Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2020/0771/З |
Дугаар | 221/МА2024/0098 |
Огноо | 2024-02-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2024/0098
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З
Нэхэмжлэгч: Г.Ц, Г.У, Ц.Ө, Б.Д, Д.Д, Т.А
Хариуцагч: НЗД
Гуравдагч этгээд: М ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын М ХХК-д 624 м.кв газрыг олгосон 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 болон 9.1.9 дэх хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, НЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0926 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, С.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 123/2020/0771/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Ц, Г.У, Ц.Ө, Б.Д, Д.Д, Т.А нар нь НЗДд холбогдуулан “НЗД-ын М ХХК-д 624 м.кв газрыг олгосон 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 болон 9.1.9 дэх хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, НЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 926 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Г.Ц нарын нэхэмжлэлтэй, НЗДд холбогдох захиргааны хэрэгт А.Зоригтбаатар миний бие бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №926 дугаар шийдвэрээр НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №А0926 дугаар захирамжийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх Г.Ц нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг дээрх байдлаар шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлээгүй тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна. Үүнд:
-НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 624 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн хугацаа 2018 онд дууссан тул НЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжаар М ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.
НЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамж гарснаар 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болсон буюу тус захиргааны акт хэрэгжсэн тул тус захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн боломжгүй юм. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны акт /НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамж/-ыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргаагүй тохиолдолд эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон буюу нэгэнт хэрэгжсэн актыг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэх боломжгүй.
Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс дээрх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх дээрх үйл баримтад огт дүгнэлт хийлгүй орхигдуулж, эрх зүйн үйлчлэлгүй буюу хэрэгжсэн захиргааны актыг илт хууль бус захиргааны акт хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнээс хальж НЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.
Учир нь нэхэмжлэгч нар нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №А/976 дугаар захирамжийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан байдаг. Улмаар ЗХШХШТХ-ийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжийнМ ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан.
Өөрөөр хэлбэл 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №А/976 дугаар захирхамжийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн 2 шаардлагаа өөрчилж, НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэг л шаардлагыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан болох хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай хүсэлт /1ХХ-143-144 дэх тал/-ээр нотлогддог. Тухайлбал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад:
-Г.Ц нарын нэхэмжлэлтэй НЗДд холбогдох түүний М ХХК-д 624 м.кв газрыг аж ахуйн чиглэлээр олгосон 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэгдэж байна.
-Уг хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Үүнд:
-НЗД-ын М ХХК-д 624 м.кв газар олгосон 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг ...... захиргааны акт илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.
Иймээс НЗД-ын М ХХК-д 624 м.кв газар олгосон 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг ... захиргааны акт илт хууль бус болохыг тогтоож өгнө үү хэмээн дурдсан байдаг.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн дээрх өөрчилсөн шаардлагыг хэргийн оролцогчдод гардуулсан /Гуравдагч этгээдийн зүгээс зөвхөн НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг гардаж авсан/ атлаа өөрчилсөн шаардлагад байхгүй буюу НЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад НЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай дурдаагүй буюу уг захиргааны актад холбогдуулан шаардлага гаргаагүй.
Мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа НЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн М ХХК-д холбогдох хэсэгт хамааруулах шаардлага гаргаагүй тул тус шаардлагад холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэх учиртай юм.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан “нэхэмжлэлийн шаардлага тодорхойлох тухай” хүсэлтийг НЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан гэж үзэх тохиолдолд ЗХШХШТХ-ийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу тус шаардлагыг хариуцагч болон гуравдагч этгээдэд гардуулж, хариу тайлбар өгөх хуульд заасан эрхээр хангах ёстой бөгөөд анхан шатны шүүх энэхүү ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн /шүүхийн шийдвэрт нөлөөлсөн/ гэж үзэж байна.
М ХХК нь Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын 1995 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №29 тоот тогтоолоор эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн Баянбүрд төвийг үндсэн ба туслах барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хамт дуудлага худалдаагаар хувьчлан авсан бөгөөд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэнжийн мянга”-ын 31 дүгээр байрны 10, 11 тоот байрууд нь конторын өргөтгөл, склад нэрээр хувьчлагдан ирсэн. Гэвч М ХХК-д хувьчлагдан ирсэн 10, 11 тоотыг байр байрлах газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №121 тоот захирамжаар Б.Ч эзэмшүүлсэн байсан ба Б.Чулуунцэцэг нь уг газар эзэмших эрхийг НЗД-ын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №254 дүгээр захирамжаар Ч.А шилжүүлсэн байсан. М ХХК Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №121 тоот захирамжийн Б.Чт холбогдох хэсэг, НЗД-ын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №254 дүгээр захирамжийн Ч.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан ба Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 44 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны №96 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл М ХХК нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэнжийн мянга”-ын 31 дүгээр байрны 10, 11 тоот байрны газрыг эзэмших эрхтэй болохыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны №96 дугаар магадлалаар тус тус тогтоосон бөгөөд уг шийдвэрийг үндэслэн НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №А/976 дугаар захирамжаар М ХХК-ийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын саналыг авах хууль зүйн үндэслэл бүрдэхгүй юм.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 791.1-д “Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр /шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр/-ийг хэргийн оролцогч, эрх залгамжлагч заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг үндэслэн НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамж гарсан болох нь хэрэгт авагдсан Бүртгэл-хяналтын картын маягтаар нотлогддог. Тухайлбал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/1434 тоот албан бичгийг үндэслэж буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамж гарсан.
Нөгөөтээгүүр М ХХК-ийн эзэмшиж буй газрын ард байрлах 2,598 м.кв газрыг НЗД-ын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/359 дүгээр захирамжаар иргэн Ч.Бд эзэмшүүлэхдээ холбогдох дүүргийн Засаг даргын саналыг аваагүй, дуудлага худалдаа, эсхүл төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олгосон байдаг ба ийнхүү олгож буй М ХХК-ийн эзэмшиж буй газар нь зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олгогдох газар болохыг нотолдог.
Гэвч анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтуудад огт дүгнэлт хийгээгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээрээ Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчөөд байна. Тухайлбал Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус хэмээн тогтоосноор Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын 1995 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №29 тоот тогтоолын дагуу дуудлага худалдаагаар хувьчлан авсан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэнжийн мянга”-ын 31 дүгээр байрны 10, 11 тоот байр болон тус байр байрлах газрыг эзэмших, ашиглах М ХХК-ийн эрхийг ноцтой зөрчөөд байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийн улмаас Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын 1995 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №29 тоот тогтоол бодит байдалд хэрэгжих боломжгүй болох үр дагавар үүсээд байна.
НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №А/976 дугаар захирамжаар М ХХК-д Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд нэгж талбарын 159/0078 дугаартай бүхий 623 м.кв газрыг эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч нарын амьдарч буй орц гарцыг хаагаагүй болох нь М ХХК-д эзэмшүүлэн газрын кадастрын зургаар нотлогддог. М ХХК-д 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №А/976 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх үед нэхэмжлэгч нарын амьдарч буй 31 дүгээр байр нь урдаасаа, хойноосоо, зүүн хойноос гэсэн 3 талдаа орц гарцтай байсан ба эдгээр орц гарцуудаас М ХХК-д газар эзэмшүүлэх захирамж гарсны дараа 2 орц гарц нь хаагдсан болох нь хэрэгт авагдсан фото зураг болон Ч.Баатарсүрэнд газар эзэмшүүлсэн НЗД-ын захирамж, кадастрын зургаар тус тус нотлогддог бөгөөд урд талаасаа тээврийн хэрэгсэл нэвтрэх орц гарц нь одоог хүртэл нээлттэй юм.
Тухайлбал хойд талын орц гарцыг хойд талд нь байрлах 2 орон сууцны цахилгааны эх үүсвэрийг хангахын тулд цахилгаан дэд станц барьснаар тус орц гарц нь хаагдсан /М ХХК-д газар эзэмшүүлснээс хойш/ ба улмаар хойд талаас орж гардаг гудамжийг бусад айлууд хашаалан авсан байдаг. Мөн зүүн хойд талын орц гарц буюу 31 дүгээр байрны зүүн хойд булангаар нэвтрэх орц гарцыг НЗД-ын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №А/349 дүгээр захирамжаар иргэн Ч.Баатарсүрэнд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн-1000, 31 дүгээр байрны ард 2599 м.кв газрыг эзэмшүүлэх /М ХХК-д газар эзэмшүүлснээс хойш//-дээ хаасан болох нь иргэн Ч.Баатарсүрэнгийн газрын кадастрын зураг, хэрэгт авагдсан фото зураг зэргээр тогтоогддог ба уг захирамжид холбогдуулан гомдол гаргах эрх нэхэмжлэгчид нээлттэй.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт гарах үед нэхэмжлэгч нарын амьдарч буй байрны орц, гарц хаагдсан эсэхийг хянах үүрэгтэй болохоос биш маргаан бүхий захиргааны акт гарсны дараа нэхэмжлэгч нарын орц, гарц хаагдсан /бусад этгээдийн үйлдэл, үйл ажиллагааны улмаас/ нь М ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нар нь тухайн этгээдүүдийн үйлдэл, үйл ажиллагаатай холбогдуулан гаргах эрх нь нээлттэй байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нарын амьдарч буй 31 дүгээр байрны орц гарц нь одоог хүртэл нээлттэй байгаа болох нь шүүхээс хийсэн үзлэгийн фото зургаар тогтоогддог бөгөөд М ХХК-д газар эзэмшүүлэх 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамж гарах үед нэхэмжлэгч нарын амьдарч буй 31 дүгээр байрны хойд болон зүүн хойд талын орц гарц нээлттэй байсан. Гэтэл анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан дээрх тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэлгүй орхигдуулж, НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжаар М ХХК-д газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч нарын амьдарч буй 31 дүгээр байрны орц, гарцыг хаасан мэтээр дүгнэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар М ХХК-д 623 м.кв газрыг эзэмшүүлэх буюу олгохдоо 31 дүгээр байрны орц, гарцыг хаасан эсэхэд анхан шатны шүүх хууль дүгнэлт хийх ёстой атал 8 жилийн дараа буюу одоо орц гарц нь хаагдсан байна хэмээн дүгнэж буй нь үндэслэлгүй юм.
Мөн газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн боловч тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болно” гэж заасны дагуу М ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг ямар нэгэн байдлаар хашаалах, барилгажуулах зэргээр 31 дүгээр байранд амьдарч буй нэхэмжлэгч нарын орц гарцыг хаасан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно.
Нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн “өөрчилсөн шаардлага”-д: “НЗД-ын зүгээс Газрын тухай хуулийн 31.3-т зааснаар бусдын ашиглаж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх хуулийн шаардлагыг хангах” ёстой байсан мэтээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, уг тайлбараа үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. Гэвч нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасны дагуу “газар ашиглах”, мөн хуулийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1-д тус тус заасны дагуу “газар эзэмших” эрх бүхий этгээдүүд биш тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг үндэслэл болгон маргаан бүхий актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага гаргах эрх нэхэмжлэгч нарт үүсэхгүй юм. Нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд “Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.3 дахь хэсгийг маргаан бүхий захиргааны акт гаргахдаа зөрчсөн” мэтээр дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Учир нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох”-ыг хориглоно гэж заасан ба маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа хуулийн дээрх шаардлагыг зөрчиж гаргаагүй. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т “олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах”-ыг хориглоно гэж заасан ба М ХХК нь өөрийн эзэмшил газарт “зориулалтын бус барилга, байгууламж бариагүй”, “сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа”-г тус тус явуулаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэгийн фото зургаар нотлогддог. Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан хуулийн зохицуулалт нь Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу газар олгох харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ биш бөгөөд хуульд заасны дагуу олгогдсон газарт үйл ажиллагаа явуулахад баримтлах хязгаарлалт тул тус хуулийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр НЗДас олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй болно.
Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх тухайд:
ЗХШХШТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар түүнчлэн ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарна гэж гэж тус тус заасан.
ЗХШХШТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1-д тус тус заасны дагуу захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх ёстой бөгөөд ийнхүү зөрчигдсөний улмаас хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм. Гэтэл НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №А/976 дугаар захирамжийн, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн М ХХК-д тус тус холбогдох хэсэг нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй юм. Тухайлбал нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-3.1.4, 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу газар ашиглагч, эзэмшигч, өмчлөгч этгээдүүд биш тул нэхэмжлэгчид нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан шаардлага гаргах эрхгүй этгээдүүд юм.
Нэхэмжлэгч нараас НЗД-ын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтэст гаргасан хүсэлтэд: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02-07-112/470 тоот дүгнэлт болон улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02-01/03 тоот дүгнэлтүүд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 31 дүгээр байрны ашиглалтын хугацаа дууссан тул тус байрыг дахин төлөвлөлтөд оруулахаар хөрөнгө оруулагч талтай тохиролцсон” хэмээн дурдсан байдаг. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч болон ахлах байцаагч нарын дээрх дүгнэлтүүдээр тухайн 31 дүгээр байрны ашиглалтын хугацаа дуусаж, цаашид ашиглах, амьдрах боломжгүй талаар дүгнэлт гарсан тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын орц гарц хаагдсан гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол одоогоор болон цаашид ч хөндөгдөх хууль зүйн байхгүй юм. Нөгөөтээгүүр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №84 тоот “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” тогтоол, Гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №33 тоот тогтоолуудаар нэхэмжлэгч нарын амьдарч буй 31 дүгээр байр нь дахин төлөвлөлтийн бүсэд багтсан байдаг. Дахин төлөвлөлтийн хүрээн нэхэмжлэгч нарын амьдарч буй 31 дүгээр байрыг дахин төлөвлөлтөд оруулах тохиолдолд баригдах орон сууцны орц, гарц нь маргаан бүхий захиргааны актын улмаас хаагдахгүй болно.
Мөн маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч нарын амьдарч буй 31 дүгээр байрны орц, гарцыг хаагаагүй болох нь нэхэмжлэгч нараас НЗД-ын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтэст гаргасан хүсэлтээр нотлогддог. Учир нэхэмжлэгч нараас гаргасан тус хүсэлтэд “... 31 дүгээр байрны барилгажих талбай буюу нийтийн эзэмшлийн талбай”-г НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжаар М ХХК-д эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн нь хэмээн дурдсан байдаг ба нэхэмжлэгч нарын ашиг сонирхол нь орц, гарц хаасандаа бус дахин төлөвлөлтөд оруулахдаа тухайн 31 дүгээр байрны ойр орчмын буюу М ХХК-ийн эзэмшлийн газрыг бүхэлд нь хамруулах ашиг сонирхол байгаа болохыг харуулдаг. Гэвч нэхэмжлэгч нарын зүгээс дээрх байдлаар гомдол, хүсэлт гаргасан атлаа дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтээ гаргаагүй болох нь хэргийн материалд авагдсан НЗД-ын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 07/5027 тоот албан бичгээр тогтоогддог бөгөөд хүсэлт гаргаагүй дахин төлөвлөлттэй холбоотой эрх, ашиг сонирхол зөрчигдсөн мэтээр маргаж буй хууль зүйн үндэслэлгүй байна.
Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 31 дүгээр байрны 9 айл /нэхэмжлэгч нар/ зүгээс М ХХК-ийн эзэмшиж буй 624 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай гомдлыг төрийн захиргааны байгууллагад хандаж гаргасан байх ба Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №02-06/2446 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байна. Улмаар нэхэмжлэгч нарын зүгээс НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд болон НЗД-ын Тамгын газарт /2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр/ тус тус хандан гомдол, хүсэлт гаргасан болох нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаар тус тус тогтоогддог. Гэтэл нэхэмжлэгч нар нь НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамж, мөн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжуудын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд хандан гаргасан байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан юм. Мөн нэхэмжлэгч нар нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах шаардлагыг 7 жилийн дараа, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг 22 сарын дараа тус тус шүүхэд хандан гаргасан байгаа нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг нотолж байгаа ба анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуульд заасны дагуу газар ашиглагч, эзэмшигч биш тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын Газрын тухай хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй бөгөөд энэхүү маргаан нь хувийн эрх зүйн маргаан юм. Тухайлбал Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 48.7-д “Газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахтай холбогдсон бусад харилцааг Иргэний хуулийн холбогдох заалтаар зохицуулна” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан газар эзэмшигч этгээдүүд биш бөгөөд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч этгээдүүд тул өмчлөлийн зүйлээ ашиглах, эзэмшихтэй холбогдон үүсэх маргаан нь Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.7-д заасанчлан хувийн эрх зүйн маргаан юм.
Нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч этгээд болохын хувьд өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглахтай холбоотой гомдлын шаардлагаа Захиргааны хэргийн шүүхэд бус, Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй юм. Гэвч анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийгээгүй ЗХШХШТХ-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн. Дээр дурдсанчлан анхан шатны шүүх нотлох баримтуудыг бүрэн үнэлэлгүй орхигдуулсан бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй юм. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №0926 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.Ц, Г.У, Ц.Ө, Б.Д, Д.Д, Т.А нараас НЗДд холбогдуулан “НЗД-ын М ХХК-д 624 м.кв газрыг олгосон 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 болон 9.1.9 дэх хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, НЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
3. Хэргийн үйл баримтаас үзэхэд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн мянга 31 дүгээр байрны 3 тоотод нэхэмжлэгч Г.Ц, 7 тоотод Г.У, 2 тоотод Ц.Ө, 1 тоотод Б.Д, 5 тоотод Д.Д, 6 тоотод Т.А нар тус тус оршин суудаг, мөн тус байрны 10, 11 тоот орон сууцыг гуравдагч этгээд М ХХК өмчилдөг болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдээр тогтоогдож байна.
3.1. Гуравдагч этгээд болох М ХХК нь “Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн “Баянбүрд” төвийн хөрөнгийн дуудлага худалдаанд оролцож, 1995 оны 05 дугаар сарын 06-ны өдөр эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвийн барилга, тоног төхөөрөмжийг 84.2 сая төгрөгөөр худалдаж авсан байх ба Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 29 дүгээр тогтоолын жагсаалтад Дэнжийн мянгын 31 дүгээр байрны 10, 11 дүгээр байр болон склад гэж дурджээ.
3.2. Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх газрыг эзэмших М ХХК-ийн хүсэлтийн дагуу НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/976 дугаар захирамжаар М ХХК-д 624 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, газрын гэрээ байгуулан 000303829 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мөн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/1159 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана”, 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж тус тус заасан.
4.1. Нэхэмжлэгч нараас маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан энэ тохиолдолд Засаг даргын захирамжууд нь тухайн үед үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан шинжийг агуулсан байхыг шаардана.
4.2. НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/976 дугаар захирамжаар гуравдагч этгээд М ХХК-д Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд 624 м.кв газрыг эзэмшүүлсэн нь тус хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны оршин суугчдын, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
4.3. Тодруулбал, маргаж буй газрыг М ХХК-д эзэмшүүлснээр 31 дүгээр байранд оршин сууж буй нэхэмжлэгч нарын орон сууц руугаа орох орц, гарцыг хаасан байх төдийгүй тэдгээрийн үл хөдлөх хөрөнгөө бодитойгоор ашиглах боломжийг хязгаарласан, нийтийн эзэмшилд байх газрыг эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.
4.4.НЗД Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болохоор тусгагдаагүй, орон сууцны дундын нийтээр эзэмших ёстой газрыг гуравдагч этгээд М ХХК-д эзэмшүүлсэн маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан илт хууль бус захиргааны акт, 9.1.7-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.9-д заасан захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн шинжийг агуулж байх тул илт хууль бус гэж үзэхэээр байна.
4.5. Шүүх НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/976 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосон энэ тохиолдолд уг захиргааны актаар олгосон газар эзэмших эрхийн хугацааг сунгасан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/1159 дүгээр захирамжийн М ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар мөн адил илт хууль бус захиргааны акт болно. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
4.6. Хариуцагчаас Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийн дагуу маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн гэж тайлбарлах боловч шүүхийн шийдвэрт тухайн газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэх талаар дурдаагүй байх тул энэ талаарх тайлбар үндэслэлгүй
5. Харин анхан шатны шүүх маргаан бүхий захирамжийг илт хууль бус болохыг тогтоохдоо М ХХК-д эзэмшүүлсэн 624 м.кв газрын хэмжээгээр бүхэлд нь илт хууль бус гэж үзсэн нь буруу болжээ.
5.1. Учир нь Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 29 дүгээр тогтоолоор М ХХК-д “Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн “Баянбүрд” төвийн барилга, тоног төхөөрөмжийг худалдахдаа Дэнжийн мянгын 31 дүгээр байрны 10, 11 дүгээр тоот орон сууц болон складыг өмчлүүлсэн боловч уг үл хөдлөх эд хөрөнгүүдийнх нь доорх газрыг өмчлүүлж, эзэмшүүлээгүй байна.
5.2. М ХХК-иас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмших хүсэлтээ НЗДд гаргаж, шийдвэрлүүлсэн үйлдлийг буруутгахгүй бөгөөд гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх газрыг түүнд эзэмшүүлснээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.
5.3. Нэхэмжлэгч нарын хувьд эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж тэдгээрийн оршин суугаа байрны нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг гуравдагч этгээд М ХХК-д эзэмшүүлсэн НЗД-ын захирамж илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй энэ тохиолдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах харилцаа тул “... захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх гомдол үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0926 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсэг болон НЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг” гэснийг “НЗД-ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсэг болон НЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийн Дэнжийн мянгын 31 дүгээр байрны 10, 11 тоот болон складны доорх газраас бусад хэсгийг” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ