Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 116/2023/0035/З |
Дугаар | 221/МА2024/0086 |
Огноо | 2024-02-01 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2024/0086
“Х э” ХХК, “ГБ” ХХК,
“ИИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0036 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Х э” ХХК, “ГБ” ХХК, “ИИ” ХХК
Хариуцагч Д аймгийн Х сумын засаг дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “Х э” ХХК, “ИИ” ХХК-ийн захирал Ч.М
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Бх
Хариуцагч Д аймгийн Х сумын засаг дарга Х.Х-Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т
Хэргийн индекс: 116/2023/0035/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0036 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Х э” ХХК, “ГБ” ХХК, “ИИ” ХХК-ийн “Д аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/41 А/43 А/44 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1. “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримталсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч гурван компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Нэхэмжлэгч гурван компанийн эзэмшил газрыг Д аймгийн Х сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/26 дугаар захирамжаар газрын байршлыг өөрчлөн Шорвогт шилжүүлсэн. Уг захирамжийн Захирамжлах хэсгийн 1-д “Тус сумын Ташгай багийн нутагт “Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтан өсгөн үржүүлэх” зориулалтаар газар эзэмших эрх авсан “Х э” ХХК 4861 га, “Ии” ХХК 7000 га, “ГБ” ХХК 10000 га, “Н ” ХХК 4232 га, нийт 26093 га газрын байршлыг өөрчлөн Шорвогт шилжүүлсүгэй” гэсэн.
Манай гурван компанийн анхны газар эзэмших эрхийн зориулалт нь:
-“Х э” ХХК нь Х сумын Засаг даргын 2012 оны А/89 дүгээр захирамжаар 4861 га газрыг 15 жилийн хугацаатай “эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, тэжээлийн ургамал зориулалтаар”,
-“ГБ” ХХК нь Х сумын Засаг даргын 2011 оны А/108 дугаар захирамжаар 10000 га талбайг 15 жилийн хугацаатай ургамал тариалах “фермерийн аж ахуй эрхлэх, тэжээлийн зориулалтаар”
-“ИИ” ХХК нь Х сумын Засаг даргын 2012 оны А/90 дүгээр захирамжаар 7000 га талбайг 15 жилийн хугацаатай “эрчимжсэн суурин мал ахуй аж ахуй эрхлэх, тэжээлийн ургамал зориулалтаар” тус тус эзэмших эрхтэй байсан.
Х сумын Засаг даргын 2016 оны А/26 дугаар захирамжийн гол агуулга нь газрын байршил өөрчлөх зорилготой, харин “Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтан өсгөн үржүүлэх” зориулалтаар газар эзэмших эрх авсан гэсэн бичвэр нь өмнөх захирамжийг илтэд гуйвуулж, өөр агуулгаар бичигдсэн байдаг боловч бид газрын байршил шилжүүлэх үндсэн зорилгодоо нийцсэн акт гэж үзэж уг шийдвэрт гомдол гаргаж байгаагүй.
2.2. Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай тогтоол гарсан. Түүний дагуу Монгол улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор Д аймгийн Х сумын нутаг дэвсгэрт Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулж, 500000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журмын” 1 дүгээр зүйлээр нийтлэг үндэслэлийг, 2 дугаар зүйлээр бүсийн удирдлага, зохион байгуулалтыг, 3 дугаар зүйлээр бүсийн газар ашиглалтыг журамласан. Гурван компанийн эзэмшиж буй газар нь улсын тусгай хэрэгцээний газрын хил хязгаарт багтаж байгаа тул “Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журмын” 2.2-д Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа бүсэд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 2.2.6 бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах иргэн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах, 3.1-д “Бүсийн газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг бүсийн захирал гаргана” гэж заасан. Чөлөөт бүсийн 500000 га газрыг эзэмшүүлэх, ашиглуулах талаарх шийдвэрийг Бүсийн захирал гаргах, Засгийн газрын 2018 оны 109 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны Захиргаа, удирдлагын нэгж, бүсийн захирал нь Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.7-д заасан эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулсан. Харин түүний гаргасан захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өөрчлөх буюу хүчингүй болгохоор энэ зүйлийн 8.6-д заажээ. Өөрөөр хэлбэл, Х сумын Засаг дарга нь газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх нь 328 дугаар тогтоол гарснаар хязгаарлагдсан.
2.3. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараах газар хамаарна гээд: 16.1.13. үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх газар” гэж заасны дагуу Улсын их хурлын 2016 оны 46 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийг байгуулсан. Харин Х сумын Засаг дарга, түүний дээд шатны Засаг дарга нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д зааснаар үндэсний бүтээн байгуулалтын бүсийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрхгүй болно. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7-д Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно, 8-д Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг ба 328 дугаар тогтоол нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр батлагдаж одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байна.
2.4. Журмын 3.1-д “Бүсийн газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг бүсийн захирал гаргана” гэж, 3.5-д Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулагдахаас өмнө тухайн нутаг дэвсгэрт хуулийн дагуу газар эзэмшиж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээдтэй бүсэд дагаж мөрдөх тариалангийн технологийн журмын дагуу шинээр гэрээ байгуулж, газар эзэмших, ашиглах гэрчилгээг олгоно гэж заасан. Гэвч Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А-01 дугаар тушаалаар нэр бүхий 20 компанид Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ, газар ашиглуулах гэрээг байгуулж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохдоо Журмын 3.3, 3.5-д заасныг зөрчиж манай гурван компанийн эзэмшиж байсан газартай давхцуулан газар олгосон байдаг. Ийнхүү олгосон нь холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчсөн тул Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-01 дугаар тушаалаар 2016 оны А-01 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч компаниудтай байгуулсан дээрх гэрээнүүдийг цуцалж, газар ашиглуулах гэрчилгээг хүчингүй болгосон. Энэ актыг эс зөвшөөрч 10 орчим компани Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг үүсгэсний дараа тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4952 дугаар захирамжаар 2017 оны А-01 захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн байна. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарснаар дээрх актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамж дуусгавар болжээ. Энэ хугацаанд бид 328 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 3.5-д заасны дагуу шинээр гэрээ байгуулах, гэрчилгээ авах, нөгөө талдаа бүсийн захиргаа бидэнтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, үүний дагуу газрыг зориулалтын дагуу ашиглах хууль зүйн боломж байхгүй байсан тул 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгах үндэслэл үгүйсгэгдэнэ.
2.5. Дээрх баримтуудыг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нотлох баримт гаргуулах тухай албан бичгийн хариуд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны 0/533 дугаар албан бичгээр ирсэн захирамжаар хэрэгт хавсаргасан. Харин 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2018/4952 дугаартай захирамжийг гаргуулан авахыг шаардсан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг баримтыг ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Хариуцагч нь шүүх хуралд “хэдийгээр Засгийн газрын тогтоол гарсан хэдий ч анх олгосон эрх бүхий этгээд заавал өөрөө цуцлах үүргийг хүлээнэ” гэж маргадаг боловч Бүсийн захирал газар олгох эрхтэй талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 504 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Журмын 3.1 дэх хэсгээр бүсийн захирал бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхийг тодорхой заан..., 3.6 дахь хэсгээр газар эзэмших, ашиглахтай холбоотой бусад харилцааг газрын тухай хууль тогтоомжийг нарийвчилсан зохицуулалтыг баримтлахыг журамлаж өгсөн байх тул” гэж, Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0002 магадлалын Хянавал хэсэгт “Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээв”, “Засгийн газраас өөрийн эрх хэмжээний хүрээнд бүсийн газрыг хэрхэн эзэмшүүлж ашиглуулахыг журамласан...”, “бүсийн захирал энэхүү шийдвэрийг гаргана” гэж журмын 3.1-д хоёрдмол утгагүй заасан...” гэж тус тус дүгнэсэн нь тухайн бүс нутагт сумын засаг дарга бус бүсийн захирал газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргах, цуцлах эрхтэйг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр юм.
Анхан шатны шүүх Засгийн газрын 328 дугаар тогтоол, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамж, компаниудын газрыг давхардуулан олгосон зэрэг нь Д аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/41, A/43, А/44 захирамжийг шууд хүчингүй болгох үндэслэл болохгүй юм гэж хэт ерөнхий дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасан агуулгыг тусгаагүй бөгөөд 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шаардлагыг хангахгүй боллоо. Засгийн газрын 328 тогтоол, давхардуулан олголт болон түүнтэй холбоотой захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь манай 3 компанийн гол “хүндэтгэн үзэх шалтгаан” болохыг анхан шатны шүүх зөв дүгнэлт хийлгүй дээрх байдлаар ойлгомжгүй орхигдуулсан.
2.6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан нөхцөл бүрдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа зэргийг гэрээгээр зохицуулах бөгөөд өмнөх үндэслэлийн нэгэн адилаар энэ талаар Х сумын Засаг дарга биш, Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирал, удирдлага гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, дүгнэлт хийх эрх зүйн чадамжтай гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт нь мөн хуульд нийцсэнгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг нэхэмжлэгч нар зөрчөөгүй тул мөн зүйлийн 40.1.1 дэх заалтыг зөрчсөн гэх дүгнэлт нь давхар үгүйсгэгдэнэ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1. Нэхэмжлэгч “Х э” ХХК, “ГБ” ХХК, “ИИ” ХХК-аас “Д аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/41, А/43, А/44 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
2. Хариуцагч Д аймгийн Х сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн, 2023 оны А/41 дүгээр захирамжаар тус сумын Ташгай багийн нутагт “Х э” ХХК-ийн 4861 га газрыг, А/43 дугаар захирамжаар “ГБ” ХХК-ийн 10000 га газрыг, А/44 дүгээр захирамжаар “ИИ” ХХК-ийн 7000 га газрыг тус тус эзэмших эрхийг дуусгавар болгож, энэ захирамж гарсантай холбогдуулан 2016 оны А/26 дугаар захирамж, гэрээ гэрчилгээг хүчингүйд тооцжээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч компаниудын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “... Засгийн газрын 328 дугаар тогтоол, давхардуулан олголт болон түүнтэй холбоотой захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь манай 3 компанийн гол “хүндэтгэн үзэх шалтгаан” болохыг анхан шатны шүүх зөв дүгнэлт хийлгүй орхигдуулсан. ... Уг тогтоол хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа зэргийг гэрээгээр зохицуулах бөгөөд өмнөх үндэслэлийн нэгэн адилаар энэ талаар Х сумын Засаг дарга биш, Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирал, удирдлага гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, дүгнэлт хийх тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт нь хуульд нийцсэнгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг нэхэмжлэгч нар зөрчөөгүй тул мөн зүйлийн 40.1.1 дэх заалтыг зөрчсөн гэх дүгнэлт нь давхар үгүйсгэгдэнэ...” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон давж заалдах гомдолд дурдсан газраа ашиглаагүй “хүндэтгэн үзэх шалтгаан” гэх “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа нь шинээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй, ... манай 3 компанийн газартай давхцуулан 24 аж ахуйн нэгжид газар эзэмшүүлснээс зарим аж ахуйн нэгж захиргааны шүүхээр маргасан, гэрээ гэрчилгээгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхгүй тул хүлээсээр байсантай холбоотой байхад шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй ...” гэсэнтэй холбоотой тус бүсийн талаарх Улсын Их Хурал, Засгийн газрын дараах шийдвэрүүдээс нэхэмжлэгчийг тухайн бүсэд газар эзэмших эрх нь хэрэгжих боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээргүй байна.
6. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг үндэслэн Д аймгийн Х сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн "Халх гол" чөлөөт бүсийг байгуулж, "Халх гол" чөлөөт бүсийн газрын хэмжээг 500 мянган га-гаар тогтоож, хилийн цэсийг хавсралтаар батлан, холбогдох журмыг батлах, орчин үеийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэд бүтцийг байгуулах зэрэг арга хэмжээг 2015 оноос авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ.
7. Уг тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед хариуцагч Д аймгийн Х сумын Засаг дарга нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/26 дугаар захирамжаар нэхэмжлэгч компаниудын эзэмшиж байсан газрын байршлыг өөрчлөн, маргаан бүхий актад дурдсан хэмжээгээр дээрх тогтоолд заасан “Халх гол” чөлөөт бүсийн газарт шилжүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
8. Үүний дараа Улсын Их Хурлын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газарт Хөдөө аж ахуйн "Халх гол" үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах, хэмжээ, хилийн зааг, холбогдох журмыг батлах арга хэмжээ авахыг даалгасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолоор тус бүсийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хэмжээ хилийн заагийг 1 дүгээр, “Бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсан байх бөгөөд уг журмын 3.5-д зааснаар "Халх гол" үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулагдахаас өмнө тухайн нутаг дэвсгэрт хуулийн дагуу газар эзэмшиж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээдтэй бүсэд дагаж мөрдөх тариалангийн технологийн журмын дагуу шинээр гэрээ байгуулж, гэрчилгээг олгохоор заажээ.
9. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоол хүчин төгөлдөр байх үед нэхэмжлэгч компаниуд өөрсдөө эзэмшил газрыг шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу “Халх гол” бүсэд газар эзэмшүүлсэн захирамж гарсан, дээрх журмын дагуу тус бүсийн захиргаа нь шинээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаатай холбоотой нэхэмжлэгч компаниуд нь тухайн үед зохих байгууллага, шүүхэд гомдол нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй байх тул газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
10. Иймд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч компаниудын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х э” ХХК, “ГБ” ХХК, “ИИ” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х э” ХХК, “ГБ” ХХК, “ИИ” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ