Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 485

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, суух Ц-

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, суух С-

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4-3 байр, 124 тоотод оршин суух Боржигон овгийн Бэлэгдэмбэрэлийн Отгон-Эрдэнэ /РД: ТГ88081813, утас:9950-7538/ нарт холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Н.Цогзолсүрэн, Э.Сарантуяа нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр, хариуцагч Б.Отгон-Эрдэнэ, хариуцагч Э.Сарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Цогзолсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Н.Цогзолсүрэн миний бие Энхбаатар овогтой Сарантуяад 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх буюу 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч Э.Сарантуяа нв зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн хүү болон үндсэн зээлээ огт төлөөгүй бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөр төлөх шаардлага тавихад 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгаж өгөөч, энэ хугацаанд үндсэн зээл 10.000.000 зээлийн хүү 9.000.000 нийт 19.000.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүрэн төлж барагдуулах болно гэсний дагуу бид харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан боловч одоог хүртэл нэг ч төлбөр төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу төлбөл зохих 19.000.000 төгрөгийг иргэн Энхбаатар овогтой Сарантуяагаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  “Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Э.Сарантуяа, Б.Отгон-Эрдэнэ нарт 10,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн байдаг. Энэ хугацаанд зээлдэгч нараас 3,000,000 төгрөгийг төлөөд үүнээс хойш ямар нэг төлбөр хийгээгүй. Үндсэн төлбөр болон хүүг төлөхийг шаардахад зээлийн гэрээний хугацааг сунгаж өгөөч гэж хүссэний дагуу 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл зээлийг 6 сарын хугацаатай сунгасан байгаа юм. Жилийн хугацаанд хүү 12,000,000 төгрөг бодогдсон байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 9,000,000 төрөг, нийт 19,000,000 төгрөг нэхэмжилж байна. Гэрээг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан. Сунгалтын 2017 оны 10 дугаар сард хийсэн. Зээлдэгч нь 10 сая төгрөг авсан дээр маргахгүй байгаа. Харин хүүтэй хүүгүй зээлсэн гэдэг дээр маргаад байна. Нэхэмжлэгч тал гэрээг 2017 оны 11 сарын 14-нд байгуулсан гэж байгаа боловч энэ хоёр гэрээний утга ижил байгаа. Гэрээг 6 сарын хугацаатай гээд тодорхой бичсэн. Гарын үсэг зурсан эсэх дээр хариуцагч маргаагүй, мөн иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээний агуулгыг тодорхойлохдоо үгийн шууд утгыг анхаарна гэсэн байгаа юм. Энэ гэрээн дээр 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй гээд бичсэн байгаа. Мөн сунгалт дээр доод хэсэгт жич: 2018 оны 2 дугаар сарын 8 хүртэл сунгасан гээд баталгаажуулсан байгаа юм. Энэ хэлцэл нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээ бөгөөд мөн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд зааснаар нэгэнт үүссэн үүргийг харилцааг өөрсдөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зураад үүнийгээ баталгаажуулсан байгаа юм. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар Зээлийн гэрээ нь мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох зүйлийг бодитоор нь шилжүүлсэнээр тооцогдоно гэж байгаа юм. Хүүгийн асуудлыг талууд бичгээр тохиролцсон асуудал дээр маргаж байгаа боловч үүнийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үзэхэд 2 гэрээний он сар зүрүүтэй байгаа болохоос хүсэл зоригын агуулга нь нэг байсан. Хүү төлөх талаар эхнээсээ ярилцсан тохиролцсон учир хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэж байна. Гэрээний хувь 2017 оны 02 сарын 06-ны өдөр бол ямар ч гэрээ байгуулаагүй. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр биш гэж байна. Хариуцагч үүнийг тайлбарлахдаа дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж үзэж байна. Гэтэл энэ гэрээ нь дүр үзүүлэн хийсэн гэрээ биш юм. Дүр үзүүлэн хийсэн гэрээ нь анхнаасаа талууд харилцан үүрэг хүлээн зорилгогүйгээр хийсэн байхыг ойлгодог. Гэтэл иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар талууд гэрээний гол нөхцөлийг тохиролцсон, гэрээ байгуулах нөхцөлийг тооцсон, Иргэний хуулийн  281 дүгээр зүйлд зааснаар тухайн төрлийн эд зүйлийг шилжүүлсэн, үүргийг нэгэнт хүлээн зөвшөөрсөн нь гарын үсэг зурснаар баталгаажиж байгаа юм. Гэрээ нь тус шаардлагыг хангаж байгаа. Эдгээр гэрээ нь он сарын хувьд зөрүүтэй байгаа боловч агуулгын хувьд хуульд үл нийцэх зүйлгүй байгаа юм. Хэлбэрийн хувьд ч үл харшлах гэрээ юм. Зээлийн гэрээг хүү авахад бичгээр тохиролцоно гэж байгаа юм. Хуульд яг хэдийд байгуулах талаар тодорхой тусгаагүй. Энэ гэрээ нь хуурамч нотлох баримт гэж үзээд байна. Шүүхэд гэрээ ирснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тайлбараа өгсний дараа үүнд ямар нэг засвар орсон асуудал гарах юм бол хуурамч нотлох баримтад тооцож болох юм. Гэтэл тийм зүйл байгаагүй. Зассан гэдгийг нотлохгүй байгаа. Харин үүрэг үүссэн гэдгийг 2 гэрээ хоёулаа нотолж байгаа. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахад хариуцагч 70,200 төгрөг төлсөн байгаа юм. Уг нь тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэрээний үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой учир уг сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

 

Хариуцагч Э.Сарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Э.Сарантуяа нь өөрийн нөхөр болох Отгон-Эрдэнэ, иргэн Н.Цогзолсүрэн нарын хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх асуудалд зуучлан өгснөөр Н.Цогзолсүрэн 10 сая төгрөгийг Отгон-Эрдэнэд зээлдүүлэхээр болж, 2017.02.06-ны өдөр 10% хүү гэж амаар тохиролцож 2017.08.06 хүртэл 6 сарын хугацаатай зээлж Отгон-Эрдэнэ мөнгийг тоолж хүлээж авчээ. Гэтэл Отгон-Эрдэнэ нь 3 сая төгрөгийг Н.Цогзолсүрэнд төлөөд хүнд мөнгөө залилуулсны улмаас өнөөг хүртэл төлж чадаагүй байна. Иймд жинхэнэ мөнгө тоолж авсан хариуцагч нь биш учир 19 сая төгрөгийн нэхэмжлэлийг Э.Сарантуяа хариуцахгүй. Нэхэмжлэгч Н.Цогзолсүрэн нь Отгон-Эрдэнэд мөнгө зээлэхийг ярьж зуучилсан Э.Сарантуяатай 2017.11.24-нд 10 сая төгрөгийг 10% хүүтэй зээлсэн мэтээр дүр эсгэсэн хуурамч гэрээ хийж, түүнийхээ доор Сарантуяа, Отгон-Эрдэнэ нар нь 2018.02.06-ны дотор төлж барагдуулахаар сунгаж тохиролцов гэж тэмдэглэжээ. Аливаа гэрээ хэлцэл нь эхлээд хүсэл зоригоо талууд илэрхийлж хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар бодит байдалд биелэлээ олдог. Гэтэл үйл явдал дууссанаас хойш гэрээ хийсэн дүр эсгэж, өнгөрсөн цаг хугацааг нөхөж бичгээр сунгасан гэх байдал нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж, хүүтэй зээлсэн болгохын тулд хугацаа дууссанаас хойш дүр эсгэн хийсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 56.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд уг гэрээг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. Сарантуяагийн нөхөр Отгон-Эрдэнэ мөнгийг тоолж зээлж өөртөө хэрэглэх зорилгоор авахдаа 10%-ийн хүү тооцох тухай амаар тохирсон гэх боловч энэ нь Иргэний хуулийн 282.3-д заасныг зөрчсөн тул хүү авах эрхээ алдсан байна. Харин Отгон-Эрдэнэ 10 сая төгрөгөөс 3 сая төгрөгийг буцаан төлсөн гэх бөгөөд 7 сая төгрөгийг төлөх боломжтой юм.” гэжээ.

 

Хариуцагч Б.Отгон-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Цогзолсүрэнгийн нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч сар бүрийн 15-ны өдөр 500,000-1,000,000 төгрөг өгч байхаар тохиролцон хүлээн зөвшөөрсөн. 3 сарын 17-нд Цогзолсүрэнтэй уулзаж харилцан тохиролцон зөвшөөрсөн болно.” гэжээ.

 

 Хариуцагч Э.Сарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Э.Сарантуяа нь иргэн Н.Цогзолсүрэнтэй ярилцаж өөрийн нөхөр Отгон-Эрдэнэд мөнгө зээлэхийг хүсч зуучилжээ. Үүний дагуу Цогзолсүрэн 10 сая төгрөгийг Отгон-Эрдэнэд зээлдүүлж 2017.02.06-нд хүлээлгэн өгчээ. Тухайн үедээ Отгон-Эрдэнэ Цогзолсүрэн, Сарантуяа нарын хооронд ямар нэг зээлийн бичгэн гэрээ хийгдээгүй байна. Отгон-Эрдэнэ нь Солонгос явах зорилгоор мөнгө зээлж, бусдад залилуулан алдаж, одоо хохирогчоор тогтоогдсон Улаанбаатар хотод шалгуулж байгаа. Отгон-Эрдэнэ 2017.02.06-нд мөнгө зээлэхдээ зээлийн хугацааг 6 сараар тохирчээ. Ингээд мөнгийг өгч чадаагүй, зөвхөн 3 сая төгрөг төлсөн байсан боловч зээлдүүлэгч Цогзолсүрэн нь эдний гэрт очиж, 2018.02.06 хүртэл сунгасан мэтээр нөхөн бичилтийг өөрөө хийж Сарантуяа, Отгон-Эрдэнэ нараар гарын үсэг зуруулан авч, нотлох баримт болгон шүүхэд өгсөн байна. Гэрээ хэлцэл нь өнгөрсөн үйл байдлыг нөхөн тодорхойлсноор үүрэг үүсэхгүй, энэ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзлэлгүйгээр хэлцэл хийсэн, зөвхөн гадаад дүр болгон хийсэн учраас Иргэний хуулийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Иймд хүчингүйд тооцож өгнө үү. 2017.12.14-ний өдөр Н.Цогзолсүрэн, Э.Сарантуяа нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээг хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Цогзолсүрэн шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

“Цогзолсүрэн, Сарантуяа, Отгон-Эрдэнэ нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь ИХ-ийн 56.1.2-д заасан дүр үзүүлэх зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл биш бөгөөд ИХ-ийн 189-д заасан шаардлагын дагуу талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон, хуулийн хүрээнд байгуулагдсан хэлцэл юм. Үүнээс гадна хариуцагч хариуцагч тайлбартаа нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөг авсан эсэх асуудал дээрээ маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа нь дүр үзүүлсэн хэлцэл биш гэдгийг харуулж байгаа юм. Мөн Э.Сарантуяа зээлд зуучилсан гэх мэтээр илт худал тайлбар хийсэн байх бөгөөд бодит байдал дээр Сарантуяа нь Хас банкинд ажиллаж байгаа албан тушаалаа урвуулан ашиглаж миний дансны мэдээллийг анх олж мэдээд надтай уулзаж, манай нөхөр Солонгос улс руу явах гээд мөнгө хэрэг болчихлоо таны дансанд мөнгө байна та надад 10,000,000 төгрөг хүүтэй зээлдүүлээч, би өөрөө хариуцаад бүрэн төлж барагдуулна гэсний дагуу бид харилцан тохиролцон зээлийн гэрээ байгуулж би 10,000,000 төгрөгийг Отгон-Эрдэнэд биш Сарантуяад өгсөн. Харин зээлийн гэрээ байгуулахдаа Э.Сарантуяа өөрөө бүрэн хүлээн зөвшөөрснөөс гадна, баталгаатай төлөх учраас манай нөхөр хамт гарын үсэг зурчихъя гэхэд нь би зөвшөөрч хоёр хүнээр гарын үсэг зуруулсан. Одоо Э.Сарантуяа нь зээлийн төлбөр төлөхөөс зайлсхийж би аваагүй Отгон-Эрдэнэ авсан мэтээр тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн зүгээс тухайн хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлүүлэхийн тулд түүний нөхөр гэх Отгон-Эрдэнийг хамтран хариуцагчаар татаж байна. Хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсан 3,000,000 төгрөгийг Э.Сарантуяагаас зээлийн гэрээний хүүнд авсан бөгөөд нэхэмжлэл гаргахдаа түүнийг хасч тооцон 19,000,000 төгрөгийг нэхэмжилсэн болно.” гэжээ.

 

Хариуцагч Э.Сарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Энэ хоёр гэр бүл.  Нөхөр Б.Отгон-Эрдэнэ Солонгос явах болоод 10 сая төгрөг зээлсэн. 10,000,000 сая төгрөгийг сарын 10 хүүтэй гэж аман хэлцэл хийсэн, гэрээн дээр байгаа 2017 оны 2 дүгээр сарын 06 өдөр гэсэн гэрээг нэхэмжлэгч тал гаргаж өгсөн. Гэтэл хариуцагч талд 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр гэсэн байгаа. Энэ хоёр гэрээ нь бичвэр нэг. Анх Цогцолсүрэн бичсэн байдаг. Анх мөнгийг зээлж  амаар хүү тохирсон боловч бичгэн гэрээ хийгээгүй. Тухайн үед Б.Отгон-Эрдэнэ мөнгө төгрөгөө бас хүнд алдаад 3 сая төгрөгийг өгсөн. 3,000,000 төгрөгийг хүүнд ч гэж өгөөгүй төлбөрт өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Н.Цогзолсүрэн Отгон-Эрдэнэний гэрт очоод гэрээг 2 хувь хийгээд нэг хувийг нь авч явсан. Гэрээг нөхөж хийсэн. Шүүхэд нэхэмжлэгч талын гаргаж өгсөн 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр гэсэн гэрээ нь засвартай. Хэрвээ яг тухайн өдөр гэрээ хийсэн бол 2 дугаар сарын 6-ны өдөр л гэх байсан. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хийсэн гэрээний 11-ийн тоог 02 гэж зассан байгаа юм. Тийм учраас энэ гэрээг хүчингүй гэж үзэж байна. Сарангэрэл 10 сая төгрөгийг аваад Отгон-Эрдэнэд өгсөн үүнийг Б.Отгон-Эрдэнэ хүлээн зөвшөөрсөн. 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 6 хүртэл 6 сарын хугацаатай зээлсэн. Хүү тооцсон гэрээг 2017 оны 11 сарын 14-ны өдөр хийсэн. Гэрээний хугацааг сунгасан зүйл байхгүй. Хариуцагчийн зүгээс зээлсэн 10.000.000 төгрөгөө өгье, урьд өгсөн 3.000.000 төгрөгийг хүүд тооцуулъя, хүүнд нэхэмжилж байгаа 9.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Хариуцагч Э.Сарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гэрээ нь харилцан хүсэл зоригийн хүрээнд хийгдсэн байх ёстой. Гэрээ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар хоёр талын гэрээний үндсэн дээр үүргийн харилцаа үүсэж байгаа юм. 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр амаар хүү төлнө гэж тохирсон боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ ямар тохиолдолд хүчин төгөлдөр байх вэ гэдгийг заасан байгаа. Үүнийг талуудыг байгуулсан гэрээ хангахгүй байгаа нь харагдаж байна. Үүрэг хэзээ үүсэх вэ гэхээр гэрээний харилцаа үүссэн цагаас эхэлж явагддаг. Гэтэл энэ харилцаа үүсээд яваад дараа нь мөнгө төлөхгүй байна гээд хойно хийж байгаа гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. 2017 оны 2 дугаар сарын 14-ны өдөр гэрээ хийсэн гэж 11 тоог 02 болгож зассан нь мөнгө зээлсэн өдөр гэрээ хийсэн мэтээр харагдах гэж байгаа юм. Тийм учраас ИХШХШТХ-38.4-т зааснаар хуурамч гэж үзэж байна. Гэтэл мөнгө зээлсэн өдөр нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байдаг. Хүү тооцсон гэрээг 2017 оны 11 сарын 14-ны өдөр хийж хүү тохирсон тул урьд өгсөн 3,000,000 төгрөгийг хүүд өгье.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2017 оны 02 дугаар сарын 14-ний гэрээ нь дүр үзүүлэх хийсэн хэлцэл гэж үзэж байна. Хүүгийн хэмжээ нь хэтэрхий зээлдэгчийн эрх ашиг сонирхолд нийцэхгүй байна. 10 сая төгрөг зээлээд бараг 2 дахин нугалж авах гээд байгаа. Нэхэмжлэгч мөнгө хүүлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй юм. Гэрээг бичгээр 2017 оны 11 сард байгуулсан гэж үзээд  2018 онд 2 сард хүртэл бодогдсон хүүнд 3,000,000 төгрөгийг бодож өгье.” гэжээ.

 

Хариуцагч Б.Отгон-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гадагшаа гарч ажил хийх гээд мөнгөний хэрэг гараад мөнгө зээлсэн. Гэвч ногоон паспорт гаргуулна гээд хүнд мөнгөө өгөөд алдсан. Одоо ч тухайн асуудлаар цагдаад өгөөд явж байгаа. Н.Цогзолсүрэн эгчээс 10 сая төгрөгийг 6 сарын хүүтэй 10 хувийн хүүтэй зээлэхээр ярьсан боловч гэрээ байгуулаагүй дараа нь 2017 оны 11 сарын 14-ны өдөр Э.Сарантуяагийн гэрт цайны цагаар ирээд Зээлийн гэрээ байгуулаад 2 хувь үйлдсэн. Мөнгө авахдаа хүүгийн талаар ярьсан боловч гэрээ байгуулаагүй. Бидний зүгээс өмнө төлбөрт өгсөн 3,000,000 төгрөгөө хүүнд тооцож өгөөд 10 сая төгрөгөө сар бүр хувааж төлье. Зээлийн хүүд нэхэмжлээд байгаа 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй л байна.” гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Н.Цогзолсүрэн нь хариуцагч  Э.Сарантуяа, Б.Отгон-Эрдэнэ нараас зээл  10 000 000 төгрөг, хүү 9 000 000 төгрөг, нийт 19 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах байдлаар  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Цогзолсүрэн нь хариуцагч Э.Сарантуяа, Б.Отгон-Эрдэнэ нарт 10 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2017 оны 02 дугаар сарын 06-наас 08 дугаар сарын 06 хүртэл 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлж дуусгана гэж сунгасан тул төлөөгүй төлбөр хүүг шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

Хариуцагч Э.Сарантуяа, Б.Отгон-Эрдэнэ нар ...2017 оны 02 дугаар сарын  06-ны өдөр гэрээ байгуулаагүй, 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй гэж тохирч авсан, 2017 оны 11 дүгээр сарын 24-нд гэрээ хийж 2018 оны 02 дугаар сарын 06-ны дотор төлж барагдуулна гэж гэрээ хийсэн. Иймд 3 000 000 төгрөг төлснийг хүүд тооцон, үндсэн төлбөр 10 000 000 төгрөгийг төлнө...гэж маргаж байгаа болно.

 

Талуудын хооронд  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдэгчийн  өмчлөлд 10 000 000 төгрөг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээсэн гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний зүйл болсон 10 000 000 төгөргийг хүлээн авсан, энэ талаар маргаагүй тул мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т зааснаар гэрээ байгуулагдсанд тооцогдоно.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Н.Цогзолсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагад хавсарган ирүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр огноолсон Зээлийн гэрээнд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл буюу гэрээний тохиролцоог 10 000 000 төгрөг сарын 10 хувийн хүү 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл гэж бичин, гэрээ байгуулсан талууд гэсэн хэсгийн дараа ...жич Сарантуяа Отгон Эрдэнэ нар нь 2018-02-06-ны өдөр төлж  барагдуулахаар тохиролцож гарын үсэг зурав... гэсэн бичвэр нь хариуцагчийн хариу тайлбартаа хавсарган ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэж огноолсон Зээлийн гэрээний ...10 000 000 төгрөг сарын 10 хувийн хүү 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл гэж бичин, гэрээ байгуулсан талууд гэсэн хэсгийн дараа жич Сарантуяа Отгон Эрдэнэ нар нь 2018-02-06-ны өдөр төлж  барагдуулахаар тохиролцож гарын үсэг зурав... гэсэн бичвэртэй тохирч байна.

Нэхэмжлэгч Н.Цогзолсүрэн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгч нартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэдгээ нотлоогүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хавсарган ирүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 14-ний гэж огноолсон гэрээнд Сарантуяа, Отгон-Эрдэнэ нар нь 2018 оны 02 сарын 06-ны өдөр төлж барагдуулахаар хугацааг хэдийд сунгасан болох нь тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй тул зээлдэгч Сарантуяа, Отгон-Эрдэнэ нарыг зээлийн гэрээний үүргийг хэдийд гүйцэтгэх байсан нь тодорхойгүй байна.

Талууд 2017  оны  02 дугаар сарын  06-ны  өдөр 10 000 000 төгрөг зээлдэх, зээлдүүлэх гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан хэдий ч сарын хүү 10 хувь байхаар бичгээр тохироогүй тул хүү тогтоосон бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар гэрээг бичгээр хуулийн шаардлага хангаагүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үйлдсэн Зээлийн гэрээгээр өмнөх амаар тохиролцсон гэрээний хугацаа, сарын төлбөл зохих хүү зэргийг хожим хүлээн зөвшөөрч  гэрээг байгуулсан бол Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2-т хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулсан байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр сунгалтыг талууд өмнөх амаар тохирсон зээлийн гэрээний зүйлийг төлөөгүй үлдэгдэлд гэрээг бичгээр үйлдэж, хугацаа, хүүг тохирсон гэж үзвэл гэрээний зүйл болж байгаа 10 000 000 төгрөгөөс хэдэн төгрөгийн үлдэгдэл үүрэг үүссэн гэдэг нь тодорхойгүй байх тул  2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрээний зүйл болсон 10 000 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын  06-ны өдөр төлөхөөр тохиролцон гэж үзэн үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг, нийт 13 000 000 төгрөг төлбөл зохихоос төлсөн 3 000 000 төгрөгийг хасаж тооцон 10 000 000 төгрөгийг Э.Сарантуяа, Б.Отгон-Эрдэнэ нараас гаргуулан нэхэмжлэгч Н.Цогзолсүрэнд олгож, 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Э.Сарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй Н.Цогзолсүрэн, Э.Сарантуяа нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй хэлбэр бөгөөд хариуцагч Э.Сарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлээ зээлийн гэрээг дур эсгэсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа болно.

Талуудын хооронд  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдэгчийн  өмчлөлд 10 000 000 төгрөг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээсэн гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний зүйл болсон 10 000 000 төгрөгийг хүлээн авсан, энэ талаар маргаагүй тул мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т зааснаар гэрээ байгуулагдсанд тооцогдоно.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг үндэслэн хариуцагч Э.Сарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Н.Цогзолсүрэн, Э.Сарантуяа нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 253 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Э.Сарантуяа Б.Отгон-Эрдэнэ нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 174 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Цогзолсүрэнд олгож, хариуцагч Э.Сарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 282.3-т зааснаар хариуцагч Э.Сарантуяа, Отгон-Эрдэнэ нараас 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Цогзолсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хариуцагч Э.Сарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Н.Цогзолсүрэн, Э.Сарантуяа нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 253 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Э.Сарантуяа Б.Отгон-Эрдэнэ нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 174 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Цогзолсүрэнд олгож, хариуцагч Э.Сарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ