд хүртэл цалинжуулдаг байсан. 2018 онд улсад 28 жил ажилласан С.Насанбатыг цалингийн шатлалын 5-р шатлалаар цалинжуулах болсон, Ш.Мөнхжаргалыг 1 шатлал ахиулж цалинжуулах болсон тул цалингийн сан хүрэлцэхгүй болж 1 ажилтныг ажлаас 2-р сард чөлөөлсөн. Ажил тасалсан, чөлөө авсан хүмүүсийн цалингийн зөрүү одоогоор сард 89500 төгрөг болж байгаа. Хэрвээ Д.Байгалмааг ажилд авахад энэ хэмжээгээр буюу цалингийн хийдэгдлээс л цалинжуулах юм. Д.Байгалмаа нь нягтлан бодогчийн орон тоо нэмэгдүүлж чадна гэж ярьдаг үнэхээр орон тоотой болговол ажиллуулах боломжтой болох юм. Мөн *******г нь төрийн байгууллагаар тоглож дуудаад байхад ирээгүйн улмаас санхүүгийн тайлан гаргаагүй, энэ байдал үргэлжилсэн бол манай байгууллагад их хүндрэл учрах байсныг дурдая.

           Батлагдсан төсөвтэй төсвийн байгууллага тул *******д төсвөөс батлагдсан олгох цалин байхгүй болох тухай тайлбар гаргаж байна гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдуулан Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь ... ******* нь 12 дугаар сарын 25-наас эхлэн ажиллахаар тохиролцсон боловч төрийн байгууллагаар тоглож дуудаад байхад ирээгүй тул ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар ... хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл... гаргах хэлбэрээр шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэх эрхтэй ч тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаарх үйл баримт буюу ажилтанг ажлаас халсан үйл явцыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл:

1. Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн Б/08 тоот тушаалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 563 тоот шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны нягтлан бодогчийн албан тушаалд *******г томилсон байна.

2. Ажилтан ажил олгогчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн Б/08 тоот тушаалын 2 дах заалт /нягтлан бодогчийн сарын цалингийн хувь болох 90045 төгрөгөөр цалинжуулах/-ыг эс зөвшөөрч ажлаа хүлээж авахгүй улмаар Сэлэнгэ аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасныг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн байна.

 3. Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 тоот тушаалаар ... Монгол улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл 16.5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 болон 40.1.4, Санхүүгийн хяналт аудитын албаны даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/02 тушаал, цагийн бүртгэл зэргийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн байна болох нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/08 тоот “ажилд томилох тухай” тушаал, Сэлэнгэ аймаг дахь төрийн албаны зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 тоот тушаал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.

      Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай.

   
 

 Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх  хугацааг тусгайлсан хуулиар зохицуулсан ба мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т  ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан бөгөөд бусад хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн ганцаарчилсан маргааны талаархи гомдлоо гурван сарын дотор  харъяаллын дагуу маргаан таслах комисс эсхүл шүүхэд гаргах хуулийн зохицуулалттай.

      Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”,  76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэх тул түүнийг хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

      Хэдийгээр ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/08 тоот “ажилд томилох тухай” тушаалын 2 дахь заалт ... нягтлан бодогчийн цалингийн хувь болох 90.045 төгрөгөөр цалинжуулах” гэсэн ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сэлэнгэ аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан байгаа ч тэрээр хуульд тусгайлан заасан хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаарх үндэслэл бүхий хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй байхад шүүх хөөн хэлэлцэх хугацааг өөрийн санаачлагаар сэргээн хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй юм.

      Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар миний үйлчлүүлэгч ажлаас халагдснаа мэдсэн. Хариуцагч эрх мэдлээ урвуулан ашиглаж нэхэмжлэгчийг хохироосоор байна. Энэ бол цэвэр хувийн өс хонзонтой холбоотой асуудал ... гэх тайлбар гаргаж байгаа ч түүнийгээ баримтаар нотолж чадаагүй.

     Иймд нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.    

     Нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх ажиллагаанд хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар зохигчдын эзгүйд шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69.1, 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн “Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл  нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ