Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 181/2020/00372/И |
Дугаар | 001/ХТ2021/00720 |
Огноо | 2021-06-17 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2021/00720
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01357 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1818 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч:******* судлалын үндэсний төв Улсын Төсөвт Үйлдвэрийн Газар
нэхэмжлэл: ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Есүхэйгийн хяналтын журмаар 2020.09.21-ний өдөр гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч С.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч О.Билгүүнзаяа, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие 2012.08 сараас******* судлалын үндэсний төвд Статистикч их эмчээр ажиллаж эхэлсэн. Алдаа дутагдал гаргаагүй. Гэтэл тус төвийн захирал 2019.12.04-ний өдөр Б/167 дугаартай тушаал гаргаж, ажлаас үндэслэлгүй халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасныг зөрчиж надад тушаалын эх хувийг огт гардуулаагүй. Иймд 2019.12.04-ний өдрийн Б/167 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, статистикч их эмчийн ажилд эгүүлэн тогтоох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: 2019.12.04-ний өдрийн Б/167 тоот тушаалаар тус төвийн Статистикч их эмч *******г ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар заалтын гэрээний нэмэлт нөхцөлийн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан. Мөн тус төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1, 10.3.1, 11.1.9, 11.1.13-г үндэслэл болгосон.. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 181/ШШ2020/01357 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан, Арьсны Өвчин Судлалын Үндэсний төвийн захирлын 2019.12.04-ний өдрийн Б/167 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******г Арьсны Өвчин Судлалын Үндэсний төвийн Статистикч их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар хариуцагчаас 8,754,627 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурьдаж, хариуцагчаас 155,024 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1818 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01357 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар *******г******* судлалын үндэсний төв УТҮГ-ын Статистикч их эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэж, 2 дахь заалтын ...8,754,627... гэснийг ...6,166,817... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 155,024 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Есүхэй хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж үзэлгүй, гагцхүү нэхэмжлэгч талын хүсэлтээр хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт үндэслэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. *******гийн нэхэмжлэл гаргасан үндэслэл нь өөрөө баримтаар нотлогдсон буюу гэрчийн мэдүүлгээр баталгаажсан байдлыг *******гийн өмгөөлөгч илтэд хүний хэлсэн сул үгэн дээр мушган гуйвуулж байгаа нь талуудын харилцан тэгш байдлаар шүүхийн өмнө байх үндсэн зарчмыг бүрэн алдагдуулсан. Тухайлбал, гэрчээр оролцсон******* судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Батцэцэгийг та яг баримтжуулсан уу гэж удаа дараа асууж байсан. Аливаа үйлдлийг баримтжуулах ажиллагааг нь ихэвчлэн гүйцэтгэх ажил эрхэлдэг тусгай чиг үүрэг бүхий байгууллагын үндсэн үүрэг болохоос биш энгийн байгууллагын албан хаагч үг, үйлдэл бүрийг баримтжуулах чиглэлээр гар утсаар бичлэг хийх нь тухайн албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтод тусгагдаагүй ажил гэж үзэж байна. *******гийн өмгөөлөгч нь хүнийг буюу хариуцагч талын гэрчид асуулт тавихдаа тулгах хэлбэрээр үг, хэллэг ашиглаж байгаа нь энгийн байгууллагын албан хаагчдын сэтгэл зүйд асар хүнд цохилт болж, хямарсан талаар гэрч нар хэлж байсан болно. Учир нь эмнэлгийн байгууллагын албан хаагч нар буюу эмч хүмүүс өр зөөлөн сэтгэлтэй, хүнийг эмчлэх анагаах эдгээхэд өөрийн мэдлэг оюунаа бүрэн дайчлан ажилладаг онцлогтой. Тийм хүмүүс шүүх, цагдаагийн байгууллагаар төдийлөн яваад байдаггүй, ажил, гэр гэсэн үндсэн гол чиглэлээр амьдралынх нь дийлэнхи хугацаа өнгөрч байдаг. Тиймээс, тэднийг ийнхүү төөрөгдөлд оруулахаар үгний цаана үг хийж, давхар санаа агуулж асуулт тавихад тэдгээр гэрч нар байгаа байдлыг хэлэхэд *******гийн өмгөөлөгч хэлсэн сул үгийг шууд өлгөж аваад шүүхийн тэмдэглэлд тусгуулан ажилласан. Энэхүү нөхцөл байдлыг бүрэн мэдрэх үүрэгтэй шүүгч өөрөө нэхэмжлэгч талын байр суурийг давамгайлан сонсож, эрх тэгш оролцох оролцоог хангаагүй гэж үзэж байна. Төрийн албан хаагч тэр дундаа эмнэлгийн их эмч нар ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэх нь хуулиараа хориотой, энэ асуудлын хүрээнд манай улсын хэмжээнд гарсан ноцтой олон учрал тохиолдол байгааг шүүгч мэдсээр байж ажлын байран дээр архи уусан хүмүүсийг хаацайлан алхаа тогшиж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын баримтлах бодлого, түүнээс гарч байгаа архи согтууруулах ундааг ажлын байран дээр хэрэглэх, тэр бүү хэл хадгалахыг хориглосон шийдвэрийг Монгол Улсын шүүх илтэд өмгөөлж байгаа нь нийгэмд асар буруу жишиг тогтоож байна гэж итгэмжилсэн төлөөлөгч миний бие дүгнэсэн болно. Төрийн албан хаагч татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа тул татвар төлөгчдөд үйлчлэх үүрэгтэй атал ажлын байранд дээр архи ууж, согтуурхаж, дуулж наргиж цэнгэж байгаа үйлдлийг мэдээд таслан зогсоохоор албан үүргийн хүрээнд шаардлага тавьсан албан тушаалтны албаны зүй ёсны шаардлагыг үл тоосон энэхүү үйлдлийг шүүх эрх мэдэл бүхий байгууллага үл тоомсорлож шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дэлхий нийтэд цар тахал гарч, манай улс дотооддоо энэхүү аймшигт халдварыг алдаагүй үед эмнэлгийн ажилчдын сахилга хариуцлага маш өндөр байх ёстой. Улсын онцгой комиссоос эрүүл мэндийн байгууллага, тусгай чиг үүрэгтэй байгууллагын албан хаагчдад тусгайлан ажиллах горим, цалин хангамжийг хангалттай олгож, эргээд өмнөө хүлээсэн үүргийг хэлбэрэлтгүй биелүүлэх ёстой атал эмнэлгийн ажилчдын зүй бус үйлдлийг шат шатны шүүх ийнхүү хэт өрөөсгөл байдлаар шийдвэрлэж байгаа нь Засгийн газрын баримтлах бодлогыг санаатайгаар эсэргүүцэж байна гэж үзэхэд хүргэж байна. Сахилга хариуцлага төрийн бүх шатанд жигд үйлчлэх ёстой, ялангуяа цагаан нөмрөгтэй баатар-ууд бусдаас илүү хариуцлагатай байх учиртай гэж үзнэ. Эдгээрээс гадна миний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө хавтаст хэрэгтэй бүрэн танилцах эрхээ эдлээгүй. Энэ нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн. Танилцаагүй нотлох баримтыг үндэслэн шийдвэрээ гаргасан зөрчил юм. Үүнээс гадна 2020.04.08-ны өдөр шүүх зохигчдод хэрэгт авагдсан баримтыг танилцуулсан байх бөгөөд шүүгч 2020.04.09-ний өдрийн №...798 дугаартай захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргасан байгаа нь ИХШХШТХ-н 25.1.2-т Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох гэж заасныг зөрчжээ. Дээр дурдсан гомдлын үндэслэлүүд буюу нэхэмжлэгч нь ажлын байранд архидан согтуурсан явдлыг нотлогдсоор байхад нотлогдохгүй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-ийг хэрэглээгүй буюу ИХШХШТХ-н 172.2.1-д ... шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ... гэж заасан, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нотлох баримттай бүрэн танилцуулалгүйгээр шүүх хуралдаан хийж хэргийг шийдвэрлэсэн, мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарахаас өмнө зохигчдод хэргийн материалыг танилцуулсан зэрэг нь 172.2.2-т зааснаар тус тус хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл болж байна. Иймд Улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг өөрчилж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
******* 2020.01.17-ны өдөр******* судлалын үндэсний төв Улсын Төсөвт Үйлдвэрийн Газар /цаашид******* судлалын үндэсний төв гэх/-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, статистикч их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаагаар тооцон урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгахыг шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө, ...ажилтан архи уусан тул ажлаас нь халсан.. гэж маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, хариуцагчаас гаргуулах олговрын хэмжээг багасгаж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
а/.******* судлалын үндэсний төвийн захирал 2020.12.04-ний өдөр Б/167 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр Албан даалгавар, байгууллагын дотоод журмын 11.1.9,11.1.13, 11.2.1.3-т заасныг баримтлан ..хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 3 г зөрчсөн гэж *******г Статистикч их эмчийн ажлаас чөлөөлжээ.
Талуудын хооронд 2017.03.02-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2-т гэрээг цуцлах ноцтой зөрчлийн талаар заасан байх бөгөөд ...ажлын байранд архи ууж согтуурсан,согтуу орж ирсэн... нь ноцтой зөрчилд хамаарах талаар 2-н 3-т заасан байна.
Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.
Хэрэгт авагдсан баримтаар ажилтан тушаалд заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдоогүй байх тул *******г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-г зөрчөөгүй байна.
Шүүх гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт буй бусад баримтуудтай харьцуулан дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3-т нийцжээ.
б/. Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрх эдэлнэ. Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч хэргийн оролцогчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг явуулна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүх 2020.01.31-ний өдөр хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан /хх 19/ өгсөн, хариуцагч хэргийн материалтай танилцаж байсан /хх 22,146/ байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарснаас хойш хариуцагч хэргийн материалтай танилцаагүй гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна. Хариуцагч хэргийн нотлох баримт болон бусад материалтай танилцах эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэх нь хэргийн оролцогчийн хүсэл зоригийн асуудал юм. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримттай танилцах, шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах хариуцагчийн эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1., 25.1.2., 67 дугаар зүйлийн 67.1.1, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.
в/. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэлээ тодорхой заасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.
2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Давж заалдах шатны шүүх хариуцагчаас гаргуулах олговрын хэмжээг багасгасан атлаа улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг шийдвэрлээгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4-т хариуцагчаас ...155,024 төгрөг гаргуулах..-р заасан байгааг ...113,619 төгрөг.. болгох өөрчлөлтийг магадлалд оруулна.
3/. *******гийн нэхэмжлэлийг давж заалдах шатны шүүх зөв тодорхойлсон байгааг дурдах шаардлагатай гэж үзэв.
******* нь нэхэмжлэлдээ .... ажил олгогчийн 2019.12.04-ний өдрийн Б/167 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, статистикч их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаагаар тооцон урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах.... гэжээ.
Талуудын тайлбараас үзвэл, ...ажил олгогчийн 2019.12.04-ний өдрийн Б/167 дугаар тушаал хуульд нийцээгүй хүчингүй болгох... гэсэн нь нэхэмжлэл бус, харин******* судлалын үндэсний төв УТҮГ-ын статистикч их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл нь байна.
******* нь ...статистикч их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах... нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.
Иймд давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн нэг дэх заалтаас ...ажил олгогчийн 2019.12.04-ний өдрийн Б/167 дугаар тушаал..-г хүчингүй болгосон хэсгийг хассан нь зөв болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1818 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын ...шийдвэрийн бусад хэсгийг .. гэснийг ... 4 дэх заалтын 155,024 төгрөг гэснийг 113,619 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг ... гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 312,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД