Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0149

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 21 өдөр Дугаар 128/ШШ2020/0149 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: КХХК /РД:

 Хариуцагч: Сангийн яам.

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 6-1/7304 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, КХХК-тай гэрээ байгуулах эрхийг үндэслэлгүйгээр зогсоосон Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, гэрээ байгуулах эрхийг нээж өгөхийг тус яаманд даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эг, Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Гнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч КХХК-ийн гүйцэтгэх захирал Г. үүхэд гаргасан нэхэмжлэлдээ: КХХК нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зарласан ТӨБЗГ-2019/ХҮI.1.21 Т******* УЦС-аас аймгийн төв рүү татах 110 кВ-ын ЦДАШ, дэд станц /Г*******/ эрчим хүчний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийн ялагчаар шалгарч, Захиалагчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-2/3579 дугаар албан бичгийн дагуу гэрээ байгуулах эрх олж авсан болно.

Гэтэл тус тендерт оролцож шалгараагүй Б******* ХХК нь уг тендер шалгаруулалтад холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргасан байсан бөгөөд тус яам нь Б******* ХХК-ийн гомдлоор тендерийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг дахин хийх шийдвэр гаргасан болохоо манай компанид амаар мэдэгдсэн боловч, бичгээр энэ талаар хариу өгөхгүй гэсэн тул амаар гаргасан шийдвэр гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч Сангийн яам нь ТӨБЗГ-2019/ХҮI.1.21 Т******* УЦС-аас аймгийн төв рүү татах 110 кВ-ын ЦДАШ, дэд станц /Г*******/ эрчим хүчний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалтад холбогдуулан гомдол гаргасан Б******* ХХК-ийн гомдлыг хянахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаанд шийдвэр нь үндэслэл бүхий байх, мөн зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчмыг зөрчин манай компанид уг гомдлын талаар мэдэгдээгүй, хэрхэн шийдвэрлэсэн талаарх үндэслэл нь тодорхойгүй шийдвэр гаргасан байна.

Дээрхээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно, гэж, мөн зүйлийн 13.2-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно гэж, 15 дугаар зүйлийн 15.1-д Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх эрх-тэй байхаар хуульчлан тогтоосон байдаг.

Тендер шалгаруулалттай холбогдуулан гомдол гаргасан Б******* ХХК нь шаардлага хангаагүй тендер ирүүлсэн байгаа бөгөөд Сангийн яам нь ийнхүү шаардлага хангаагүй тендер ирүүлсэн компанийн гомдлоор, тендерийн ялагчаар шалгарч гэрээ байгуулах эрх үүссэн оролцогч манай компанийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулахгүйгээр тендерийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй бөгөөд гомдол гаргагчын гомдол үндэслэлтэй эсэх талаар манай компанийг тайлбар, нотлох баримт гаргах эрхээр минь хангаагүй нь дээрх хуулийн заалтад нийцээгүй хууль бус гэж үзэж байна.

Тодруулбал, Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3 /г/-д боловсон хүчний шалгуурын тогтоохдоо Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженер 1 байх шаардлагыг тогтоосон юм.

Б******* ХХК тендерт ирүүлсэн материалдаа Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженер бус, энэ чиглэлээр дипломын бус сургалтаар сертификат авсан ажилтныг санал болгож ирүүлсэн байгаа нь тус компани ТОӨЗ 5.3-/г/-д заасан тендер шаардлага хангаагүй буюу тендерийг хянан үзэх шатанд хасагдах ёстой байхад Сангийн яам уг зөрчилд дүгнэлт хийгээгүй тус компанийг шаардлагад нийцсэн гэж үзсэн нь хууль бус болно.

Мөн Б******* ХХК тендерт техникийн чадавхтай болохоо нотолж, өрмийн машинтай гэсэн мэдээллийг ирүүлсэн байгаа боловч уг машин нь гаалийн мэдүүлэг, техникийн улсын гэрчилгээнд кран автомашин гэж бүртгэгдсэн байна.

Б******* ХХК нь краны зориулалттай автотехникийг өрмийн машин болгон зориулалтыг нь өөрчилсөн хуурамч материал бүрдүүлэн тендер ирүүлсэн байхад энэ байдлыг сангийн яам дүгнээгүй нь хууль бус болно.

Б******* ХХК-ийн Төв аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэж байгаа барилга угсралтын ажил дуусаагүй байхад энэ талаар захиалагчид мэдээлээгүй хууль зөрчсөн байна.

Ийнхүү Б******* ХХК нь хуурамч материал бүрдүүлж, шаардлага хангаагүй тендер ирүүлсэн атлаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тендерийн Үнэлгээний хороог өөрийг нь хууль бусаар шалгаруулаагүй мэтээр гомдол гаргаж байгаа нь илтэд хууль бус байхад сангийн яам эдгээр байдалд бодит дүгнэлт өгөөгүй, эсхүл зориуд орхигдуулан, үндэслэлгүйгээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон байх тул Сангийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6-1/6776 бичгийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын гэрээг байгуулах эрхийг минь сэргээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Тендер шалгаруулалттай холбоотой асуудал шүүхэд маргаантай байхад Сангийн яам нь тендерийн хүчинтэй хугацааг дуусгаж, тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй талаар 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/8033 дугаар албан бичгээр мэдэгдсэн ба уг шийдвэрийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон манай компани үндэслэлгүй гэж үзсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д ...иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар дамжуулан тус яаманд 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2/4208 дугаар албан бичгээр Тендер шалгаруулалтын тендерийн хүчинтэй хугацааг дахин тооцох тухай хүсэлт гаргасан юм.

Гэтэл Сангийн яамнаас 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/8470 дугаар албан бичгээр боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн тул хууль зүйн үр дагавар бүхий захиргааны актад холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу ...нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Тодруулбал,

1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нээлттэй тендер шалгаруулалт зарласан.

2.Тендерт оролцохыг сонирхогч этгээдээс 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тодруулга авах тухай хүсэлт ирүүлсэн байдаг.

3.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар уг тодруулгад хариу ирүүлэхийг Эрчим хүчний яаманд хандан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр А-6/912 дугаар албан бичгээр хүсэлт ирүүлсэн боловч уг тодруулгын хариуг зохих хугацаанд ирүүлээгүй удаасан.

4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/6/1377 дугаар, А-6/1912 дугаар, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А-2/1924 дүгээр албан бичгээр тодруулгын хариуг шаардсан байна.

5.Эрчим хүчний яам нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн в/3114 дүгээр албан бичгээр тодруулгын хариуг ирүүлсний дагуу тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлт оруулж, энэ талаар сонирхогч этгээдүүдэд мэдэгдсэн болно.

6.Тендерийн нээлтийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн.

7. Тендерийг нээснээс хойш 42 дахь хоног дээр нь Тендер шалгаруулалтын үнэлгээг хийж, ялагчаар манай компанийг шалгаруулсан.

8. Уг шалгаруулалтыг эс зөвшөөрч Б******* ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд тус яам нь тендерийн нээснээс хойш 47 дахь хоног дээр нь буюу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/7121 дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг түдгэлзүүлж, 48 дахь хоног дээр нь буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/7302 дугаар албан бичгээр тендер хүчинтэй хугацааг сунгах зөвшөөрлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар олгосон шийдвэр гаргасан байдаг.

9. Эндээс үзвэл Сангийн яам нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.5-д заасан 45 хоногт тендер хүчинтэй байна гэж заасны дагуу тендер шалгаруулалтыг явуулсныг зөвшөөрч, мөн хуулийн 29.4-т заасны дагуу 30 хоногоор сунгасан гэх хууль ёсны итгэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон тендерийн оролцогчдод төрүүлсэн юм.

10. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь ийнхүү ойлгож, итгэсэн болох нь тус газраас К и ХХК-д хүргүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А-2/3891 дүгээр албан бичигт ...Сангийн яам 30 хоногоор сунгасан болно гэх, Сангийн яаманд өөрт нь хүргүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А-2/4208 дугаар албан бичгээр ...танай яамны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/7302 дугаартай албан бичгийн дагуу 30 хоног сунгасан. Тендерт оролцогчийн гаргасан гомдлын дагуу танай яаманд хянагдсан буюу түдгэлзсэн байсан 10 хоногийг нэмж тендерийн хүчинтэй хугацааг тооцож үзэхэд 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр тендер хүчинтэй хугацаа дуусахаар байсан...гэдгээр нотлогдож байна.

11. Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг хууль нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас уг хуулийг хүчин төгөлдөр үйлчилж эхэлхээс өмнө буюу 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зарласан тендерийг хуулийн хуучин зохицуулалтаар явуулж байгаа бөгөөд энэ нь эдгээр байгууллагад нэг мөр ойлгогдсон үйл ажиллагаа байсан юм.

12. Гэтэл Сангийн яам тендерийн хүчинтэй хугацааг ямар арга, зарчмаар тоолж тендер хүчинтэй хугацаа 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусч байгаа нь тодорхойгүй, өөрийнх нь тендерийн хүчинтэй хугацааг сунгасан шийдвэртэй илт зөрчилтэй байна.

Сангийн яамны тоолсноос үзвэл зөвхөн энэ тендерийн хүчинтэй хугацааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2019 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө мөрдөж байсан заалтын дагуу 45 хоног гэж тооцон, 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш мөрдөж эхэлсэн шинэ заалтын дагуу 15 хоног нэмж тоолохоор шийдвэрлэсэн гэдэг нь тус яамнаас тайлбарлаагүй ч харагдаж байна.

Ингэхдээ өөрийн гаргасан тендерийн хүчинтэй хугацааг түдгэлзүүлсэн 8 хоногийг хасаж тооцоогүй байгаа нь илт хууль бус бөгөөд хэн нэгэнд зориулсан хууль бус ажиллагаа гэж үзэхээр байна.

Дээрх хууль зөрчсөн ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Худалдан авах ажиллагаанд ил тод,өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлана гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим болох зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудад нийцэхгүй, аль хуулийг сонгож хэрэглэхээ өөрийн үзэмжээр шийдвэрлэж байгаа нь дураар авирласан үйлдэл гэж үзэж байна.

13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тендер шалгаруулалттай холбоотой ажиллагааг эс зөвшөөрвөл төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 5 хоногийн дотор гомдол гаргах, шүүхэд хандан 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах, төрийн захиргааны байгууллага гомдлын 14 хоногийн дотор, шүүх 30, хоног, нэмээд 15 хоног сунгаж шийдвэрлэж болохоор Улсын Их Хурлаас хуульчлан тогтоосон байдаг.

Хуулийн дээрх заалтуудын дагуу тендерт оролцогч тендерт шалгаруулалтад холбогдуулан гомдол гаргаж, эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх хамгийн бага хугацаа нь л гэхэд 49 хоног болох нь харагдаж байна.

14. Дээрхээс үзвэл хэн нэгэн оролцогч нь хуульд заасны дагуу гомдол гаргасан бол тендер шалгаруулалтыг зогсоох, үүний дотор тендер хүчинтэй хугацааг тасалдуулахгүй бол маргаан гарсан тендерээс нэг ч тендер нь тендерийн хүчинтэй хугацаанд багтаж асуудлыг шийдвэрлэхгүй, нэг ч тендер цаашид явагдахгүй байх зөрчилдөөн үүсгэхэд хүрээд байна.

15.Хэрэв Сангийн яам нь тендерийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн хуулийн заалтын дагуу явуулах шаардлагатай гэж үзсэн бол энэ талаар хяналт тавих эрхээ хэрэгжүүлээгүй буруутай ба Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, тендерт оролцогчдод итгэл төрүүлэх үйлдэл гаргаж, тендерийн хүчинтэй хугацааг 45 хоногоор тооцож, энэ нь дахин сунгахдаа 30 хоногоор сунгагдсан гэж ойлгогдсоны улмаас тендерт оролцогч манай компани тендерийн баталгаа болгон их хэмжээний хөрөнгөөр олон сарын турш банкинд байршуулж алдагдалд оруулах, өөр бизнес хий цаг хугацааг алдагдуулах зэрэг хохиролыг бий болгосон болно.

Иймд Сангийн яамны хууль бус үйл ажиллагааны улмаас манай компанийн гэрээ байгуулах эрхийг зогсоон, тендерт оролцогчийн хувиар хохирсныг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын дагуу хамгаалж, К И ХХК-тай гэрээ байгуулах эрхийг үндэслэлгүйгээр зогсоосон Сангийн яамны хууль бус эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, гэрээ байгуулах эрхийг нээж өгөхийг тус яаманд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарласан ТӨБЗГ-2019/ХVI.1.21 дугаартай Т******* УЦС-аас аймгийн төв рүү татах 110 кВ-ын ЦДАШ, дэд станц /Г*******/ тендер шалгаруулалтад Б******* ХХК-аас гаргасан гомдлыг тендерийн баримт бичиг, оролцогчдын ирүүлсэн тендер, холбогдох бусад материалд үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хянан үзсэн.

Б******* ХХК ирүүлсэн албан бичигтээ өрмийн машин гэж мэдүүлсэн 1******* УБЕГ улсын дугаартай машин нь эрчим хүчний салбарт түгээмэл хэрэглэгддэг өрмийн машин бөгөөд Монгол Улсын гаалиар анх бүртгэхдээ зөвхөн крантай тусгай зориулалтын машинаар бүртгэсэн байсныг Улаанбаатар хот дахь газарт дахин хүсэлт гарган крантай өрөмтэй машинаар бүртгүүлсэн талаар дурдаж, захиалагчийн шийдвэрийг хянан үзэхийг хүссэн гомдол гаргасан.

Б******* ХХК-иас гаргасан гомдлын хүрээнд захиалагчийн шийдвэрийг хянан үзээд энэхүү маргаантай асуудлыг авто тээврийн үндэсний төвөөс дахин тодруулсны үндсэн дээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад заасныг үндэслэн захиалагчид 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/7304 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б******* ХХК-ийн гүйцэтгэх захирал А.М******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компанид Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх-ийн 2020 оны 02 дугаар сарын 07 өдрийн 128/ШЗ2020/1222 дугаартай гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай шүүгчийн захирамжийг хүргүүлсэн байна.

Тус захирамжид К и ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд Б******* ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй байх тул гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай дурьдсан байна.

Гэвч Т******* УЦС-аас аймгийн төв рүү татах 110 кВ-ын ЦДАШ, дэд станцын ажил /Г*******/, ТӨБЗГ-2019/ХVI.1.21 дугаартай төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа дууссан тул тус тендер шалгаруулалт бүхэлдээ хүчингүй болсон тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар-ын 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн А-2/4466 тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн болно. Энэхүү мэдэгдлийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар-ын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А-2/3984 тоот албан бичгээр дээрх сонгон шалгаруулалтад Б******* ХХК болон Д******* Т******* ХХК-ийн түншлэл шалгарч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүчингүй болсон гэж ойлгож байна.

Дээрх албан мэдэгдлүүдийг үндэслэн Б******* ХХК болон Д******* Т******* ХХК-ийн түншлэл тус тендерээс албан ёсоор татгалзаж тендерийн баталгааг цуцлах хүсэлтийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1-2020/01 тоот албан бичгээр хүргүүлж 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Төрийн банк-аар гаргуулсан тендерийн баталгааг цуцалсан болно.

Иймд тус түншлэл нь ТӨБЗГ-аас зарласан Т******* УЦС-аас аймгийн төв рүү татах 110 кВ-ын ЦДАШ, дэд станцын ажил /Г*******/, ТӨБЗГ-2019/ХVI.1.21 дугаартай төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн оролцогч биш болсон бөгөөд тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд Б******* ХХК болон Д******* Т******* ХХК-ийн түншлэлийн эрх ашиг зөрчигдөхгүй тул гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй гэж үзэж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч КХХК нь Сангийн яаманд холбогдуулан Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 6-1/7304 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагаа Сангийн яамны хууль бус үйл ажиллагааны улмаас манай компанийн гэрээ байгуулах эрхийг зогсоон, тендерт оролцогчийн хувиар хохирсныг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын дагуу хамгаалж, КХХК-тай гэрээ байгуулах эрхийг үндэслэлгүйгээр зогсоосон Сангийн яамны хууль бус эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, гэрээ байгуулах эрхийг нээж өгөхийг тус яаманд даалгах гэж нэмэгдүүлсэн байна.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчийн гаргасан Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/7304 албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын зарласан ТӨБЗГ-2019/XVI.1.21 Т******* УЦС-аас аймгийн төв рүү татах 110 кВ-ын ЦДАШ, дэд станц /Г*******/ эрчим хүчний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нээж, тендерийн ялагчаар КХХК-ийн шалгаруулж, Б******* ХХК-ийг шаардлага хангасан тендер ирүүлээгүй гэж үзэж шалгаруулалтаас хасаж тус тус шийдвэрлэсэн байна.

Ийнхүү КХХК нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зарласан ТӨБЗГ-2019/ХVI.1.21 Т******* УЦС-аас аймгийн төв рүү татах 110 кВ-ын ЦДАШ, дэд станц /Г*******/ барих тендерийн ялагчаар шалгарсны дагуу, Захиалагчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-2/3579 дугаар албан бичгийн дагуу гэрээ байгуулах эрх олж авсан байжээ.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Б******* ХХК-аас Сангийн яаманд хандан гаргасан гомдол гаргасан байх бөгөөд гомдлын үндэслэл нь ... 1******* УБЕ улсын дугаартай машин нь эрчим хүчний салбарт түгээмэл хэрэглэгддэг өрмийн машин бөгөөд Монгол Улсын гаалиар анх бүртгэхдээ зөвхөн крантай тусгай зориулалтын машинаар бүртгэсэн байсныг Улаанбаатар хот дахь газар дахин хүсэлт гарган крантай өрөмтэй машинаар бүртгүүлсэн талаар дурдаж, захиалагчийн шийдвэрийг хянан үзэхийг хүссэн... байна.

Б******* ХХК-ийн гомдлыг Сангийн яам хянаад 2019 оны 10 дугаар сарын 31-ний 6-1/7304 дугаар албан бичгээр тендерийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Сангийн яамны энэ шийдвэрийг нэхэмжлэгч КХХК эс зөвшөөрч шүүхэд маргаж байгаа үндэслэл нь ... Б******* ХХК илтэд шаардлага хангаагүй тендер ирүүлсэн бөгөөд Сангийн яам тус компанийн ирүүлсэн тендерийг нь бүрэн нягталж, хянан шалгах ёстой байхад уг үүргээ биелүүлээгүй, Авто тээврийн үндэсний төв, Гаалийн ерөнхий газар зэрэг холбогдох бүртгэл явуулах эрх бүхий байгууллагаас Б******* ХХК-ийн ирүүлсэн автомашины зориулалтыг шалгаж боломжтой байхад шалгаагүй атлаа тендерт ирүүлсэн машины зургаас өрөмдлөг хийх зориулалттай машин мөн гэх дүгнэлтийг хийж, тус компанийг шаардлага хангасан тендер ирүүлсэн гэж үзэн үр дагавар үүсгэж, дахин үнэлгээ хийлгэхээр шууд тендерийг хүчингүй болгосон нь хууль бус гэж маргажээ.

Хариуцагчаас Б******* ХХК-ийн гомдлыг хянаад ...гомдолд хавсаргасан материалаас үзэхэд Д******* ХХК-ийн 1******* УБЕ улсын дугаартай машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний тусгай тэмдэглэлд өрмийн зориулалттай гэж байх бөгөөд тус машины фото зургаас үзэхэд өрөмдлөг хийх зориулалттай машин байсан, иймд авто тээврийн үндэсний төвөөс дахин тодруулсны үндсэн дээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх ийг даалгаж шийдвэрлэсэн. Сангийн яам баримтын хүрээнд шалгадаг. Манай шийдвэр Б******* ХХК-ийг шалгаруул гэсэн шийдвэр биш гэж маргаж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7-д энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмыг батлах гэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ гэж, 55 дугаар зүйлийн 55.3-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана гээд 55.3.1-д энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх гэж, 55.3.3-т зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн 55 дугаар зүйлд зааснаар Сангийн яам зөрчлийг шалгаж, тогтоох үүрэгтэй болох нь зөрчсөн гэж үзвэл гэснээр тодорхойлогдож, зөрчил байгаа нь тогтоогдвол 55.3.1, 55.3.3-т заасан шийдвэр гаргахыг хуульчлан тогтоосон байна.

Мөн Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 5.1-д Сангийн яам хүлээн авсан гомдлын агуулга, шаардлагаас хамааран дор дурдсан мэдээлэл баримт бичгийг ирүүлэхийг захиалагчаас шаардаж болно гээд 5.1.12-т шаардлагатай бусад баримт бичиг гэж, 5.2-т Гомдол хянан шийдвэрлэх явцад ойлгомжгүй, зөрүүтэй болон бусад нөхцөл байдал үүсвэл Сангийн яам холбогдох албан тушаалтнаас тайлбар авч болно гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх заалт болон Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын заалтын дагуу Сангийн яам нь Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг зөвшөөрөөгүй этгээдээс гаргасан гомдлыг шаардлагатай гэж үзсэн баримтыг гаргуулан авч шалган шийдвэрлэхээр зохицуулагдсан байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...тендерт ирүүлсэн баримтын хүрээнд шалгалт хийдэг... гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайлбал Сангийн яам нь тендерийн баримт бичгийн хүрээнд шалгана гэж тайлбарлан, Б******* ХХК-ийн гомдлыг шалгаж, нягтлаад, зөрчлийг тогтоогоогүй атлаа машины фото зургаас үзэхэд өрөмдлөг хийх зориулалттай машин байна гэж дүгнэсэн, Сангийн яамны хувьд зөрчил байгаа эсэх нь тодорхойгүй байхад тендерийг хүчингүй болгож, Тендерийн үнэлгээний хороог шалгаж үнэлэх чиглэл өгч шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, Сангийн яам нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар гомдлыг хянан шалгаж байгаа бол гомдолд дурдсан зөрчлийг шалгаж, тогтоох чиг үүрэгтэй байна.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлана гэж Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд Захиргааны үйл ажиллагаанд шийдвэр гаргахдаа баримтлах тусгай зарчмыг нарийвчлан зааж өгсөн бөгөөд 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, мөн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчмыг зөрчин тендерт ялагч К-Имперкс ХХК-д мэдэгдэлгүй шийдвэрлэсэн хууль бус болно.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх эрх-тэй байхаар хуульчилсан байхад эдгээр хуулийн шаардлагыг зөрчиж шалгарсан тендерийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр болсон байхад хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Гомдол гаргасан Б******* ХХК нь бодит байдал дээр тендерийн шаардлага хангаагүй баримт ирүүлсэн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн болон CD-д бичигдсэн Тендерийн материалаар нотлогдож байна.

Тухайлбал, Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3 /г/-д боловсон хүчний шалгуурыг тогтоохдоо Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженер 1 байх шаардлагыг тогтоосон байх бөгөөд Б******* ХХК тендерт ирүүлсэн материалдаа Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженер бус, энэ чиглэлээр дипломын бус сургалтаар сертификат авсан ажилтанг санал болгож ирүүлсэн байгаа нь ТОӨЗ 5.3 /г/-д заасан тендер шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгчийн Б******* ХХК-ийн техникийн чадавхтай болохоо нотолж ирүүлсэн техник нь кран байхад өрмийн машинтай гэсэн мэдээллийг ирүүлсэн нь зөрчил байхад Сангийн яам уг байдалд дүгнэлт өгөөгүй байх бөгөөд шүүхээс явуулсан ажиллагаагаар цуглуусан нотлох баримт болох гаалийн мэдүүлэг, техникийн улсын гэрчилгээнд кран автомашин гэж бүртгэгдсэн байх тул өрмийн машин байсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд гуравдагч этгээд Б******* ХХК нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тендерийн Үнэлгээний хороог буруутгаж манай компанийг хууль бусаар шалгаруулаагүй гэж илт хууль бус гомдол гаргаж байхад хариуцагч Сангийн яам бодитой дүгнэлт гаргалгүйгээр тендерийн шаардлага хангаагүй тендер ирүүлсэн компанийн гомдлоор буюу нэг талыг барьж тендерийн ялагчаар шалгарч гэрээ байгуулах эрх үүссэн оролцогч компанийн шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулахгүйгээр шалгарсан тендерийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх тул Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 6-1/7304 тоот албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

2. КХХК-тай гэрээ байгуулах эрхийг үндэслэлгүйгээр зогсоосон Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, гэрээ байгуулах эрхийг нээж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч КХХК нь тендер шалгаруулалттай холбоотой Сангийн яамны үйл ажиллагаанд холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан байгаа ба шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд Сангийн яам нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/8038 дугаар албан бичгээр ... тендерийн хүчинтэй хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болгож, дахин тендер шалгаруулалт хүчингүй болсон тухай мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчээс Сангийн яамны дээрх албан бичгийг тендер хүчинтэй хугацааг дуусгавар болгосон, мөн дахин тендер шалгаруулалт явуулах үр дагавар үүсгэсэн, тендер хүчинтэй хугацааг буруу тоолсон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр тогтоосон байна.

Уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна, 29 дүгээр зүйлийн 29.4-д Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно гэсэн өөрчлөлт орсон тул уг заалтыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр байна.

Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага...гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэрийн ...хэрэгжилтийг...түр түдгэлзүүлэх шийдвэр гаргах...хуулийн зохицуулалттай байна.

Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журамын 4.1-д Тендерт оролцогч нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан асуудлаар үндэслэл бүхий гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Сангийн яам/-д гаргана, 4.4-д Сангийн яам гомдлыг хүлээн авч бичиг хэргийн бүртгэлд бүртгэх ба бүртгэсэн өдрөөс эхлэн хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх хугацаа тоологдоно гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримттай холбон авч үзвэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Т******* УЦС-аас аймгийн төв рүү татах 110 кВ-ын ЦДАШ, дэд станц /Г*******/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зарласан байх бөгөөд тус тендерт оролцсон компаниудаас уг тендертэй холбогдуулан тодруулга авхаар удаа дараа албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар хэлэлцэж ХVI.1.21 Т******* УЦС-аас аймгийн төв рүү татах 110 кв-ын ЦДАШ, дэд станц /Г*******/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний тайланг хэлэлцэн дүгнэлт, танилцуулгыг гаргасан байна.

Уг дүгнэлт, танилцуулгад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 02 дугаар сарын 26-ны өдрийн А/30 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо Тендерийн баримт бичгийг боловсруулж 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр цахимаар нээлттэй тендер зарлан, эрх бүхий тендерт оролцогчдоос цахим тендер ирүүлэхийг хүссэн. Тендерийн урилгыг 2019 оны 03 дугаар сарын 07-ны Өнөөдөр сонинд нийтлүүлсэн. Тендерт оролцохыг сонирхогч этгээдээс 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2019/46 дугаар албан бичгээр тодруулга авах хүсэлт ирүүлсэн бөгөөд уг хүсэлтийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-6/912, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А-/1377, А-6/912, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А-2/1924 албан бичгүүдийг захиалагч Эрчим хүчний яаманд хүргүүлсэн бөгөөд захиалагч 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн в/3114 дүгээр албан бичгээр тодруулгын хариуг ирүүлсэн. Тодруулгын хариу ирсэн тул тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлтийг оруулан захиалагчаар батлуулж 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А-1/2928 дугаар албан бичгээр тодруулгын хариуг тендерт оролцогчдод цахимаар нэгэн зэрэг хүргүүлсэн. Уг тендерийн нээлтийг оролцогчдод тодруулга хүргүүлсэн өдрөөс хойш 15 хоногоор тооцон тавьсан бөгөөд тендерийн нээлт 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 11:30 цагт нээхээр товлосон болно. Засгийн газрын 2019 оны Ажлын өдрийг шилжүүлэх тухай 340 дүгээр тогтоолоор 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласантай холбогдуулан Сангийн яамнаас асууж лавласны үндсэн дээр тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулан нээлтийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 11:30 цагт хийхээр товлосон... гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд танилцуулгаас үзвэл тендерийг 2019 оны 8 дугаар сард шинээр тендер зарласан гэж үзэх үндэслэл байхгүй юм.

Сангийн яамнаас тендерийн хүчинтэй хугацааг яаж тоолсон аргачлалаа шүүх хуралдаан дээр тодорхой нарийвчлан тайлбарлаж чадаагүй бөгөөд Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/8038 дугаар албан бичигт тендерийн хүчинтэй хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болсон гэсэн байна.

Сангийн яам нь тендерийн хүчинтэй хугацааг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29.4-д заасны дагуу тоолсон гэж үзвэл тендер хүчинтэй хугацаа нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дууссан байна.

Гэтэл Сангийн яам нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/7121 дугаар албан бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандан Гомдлыг хянах хугацаанд тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа түр хугацаагаар зогссон болохыг мэдэгдсэн-ээс үзвэл тендерийн хүчинтэй хугацааг хуучин хуульд заасан хугацаагаар тендер хүчинтэй хугацааг 45 хоногоор тоолсон гэж үзэхээр байна.

Иймд тендерийн хүчинтэй байх хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуусахаар байгаа ба нэхэмжлэгч нь тендер хүчинтэй байх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 6-1/7304 тоот албан бичиг нь хууль бус байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэн гуравдагч этгээдээр Б******* ХХК-ийг татан оролцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн материалтай танилцуулсан боловч гуравдагч этгээд нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа Б******* ХХК болон Д******* Т******* ХХК-ийн түншлэл тус тендерээс албан ёсоор татгалзаж тендерийн баталгааг цуцлах хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1-2020/01 тоот албан бичгээр хүргүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрийн банкаар гаргуулсан тендерийн баталгааг цуцалсан, уг маргааны улмаас эрх ашиг нь хөндөгдөхгүй тул гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй гэсэн тайлбарыг гаргасан байна.

Тендерт оролцогч тендерээс албан ёсоор татгалзаж, тендерийн баталгааг цуцласан нь уг тендерийн оролцогч биш болох үр дагаварыг үүсгэж байгаа тул энэхүү тендерт оролцогч КХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгосон, тендерийн хүчинтэй хугацааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон Сангийн яамны шийдвэр хууль бус болохыг тогтоон КХХК-тай гэрээ байгуулах эрхийг сэргээн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4, 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.2, 55.3, 55.3.1, 55.3.3, 55.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч КХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 6-1/7304 тоот албан бичгийг хүчингүй болгож, КХХК-тай гэрээ байгуулах эрхийг үндэслэлгүйгээр зогсоосон Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулах эрхийг нээж өгөхийг тус яаманд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ