Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00479

 
 

 

Монгол дээд сургуулийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02478 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1965 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Монгол дээд сургууль

Хариуцагч: ОДНД ХХК

 

нэхэмжлэл: гадна цахилгаан дамжуулах кабель шугамыг бүхэлд нь солиулах ажлыг хариуцагч ОДНД ХХК-д даалгах, 3,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар 2019.12.18-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Б.Дэлгэрсайханаас гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Дашзэвэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2017 оны 08 сарын сүүлээр ОДНД ХХК-ийн экскаваторын жолооч экскаваторын шанагаараа Монгол дээд сургуулийн гадна цахилгааны кабель шугамыг татсанаар шугам дундуураа тасарсан. Хариуцагч нь энэхүү буруутай үйлдлээ хүлээж манай цахилгааны утсыг янзалж, холбосон. Тухайн үед нэхэмжлэгчийн зүгээс дахиад ийм асуудал гаргавал цахилгааны шугамын утсыг бүтнээр нь сольж өгөөрэй, учир нь буудсан утас бүх газраараа нялцайдаг учраас бага зүйлд тасарна гэхэд хариуцагчийн захирал Б.Дэлгэрсайхан нь манайд 200 метр утас байгаа, бүгдийг сольж өгнө гэсэн. Үүнээс хойш 1 сарын дараа дахиад сургуулийн цахилгааны утас тасарсан. Энэ үед хариуцагч нь хаана тасарсныг олуулчих, бид солиод өгнө, хайлгасан зардлыг төлнө гэж хэлсэн. Үүнээс хойш цахилгааны шугам дахин 2 удаа тасарсан бөгөөд тухай бүрт нь хэлэхэд удахгүй бүтнээр нь сольж өгнө гээд өгөөгүй байна. Хариуцагч тал өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрч манай сургуулийн цахилгааны шугамыг 3 удаа холбож өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийг зам тавьж байх явцад шугам тасарсан болохыг тогтоосон. Сургууль цахилгаангүй олон хоносон бөгөөд бид кабелийн утас худалдан авч сургуулийнхаа нөгөө байрнаас шугам түр татаж аргацаасан байдалтай байгаа ба хүүхдүүдийн амь насанд эрсдэл үүсч болзошгүй байна... Монгол дээд сургуулийн гадна цахилгаан дамжуулах кабель шугамыг бүхэлд нь солиулах ажлыг хариуцагч ОДНД ХХК-д даалгаж, 3,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 3,450,000 төгрөгт тасарсан кабель утсыг хайлгах, салгах 2 удаагийн зардалд 462,000 төгрөг, 108,350 төгрөг, сургууль дотор цахилгааны утас татсан 224,400 төгрөг, сургуулийн гадна цахилгаан хангамжийн 0.4 кв-ын цахилгаан дамжуулах кабель шугамын зураг хийлгэхэд 350,000 төгрөг, дэлгүүрээс худалдан авсан 100 метр цахилгааны утасны үнэ 740,000 төгрөг, 3 ширхэг уртасгагчийн үнэ 150,000 төгрөг, кабель үзүүрлэх материалын үнэ 12,700 төгрөг, 3 ширхэг төмөр торон хайс 150,000 төгрөг, цахилгаан тасарч ажилгүй байсан 14 хоногийг 1 хоногийн 100,000 төгрөгөөр тооцож 1,400,000 төгрөг гэсэн хохирлууд хамаарна. Иймд Монгол дээд сургуулийн гадна цахилгааны кабель шугамыг бүхэлд нь солиулах ажлыг хариуцагч ОДНД ХХК-д даалгаж, 3,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: ОДНД ХХК Нийслэлийн авто замын хөгжлийн газартай 2017.08.11-ний өдөр 2017/НТ-420-1 тоот ХУД, 3-р хороо, дүүргийн цогцолборын замаас хойш Чингисийн өргөн чөлөө рүү холбогдох нэг эгнээ шинэ замын ажлын гэрээ-г байгуулж ажилласан. Нийслэлийн авто замын хөгжлийн газартай байгуулсан гэрээнд заасан авто замын ажил нь нэхэмжлэгч байгууллагын хажуугийн авто замын ажил байсан юм. Хариуцагчийн зүгээс дээрх авто замын ажлыг хийж гүйцэтгэхдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл хийгээгүй болно. Тухайн 0.4 кв-ын шугам нэхэмжлэгчийн өмч эсэх нь тогтоогдохгүй байна. Учир нь, тухайн кабель нь 1975 онд ашиглагдаж эхэлсэн бөгөөд 1997 онд Монгол гутал компаниас тус Монгол дээд сургууль худалдан авсан учраас өөрсдөө хийсэн шугам биш гэж үзэж байна. Тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын стандартын дагуу УБЦТС ТӨХК-ийн татсан шугам болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч тал өөрсдөө цахилгааны шугам татсан баримтаа шүүхэд өгсөн бол нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд эсэх талаар маргахгүй. Хариуцагч компани нь авто замын барилгын ажил гүйцэтгэхдээ Монгол Дээд сургуулийн захирал Н.Дашзэвэгтэй харилцан ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр тус сургуулийн авто зогсоолд автомашинуудаа байршуулж зохих төлбөрийг нь төлсөн. Өөрөөр хэлбэл, авто замын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тээврийн хэрэгслүүдийг байрлуулахаар нэхэмжлэгчийн авто зогсоолыг 700,000 төгрөгөөр түрээсэлж, төлбөрийг нь 2017.08.28-ны өдөр Н.Дашзэвэгийн Хасбанкны тоот дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөлгүй, дур мэдэн оруулж, авто зогсоолд гэмтэл учруулсан хэмээн нэхэмжилж буй нь худал болно. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ОДНД ХХК-ийг хог үлдээж явсан, хашааны 3 ширхэг төмөр хайс эвдэлсэн хэмээн дурдсан байх боловч эдгээр нь огт үндэслэлгүй юм. Учир нь, сургуулийн хашааны хайсыг буулгах, зайлуулах арга хэмжээг авахыг хариуцагчийн зүгээс удаа дараа мэдэгдэж, сануулсан боловч нэхэмжлэгч нь уг арга хэмжээг аваагүй ба нэхэмжлэгч нь тус хайсыг барихдаа нийтийн эзэмшлийн талбайд барьсан байсан тул авто замын ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд хайсыг буулгаж, нэхэмжлэгч тус төмөр хайсуудыг бүрэн бүтэн хүлээн авсан юм. Кабель шинээр солих зардал 3,540,000 төгрөг нэхэмжилсэн байсан ба дээрх кабель нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлийн кабель биш бөгөөд тус кабелийг хууль бусаар дур мэдэн газар доогуур татсан байсан. Өөрөөр хэлбэл дээрх кабель нь авто замын зураг төсөлд тусгагдаагүй, эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авч, албан ёсоор татсан кабель биш гэж үзэж байна. Мөн дээрх кабелийг 30 сантиметрээс доош суулгах стандарт тавигддаг байтал тус кабель нь дээрх стандартыг хангаагүй байсан. Авто замын барилгын ажлыг гүйцэтгэх явцад нэхэмжлэгчийн гэх кабель тасдагдсан байсан ба хариуцагч ОДНД ХХК-ийн зүгээс 2017.09.13-ны өдөр дээрх кабелийг шинээр сольж ашиглалтад оруулсан. Өөрөөр хэлбэл, Монгол дээд сургуулийн захирал Н.Дашзэвэгийг байлцуулан тус тасарсан кабелийг нь шинээр сольж ашиглалтад оруулж энэ талаар талууд акт үйлдэн баталгаажуулсан. Гэвч нэхэмжлэгч нь мөн л дээрх байдлыг үгүйсгэн кабель, түүнтэй холбогдон гарах зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Дээр дурьдсанчлан хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн кабелийг тасдаагүй ба авто замын ажлыг гүйцэтгэх явцад тасарсан кабелийг шинээр сольж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгч акт үйлдсэн тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тус кабелийг татаж, цахилгаан эрчим хүчийг ашиглах эрхтэй болохоо нотлох үүрэгтэй бөгөөд тасарсан кабелийг нь шинээр нь сольж хүлээлгэн өгсөн тул цаашид үүсэх үр дагаврыг ОДНД ХХК хариуцахгүй. Тус ОДНД ХХК нь 2017.09.13-ны өдөр өөрсдийн гэмтээсэн кабелийг солиод нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн ба 4 дэх удаагаа цахилгааны шугам тасарсан нь 2017.09.13-с хойш тасарсан учраас ОДНД ХХК ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа хэдийг хасаад 3,450,000 төгрөг болгосон нь тодорхойгүй ба санхүүгийн баримтуудад Монгол дээд сургууль гэсэн санхүүгийн тэмдэг байхгүй байгаа тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ОДНД ХХК-ийг цахилгааны утсыг соль гэсэн шийдвэр гаргалаа гэж бодоход тус компани нь зам барилгын үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд УБЦТС ТӨХК-ийн хийж гүйцэтгэх ажлыг бидэнд хий гэж даалгаж болохгүй юм. Цахилгааны шугамыг солих, засах ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэдэг болохоос ямар нэгэн хуулийн этгээд дураараа сольдог зүйл биш. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 101/ШШ2019/02478 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороонд байрлаж буй Монгол дээд сургуулийн гадна цахилгаан хангамжийн 0,4 кв-ын цахилгаан дамжуулах кабель шугамыг солиулахыг ОДНД ХХК-д даалгаж, ОДНД ХХК-иас 1,317,450 төгрөг гаргуулан Монгол дээд сургуульд олгох, нэхэмжлэлээс 2,132,550 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 139,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 106,229 төгрөг гаргуулан Монгол дээд сургуульд олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1965 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн 106,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Дэлгэрсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1965 дугаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах нь, ..ИХШХШТХ-н 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасан байх ба давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн дараахь гомдлыг гаргаж байна. 1. Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан ИХ-н 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл, гэм хор учирсан нөхцөл байдлын хооронд шалтгаант холбоотой байх шаардлагатай. Монгол дээд сургуулийн гадна байрлах цахилгаан хангамжийн 0.4 кВ кабель шугамд учирсан гэм хорыг хариуцагч хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан нь нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон нөхцөлд уг гэм хорыг хариуцан арилгах нь дээрх хуулийн хэм хэмжээнд нийцнэ. Магадлалд ...Монгол дээд сургуулийн А байрны 0,4 кв-ын цахилгаан шугамыг тасалж гэмтээсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2017.09.13-ны өдөр үйлдэгдсэн Газар доорх шугам сүлжээг ашиглалтад оруулсан тухай акт ... 2019.07.19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна... гэж дүгнэсэн боловч эдгээр баримтууд нь хариуцагчийг бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан буруутай гэдгийг бүрэн нотлоогүй. Авто замын барилгын ажлыг гүйцэтгэх явцад Монгол дээд сургуулийн эзэмшлийн гэх кабель тасдагдсан байсан ба хариуцагчийн зүгээс 2017.09.13-ны өдөр дээрх кабелийг шинээр сольж ашиглалтад оруулсан. Газар доорх шугам сүлжээг ашиглалтад оруулсан тухай акт үйлдэн баталгаажуулж Монгол дээд сургуулийн захирал Н.Дашзэвэгт хүлээлгэж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл цахилгаан шугамыг хэвийн үйл ажиллагаанд оруулж хүлээлгэн өгсөн атал үүнээс хойш үүссэн аливаа гэмтэл, хохирлыг арилгахыг хариуцагчид үүрэг болгож байгаа нь гэм хорыг учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээнд нийцээгүй. Газар доорх шугам сүлжээг ашиглалтад оруулсан тухай акт үйлдэн баталгаажуулснаас хойш дээрх цахилгаан шугам 4 удаа тасарсан гэх боловч ямар цаг хугацаанд тасарсан, уг нөхцөл байдалд хариуцагч байгууллага ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулж, дахин ашиглагдах боломжгүй болгосон талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч нь ИХШХШТХ-ийн 25.2.2, 38.1-д заасны дагуу шүүхэд гаргаагүй, нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй. Түүнчлэн цахилгааны шугам тасарсан хугацаанаас хойш 2 жил өнгөрсний дараах буюу 2019.07.19-ний өдөр үйлдэгдсэн шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 40.2-т заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын үйлдлээс шалтгаалж цахилгаан шугамд гэмтэл учирсан, түүнийг ашиглах боломжгүй болгосонд гэм буруутай гэх нөхцөл байдлыг тус шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй тогтоох боломжгүй. 2019.07.19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд Монгол дээд сургуулийн гаднах цахилгаан хангамжийн 0.4 кВ кабель шугамын эвдрэлийн шалтгаан нөхцөл болон түүний хугацааг тогтоохдоо 2017.09 сард гэж тодорхойлсон. Энэ нь Газар доорх шугам сүлжээг ашиглалтад оруулсан тухай акт үйлдэн баталгаажуулснаас хойших эсхүл өмнөх ямар хугацаанд хамаарч байгаа талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байтал нэхэмжлэгчийн гадна байрлах цахилгаан хангамжийн кабель шугамд 4 удаа гэмтэл гарч дахин ашиглагдах боломжгүй болсонд хариуцагч байгууллага гэм буруутай, гэм хор учруулсан гэж шууд дүгнэх үндэслэл байхгүй. 2019.07.19-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтийн Зг-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлаж буй Монгол дээд сургуулийн А байрны гадна цахилгаан хангамжийн 0.4 кВ-ын шугам нь 1975 онд хүчдэлд залгагдсан, ...44 орчим жил ашиглагдсан байна, ...үйлдвэрлэгч байгууллагуудын заавраар 25 жил хүртэлх хугацаагаар ашигладаг, Тухайн кабелийн ашиглалтын явцад тосон дүүргэлтийн битүүмжлэл алдагдсан, олон жилийн турш ашиглагдсан кабелийн гүйдэл дамжуулагчийн цаасан тусгаарлагч хуурайшиж, хөндийрүүлгийн чадвар муудсан байгаа тул цаашид ашиглах боломжгүй гэсэн Дүгнэлтийг гаргаж байна гэжээ. Эрчим хүчний тухай хуулийн 30.1.1-д зааснаар эрчим хүч хэрэглэгч нь стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах, өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүгэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй талаар заасан. Монгол дээд сургуулийн А байрны гаднах цахилгаан хангамжийн 0.4 кВ-ын шугам нь Монгол Дээд сургуулийн эзэмшлийн цахилгаан шугам мөн гэх боловч нэхэмжлэгч өөрийн эзэмшиж буй эд хөрөнгийн хэвийн ажиллагаа, бүрэн бүтэн байдал, ашиглалтын ажиллагааг хариуцах, зохих ёсоор хэрэгжүүлээгүй буруутай төдийгүй, ашиглалтын хугацаа хэтэрсэн цахилгаан шугам хэрэглэж байсан, уг зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй. Гэтэл зөвхөн хариуцагч байгууллагыг цахилгаан шугам тасалж гэмтээсэн нөхцөл байдалд гэм буруутай гэж шууд буруутган хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий биш байна. Ашиглалтын хугацаа хэтэрсэн кабель шугамыг огт ашиглагдах боломжгүй болгож гэм хор учруулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй тул Монгол дээд сургуулийн гадна цахилгаан дамжуулах кабель шугамыг бүхэлд нь солиулах ажлыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь ИХ-н 497.1-д заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. 3. Нэхэмжлэгчээс гаргасан эрчим хүчээр хангах гэрээ нь тус кабель шугамыг ашиглаж эрчим хүчээр хангагдах ашиглагчийн эрхийг тодорхойлох болохоос биш эзэмших, өмчлөх эрхийг нотлохгүй. Мөн тус гэрээний огноо засвартай байх ба нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэрээ байдаг. Түүнчлэн Монгол дээд сургуулийн гадна байрлах 0.4 кв цахилгаан дамжуулах кабель шугам нь тус сургуулийг цахилгаан эрчим хүчээр хангаж байсан болох мөн нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын бүрдэл хэсэг болох нь уг шугамд учирсан гэм хорыг арилгахыг шаардах эрхийг олгохгүй гэж үзэж байна. Гэтэл хоёр шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийгээгүй бөгөөд бусдын хөрөнгийн нэрийг барьж хууль бусаар нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаснаар Монгол дээд сургуулийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Монгол дээд сургууль 2019.01.10-ны өдөр ОДНД ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, сургуулийн гадна цахилгаан дамжуулах кабель шугамыг бүхэлд нь солиулах ажлыг хариуцагчид даалгах, учирсан хохирол 3,450,000 төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс хариуцагчийн гомдлын хэмжээнд магадлалын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

 

2. Хариуцагч авто зам засварын ажил гүйцэтгэж байхдаа Монгол дээд сургуулийн эзэмшлийн 0.4 кв-ын цахилгаан дамжуулах кабель шугамыг тасалсан нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

 

Иймд шүүх 3,450,000 төгрөгийн шаардлагаас Хас Оргил Эрчим ХХК-д 350,000 төгрөг, Залан энержи ХХК-д 160,000 төгрөг, УБЦТС ТӨХК-д 108,350 төгрөг төлсөн, кабель утас 224,400 төгрөг, холбогч тусгаарлагч хавчаар 12,700 төгрөг, кабелийн гэмтэл тодорхойлох төлбөрт 462,000 төгрөг төлсөн зардлыг хариуцагчаас гаргуулах, сургуулийн гадна цахилгаан дамжуулах кабель шугамыг солиулах ажлыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Иргэний хууль болон холбогдох бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02478 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1965 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 106,230 /70,200+36,030/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД, П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ