Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/00723

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01762 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1861 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч:******* банк ХХК

 

нэхэмжлэл: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр, Х.Арманбек нарын хяналтын журмаар 2020.09.25-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр, Х.Арманбек, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:******* банкинд 2007.01.25-с хойш ажилласан. Гэтэл******* банкны гүйцэтгэх захирлын 2020.01.27-ны өдрийн Б-20/144 дүгээр тушаалаар намайг гүйцэтгэх удирдлага, газар нэгжийн удирдах ажилтны 2019.02.27-ны өдөр болон 2019.10.09-ний өдрүүдэд өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн, 2020.01.21-с эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж халсан. 2020.01.03 -2020.01.30-ны өдрийн хооронд ээлжийн амралт авах тухай хүсэлтийг банкны JIRA программд үүсгэсний дагуу 2020.01.03-ны өдөр ээлжийн амралтын нөхөн олговор болох 1,691,862 төгрөгийг олгож, ээлжийн амралтаа авсан. Хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргах болсон нь салбарын захирал Г.Мөнх-Оргилын удирдах ажилтнуудад буруу ойлголт төрүүлж, гадуурхаж байсантай шууд холбоотой гэж үзэж байна. Г.Мөнх-Оргил гэх хүн 2018.12 дугаар сард миний ажиллаж байсан салбарын захирлаар томилогдож ирснээсээ хойш байнга дарамталж, гадуурхаж, ажил хийх боломжгүй байдалд оруулдаг байсан. Тус салбарт ажилладаг 4 зээлийн ажилтнуудаас 2 зээлийн ажилтанд онцолж хугацаатай үүрэг даалгавар өгдөг, тэгээд үүрэг даалгаврын биелэлт шалгах болохоор зөвхөн надаас шаардаж, дарга нараар шүүмжлүүлж, загнуулдаг, ажилтнуудын дунд болон харилцагчийн дэргэд шүүмжилж, ажлаа хийж чадахгүй байгаа мэтээр бусдад ойлгуулдаг. Мөн ажил үүрэг хуваарилахдаа надад ямар ч зах зээлгүй Шувуун фабрик, Био комбинат, Морингийн даваа зэрэг газруудаас зээлдэгч олж, зээл олгох хариуцлага ноогдуулж бусад данс хариуцсан ажилтнуудад Яармаг, Хүннү молл зэрэг зах зээл хөгжсөн газруудыг хуваарилж намайг хавчин гадуурхсан үйлдэл байнга гаргаж байснаар барахгүй ээлжийн амралтыг бүтэн олгодоггүй байсан. 2019 оны ээлжийн амралтыг 2019.03 сард 4 хоног, 8 дугаар сард 11 хоног, 9 сард 5 хоног гэх мэтээр ажлын зайлшгүй шаардлага байхгүй байхад санаатайгаар тасалж өгсөн, мөн амралтын дундуур буюу 2019.08.23-ны өдөр хөдөө явж байхад хурал хийнэ заавал ир гэж дуудсаны дагуу ирэхэд товлосон өдөр хурал хийгээгүй. Иймд******* банкны Буянт-Ухаа салбарын данс хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа:******* банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.01.27-ны өдрийн Б-20/144 тоот тушаалаар *******ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд уг тушаал нь холбогдох хууль тогтоомж болоод Худалдаа, хөгжлийн банкны дотоодод мөрдөгдөх заавар, журамд нийцсэн. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 38.1, 40.1.4, 131.1.3,******* банкны Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.4, 8.1, 8.1.3-д тус тус заасны дагуу******* банк нь ажилтны гаргасан ноцтой зөрчлүүдэд ажлаас халах тухай сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь хууль эрх зүйн үндэслэлтэй. ******* Гүйцэтгэх удирдлага, газар, хэлтэс, нэгжийн удирдах ажилтны өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн *******ийн үйлдэл нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд шууд хамаарахаар байна. Тодруулбал, *******ийн 2014-2018 оныг хүртэлх ажлыг нь дүгнэж, 2019.02.27-ны өдөр хугацаатай үүрэг даалгаврыг тус банкны гүйцэтгэх удирдлага, салбарын удирдлагын газрын удирдлагаас өгсөн бөгөөд 2019.10.09-ний өдөр үүрэг, даалгаврын биелэлтийг хянахад 72.5%-тай буюу хангалтгүй гэж дүгнэсэн. Ийнхүү хугацаатай үүрэг, даалгавар хангалтгүй байсан учраас гүйцэтгэх удирдлага, холбогдох газрын удирдлагаас дахин хугацаатай үүрэг, даалгаврыг өгч, 2020.01.15-ны өдөр уг үүрэг, даалгаврын биелэлтийг хянахад 53,7%-тай байсан. ******* нь 2020.01.21-с хойш хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцөлгүйгээр ажлын 4 өдөр ажлаа тасалсан учраас Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд шууд хамаарч байна. ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан гэж дурджээ. ******* нь 2020.02.01-с 2021.02.01-ний өдөр хүртэл хугацаанд өөрт ноогдох ээлжийн амралтыг 2020.01.03-с эхлэн 2020.01.12-г дуустал хугацаанд хэсэгчлэн эдэлсэн бөгөөд 2020.01.13-ны өдөр ажилдаа эргэн орсон тул түүнийг ээлжийн амралттай байхад ажлаас халсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна. ******* нь ээлжийн амралтаа хэсэгчлэн авахаар, тухайлбал ээлжийн амралтын эдлээгүй үлдсэн хоногийг дараа нь биеэр эдлэхээр 2020.01.13-с эхлэн ажилдаа эргэж орсон болно. Харин ******* нь биеэр эдлэх үлдсэн ээлжийн амралтыг дахин авахаар бол тус банкны Захиргаа, хүний нөөцийн газарт хүсэлт гаргах, ээлжийн амралт авахтай холбоотойгоор ажил хүлээлцэх акт үйлдэх ёстой боловч хүсэлт болон ажил хүлээлцсэн акт байхгүй. Иймд 2020.01.21-с эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан үйлдэл нь түүний цагийн бүртгэл, ээлжийн амралт олгох хуудсаар давхар нотлогддог. Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 181/ШШ2020/01762 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******ийг******* банк ХХК-ийн Буянт-Ухаа салбарын данс хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас олговорт нийт 14,376,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, түүний дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.,41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас нийт 300,032 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1861 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагч тал гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,032 төгрөгийг улсын орлогод үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр, Х.Арманбек нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлал нь ИХШХШТХ-н 172.2-т заасныг зөрчиж, илт хууль зөрчиж гарсан болох нь: А. *******т өгөгдсөн хоёр удаагийн хугацаатай үүрэг, даалгаврыг хэдэн хувь биелэгдээгүй тохиолдолд хангалтгүй гэж үзэх, улмаар энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох талаар баримт авагдаагүй гэж дүгнэсэн тухайд; ХХБ-с *******т өгсөн хоёр удаагийн хугацаатай үүрэг, даалгавар, түүний биелэлтийг дүгнэсэн нотлох баримт хх 34-36-д авагдсан. ХХБ-ны Хөдөлмөрийн дотоод журам хх122-127-д авагдсан, *******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, түүний ажлын байрны тодорхойлолтоос үзвэл ажил олгогчийн зүгээс ажилтанд хугацаатай үүрэг даалгавар өгч, тухайн хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, бүрэн биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээг авч болохыг тодорхой тусгасан байна. ******* нь 2019.02.27-ны өдөр, 2019.10.09-ний өдрүүдэд өгөгдсөн хугацаатай үүрэг даалгаврыг бүрэн биелүүлээгүй болох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2, Хөдөлмөрийн гэрээний 6.1.3, *******ийн ажлын байрны тодорхойлолтын 4.73, 4.85-т тус тус заасны дагуу тогтоогдож байна. Давж заалдах шатны шүүхээс хэдэн хувь нь биелэгдээгүй тохиолдолд хангалтгүй гэж үзэх энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон талаар баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэж магадлахдаа дээрх заалтыг анхаарч авч үзээгүй илт хууль бусаар дүгнэсэн болох нь илэрхий байна. Энэхүү хугацаатай өгөгдсөн үүрэг, даалгавар ямар тохиолдолд бүрэн биелэгдсэн буюу хангалттай биелүүлсэн гэж үзэх талаар 2020.06.30-ны өдрийн Шүүх хуралдааны тэмдэглэл-ийн 8 дахь талаас 9 дэх талуудад Хариуцагчаас ... Хэдэн оноо авсан тохиолдолд тухайн ажилтныг үүрэг даалгавар нь биелсэн гэж үзэх вэ гэдэг дээр тайлбар өгье. Энэ уралдаан тэмцээн юм уу, шалгалт юм уу гэдэг зүйл огт биш юм. Энэ өгөгдөж байгаа үүрэг даалгавар нь өөрөө 100 хувь биелэгдэж байж, тухайн ажилтан үүрэг, даалгавраа хангалттай биелүүлсэн гэж үзэх үндэслэл болно...Зөвхөн *******ийн ажлыг дүгнээд байгаа асуудал биш, ажил олгогчийн зүгээс өчнөөн олон ажилтнуудад тухай бүрт нь үүрэг даалгавар өгөөд тэрийг хуваарийн дагуу шалгаад хуралдаад оноог нь өгөөд тухайн ажилтанд шат дараалсан арга хэмжээнүүдийг авахаар зохицуулсан байгаа, *******ийн хувьд зөвхөн өөрийг нь дуудаж үүрэг даалгаврыг танилцуулсан учраас зөвхөн өөрт нь өгөгдсөн байна гэдэг агуулгатай юм хувь хүн талаасаа бодсон байж магадгүй юм... гэж тодорхой тайлбар хэлсэн бөгөөд ийнхүү нэхэмжлэгчид өгөгдсөн хугацаатай үүрэг, даалгавар удаа дараа бүрэн биш, хангалтгүй байсан тул нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10.2, 10.2.1-г үндэслэж, Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Дээрхээс дүгнэвэл, хариуцагч нь ******* өгөгдсөн хоёр удаагийн хугацаатай үүрэг, даалгавар, тэдгээрийн биелэлтийг бүрэн биелүүлсэн буюу хангалттай гүйцэтгэсэн гэж үзэх нөхцөлийг тусгасан хөдөлмөрийн эрх зүйн суурь хууль тогтоомж болох Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1-д суурь бичиг баримтууд болох ХХБ-ны Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2, *******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.1.3, түүний ажлын байрны тодорхойлолтын 4.73, 4.85-д тодорхой заасан байхад Давж заалдах шатны шүүхээс хэдэн хувь нь биелэгдээгүй тохиолдолд хангалтгүй гэж үзэх энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон талаар баримт хэрэгт авагдаагүй гэж хэрэгт авагдсан баримтыг үнэлж дүгнээгүй, хариуцагчаас дээр дурдсан хөдөлмөрийн харилцааны суурь баримтуудыг өгсөн байхад баримт гаргаагүй, нотлоогүй гэж илт хууль бусаар дүгнэсэн байна. Б. Хугацаатай үүрэг даалгаврыг ямар журмыг баримталсан, хэрхэн үнэлж, дүгнэх журамтай, нийт ажилтан хаагчдад хугацаатай үүрэг даалгавар өгсөн эсэх нь тодорхойгүй, *******т хугацаатай үүрэг даалгавар өгөх болсон учир шалтгаан тодорхой бус ... надад зориулж, ялгаварлан гадуурхаж тухай үүрэг даалгавар өгсөн ... гэх тайлбарыг үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй гэж дүгнэсэн тухайд: Дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хэсгүүдэд тус банкны гүйцэтгэх удирдлагаас хугацаатай үүрэг, даалгаврыг өгч, ажилтан түүнийг бүрэн биелүүлж ажиллах тухай, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.1, *******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.2.1 дэх заалтад Ажилтан үүргээ хэрхэн биелүүлж байгаад ажлын аль ч шатанд танилцах, шалган зааварчлах, Монголбанк, Худалдаа, хөгжлийн банкны дүрэм, журам, зааврын дагуу ажиллаж, тус банкны хөдөлмөрийн дотоод журам, энэ Гэрээгээр хүлээсэн үүрэг болон өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэхийг ажилтнаас шаардах гэж заасан байхад ямар журмыг баримталсан, хэрхэн үнэлж дүгнэх журамтай гэж шүүхийн шийдвэрийг зөвтгөж хууль бусаар дүгнэсэн байна. Нийт ажилтан, албан хаагчдад хугацаатай үүрэг даалгавар өгсөн эсэх нь тодорхойгүй, ... надад зориулж, ялгаварлан гадуурхаж тухай үүрэг даалгавар өгсөн... гэх тайлбарыг үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй гэж дүгнэж, магадлсан нь нэгдүгээрт, нэхэмжлэгчээс хариуцагчийн Буянт-Ухаа салбарын бусад ажилтнуудад өгсөн хугацаатай үүрэг, даалгавар, түүний биелэлтийг хянасан бичгийг гаргуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хүсэлт хянан шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай 2020.06.10-ны өдрийн 181/Ш32020/07992 захирамжаар үндэслэлгүй гэж үзээд хангаагүй орхисныг анхаарч үзээгүй хоёрдугаарт, ИХШХШТХ-н 40.1, 40.2-д заасан шаардлагад нийцэхгүй буюу хэрэгт хамааралгүй, нөгөө талаас шүүхийн шийдвэрт үндэслэл болох нотлох баримт болж чадахгүй, гуравдугаарт, ХХБ-ны хөдөлмөрийн харилцаандаа мөрдлөг болгодог Хөдөлмөрийн дотоод журам нь тус банкны нийт ажилтнуудад хүчин төгөлдөр үйлчилж, мөрдөгддөг бөгөөд уг журмын 6.1, 7.2.2-г харгалзаж дүгнээгүй, дөрөвдүгээрт, хариуцагчаас анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт ч тодорхой хэлсээр байтал хэргийг буруу дүгнэж шийдвэрлэсэн байгаа нь харагдаж байна. *******т хугацаатай үүрэг даалгавар өгөх болсон учир шалтгаан тодорхой бус гэж дүгнэсэн нь хх-34 дэх талд байгаа 2019.02.27-ны өдрийн *******т өгөгдсөн хугацаатай үүрэг, даалгаварт нэхэмжлэгчийн ажиллаж байсан тус банкны Буянт-Ухаа салбарын ...Салбарын санхүүгийн үзүүлэлтээр 2018 онд өмнөх оноос зээлийн багцыг 70.0%-иар өсгөж 13,652.3 сая төгрөгөөр хүргэсэн хэдий ч төсвийн гүйцэтгэл 64%-тай байна. Мөн татан төвлөрүүлсэн хөрөнгийн гүйцэтгэл хангалтгүй байсан тул ангилал 1 шатлал буурч С ангилалаас Д ангилал руу шилжсэн. Нэг (1) данс хариуцсан ажилтанд ногдох зээлийн багц 3.4 тэрбум /Банкны нэгжийн дундаж 4.3 тэрбум төгрөг/ МИК-д худалдсан багцыг оруулснаар 6.4 тэрбум төгрөг /Банкны нэгжийн дундаж 7.1 тэрбум төгрөг/ байгаа нь Банкны нэгжийн дунджаас 15 хувиар доогуур үзүүлэлт байна. гэж тодорхой үндэслэл бүрдсэн буюу Буянт-Ухаа салбарын ажилтнуудын гүйцэтгэх ажил, үүрэг хангалтгүй байсны улмаас нэхэмжлэгчид хариуцагчийн Гүйцэтгэх захирлын орлогчийн үүрэг гүйцэтгэгч, Салбарын Удирдлагын газрын захирлын түр орлон гүйцэтгэгчээс тус тус өгөгдсөн байхад үүрэг, даалгавар өгөгдөх шалтгаан нөхцөл тодорхой бус гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн байна. В. ******* ээлжийн амралтаа хэсэгчлэн эдлэх хүсэлтийг гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ээлжийн амралтаа бүрэн эдлэх хүсэлт гаргасан хх85 ажил олгогчийн дуудсанаар 2020.01.13-ны өдөр ажилдаа ирж, 2020.01.21-ний өдрөөс үргэлжлүүлж эдэлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна хх37-38, 43-46 гэж дүгнэсэн тухайд: ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79.4-д заасны дагуу 2020.01.02-ны өдөр тус банкны Захиргаа, хүний нөөцийн газарт Банкны JIRA системээр Ээлжийн амралт хүссэн хүсэлтэд Ажилдаа орох огноо: 2020.01.13-ны өдөр, Биеэр амрах ажлын хоногийн тоо: 6 гэж хэсэгчлэн эдлэхээр хүсэл зоригоо илэрхийлж, тухайн өдөр мөн адил ээлжийн амралт авахтай холбоотойгоор тус банкны JIRA системээр Ажил хүлээлцүүлсэн акт-ыг тус банкны Буянт-Ухаа салбарын Данс хариуцсан ахлах ажилтан Б.Шагдарт үүсгэж, ажлаа хүлээлцсэн байна. Ийнхүү ******* бүтэн биечлэн эдлэх ээлжийн амралтыг ажлын 6 хоногоор хэсэгчлэн эдэлж, 2020.01.13-ны өдөр Ажилчдын цагийн бүртгэл-ийн 13 дахь мөрд *******ийн Тайлбар хэсэгт 8:55-д ирсэн. Ээлжийн амралтаас ирсэн тул эрх хаалттай байсан ба эрх нээсний дараа цагаа бүртгүүлэв гэж өөрийн гараар бичиж ажилдаа эргэж орсон. Хавтаст хэргийн 132 талд авагдсан нотлох баримтад ******* нь 2020.01.17-ны өдөр Ц.Галбаатар гэх нэртэй хүнээс Зээлийн хүсэлт (Иргэн)- ийг авч, гарын үсэг зурж судлахаар шийдвэрлэсэн байх ба 2020.06.30-ны өдрийн Шүүх хуралдааны тэмдэглэл-ийн 15 дахь талд Шүүх хуралдаан даргалагчаас (2020.01.13-с 2020.01.21-ний өдөр хүртэл ажлаа хийсэн юм уу? гэж асуухад ******* нь Ажлаа хийсэн гэв гэж ажил хийж байснаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл, ******* 2020.01.21-с хойш ээлжийн амралтаа эдлэхээр бол хүссэн хүсэлтээ ХХБ-ны Захиргаа, хүний нөөцийн газарт гаргах, өөрийн ажиллаж байсан тус банкны салбарт хийж байсан ажлаа хүлээлгэж өгөх зэрэг баримт бичгийг үйлдээгүй дур мэдэн ажлаа орхин явсан үйлдэлд хариуцагчаас сахилгын шийтгэл хүлээлгэж, ажлаас халсан тушаалыг илт хууль бусаар дүгнэж, шийдвэрийг зөвтгөж, хэвээр орхисон магадлал хууль бус байна. Тодруулбал, шүүхийн магадлалын 6 дахь талд.. ******* анхнаасаа ээлжийн амралтыг бүтнээр нь авсан, хэсэгчлэн эдэлж байсан гэдгийг мэдээгүй, бүтнээр ээлжийн амралтыг эдэлж явж байхад дундуур нь дуудсан мэтээр хэрэгт авагдаагүй нотлох баримтаар үнэлж, дүгнэсэн нь харагдаж байна. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч анх ээлжийн амралтыг авах хүсэлт гаргахдаа хэсэгчлэн эдэлж, ажилдаа орно гэдгийг мэдэж байсан, хэсэгчлэн эдэлж ажилдаа ирж ажилласан байтал давж заалдах шатны шүүхээс хэсэгчлэн эдэлж байна гэдгийг мэдээгүй дундуур бүтнээр эдлээд явж байхад ажил олгогчийн дуудсанаар ирж ажилласан гэж ээлжийн амралтаа өөрийн хүсэлтээр хэсэгчлэн авсан байхад хууль бусаар үнэлж, дүгнэсэн байна. Г. Хэргийн баримтуудаар нэхэмжлэгчийг шалтгаангүйгээр ажил тасалсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Ажилтан ээлжийн амралтаа хэсэгчлэн амрах болон үргэлжлүүлэн эдлэх тохиолдолд дахин хүсэлтээ байгууллагад өгч зөвшөөрөл авч байж явах журамтай гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн тухайд; Дээр дурдсанаар ******* нь 2020.01.02-ны өдөр ээлжийн амралтыг хэсэгчлэн эдэлж, ийнхүү эдлэхдээ тус банкны Захиргаа, хүний нөөцийн газарт ээлжийн амралт авах хүсэлтийг, өөрийн ажилладаг салбарын ажилтандаа ажил хүлээлцсэн актыг Банкны JIRA системээр тус тус үүсгэж, үйлдсэн бөгөөд 2020.01.13-ны өдөр ажилдаа эргэж орж, нийт ажлын 6 хоног ажиллаж, 2020.01.21-с эхлэн ямар ч шалтгаангүйгээр, банканд мэдэгдэлгүйгээр, хийж буй ажлыг хэн нэгэнд хүлээлгэж шилжүүлэлгүйгээр ажлаа дур мэдэн орхиж явсан. ХХБ-ны ажилтнууд банкны ажлыг гүйцэгтэх, хүсэлт шийдвэрлүүлэх, ажил хүлээлгэж өгөхдөө цахимаар бүх ажлыг хялбарчлах, хурдан шуурхай хийх зорилгоор JIRA систем/програм/-ийг үйл ажиллагаандаа хэрэглэж ажилладгыг дурдах нь зүйтэй. Д. 2020.06.30-ны өдрийн 181/ШШ2020/01762 шийдвэрийн алдааг засаагүй тухайд: ХХБ-ны Гүйцэтгэх захирлын 2020.01.27-ны өдрийн Б-20/144 дугаартай тушаал нь *******ийн гаргасан ноцтой зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасны дагуу хүлээлгэснийг анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан нөхцөл болох ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж заасныг хариуцагч үндэслэсэн байна гэж хариуцагч талын тайлбарууд болон нотлох баримтыг илтэд гуйвуулан буруу тайлбарлаж дүгнэж, хууль бус шийдвэр гаргасан байтал давж заалдах шатны шүүхээс тухайн алдааг засаагүй дүгнэж, магадлал гаргасан нь хэргийг бүхэлд нь хянан үзнэ, 167.2-т Магадлалд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгана. гэж заасныг тус тус хангаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. 2. *******ийн Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсныг давж заалдах шатны шүүхээс магадлахдаа анхаараагүй тухайд: Хавтаст хэрэгт авагдсан *******тай, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.1, 23.2.2-д тус тус заасны дагуу 2018.07.02-ны өдөр байгуулсан 18/1129 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээний 3.2-т Энэ гэрээний 3.1 дэх хэсгийг үндэслэн Гэрээг 2018.07.02-ны өдрөөс эхлэн 2020.07.02-ны өдрийг хүртэл 2 жил хугацаатайгаар байгуулав. гэж зохицуулсан бөгөөд тус Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020.07.02-ны өдөр дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл, 2020.08.31-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан болж, магадлал гарахаас өмнө зохигчийн байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасны дагуу дуусгавар болсон байна. *******ийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа 2020.06.30-ны өдрийн шүүхийн шийдвэр гарахад дуусгавар болоогүй байсан. Гэтэл, давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэхдээ гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасныг хангаагүй буюу нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхийг хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ болон бусад нотлох баримтыг үнэлж, дүгнэхдээ бүхэлд нь хянан үзэж, шийдвэрээ гаргах үүргээ биелүүлээгүй байх ба энэ нь Магадлалд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгана. гэж заасны дагуу магадлал хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байна гэх шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс *******ийг ХХБ-ны Буянт-Ухаа салбарын данс хариуцсан ажилтан, албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн шийдвэрийг 1861 дугаартай магадлалаар хэвээр үлдээсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2, 37.1.3, *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасны дагуу ажил, албан албан тушаалд эгүүлэн авах нь хууль зүйн үндэслэлгүй буюу биелүүлэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлага байна. 3. Дүгнэлт: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь дүгнэвэл, магадлал нь хэрэгт авагдсан ХХБ-ны хөдөлмөрийн дотоод журам, *******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, түүний ажлын байрны тодорхойлолтод ажил олгогч буюу гүйцэтгэх удирдлагаас хугацаатай үүрэг даалгаврыг өгч, түүний биелэлтийг бүрэн, чанарын өндөр түвшинд биелүүлсэн тохиолдолд хангалттай гэж үзэх, хангалтгүй, бүрэн биелүүлж ажиллаагүй тохиолдолд Хөдөлмөрийн гэрээний дагуу сахилгын шийтгэл хүлээлгэхээр зохицуулсныг хэдэн хувь биелэгдээгүй тохиолдолд хангалтгүй гэж үзэх, энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон баримт хэрэгт авагдаагүй байна гэж хууль бусаар үндэслэлгүй дүгнэсэн, хугацаатай үүрэг даалгавар өгөх болсон шалтгаан нөхцөлийг *******т өгсөн хугацаатай үүрэг, даалгавар хх34 дэх талд авагдсан тодорхой заасан байхад өгөгдсөн шалтгаан нөхцөл тодорхой бус байна гэж байгаа баримтыг хянаж дүгнээгүй, нэхэмжлэгч ээлжийн амралт авах хүсэл зоригоо анхнаасаа хэсэгчлэн авахаар илэрхийлж, ажилдаа ирсэн байтал бүрэн авсан боловч ажил олгогчийн дуудсанаар ажилдаа эргэж ирсэн гэж хууль бусаар дүгнэсэн, нэхэмжлэгч ээлжийн амралтыг үргэлжлүүлэн эдлэхэд ажил олгогчид мэдэгдээгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй дур мэдэн орхиод явсны хууль зүйн үндэслэлийг дүгнэлгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 79.4-г буруу тайлбарлаж магадалсан байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. ИХШХШТХ-н 166.4, 167.2-г хангаагүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан өөр нөхцөлийг шийдвэрт тусгасан алдааг засаж, үнэлж дүгнээгүй магадлал гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-д заасан үндэслэлээр дуусгавар болсон байхад ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулаагүй хэвээр орхисон байгаа тул энэ нь Хөдөлмөрийн тухай хууль хийгээд ИХШХШТХ-н холбогдох зохицуулалтыг зөрчсөн, ноцтой алдаа болсон байна. 4. Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон 1861 дугаартай магадлалыг ИХШХШТХ-н 176.2.4-д заасны дагуу хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* 2020.03.04-ний өдөр******* банк ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Буянт-Ухаа салбарын данс хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.******* банкны гүйцэтгэх захирал 2020.01.27-ны өдөр Б-20/144 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 37.1.8, 38.1.2, 40.1.4, 131.1.3,******* банкны дүрмийн 9.10.6, дотоод журмын 8.1.3, 8.2, хөдөлмөрийн гэрээний 8.2.3-г үндэслэн, ... 2019.02.27-ны өдөр болон 2019.10.09-ний өдрүүдэд өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн... 2020.01.21-ний өдрөөс 2020.01.27-ны өдөр хүртэл ажил тасалсан... нь дотоод журмын 3.4.3, 7.2.2, ажлын байрны тодорхойлолтын 4.66, 4.73, 4.76, 4.85., хөдөлмөрийн гэрээний 10.2.1, 10.2.7-д заасан ноцтой зөрчилд хамаарч байна.. гэж *******ийг ажлаас нь халсан байна.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.

Шүүх ...хариуцагч нь ажилтанд ямар үүрэг даалгавар, хэзээ өгсөн, мөн эдгээрийг хэрхэн дүгнэсэн гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй... гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

2. Хугацаатай үүрэг даалгавар өгсөн нь хэрэгт буй баримтаар тогтоогдсон гэх хариуцагчийн тайлбар хяналтын гомдлыг хангах нөхцөл болохгүй байна.

а\. Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, СУГазрын захирлын түр орлон гүйцэтгэгч нь нэхэмжлэгчид 2019.02.27-ны өдөр /хх 34/ үүрэг даалгавар өгч хугацааг 2019.06.30-ны өдрөөр тогтоожээ. Мөн 2019.08.26-ны өдөр /хх 35/ үүрэг даалгавар өгч биелүүлэх хугацааг 2019.11.30-ны өдрөөр тогтоосон байна.

Дээрхи үүрэг даалгаврыг хэрхэн үнэлж дүгнэсэн тухай баримт хэрэгт байхгүйгээс гадна үүрэг даалгавар хийж дуусах 2019.06.30-ны өдөр болон 2019.11.30-ны өдрөөс хойш ажилтныг ажлаас халах 2020.01.27-ны өдөр хүртэл нэг сарын хугацаа өнгөрсөн байна.

Ажил олгогчоос 2019.10.09-ний өдөр өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг 2020-01-15-ны өдөр дүгнэсэн гэх боловч ямар даалгавар өгсөн нь тодорхойгүй буюу 2019.10.09-ний өдөр өгсөн даалгавар хэрэгт байхгүй байна.

Нэхэмжлэгчид 2019.10.09-ний өдөр даалгавар өгсөн баримт хэрэгт байхгүй тул ...*******т өгсөн хугацаатай үүргийн биелэлт гэх 2020-01-15-ны өдрийн баримт /хх 36/ хариуцагчийн тайлбарыг нотлохгүй байна.

Ажилтан 2018.07.02-ны өдрийн 18/1129 дугаартай гэрээний 10.2.1 дэх хэсгийг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүйгээс гадна өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх ажил олгогчийн тайлбар нэхэмжлэлийг үгүйсгэж чадаагүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 132.2-т нийцэхгүй байна.

б\. Хөдөлмөрийн гэрээгээр ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг тохирно. Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй.

Хэрэгт 2016.07.02-ны өдрийн 16/589 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх 6-7/, 2018.01.02-ны өдрийн мөн 2018.04.16-ны өдрийн ажлын байрны тодорхойлолт /хх 8-12, 172-176/, 2018.07.02-ны өдрийн 18/1129 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх 170-171/, 2019.11.16-ны өдрийн ажлын байрны тодорхойлолт /хх 13,177/ авагджээ.

Эдгээр баримтыг харьцуулан үзвэл, ажилтан 2018.07.02-ны өдрийн 18/1129 дугаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ба 2018.04.16-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтод 2019.11.16-ны өдөр нэмэлт оруулсан байна.

Ажлын байрны тодорхойлолтын 4.66, 4.73, 4.85 дахь хэсгийг зөрчсөн нь ноцтой зөрчилд хамаарах тухай талуудын хооронд 2018.07.02-ны өдөр байгуулагдсан 18/1129 дугаартай хөдөлмөрийн гэрээний 10-т заагаагүй байх тул хариуцагчийн гомдлоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4-г зөрчинө.

в\. Ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн ажлын байрны тодорхойлолтыг батална.

Ажлын байрны тодорхойлолтоор байгууллагын бүтцэд албан тушаалын эзлэх байр суурь, үйл ажиллагааны чиг үүрэг, хариуцлага, эрх мэдэлд тавигдах шаардлагыг нарийвчлан тодорхойлдог.

Ажлын байрны тодорхойлолтыг тухайн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулж, уг тодорхойлолтод заасан шалгуурыг хангасан иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан тусгаагүй атлаа өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн баталдаг ажлын байрны тодорхойлолт-ын зарим заалтыг ...ноцтой зөрчил..-д хамааруулж буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 48 дугаар зүйлийн 48. 3.2, 40 дугаар зүйлийн 40.1.4-т нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. ******* ...2020.01.21-ний өдрөөс 2020.01.27-ны өдөр хүртэл ажил тасалсан.. гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно.

Хэрэгт, нэхэмжлэгч ээлжийн амралтаа хэсэгчлэн эдлэх хүсэлт гаргасан баримт байхгүй, харин бүтнээр нь олгохыг хүсэж байсан нь тогтоогдсон /хх 27-39, 85, 43-46/ тул шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4-т нийцжээ.

4. Ажилтан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан талаар зохигч маргаагүй тул хоёр шатны шүүх ...гэрээг хугацаатай эсхүл хугацаагүй байгуулсан.. эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг зөрчөөгүй гэж дүгнэв.

Талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай эсхүл хугацаагүй байгуулсан эсэх нь ....Буянт-Ухаа салбарын данс хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах... *******ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөөгүйгээс гадна зохигчийн маргааны зүйл болоогүй байна.

Зохигч хөдөлмөрийн гэрээний харилцааг үргэлжлүүлэхэд, мөн гэрээ нь хугацаатай эсхүл хугацаагүй байгуулагдсан эсэхийг шийдвэрлэхэд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд маргааны талаар дүгнэлт хийнэ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01762 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1861 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 300,032 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД