Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 109/2023/0009/З |
Дугаар | 221/МА2024/0089 |
Огноо | 2024-02-01 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2024/0089
2024 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 221/МА2024/0089 | Улаанбаатар хот |
С.Н***ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У***, О.Б***,
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийн П.А***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 100 га газрыг С.Н***ид олгохыг даалгах, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/98 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 400 га газрыг гэснээс 100 га газрыг гэсэн хэсгийг хүчингүй болгуулах,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч С.Н***,
Хариуцагч: Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: А.С***, Т.Б***,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Н***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т***, гуравдагч этгээд А.С***-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У*** нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш***,
Хэргийн индекс: 109/2023/0009/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
3. Давж заалдах гомдлын агуулга: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад шүүх хүлээн авч, шийдвэрлэсэн,
3.2 Газрын тухай хуульд зааснаар тухайн газрыг С.Н*** зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийг төлж байгаагүй учраас тухайн газрыг эзэмших эрх нь дуусгавар болсон гэж үзэж байна,
3.3 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У*** миний бие шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй, мэтгэлцэх эрхийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэх зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэх асуудлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй зөв тогтоож чадалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
3.1. Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус багийн хуучин тариалангийн талбай байсан газарт иргэн П.Б***, А.Ё***, С.Л***, С.Н*** нарт олон жил газар тариалангийн салбарт ажилласны дагуу үр тарианы зориулалтаар 400 га газрыг давуу эрхээр эзэмшүүлэхийг зөвшөөрч, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай 07 дугаар тогтоолоор давуу эрхээр газар эзэмших, иргэдийн нэрс, газрын байршил, зориулалт, хэмжээ, газар эзэмших хугацааг хавсралтаар баталсны 3 дугаарт С.Н***ид Булгийн атаршсан талбай гэх газарт Үр тарианы зориулалттай 100 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
3.2. Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 76 дугаар захирамжаар тариалангийн зориулалтаар давуу эрхээр газар эзэмшүүлэх иргэдийн нэрс, газрын байршил, зориулалт, хэмжээ, газар эзэмших хугацааг хавсралтаар баталсны 3 дугаарт иргэн С.Н***ид үр тарианы зориулалттай 100 га газрыг Булгийн атаршсан талбайд олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №125 дугаартай гэрээ байгуулж, 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 0202926 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
3.3. Нэхэмжлэгч С.Н*** нь өөрийн эзэмшлийн 0202926 дугаар бүхий гэрчилгээтэй Булгийн тариалангийн талбайн 100 га газрыг иргэн П.А***д 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулан шилжүүлснийг Архангай аймгийн Батцэнгэл сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч н.Д*** 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаарт бүртгэж, гэрээний үнэн зөвийг гэрчилснийг үндэслэн Батцэнгэл сумын Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/79 дүгээр захирамжаар маргаан бүхий газрын эзэмших эрхийг иргэн П.А***д шилжүүлсэн.
3.4. С.Н***оос 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хандан “Батцэнгэл сумын Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, миний эзэмшлийн 100 га газрыг өөрт олгох захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... миний 100 га газрын эзэмших эрхийг 2012 онд шилжүүлж авсан болохыг сая 2023 оны цагаан сарын дараа надтай уулзаад газар юу болж байгаа вэ гэхэд газар чинь өнгөрсөн гэж хэлэхээр нь гайхсан ... тэгээд сумын Засаг даргад өргөдөл гаргатал уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх талаар хариу өгсний дагуу шүүхэд хандаж байна” хэмээн тайлбарлан маргасан.
3.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, эцсийн байдлаар “Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийн П.А***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 100 га газрыг С.Н***ид олгохыг даалгах, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/98 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 400 га газрыг гэснээс 100 га газрыг гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” хэмээн тодорхойлсон.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн” дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж “...захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол”, 14.1.2-д “холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” хэмээн тус тус заасан.
5. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч С.Н***ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл илэрсэн байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тодруулбал, нэхэмжлэгч “... миний 100 га газрын эзэмших эрхийг 2012 онд шилжүүлж авсан болохыг сая 2023 оны цагаан сарын дараа надтай уулзаад газар юу болж байгаа вэ гэхэд газар чинь өнгөрсөн гэж хэлэхээр нь гайхсан ... тэгээд сумын Засаг даргад өргөдөл гаргатал уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх талаар хариу өгсөн, тиймээс шүүхэд хандсан ...” хэмээн тайлбарлах боловч 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г П.А***тэй байгуулж, түүнд гарын үсэг зурсан байх бөгөөд С.Н*** нь анх газар эзэмших эрх олгогдсон цаг хугацаанаас хойш газрыг бодитой эзэмшээгүй, газрын төлбөр төлсөн баримт байхгүй, П.А***гээс газрын төлбөр төлж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан зэргээс үзэхэд өөрийн эзэмшлийн газрыг нь бусад этгээд эзэмшиж, ашиглаж байсан болон бусдад шилжүүлсэн болохыг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй.
Мөн шүүх хуралдааны явцад “...нэг нутгийн хүмүүс тул газрын хэрэглэж байсан болохоор газрын төлбөрийг төлж байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ талаарх гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2012 онд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдаж, маргаан бүхий сумын Засаг даргын 2012 оны А/79 дүгээр захирамж гарснаас хойш уг гэрээ, захирамжийн улмаас гомдолд дурдсан эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх үр дагаварт хүрч болохыг мэдэх боломжтой бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргах боломжтой байхад 12 жилийн дараа тухайн газрын талаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зураагүй хэмээн маргах боловч тухайн хувийн эрх зүйн шинжтэй гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудлыг захиргааны хэргийн шүүх дүгнэх боломжгүй.
7. Иймд анхан шатны шүүх эдгээр баримтыг үнэлж, нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийн П.А***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 100 га газрыг С.Н***ид олгохыг даалгах, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/98 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 400 га газрыг гэснээс 100 га газрыг гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий С.Н***ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА