Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2016/0612/З |
Дугаар | 141 |
Огноо | 2017-04-17 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 141
“Отгон зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Наранбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаяр, П.Галмандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Адъяашүрэн, Н.Цолмон нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 907 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0148 дугаар магадлалтай, “Отгон зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Энхтуяа, Д.Нямдорж нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 907 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.14, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Отгон зам” ХХК-ийн “Татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 230013788 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны хариуцлагын тухай хууль /1992/-ийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 230013788 тоот актаар “Отгон зам” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон 16,410,181.8 төгрөгийн нөхөн татвар, 4,923,054.5 төгрөгийн торгууль, 3,900,043.8 төгрөгийн алданги, нийт 25,233,280.1 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0148 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 907 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаас “14.1, 3.1.1, 3.14” гэснийг хасч, 2 дахь заалтыг “2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 230013788 дугаар актаар ногдуулсан 4,923,054.5 төгрөгийн торгууль, 3,900,043.8 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0148 дугаар магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
1. Татварын улсын байцаагч нар татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчин актдаа ямар үндэслэлээр “Содон шаглаа” ХХК-аас манай компанид ирүүлсэн 164,101.8 мянган төгрөгийн үнэтэй бараа материал худалдан авч, 16,410.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 180,512.0 мянган төгрөгийн төлбөрийн дүнтэй, 0015135737 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бичиж нэхэмжилснийг хуурамч гэж үзэж байгаагаа бичиж, тэмдэглэж өгөөгүй, нотлох баримтын үндэслэлээ дурдаагүй, актад хавсаргаагүй байгаа нь хууль бус болсон байдаг бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр 2 тал хоёулаа гарын үсгээ зурж баталгаажуулсан, мөн манай компани нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын дэвтэртээ буюу нягтлан бодох бүртгэлдээ тусган, татварын албаны цахим бүртгэл буюу нэмэгдсэн өртгийн албан татварын системд бүртгэсэн байхад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдүүлэлт хийгээгүй гэж шүүх дүгнэсэн нь хууль бус болжээ.
2. “Содон шаглаа” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр татварын албанд бүртгэгдсэн, тус албанаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, тусгай дугаар бүхий албан ёсны нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд /үнэт цаас/-ыг “Содон шаглаа” ХХК-д олгосон байсан. Манай компани эдгээр бүх баримт материалыг нягталж үзсэний үндсэн дээр “Содон шаглаа” ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн бараа материал худалдах, худалдан авах гэрээг байгуулан худалдан авсан бараа материалын төлбөрт 164,101.8, нэмэгдсэн өртгийн албан татварт 16,410.2, нийт 180,512.0 мянган төгрөгийг төлсөн. Тухайн үед мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд 10,000.0 мянган төгрөг буюу түүнээс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, хувь хүн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөхөөр хуульчлагдсан байсан.
Манай компани зах зээл дээрээс өөрийн үйл ажиллагаандаа зориулан бодитоор 164,101.8 мянган төгрөгийн бараа, материал худалдан авч 16,410.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг бусдад нэмж төлсөн, энэ хэмжээний бараа, материал манай компанид борлуулж байгаа ямар ч аж ахуйн нэгж, хувь хүн нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч хуулиараа байх ёстой. Харин албан ёсоор гэрээ байгуулсан, татварын албанаас олгосон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ нь бодит, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь жинхэнэ, компанийн тамга тэмдэг нь хуурамч бус, бодитоор гэрээний дагуу бараа материал нийлүүлээд байгаа компанийг манай компани болоод миний бие бараа борлуулдаггүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичээд байгаа гэж үзэх нь утгагүй юм. Учир нь, татварын алба бараа борлуулдаггүй, ажил үйлчилгээ үзүүлддэггүй гэж үзээд байгаа “Содон шаглаа” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгоогүй, тусгай дугаар бүхий албан ёсны нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг өгөөгүй байсан бол манай компани тус компаниас бараа материал худалдан авах шаардлагагүй байлаа.
Өөрөөр хэлбэл, бид зах зээл дээрээс нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бараа материал худалдан авч бусдад 16,410.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн атлаа актаар дахин 16,410.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, 4,923.1 мянган төгрөгийн торгууль, 3,900.0 мянган төгрөгийн алданги, нийт 25,233.3 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр байцаагч нар шийдвэрлэсэн нь шударга бус бөгөөд хууль тогтоомжтой нийцээгүй байна.
Манай компанийн бусдад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг улсын төсөвт төлөгдөх үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулан, хуурамч бичиг баримт үйлдэн замаас нь хулгайлсан гэж татварын алба үзэж байгаа бол “Содон шаглаа” ХХК нь Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 236 дугаар тогтоолд “...Яллагдагч А.Энхсайхан нь нягтлан бодогч Л.Ганчулуунтай бүлэглэн ... бараа материал худалдан борлуулаагүй, ажил үйлчилгээ үзүүлээгүй атлаа үзүүлсэн мэтээр ... нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг “Содон шаглаа” ХХК-ийн нэрээр бичиж ... бичиг баримт хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан гэмт хэргийг үйлдсэн ... А.Энхсайхан, Л.Ганчулуун ... нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн...” гэсний дагуу манай компанид үндэслэлгүй тогтоосон 16,410.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, 4,923.1 мянган төгрөгийн торгууль, 3,900.0 мянган төгрөгийн алданги, нийт 25,233.3 мянган төгрөгийн төлбөрийг иргэн А.Энхсайхан, Л.Ганчулуун нараас гаргуулан төлүүлэхээр татварын алба нэхэмжлэл гаргах байтал манай компанид акт тогтоосон нь хууль бус байсан талаар шүүх дүгнэсэнгүй.
3. Миний бие мөрдөн байцаагчид гэрчийн мэдүүлэг өгөхдөө Молом гэж хүнээс бараа, материалыг хүлээж авсан, тэр хүн өөрийгөө надад “Содон шаглаа” ХХК-ийн ажилтан гэж танилцуулаад худалдан авсан бараа, материалыг дагалдуулан тэрхүү нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг олгоод төлбөрийн мөнгийг хүлээн авсан болохыг нь хэлсэн. Түүнээс нэгээс хоёр хувийн шимтгэл төлж падаан худалдан аваагүй болохоо албан ёсоор хуулийн хүрээнд үнэн зөв мэдүүлсэн. Гэтэл манай компанид татварын алба төлбөр ногдуулаад байгаа нь анхнаасаа хууль бус байсан.
4. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын ... хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд ... татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү ... байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар ... төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө”, 4.1.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль;”, 4.1.2-т “Татварын ерөнхий хууль...”, 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн ... татварын тайлангаа шинээр тайлагнасан ... тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаанд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй...” гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг шинээр гарган татварын албанд мэдүүлсэн талаар, уг тайланг эх хувиар нь шүүхэд нотлох баримт болгон гаргаж хүргүүлсэн, шүүх хуралдааны үеэр хэлж тайлбарлаад байхад давж заалдах шатны шүүхээс “...нэхэмжлэгч компаний нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой дээрх үйл ажиллагаа үүнд хамаарахгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгсөн бөгөөд энэ тодорхой үндэслэлгүй, тус хуулийн 4.1.1-д заасныг харгалзаж үзээгүй байна.
Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын гол урьдчилсан нөхцөл нь сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлэх, мэдээллэх, тайлагнах байна. Сайн дурын үндсэн дээр гэдэг нь хэн нэгний дарамт шахалт, гадны нөлөөгүйгээр зөвхөн өөрийн хүсэл зоригт тулгуурлан үйлдэл хийхийг ойлгодог. Татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний 230013788 тоот акт нь зөвхөн татвар болон торгууль алданги төлөхийг үүрэг болгосон боловч холбогдох тайлан баримтыг ил болгохыг үүрэг болгоогүй. Харин миний бие Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарсан даруйд өөрийн сайн дурын үндсэн дээр тайлангаа шинээр мэдүүлсэн. Иймд, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 4.1-д заасан урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэж байна. Гэтэл татварын алба ямар ч үндэслэлгүйгээр уг тайланг хүлээж аваагүйн улмаас миний бие Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдаж чадахгүйд хүрээд байна. Нэгэнт уг хуульд захиргааны акт тавигдсан байгаа тохиолдолд хэрхэхийг зохицуулаагүй учир эрх зүйн нийтлэг зарчим болох эрх ашиг нь зөрчигдөж байгаа буюу зөрчигдөж болзошгүй этгээдэд аль ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэхүү зөрчигдсөн эрхийг минь Улсын Дээд шүүхээс хуулийн дагуу сэргээж өгнө гэж найдаж байна.
5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ...” гэж заасны дагуу актаар ногдуулсан 25,233.3 мянган төгрөгийн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгон өршөөх үндэслэлтэй байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Өршөөлийн тухай хуулийн 1.1 дэх заалтыг үндэслэн энэхүү хуулийн хамааралд зөвхөн захиргааны шийтгэл орохоор тайлбарласан нь учир дутагдалтай байна. Учир нь, аливаа хуулийн нэгдүгээр бүлэгт нийтлэг үндэслэл буюу 1.1-д ерөнхий зорилтыг илэрхийлдэг бөгөөд бусад заалтуудаар нарийвчлан зохицуулдаг. Өршөөлийн тухай хуулийн 1.1-д “...захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэсэн байх хэдий ч илүү нарийвчилсан зохицуулалт буюу 4 дүгээр зүйлийн 4.3-т “...захиргааны шийтгэл гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэсэн байна. Үгзүйн үүднээс тайлбарлавал “болон” гэдэг холбоосоор хууль тогтоогчийн зүгээс захиргааны зөрчил гаргасан, эсвэл түүндээ шийтгэл хүлээсэн этгээдийг аль алийг хамааруулахаар зохицуулсан нь харагдаж байна.
Захиргааны зөрчлийн тухай хуулийн 3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил гэнэ” гэж заасан байна. Манай компаний үйлдэлд татварын албанаас акт тавьсан нь захиргааны зөрчил үйлдсэн гэх үндэслэлийг бий болгож байна. Иймд манай компани Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтын дагуу өршөөлд хамрагдах үндэслэлтэй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгч “Отгон зам” ХХК нь “Содон шаглаа” ХХК-тай “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр 164,101,818.00 төгрөгийн худалдан авалт хийсэн гэх баримтууд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудад нийцэхгүй, бодитоор худалдан авалт хийсэн гэдэг нь тогтоогдохгүй байна” хэмээн хэргийн үйл баримтын талаар зөв дүгнэсэн байна.
Иймээс хариуцагчаас нэхэмжлэгчийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа хууль бусаар буруулсан үйлдэлд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг үндэслэн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан 2015 оны 230013788 дугаар акт нь хууль ёсны хэмээн дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “...манай компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын дэвтэртээ буюу нягтлан бодох бүртгэлдээ тусган, татварын албаны цахим бүртгэл буюу нэмэгдсэн өртгийн албан татварын системд бүртгэсэн байхад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдүүлэлт хийгээгүй гэж шүүх дүгнэсэн нь хууль бус болжээ”, “...манай компани зах зээл дээрээс өөрийн үйл ажиллагаандаа зориулан бодитоор 164,101.8 мянган төгрөгийн бараа, материал худалдан авч 16,410.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг бусдад нэмж төлсөн”, “...бид зах зээл дээрээс нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бараа материал худалдан авч бусдад 16,410.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн атлаа актаар нэмэгдсэн өртгийн албан татвар, торгууль, алданги төлүүлэхээр байцаагч нар шийдвэрлэсэн нь шударга бус бөгөөд хууль тогтоомжтой нийцээгүй байна...” гэх утгатай гомдол үндэслэлгүй.
Нэгэнт нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татвартай бодит худалдан авалт хийсэн гэдэг нь тогтоогдоогүй учир түүнийг татварын орлогыг бууруулсан буруутай гэж үзэх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...манай компанид үндэслэлгүй тогтоосон төлбөрийг буруутай этгээд болох иргэн А.Энхсайхан, Л.Ганчулуун нараас гаргуулан төлүүлэхээр татварын алба нэхэмжлэл гаргах байтал манай компанид акт тогтоосон нь хууль бус байсан талаар шүүх дүгнэсэнгүй” гэснийг хүлээн авах боломжгүй юм.
“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдах ёстой” гэх гомдлын тухайд: уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зорилт нь “хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан ... хөрөнгө, түүнтэй адилтгах орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон, үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан ... байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг баталсан байх бөгөөд түүний 2.1.1-д “нуун дарагдуулсан гэж” хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлэгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг;” гэж тус тус заажээ.
Гэтэл нэхэмжлэгчийн хувьд “орлогыг нуун дарагдуулаагүй”, харин “төсөвт төлөх ёстой байсан татварыг хууль бусаар бууруулсан”, мөн татварын тайлангаа сайн дурын үндсэн дээр ил тод болгон шударгаар тайлагнаагүй, харин хариуцагчийн зүгээс хяналт шалтгалт хийж зөрчлийг илрүүлсэн, түүнчлэн өнөөдрийг хүртэл “бодит худалдан авалт хийсэн” хэмээн шүүхээр маргаж байх тул энэхүү хуулийн хүрээнд хамрагдахгүй юм.
Харин нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нөхөн татвар болох 16,410,181.80 төгрөг нь түүний төлөх ёстой татвар тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлгүй. Учир нь уг хуулийн зорилт нь “зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөх”-өөс бус татвар төлөх үүргээс чөлөөлөхгүй юм. Иймд нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна.
Хуулийн зохицуулалт нь ерөнхий зорилтдоо нийцдэг, өөрөөр хэлбэл зорилтынхоо хүрээнд байх ёстой тул нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “...Өршөөлийн тухай хуулийн 1.1-д “...захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэсэн байх хэдий ч илүү нарийвчилсан зохицуулалт буюу 4 дүгээр зүйлийн 4.3-т “...захиргааны шийтгэл гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэсэн байна. Үгзүйн үүднээс тайлбарлавал “болон” гэдэг холбоосоор хууль тогтоогчийн зүгээс захиргааны зөрчил гаргасан, эсвэл түүндээ шийтгэл хүлээсэн этгээдийг аль алийг хамааруулахаар зохицуулсан нь харагдаж байна” гэх гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0148 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ