| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2017/01339/и |
| Дугаар | 91 |
| Огноо | 2018-01-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* байрлах*******-д холбогдох,
“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,500,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ринзаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...С.******* би 2017 оны 08 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах*******-ий салбар Комфорт зочид буудлын үйлчилгээний менежерээр ажилд орсон.
Би ажил үүргийн хуваарийн дагуу ажиллаж байсан.
Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 17-нд ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн.
Өмнө нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс ресторан хариуцсан менежерээр 3 сар ажиллаж байсан.
Цалин мөнгөө цагтаа өгөхгүй урт цагаар ажилладаг байсан болохоор миний санаанд жаахан тиймхэн санагдаад сайн дураараа гарсан. Гуйгаад байхаар нь би энэ байгууллагад эргэж ажилласан. Эцэст нь ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэж халагдсандаа гомдолтой байна.
Би залуу хүн цаашдаа зөндөө ажил хөдөлмөр эрхэлнэ. Ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэсэн байдлыг миний зүгээс зөвшөөрөхгүй. Би өөрийн хариуцсан ажлаа сайн хийдэг гэж боддог.
Би 2009 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг зочид буудал, зоогийн газрын менежментээр баклаврын зэрэгтэй төгссөн.
Анх надтай ярилцахдаа менежерүүд 1,000,000 төгрөгийн цалинтай гэж тохирсон.
Гэтэл 2 сарын турш цалингаа 800,000 төгрөгөөр тооцож өгсөн. Яагаад ингэж байгаа талаар асуухаад удахгүй 1,500,000 болж байгаа гэхээр нь үргэжлүүлж ажилласан.
Би хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар хоёр сар хэлж байж хүний нөөцийн менежер Нарантуяатай гэрээ байгуулж цалин 1,500,000 төгрөгөөр тогтсон.
Ажлаас халагдсан тушаал надад өгөхгүй байсаар би 2017 оны 12 сарын 07-нд өөрөө шаардаж байж авсан. Гэхдээ надад эх хувь өгөөгүй тамгагүй хуулбарласан хувь өгсөн.
Иймд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/3/249 тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,500,000 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ринзаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...С.******* нь 2017 оны 03 дугаар сарын 29-нд анкетаар бүртгүүлж, 2017 оны 08 дугаар сарын 10-нд Зочид буудлын үйлчилгээний менежерийн албан тушаалд томилогдож хурлын зөвлөлийн гишүүн болсон.
Нэхэмжлэгч С.******* нь Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны стандарт тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ удаа дараа, олон удаагийн үйлдлээр бүрэн хангалттай биелүүлж чадахгүй байгааг захирлын шуурхай зөвлөгөөнөөс удаа дараа анхааруулж, аргачилсан зөвлөмж өгч ажилласан боловч ажлаа сайжруулахгүй, удирдуулж байгаа ажилтан ажилчиддаа ажлын шаардлага тавьж арга хэмжээ авахуулахгүй дутагдалтай эвлэрч байсан нь тогтоогдсон ба өөрөө энэхүү байдлыг ойлгож байсан гэж үзэж байна.
С.******* нь ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж байсныгаа шүүхэд нотлохгүй байгаа бөгөөд шүүх хуралд өөрийн биеэр оролцож мэтгэлцэх эрхээ эдлэхээс зайлсхийж өөрийнхөө өмгөөлөгчийг шүүх хуралд оролцуулахаар шийдвэрлэснээс үзэхэд ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан гэдгээ шүүхэл нотлохоос татгалзсан байгаад шүүх дүгнэлт хийнэ үү
С.******* өөрөө ажилтанг ажлаас хэрхэн яаж чөлөөлөх зохицуулалттайг сайн мэдэх удирдах ажилтан бөгөөд хичээл зааж дадлага хийж байсан юм.
Ажилтан хэдийд ажлаас халагдсан тушаалыг хэдийд хэнээс гардаж авдаг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийг хэн бөглөж өгдөг, тойрох хуудас хэрхэн зуруулж ажлаа хүлээлгэн өгч цалин, ажлаас халагдсны олговор яаж авдгийг С.******* сайн мэддэг хэрнээ яагаад хууль дээдлэхгүйгээр дотоод журмыг хэрэгжүүлэхгүй орхиж яваад халагдсан тушаалаа 2017 оны 12 дугаар сарын 07-нд шаардаж байж авсан гэж нэхэмжлэлд бичсэн нь үнэмшилгүй .
С.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дэд захирал Г.******* хөдөлмөрийн гэрээ байгуулж 750,000 төгрөгөөр цалинг тохиролцсон болно.
Цалин 4,500,000 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч*******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,500,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Хэрэгт авагдсан баримтаар
*******-ний дэд захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/3/194 дугаартай тушаалаар “...******* овогтой *******г 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн үйлчилгээний менежерээр туршилтын 1 сарын хугацаанд томилон ажиллуулж”, тус байгууллагын дэд захирлын 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/3/232 дугаартай тушаалаар “...С.*******г зочид буудлын менежерээр 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулахаар...” тус тус шийдвэрлэжээ.
******* нь ажилтан С.*******той Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан бөгөөд уг гэрээгээр С.*******г Үйлчилгээний менежерийн ажил албан тушаалд, сарын 750,000 төгрөгийн цалинтай, хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллуулахаар тохиролцож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байна.
*******-ийн дэд захирлын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/3/249 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дугаар заалт, Хөдөлмөрийн гэрээний 7.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн үйлчилгээний менежер С.*******г 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж..” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.******* нь дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гардаж авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана”, 40.5-т “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж тус тус заасан байна.
Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасан ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ажилтанд мэдэгдэх үүргийг биелүүлсэн эсэх талаар зохигч талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч С.******* нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас халсан нь хууль бус гэж үзэж дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “...манай байгууллагын Комфорт зочид буудалд 3 одны зэрэглэлийн шалгалт ирэхтэй холбогдуулан ажлын хэсэг томилсон. Уг ажлын хэсгийн ахлагчаар үйлчилгээний менежер С.*******г томилсон. Гэвч С.******* доод албан тушаалтнууддаа шаардлага тавьж чаддаггүй, буудлын үйлчилгээний ажил хангалтгүй үнэлгээ авсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй зэрэг алдаа дутагдал удаа дараа гаргасан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халсан..” гэж тайлбарласан болно.
Хариуцагч *******ний дэд захирлын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/3/211 дугаартай тушаалаар “...Комфорт цогцолборын зэрэглэлийн шалгалтын бэлтгэл хангах ажлын хэсгийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн томилж, ажлын хэсгийн ахлагчаар үйлчилгээний менежер С.*******г томилж...” шийдвэрлэсэн ба уг зэрэглэлийн шалгалтын бэлтгэл хангах ажлыг С.******* нь хангалтгүй хийж гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан КPI гүйцэтгэлийн үнэлгээний хуудас, дотоод хяналтын албаны өдөр тутамын мэдээний хуудас зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал дээрх хэрэгт авагдсан КPI гүйцэтгэлийн үнэлгээний хуудас, дотоод хяналтын албаны өдөр тутамын мэдээний хуудас зэрэг баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба шүүх хуралдаан дээр энэ талаар үгүйсгэсэн тайлбарыг гаргаагүй болно.
Ажилтны мэргэжлээ эзэмшсэн түвшин, мэдлэг, түүнийгээ ажил үүрэгтээ хэрэглэх чадвар, дадал дүй нь эрхэлдэг ажил албан тушаалд тавигдах бодит шаардлагад үл нийцэх хоцрох явдлыг мэргэжил ур чадвараар тэнцэхгүй гэж үзэх болох тул ажил олгогч ******* Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр С.*******г ажлаас чөлөөсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч С.*******гийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин 4,500,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******гийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,500,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА