Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 65

 

Н.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00215/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 485 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.С-,

Хариуцагч Б.О- нарт холбогдох

          “Зээлийн гэрээний үүрэгт 19.000.000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хүчингүй болгох сөрөг нэхэмжлэл бүхий” иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч Б.О-, хариуцагч Э.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Ц-гээс:

            Би 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай хариуцагч Э.С-д зээлүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн хүү болон үндсэн зээлээ огт төлөөгүй бөгөөд зээлийн төлбөр төлөх шаардлага тавихад 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг  хүртэл хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгаж өгөөч гэж хэлсэн. Энэ хугацаанд үндсэн зээл болон хүүд нийт 19.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэсний дагуу зээлийн гэрээний хугацааг сунгасан боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд 19.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяраас:

Гэрээг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан. Сунгалтын гэрээг 2017 оны 10 дугаар сард хийсэн. Зээлдэгч нь 10.000.000 төгрөг авсан дээр маргахгүй, харин хүүтэй, хүүгүй зээлсэн гэдэг дээр маргаад байна. Нэхэмжлэгч тал гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 14-нд байгуулсан гэж байгаа боловч энэ хоёр гэрээний утга ижил байгаа. Гэрээг 6 сарын хугацаатай гээд тодорхой бичиж, гарын үсэг зурсан эсэх дээр хариуцагч маргаагүй байна. Энэ гэрээн дээр 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй гэж бичсэн. Мөн сунгалт дээр доод хэсэгт жич: 2018 оны 02 дугаар сарын 08 хүртэл сунгасан гээд баталгаажуулсан байгаа юм. Энэ хэлцэл нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээ бөгөөд нэгэнт үүссэн үүргийн харилцааг өөрсдөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурж үүнийгээ баталгаажуулсан байна. Хүүгийн асуудлыг талууд бичгээр тохиролцсон асуудал дээр маргаж байгаа боловч үүнийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үзэхэд 2 гэрээний он сар зүрүүтэй байгаа болохоос хүсэл зоригийн агуулга нь нэг байсан. Хүү төлөх талаар анх гэрээ байгуулсан үеэс тохиролцсон учир хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэж байна. Гэрээний хувь 2017 оны 02 сарын 06-ны өдөр бол ямар ч гэрээ байгуулаагүй. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр биш гэж байна. Хариуцагч үүнийг тайлбарлахдаа дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж үзэж байна. Гэтэл энэ гэрээ нь дүр үзүүлэн хийсэн гэрээ биш юм. Дүр үзүүлэн хийсэн гэрээ нь анхнаасаа талууд харилцан үүрэг хүлээн зорилгогүйгээр хийсэн байхыг ойлгодог. Гэтэл талууд гэрээний гол нөхцөлийг тохиролцсон, гэрээ байгуулах нөхцөлийг тооцсон, мөн тухайн төрлийн эд зүйлийг шилжүүлсэн, үүргийг нэгэнт хүлээн зөвшөөрсөн нь гарын үсэг зурснаар баталгаажиж байгаа юм. Гэрээ нь тус шаардлагыг хангаж байгаа. Хариуцагч талаас уг гэрээг хуурамч нотлох баримт гэж үзэж байна. Шүүхэд гэрээ ирснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тайлбараа өгсний дараа үүнд ямар нэг засвар орсон асуудал гарвал хуурамч нотлох баримтад тооцож болдог. Гэтэл тийм зүйл байхгүй, зассан гэдгийг нотлохгүй байна. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахад хариуцагч 70.200 төгрөг төлсөн нь уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэрээний үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой тул сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай хариу тайлбартаа:

Э.С- нь өөрийн нөхөр болох Б.О-, Н.Ц- нарын хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх асуудалд зуучлан өгснөөр Н.Ц- 10.000.000 төгрөгийг Б.О-д зээлдүүлэхээр болж, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 10 хувийн хүүг амаар тохиролцож 2017 оны 08 дугаар сарын 06 хүртэл 6 сарын хугацаатай зээлж Б.О- мөнгийг тоолж хүлээж авсан. Жинхэнэ мөнгө тоолж авсан хариуцагч нь биш учир 19.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг Э.С- хариуцахгүй. Аливаа гэрээ хэлцэл нь эхлээд хүсэл зоригоо талууд илэрхийлж хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар бодит байдалд биелэлээ олдог. Гэтэл үйл явдал дууссанаас хойш гэрээ хийсэн дүр эсгэж, өнгөрсөн цаг хугацааг нөхөж бичгээр сунгасан гэх байдал нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж, хүүтэй зээлсэн болгохын тулд хугацаа дууссанаас хойш дүр эсгэн хийсэн байх тул уг гэрээг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. Э.С-гийн нөхөр Б.О- мөнгийг тоолж зээлж өөртөө хэрэглэх зорилгоор авахдаа 10 хувийн хүү тооцох тухай амаар тохирсон гэх боловч энэ нь Иргэний хуулийн 282.3-д заасныг зөрчсөн тул хүү авах эрхээ алдсан байна. Харин Б.О- 10.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг буцаан төлсөн гэх бөгөөд 7.000.000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

Хариуцагч Б.О-эс:

Би гадаад улсад ажил хийх гээд мөнгөний хэрэг гарч мөнгө зээлсэн. Гэвч ногоон паспорт гаргуулна гээд хүнд мөнгөө өгч алдсан. Нэхэмжлэгч Н.Ц-гээс 10.000.000 төгрөгийг 6 сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр болсон боловч гэрээ байгуулаагүй дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Э.С-гийн гэрт цайны цагаар ирээд зээлийн гэрээ байгуулсан. Мөнгө авахдаа хүүгийн талаар ярьсан боловч гэрээ байгуулаагүй. 2017 оны 03 дугаар сарын 17-нд нэхэмжлэгч Н.Ц-тэй уулзаж 10.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч сар бүрийн 15-ны өдөр 500.000-1.000.000 төгрөг өгч байхаар харилцан тохиролцсон. Зээлийн хүүд нэхэмжлээд байгаад 9.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурайгаас:

Хариуцагч Э.С-гийн нөхөр Б.О- Солонгос улсруу явах болоод 10.000.000 төгрөг зээлсэн. Уг мөнгийг сарын 10 хувийн хүүтэй гэж аман хэлцэл хийсэн, гэрээн дээр байгаа. Гэтэл хариуцагч талд 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр гэсэн байгаа. Анх мөнгийг зээлж амаар хүү тохирсон боловч бичгэн гэрээ хийгдээгүй. Тухайн үед Б.О- мөнгөө хүнд алдаад 3.000.000 төгрөгийг өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр нэхэмжлэгч Н.Ц-, хариуцагч Б.Отгон-Эрдэнийн гэрт очиж гэрээг 2 хувь үйлдээд нэг хувийг нь авч явсан. Гэрээг нөхөж хийсэн. Шүүхэд нэхэмжлэгч талын гаргаж өгсөн 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр гэсэн гэрээ нь засвартай. Хэрвээ яг тухайн өдөр гэрээ хийсэн бол 2 дугаар сарын 6-ны өдөр л гэх байсан. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийсэн гэрээний 11-ийн тоог 02 гэж зассан байна. Хүү тооцсон гэрээг 2017 оны 11 сарын 14-ны өдөр хийсэн. Гэрээний хугацааг сунгасан зүйл байхгүй. Хариуцагчийн зүгээс зээлсэн 10.000.000 төгрөгөө төлнө, урьд өгсөн 3.000.000 төгрөгийг хүүд тооцуулж, хүүд нэхэмжилж байгаа 9.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай сөрөг нэхэмжлэлдээ:

Э.С- нь нэхэмжлэгч Н.Ц-тэй ярилцаж өөрийн нөхөр Б.О-д мөнгө зээлэхийг хүсч зуучилсан. Үүний дагуу Н.Ц- 10.000.000 төгрөгийг Б.О-д зээлдүүлж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгчээ. Тухайн үед талуудын хооронд ямар нэг зээлийн бичгэн гэрээ хийгдээгүй байна. БО- нь Солонгос явах зорилгоор мөнгө зээлж, бусдад залилуулсны улмаас мөнгийг өгч чадаагүй, зөвхөн 3.000.000 төгрөг төлсөн байсан боловч зээлдүүлэгч Н.Ц- гэрт нь очиж 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сунгасан мэтээр нөхөн бичилтийг өөрөө хийж хариуцагч нараар гарын үсэг зуруулан авч, нотлох баримт болгон шүүхэд өгсөн байна. Гэрээ хэлцэл нь өнгөрсөн үйл байдлыг нөхөн тодорхойлсноор үүрэг үүсэхгүй, энэ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн, зөвхөн гадаад дүр болгон хийсэн учир дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Иймд хүчингүйд тооцож өгнө үү.

Нэхэмжлэгч Н.Ц- сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь дүр үзүүлэх зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл биш бөгөөд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон, хуулийн хүрээнд байгуулагдсан хэлцэл юм. Мөн хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэгчээс 10.000.000 төгрөг авсан эсэх асуудал дээрээ маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа нь дүр үзүүлсэн хэлцэл биш гэдгийг нотолж байна. Хариуцагч Э.С- зээлд зуучилсан мэтээр тайлбар өгч байгаа нь худал мэдүүлэг юм. Учир нь Э.С- нь Хас банкинд ажилладаг өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж миний дансны мэдээллийг анх олж мэдээд надтай уулзаж, манай нөхөр Солонгос улс руу явах гээд мөнгөний хэрэг болчихлоо таны дансанд мөнгө байна, надад 10.000.000 төгрөг хүүтэй зээлдүүлээч, би өөрөө хариуцаад бүрэн төлж барагдуулна гэсний дагуу бид харилцан тохиролцон зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээ байгуулахдаа Э.С- өөрөө бүрэн хүлээн зөвшөөрснөөс гадна, баталгаатай төлөх учраас манай нөхөр хамт гарын үсэг зурна гэхэд би зөвшөөрч гарын үсэг зуруулсан. Одоо Э.С- нь зээлийн төлбөр төлөхөөс зайлсхийж би аваагүй Б.О- авсан мэтээр тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн зүгээс тухайн хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлүүлэхийн тулд түүний нөхөр Б.Отгон-Эрдэнийг хамтран хариуцагчаар татаж байна. Хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсан 3.000.000 төгрөгийг Э.С-гаас зээлийн гэрээний хүүд авсан бөгөөд нэхэмжлэл гаргахдаа түүнийг хасч тооцон 19.000.000 төгрөгийг нэхэмжилсэн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр амаар хүү төлнө гэж тохирсон боловч зээлийн гэрээ ямар тохиолдолд хүчин төгөлдөр байх вэ? гэдгийг заасан байна. Үүнийг талуудыг байгуулсан гэрээ хангахгүй байгаа нь харагдаж байна. Үүрэг үүсч дараа нь мөнгө төлөхгүй байна гээд хойно хийж байгаа гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч тал нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. 2017 оны 2 дугаар сарын 14-ны өдөр гэрээ хийсэн гэж 11 тоог 02 болгож зассан нь мөнгө зээлсэн өдөр гэрээ хийсэн мэтээр харагдах гэж байгаа юм. Гэтэл мөнгө зээлсэн өдөр нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байдаг. Хүү тооцсон гэрээг 2017 оны 11 сарын 14-ний өдөр хийж хүү тохирсон тул урьд өгсөн 3.000.000 төгрөгийг хүүд өгнө гэв. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2017 оны 02 дугаар сарын 14-ний гэрээ нь дүр үзүүлэх хийсэн хэлцэл гэж үзэж байна. Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх ашиг сонирхолд нийцэхгүй байна. 10.000.000 төгрөг зээлээд бараг 2 дахин нугалж авах гэж байна. Нэхэмжлэгч мөнгө хүүлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй юм. Гэрээг бичгээр 2017 оны 11 дүгээр сард байгуулсан гэж үзээд 2018 оны 02 дугаар сар хүртэл бодогдсон хүүд 3.000.000 төгрөгийг бодож өгье гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 282.3-т зааснаар хариуцагч Э.С-, Б.О- нараас 10.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хариуцагч Э.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Н.Ц-, Э.С- нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банк төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 253.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Э.С- Б.О- нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 174.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ц-д олгож, хариуцагч Э.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн харилцааг зөв тодорхойлсон боловч хүү тооцох үүрэг үүссэн байхад зээлийн гэрээний уг хэсгийг тооцолгүй 9.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлахдаа буруу тайлбарласан байна. Уг  тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар бөгөөд бодит байдал дээр нэхэмжлэгч Н.Ц- хариуцагч нартай 2017 оны ,02 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хүү тохиролцон бичгээр байгуулсан талаарх баримтыг хэргийн материалд хавсаргаж өгсөг төдийгүй, хариуцагч нар нь хариу тайлбартайгаа хамт 2017 оны 11 дүгээр сарын 14-н гэж огноолсон утга агуулга нь нэг ижил бичгээр байгуулагдсан гэрээг гаргаж өгсөн зэрэг нь тухайн үед зээлийн хүүг тохиролцон бичгээр байгуулсан болохыг нотолсон баримт байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ анзаарсангүй. Хариуцагч тал тухайн бичгээр байгуулагдсан гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нөхөж байгуулсан гэж маргадаг ч уг тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд 2 гэрээний он, сар, өдрүүд зөрүүтэй байдаг хэдий ч гэрээний утга агуулга ижил, хариуцагч нар гарын үсэн зурсан, тухайн үед 10 хувийн хүүтэй авсан гэдгээ шүүх хурлын үеэр нотолсон байдаг. Талууд үүргийн харилцааг өөрсдөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний хүү 9.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Н.Ц- хариуцагч Э.С-, Б.О- нарт холбогдуулж, үндсэн зээл 10.000.000 төгрөг түүний хүү 9.000.000 төгрөг, нийт 19.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нар хүүд 3.000.000 төгрөг төлсөн тул одоо үндсэн зээл 10.000.000 төгрөг төлнө гэж маргажээ.

            Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтыг судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Н.Ц- нэхэмжлэлдээ 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр огноолсон зээлийн гэрээг хавсаргаж ирүүлсэн, хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай хамт  2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр огноолсон зээлийн гэрээг нотлох баримтаар өгсөн, 2 өөр өдрөөр огноолсон гэрээнүүдийн утга агуулга, бичвэр ижил  байх бөгөөд талуудын хэн аль нь зээлийн гэрээг анх бичгээр хийсэн, эсхүл урьд хийсэн аман хэлцлээ сүүлд бичгээр хийж баталгаажуулсан гэдгээ шүүхэд нотлоогүй байна.

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “ Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй гэж үзнэ.

Талуудын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн гэрээнүүдийн утга агуулга, нэмэлт бичвэрүүдээс үзвэл Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч Э.С-, Б.О- нар зээлийн гэрээний үүргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны дотор гүйцэтгэх үүрэгтэй байсан байна.

Талууд зээлийн гэрээний хугацааг хэзээ сунгасан  нь аль ч гэрээнээс тодорхойлогдохгүй байх бөгөөд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2-т зааснаар хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Ц- хэдийгээр хүү шаардах эрхээ алдсан ч хариуцагч нар буцааж төлсөн 3.000.000 төгрөгийг тодорхой хугацааны хүүд тооцож, үндсэн зээл 10.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгааг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагч Э.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр эсгэсэн хэлцэл тул хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зөрчөөгүй гэж үзнэ. 

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлаж хэрэглэснийг зөвтгөж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 485 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Э.С-, Б.О- нараас 10.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ц-д олгож, 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хариуцагч Э.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Н.Ц-,Э.С- нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                             

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ             

                                                                  ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                     Л.АМАРСАНАА