Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1567

 

МАГАДЛАЛ

 

2017.7.16                                                     Дугаар 1567                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

Д.Тэнгэсмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01336 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Тэнгэсмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Баянгэрэлд холбогдох,

 

Хамтран ажиллах гэрээнээс гарч, хамтын үйл ажиллагаанд зориулж оруулсан хөрөнгө болох 32 650 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Нямжав,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч :А.Дугармаа,

Хариуцагчийн өмгөөлөгч: З.Уянга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Д.Тэнгэсмаа 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Л.Баянгэрэлтэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Баянгол дүүрэгт байрлах Төв гандан доторх цагаан хоолны зориулалт бүхий рестораныг гэрээний 2.1.1-д зааснаар тус бүр 25,000,000 төгрөг гарган хамтран ажиллуулахаар болсон. Гэрээний 2.1.2-т зааснаар Л.Баянгэрэл рестораны үйл ажиллагааг биечлэн явуулж, бүрэн хариуцахаар тохирсон. Мөн хамтран ажиллах гэрээгээр талууд шаардагдах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх, санхүүжилтийн  асуудлыг гэрээнд заасан хувь хэмжээгээр хамтран шийдвэрлэх, талууд хамтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бие биедээ бүрэн бодитой, ямар нэг хязгаарлалтгүйгээр өгөхөөр тохирсон. Мөн гэрээний 3.5-д хамтын ажиллагаатай холбоотой гарсан зардлыг  харилцан тохиролцож, тайлагнан тооцоо нийлэх бөгөөд харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд гэрээний аль нэг тал дур мэдэж зардал гаргахыг хориглохоор тохиролцсон. Гэрээ байгуулагдсан өдөр Д.Тэнгэсмаа 15,000,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус Л.Баянгэрэлд өгсөн. Гэрээ хэрэгжээд эхэлсний дараа Л.Баянгэрэл нь Д.Тэнгэсмаатай огт холбоо барихгүй, алга болсон. Тэгээд Д.Тэнгэсмаа рестораны байранд очиход Л.Баянгэрэл өөрөө байхгүй Бээжин хот руу рестораныхаа мебелийг авахаар явсан байсан. Ингээд рестораны засвар, цэвэрлэгээ хийж рестораны нээлтээ хийхээр бэлдэж байтал Л.Баянгэрэл дахин 6,000,000 төгрөг хэрэг боллоо,  камер тавиулна, кассын машин авна гэхээр нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 6,000,000 төгрөгийг нэмж өгсөн. Гэтэл ресторанд камер тавиулаагүй, кассын машин ч аваагүй байсан. Ингээд ресторанаа нээхийн өмнө хулдаас авахад Д.Тэнгэсмаа өөрийнхөө хувийн мөнгөнөөс 450,000 төгрөг гаргасан. 2016 оны 3 дугаар сард ресторанд Энэтхэгээс тогооч ирж ажилласан бөгөөд буцах билетний мөнгө болох 1,200,000 төгрөгийг Д.Тэнгэсмаа өөрөөсөө гаргаж Л.Баянгэрэлийн охин Ж.Ануд өгсөн. Хамтын үйл ажиллагаа хэрэгжээд явж байхад Л.Баянгэрэлийн охин Ж.Ану 115,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж рестораны үйл ажиллагаанд оролцох болсноор талуудын хооронд маргаан гарсан. Л.Баянгэрэл нь Д.Тэнгэсмаатай харилцан ярилцахгүйгээр Бээжин хот руу хэд хэдэн удаа явж зарлага гаргасан. Хамтын ажиллагааны талаарх бүх мэдээллийг бие биедээ өгөх, мөн  зардал гаргахдаа хамтарч ярилцах зүйл байхгүй болсон. Түүнчлэн  ресторанд хүлээн авалт хийснийг Д.Тэнгэсмаагаас нууцалсан бөгөөд энэ талаарх мэдээллийг хүлээн авалтад оролцсон хүмүүсээс авсан. Тэр мэдээлэл нь мөнгөний зөрүүтэй  байдлыг илчилж харуулж байсан.

Ингээд Д.Тэнгэсмаа 2016 оны 5  дугаар сард хамтран ажиллагааны гэрээнээс гаръя гэж мэдэгдсэн. Мөн 2016 оны 6 дугаар сард хамтын үйл ажиллагаанаас гаръя, миний оруулсан мөнгийг өгөөч ээ гэж Л.Баянгэрэлд дахин мэссэжээр мэдэгдсэн. Түүнээс хойш Л.Баянгэрэл нь ямар ч холбоо барихгүй алга болсон учраас шүүхэд хандсан. Иймд Иргэний хуулийн 479 дугаар зүйлийн 479.2, хамтран ажиллах гэрээний  8.1-д заасны дагуу хамтран ажиллах гэрээнээс гарч, мөн хуулийн 279 дүгээр зүйлийн 279.2.4, гэрээний 8.2-т заасны дагуу хамтын үйл ажиллагаанд зориулж оруулсан хөрөнгө болох 32,650,000 төгрөгийг Л.Баянгэрэлээс гаргуулж өгнө үү. Анх шүүхэд гэрээг цуцлах шаардлага гаргасан бөгөөд одоо хамтран ажиллах гэрээнээс гарах болгон өөрчилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Д.Тэнгэсмаатай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж, тус бүр 25,000,000 төгрөгийг гаргаж засвар хийж, рестораны үйл ажиллагаа явуулахаар тохирсон. Тэгээд үйл ажиллагаа явуулах заалаа үзэхэд 214 м.кв талбай байсан бөгөөд одоогийн ханшаар цайны газрын мөнгө байсан. Би Бээжин хот руу явахдаа Д.Тэнгэсмаад хэлэхгүйгээр яваагүй. Ингээд дотор засвар хийхэд 30,000,000 төгрөг, засварын хөлсөнд 7,000,000 төгрөг, нийт 37,000,000 төгрөгөөр засвар хийсэн. Тэгээд би Д.Тэнгэсмаад хэлээд бүх баримтыг өгсөн. Сүүлд нээгдэхээс өмнө “оо”-ийн өрөөг янзалчихаад байж байхад Д.Тэнгэсмаа надад таалагдахгүй байна гээд хуулж хаяад хулдаас 450,000 төгрөгөөр авсан. Ингээд рестораны нээлтээ хийхэд 4,000,000 гаруй төгрөгийг зарцуулсан учраас камераа авч чадаагүй. Үйл ажиллагааг эхлүүлэхэд Энэтхэг Улсаас 2 тогооч авчирсан бөгөөд уг зардлыг би өөрөө гаргасан. Харин буцах зардлыг Д.Тэнгэсмаа бид 2 хувааж гаргасан. Би өөрийн хувийн зардлаар Энэтхэг Улс явж хивс авчран зарж түрээсээ төлж байсан. Тэр хугацаанд Д.Тэнгэсмаа өөрөө үйл ажиллагааг гардаж ажиллуулж байсан учраас дараа нь ашиггүй гэдгийг ойлгож гэрээнээс гаръя гэж мэссэж бичсэн. Би Д.Тэнгэсмаад өөрийн хүнээ ажиллуул гэж хэлсэн байсан. Д.Тэнгэсмаа өөрөө олон найзуудаа дагуулж ирээд хоол иддэг байсан. Бид үйл ажиллагаа эрхэлдэг учраас тооцооны үндсэн дээр хоол идсэн баримтыг бүртгэдэг байсан. Бид хоёр 5 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч эдийн засгийн хямралтай холбоотойгоор хүмүүс үйлчлүүлэх нь хомс болсон. Би сайн ажиллахын тулд өөрт байгаа бүхий л чадлаараа ажилласан. Би Д.Тэнгэсмаад 300,000 төгрөгийг ашиг гарсан ирж ав гэхэд ирж авахгүй, өөрөө алга болсон. Д.Тэнгэсмаагаас зугтсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тэнгэсмаагийн, Л.Баянгэрэлд холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээнээс гарч, оруулсан хөрөнгө болох 32,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хамтран ажиллах гэрээний 1.2-т "Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн тус тусын үүргийг биелүүлж, ...хамтран ажиллана", мөн гэрээний 2.1.1,2.1.2-т "Л.Баянгэрэл рестораны үйл ажиллагааг биечлэн явуулж, үйл ажиллагааг бүрэн хариуцна, түүнчлэн 25 000 000 төгрөгийг хамтын үйл ажиллагаанд зориулж гаргана. Д.Тэнгэсмаа хамтын үйл ажиллагаанд зориулж 25 000 000 төгрөгийг гаргана" гэж заасны дагуу би гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж 25 000 000 төгрөгийг Л.Баянгэрэлд хүлээлгэн өгсөн ба үүгээр ч зогсохгүй камер авна, кассын машин авна дахин хоёрталаасаа 6 000 000 төгрөг гаргаяа гэснийг би зөвшөөрч 6 000 000 төгрөгийг нэмж өгсөн боловч Л.Баянгэрэл нь камер ч аваагүй, кассын машин ч аваагүй юм. Үүнээс болж би олсон орлогыг хянах боломжгүй болсон ба анхан шатны шүүх хуралдаанд Л.Баянгэрэл нь сүүлд нийлүүлсэн нийт 12 000 000 төгрөг нь рестораны нээлтийн арга хэмжээнд зарцуулаад дууссан гэх боловч нээлтийн зардал нь нийт 4 000 000 төгрөг болсон гэсэн ба үлдсэн 8 000 000 төгрөг нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. Хамтран ажиллах гэрээний 3.2-т "Талууд хөрөнгө оруулалтаа тодорхой үе шаттайгаар оруулж болох бөгөөд талуудын оруулсан хөрөнгө оруулалтыг тухай бүрд нь гэрээний хавсралтад тусгаж баталгаажуулна. ..." гэж заасан. Гэтэл ресторан нээгдээд удаагүй байх үе буюу 2015 оны 9 дүгээр сарын орчимд Л.Баянгэрэлийн охин Ж.Ану нь 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж рестораны үйл ажиллагаанд оролцож намайг бага хувь эзэмшдэг гэж үл тоох болсон. Ийм хөрөнгө оруулалт хийх талаар надтай огт ярилцаагүй ба уг хөрөнгө оруулалтыг хийгээгүй гэж бодож байна. Мөн гэрээний дээрх заалтын дагуу 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан бол гэрээний хавсралтад тусгаж баталгаажуулах байсан. Гэтэл огт баталгаажуулаагүй. Итгэл алдуулсан үйлдэл болох энэхүү хөрөнгө оруулалтыг Ж.Ану хийсэн гэж нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа бичиж ирүүлсэн ба шүүх хуралдааны үед энэхүү хөрөнгө оруулалтыг хийсэн Ану рестораны үйл ажиллагаанд оролцож байсан гэдгээ хэлсэн болно. Хамтран ажиллах гэрээний 3.4-т "Талуудын аль нэг нь нөгөө талаас хамтын үйл ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн бодитой, ямар нэгэн хязгаарлалтгүйгээр авах эрхтэй", мөн гэрээний 3.5-д "Хамтын ажиллагаатай холбогдон гарсан аливаа зардлыг харилцан бие биедээ тайлагнаж тооцоо нийлэх бөгөөд харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд гэрээний аль нэг тал дур мэдэн аливаа зардал гаргахыг хориглоно", мөн гэрээний 3.11-д "... бие биенээ хууран мэхлэх, ашиг олох, бараа материалын үнийг үндэслэлгүйгээр нэмэх зэрэг хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль бус үйлдэл гаргахгүй байх үүрэпгэй" гэж заасан боловч Л.Баянгэрэл нь хэлэлгүй, ямар зардал гаргахаа ч харилцан тохиролцолгүй удаа дараалан Бээжин явж ирсэн. Үүнийгээ ч хариу тайлбараараа хүлээн

зөвшөөрсөн. Зардлын талаар тооцоо нийлж тайлагнаж байсан зүйл огт байхгүй. Энэ талаар хэлэхээр хоорондоо таагүй байдал байнга үүсгэж байсан.  Хамтран ажиллах гэрээний 2.1.2-т "Л.Баянгэрэл рестораны үйл ажиллагааг биечлэн явуулж, үйл ажиллагааг бүрэн хариуцна, 5.1-т "Хамтын ажиллагаатай холбоотой санхүүгийн баримт бичгүүд нь талуудын өөрийн болон компанийн бичиг баримтаас тусдаа байх ба тэдгээрийг Б тал буюу Л.Баянгэрэл хариуцаж хадгална" мөн гэрээний 5.2-т "Гэрээний хугацаа дуусах хүртэл улирал /жил/ бүр мэргэжлийн нягтлан бодогчоор санхүүгийн тайлан, баримт бичгийг үнэн зөв, мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгүүлэх бөгөөд шаардлагатай бол талууд танилцах, хяналт тавих, дотоод аудитын шалгалт хийлгэх эрхтэй байна" гэж тохиролцсон. Гэтэл нэг ч удаа санхүүгийн тайлан гаргаж байгаагүй, ямар ч татвар төлдөггүй. Надад нэг ч удаа ашиг өгч байгаагүй. Мөн хүлээн авалт хийснийгээ надаас нууцлах болсон ба хүлээн авалт хийсэн тооцоогоо буруу тайлагнах болсон. Үүнийг нь хянах боломжгүй учир болсон учир нь камөр, кассын машин байхгүй өөрсдийнх нь гаргаж өгсөн тооцооны хуудас нь ямар ч гарын үсэггүй. Ингээд би санхүүгийн баримтаа өгөөч мэргэжлийн нягтлан бодогчоор тайлан гаргуулая гэсэн боловч хүн итгэхийн аргагүй ямар ч тамга тэмдэггүй, гарын үсэггүй, хаанаас хэнээс авсан нь тодорхой биш, үнэн зөв тайлан гаргах боломжгүй баримтууд өгсөн ба нягтлан бодогчид өгч амжаагүй байтал бид Төв Гандангийн хүмүүст үзүүлнэ гэж хэлаэд буцаагаад авсан. Хариуцагч нь дээрх гэрээнийхээ заалтууд зөрчсөн тул бидний итгэлцлийн харилцаа үгүй болж эдийн засгийн хувьд хамтын ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Д.Тэнгэсмаа нь хариуцагч Л.Баянгэрэлд холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс гарч, хамтын үйл ажиллагаанд зориулж оруулсан хөрөнгө болох         32 650 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээний 8.1 дэх заалт буюу талуудын хоорондын итгэлцлийн харилцаа үгүй болсон...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...гэрээнээс гарахаа мэдэгдээгүй, гэрээний 8.1-д заасан үндэслэл бий болоогүй...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хамтран ажиллах гэрээ 5 жилийн хугацаатай байгуулагдаж, талуудын эрх, үүрэг, оруулах хөрөнгийн хэмжээ, хамтын ажиллагааг удирдах төлөөлөх, данс, санхүүгийн тооцоо, ашиг, алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гарах нөхцөл, гэрээ дуусгавар болох үндэслэл зэргийг тохиролцсон байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, талуудын оруулсан хөрөнгийн хэмжээ зэрэгт талууд маргаагүй үйл баримт тогтоогджээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь талуудын хооронд гэрээний 8.1 дэх хэсэгт заасан байдал үүссэн буюу гэрээнээс гарах нөхцөл бий болсон нь тэдгээрийн хооронд захидлаар харилцсан баримт, хариуцагч нь гэрээний 3.5 дахь заалтыг зөрчсөн талаар түүний гаргасан тайлбараар тогтоогдсоноос гадна эдгээр байдлаас хамааран гэрээний харилцааг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

Гэрээний 8.1-д тохиролцсон хугацаанаас өмнө гэрээнээс гарах нөхцлийг талууд тохиролцохдоо гагцхүү хүндэтгэн үзэх шалтгаанаар гарч болохыг заасан бөгөөд үүнд талуудын хооронд итгэлцлийн харилцаа үгүй болохыг нэрлэн заажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр Бээжин хот руу явсан, хүлээн авалт зохион байгуулсан, өөрийн охин Анугаас 115 000 000 төгрөгийг авч хамтран ажиллах гэрээний үйл ажиллагаанд зарцуулснаа гэрээний 4.3-т зааснаар баталгаажуулаагүй,     энэ нь гэрээний 3.1-д хамаарах эсэх, Ану нь зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтэд оролцох болсон үндэслэл тодорхойгүй, ийнхүү оролцсон байдлаа үгүйсгээгүй зэрэг нь гэрээний 8.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээнээс гарах үндэслэл болсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.2 дахь хэсэгт зааснаар хугацаатай байгуулагдсан гэрээнээс гагцхүү хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө гарч болох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1 дэх заалт нь хуулийн энэ зохицуулалтад нийцсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01336 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Баянгэрэлээс 32 650 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тэнгэсмаад олгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...хариуцагчаас 321 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэсэн хэсэг нэмж өөрчлөн, шийдвэрийн  бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 321 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ТУЯА

                               ШҮҮГЧИД                                             Б.НАРМАНДАХ

                                                                                             М.НАРАНЦЭЦЭГ