Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 38

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2018/00173/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                  

                          Оролцогчид

                           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч     Г.Амартүвшин

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум  дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 229 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ******* *******, ******* ******* холбогдох “нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж  нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай иргэний хэргийг 2018 оны 06 дугаар  сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч ******* нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь Сэлэнгэ аймгийн ******* *******, ******* ******* 2015 оны 06 дугаар сараас эхлэн нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтнаар ажилд орсон. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр намайг ажлаас халсан үүнийг нь би зөвшөөрөхгүй тул шүүхэд хандсанаар 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 563 дугаартай шийдвэр, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 53 дугаартай магадлалаар тус тус намайг ажилд буцаан томилсон. Гэтэл намайг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажилд авсан тушаалыг гаргасан байсан ба албан ёсоор мэдээгүй байж байгаад сүүлд нь очиж үзэхэд нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон ба миний сарын цалинг 90.045 төгрөгөөр бодсон нь Хөдөлмөрийн тухай хууль болон Үндсэн хуульд заасан ажил хөдөлмөр эрхлэх, түүнийхээ үр шимийг хүртэх цалин хөлсийг хуульд зааснаар авах эрхэнд ноцтой халдсан учраас энэ талаар Сэлэнгэ аймаг дахь төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай албан тоотоор цалинг нь өмнө олгож байсан хэмжээгээр тогтоож ажилуул гэсэн боловч одоо болтол хэрэгжүүлээгүй, харин эсрэгээр ажлаас халсан шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар би огт мэдээгүй, надад ажлаас халсан тушаалыг өгөөгүй, хэзээ халсныг хүртэл мэдээгүй байгаа тул тушаалын хуулбар байхгүй болно. Төрийн албаны салбар зөвлөлд ажлаас нь халсан гэж мэдэгдсэн ба миний бие нь авах гээд очиход өгөхгүй байгаа. Иймд намайг өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* *******, ******* алба нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байгууллагын нягтлан бодогчоор *******г томилсон тушаал гаргасан. Тухайн үед ******* нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа гээд ирээгүй. 12 дугаар сарын 25-наас эхлэн ажиллахаар тохиролцсон боловч ажилд ороогүй. Энэ өдрөөс эхлэн *******г удаа дараа дуудсан боловч ирээгүй, цагийн бүртгэлд энэ бүхэн тодорхой байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажил хүлээлцүүлэх тушаал гаргаж *******г ажлын хэсгийн ахлагч ******* / санхүүгийн *******, ******* албаны улсын байцаагч, гишүүн ******* санхүүгийн ******* ******* албаны мэргэжилтэн нар гар утсаар залгаж дуудсан боловч утсаа авахгүй, ирэхгүй манай байгууллагын ажпыг хүндрүүлсэн. Ажилтнуудын цалингийн урьдчилгаа бичилт олгох хугацаа өнгөрсөн, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргаж, тушаах цаг хугацаа тулсан тул аргагүйн эрхэнд *******г 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс албан ёсоор ажпаас чөлөөлж мэргэжилтэн *******д нягтлан бодогчийн ажпыг хариуцуулж сарын 30000 төгрөгөөр цалинжуулж байна. Шүүхийн шийдвэр гарсны дагуу

 - нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оныг дуусталх хугацаагаар бодож төлөлт хийсэн, ******* нь нийгмийн даатгалын дэвтрээ авчирч бичилт хийлгээгүй,

 -Цалингийн зөрүүг олгосон. Манай байгууллага төсвөөс 6-н орон тоотой ажиллахаар батлагдсан. *******г ажил тасалсан, чөлөө авсан, шатлал бууруулж цалинжуулсны зөрүүгээр цалинжуулан ажлын байраар төсвийн шууд захирагчийн эрх мэдлийг дур мэдэн хэтрүүлж ажиллуулж ирсэн. Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс байнга л илүү орон тооны хүнээ чөлөөл, цалинг чинь өгөхгүй гэж байгууллагын цалинг хаах, дансыг хаах зэргээр дарга ******* надад дарамт үзүүлж байсан боловч *******г ажиллуулж ажилтай орлоготой байлгаж ирсэн... гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 229 дугаартай шийдвэрээр:

- Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69.1, 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгч *******гийн “Сэлэнгэ аймгийн ******* *******, ******* албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжпэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.  

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тус шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтуудыг бүрэн судлаж дүгнээгүй гэж үзэж байна. Хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг баримталсан байна. Гэтэл тус хуулийн заалт нь ...ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана ..гэсэн заалт байх ба ******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...надад ажлаас халсан тушаалыг өгөөгүй, хэзээ халсныг мэдээгүй талаар дурьдсан байхад шийдвэрийг ямар баримт, үндэслэлээр хүлээж авсан гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Ер нь хариуцагч ******* *******, ******* албаны дарга ******* нь анхнаасаа нэхэмжлэгчийг тус байгууллагад ажиллуулах сонирхолгүй, ямар нэгэн аргаар халах арга саам хайж байсан нь дараахи байдлуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч ******* намайг ажилд авсан тушаалыг сүүлд нь нөхөж гаргасан... Өмнө нь энэ хэргийг тус шүүхээр 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба хариуцагч нь давж заалдах гомдлыг гаргасан. Түүний гомдлын дагуу 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр давж заалдах шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл *******г ажилд авсан тушаал нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргачихаад эцэслэн шийдвэрлээгүй байхад ажилд авсан тушаалыг гаргасан нь ойлгомжгүй, шүүх хуулийн байгууллагаар тохуурхаж байгаа байдал нь харагдаж байна. Мөн хэрвээ ажилд намайг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр авсан юм бол ажил хүлээлцэх авах тушаал нь ямар учраас 2018.01.19 ны өдөр гарсан нь ойлгомжгүй байна. Мөн дээрхи ажилд авсан тушаалыг сүүлд гаргахдаа хүртэл *******д өгөөгүй ба нэхэмжлэгч нь тушаалыг хувийг өөрөө хөөцөлдөж хуулбарыг нь авсан даруйдаа Төрийн албаны салбар зөвлөлд хандсан. Учир нь дээрхи ажилд авсан тушаалд цалингийн хэмжээг 90045 \ерэн мянга дөчин тав\ төгрөгөөр тооцсон ба энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон хөдөлөмрийн хуулийн ноцтой зөрчсөн асуудал нөгөөтэйгүүр *******г ажиллуулахгүй байх бүх нөхцлийг хууль зөрчин гаргасан байна. Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр ажил хөдөлмөр эрхлэхдээ дор хаяж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж ажиллах ёстой байтал намайг ямар учраас дээрхи цалингаар ажилла, амьдар гэж байгаа нь өөрийн эрх мэдлийг хэтэрхий урвуугаар ашиглаж төрийн албыг хувийн байгууллага мэтээр ойлгож ажиллаж байгаа нь харамсалтай байна. Сэлэнгэ аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* *******, ******* албаны дарга *******т хандаж ....урьд нь авч байсан цалингийг өгч ажилуул гэсэн албан бичгийг явуулсан ба миний бие нь ажилдаа ороё гэтэл оруулахгүй халсан гэж хэлсэн. Ажлаас халсан тушаалаа авая гэтэл өгөхгүй байсан ба шүүхэд хандсны дараа хариуцагчаас ирүүлсэн тушаалын хуулбарыг харахад 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр халсан байсныг мэдсэн. Энэ тушаалыг мөн сүүлд нөхөн гаргасан болох нь гэрч Мөнхжаргалын тодорхойлолтоор нотлогдож байна. Мөнхжаргалын мэдүүлэгт  ...2016.01.16 өдрийн 09.45 минутанд ******* руу ажилдаа ирэхгүй бол чөлөөллөө шүү гэсэн мессеж явуулсан... гэснээс харахад 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр халсан тушаал гараагүй гэдэг нь нотлогдож байна. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэг нь мөн ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй хуулийн  заалтыг буруу баримталсан байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05-р сарын 15-ны өдрийн 229 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг шүүхэд гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэн түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ  хэрэгт цугларсан  нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй  байх тул  давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт өгч шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг судлан үзвэл: Гомдол гаргагч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* *******, ******* ******* нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаад  2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр  түүнийг нь үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр ажилтан нь  шүүхэд  гомдол гаргаж, шүүх түүний гомдол бүхий хэргийг  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 563 дугаартай шийдвэрээр *******г урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилсон байна.  Дээрхи шийдвэрийг  хариуцагч эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргаж түүний гомдлоор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж 53 дугаартай Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн ******* *******, ******* алба нь  давж заалдах шатны шүүхээр өөрсдийнх нь гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэртэй хэргийг хянаж байхад буюу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр *******г шүүхийн шийдвэрийн дагуу  ажилд эргүүлэн томилж, түүний хөдөлмөрийн хөлсийг сарын цалинг 90.045 төгрөгөөр тогтоосон байна.

 

Тухайн тушаалд ажилтны сарын цалинг 90.045 төгрөгөөр тогтоосонтой   холбогдуулан ажилтан ******* нь Сэлэнгэ аймгийн Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу түүний гомдлыг хүлээн авч 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 30 тоот албан бичгээр ажил олгогчид хариуг ирүүлжээ.

Гэтэл ажилтны гомдлыг шийдвэрлэж байх хугацаанд буюу 2018 оны 01 сарын 16-ны өдөр Б/02 тоот тушаалаар *******г  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заалтыг баримтлан дахин ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Ажил олгогч нь  нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа тухайн байгууллагад  *******г ажилуулах орон тоо, цалингийн төсөвгүй тул урьд авч байсан цалинг олгох боломжгүй, хэрэв ажилд орлоо гэхэд бусад ажилчдын цалингийн хийдлээс цалинжуулах боломжтой, ажилтан ажилд томилсоор атал ажилдаа ирээгүй тул ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

 

Дээрхи үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл  ажил олгогч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрч давж заалдах  гомдол гаргаж түүний гомдлоор хэргийг хянан шийдвэрлэж байх хугацаанд буюу 2017 оны 11 сарын 20-ны өдөр *******г ажилд нь эргүүлэн томилсон тушаал  гаргасан,  ажилд томилсон тушаал гарснаас хойш 49 хоногийн дараа   2018 оны 01 сарын 09-ний өдрийн А/02 тоот тушаалаар *******д ажил хүлээлцэх тухай тушаал гаргасан, ажилтны хөдөлмөрийн хөлсийг үндэслэлгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс үлэмж доогуур хэмжээгээр буюу 90.045 төгрөгөөр тогтоосон, ажилтныг огт  ажил гүйцэтгүүлээгүй атлаа  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан  ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан  гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, ажилтанд ажилд томилсон болон чөлөөлсөн  тухай тушаал гарсан талаар ажилтанд  мэдэгдэх үүргээ биелүүлээгүй зэрэг Хөдөлмөрийн хуулийг тус тус зөрчсөн байна.

 

Анхан шатны шүүхээс  нэхэмжлэгч *******г Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан гэж түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон  нь үндэслэлгүй байна.

Учир нь ажил олгогч нь ажилтанд ажилд томилсон тухай  мэдэгдээгүй  бөгөөд ажил хүлээлцэх тухай тушаал гарснаар ажилтан ажилд эргүүлэн томилсон талаар мэдсэн байна.  Тухайн тушаалаар түүний цалинг бууруулан тогтоосон гэсэн үндэслэлээ гомдлоо ажилтан нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж тухайн байгууллагаас гомдлыг шийдвэрлүүлэх явцад  түүнийг ажлаас нь чөлөөлснийг мэдсэн, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан ажлаас халагдсан тушаалаа ажилтанд өгөх  үүргээ  биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул  *******г гомдол гаргах  хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд хэргийн хариуцагчаас энэ талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн талаар маргаагүй байна.

 

Иймд  нэхэмжлэгч *******г  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч *******гийн ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргасан ба шүүхэд энэхүү гаардлагатай холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй байх тул тус шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй тул холбогдох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 229 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн

1 дэх заалтыг:

“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжпэгч *******гийн “Сэлэнгэ аймгийн ******* *******, ******* албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжпэлийн шаардлагаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Нэхэмжлэгч ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******ын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь *******ын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

 

       

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН