Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 135/шш2018/00241

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******* хороолол, ******дугаар байранд байрлах *******ХХК /утас ******/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** гудамж, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ********/-д холбогдох

"1,797,378 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...Нэхэмжлэгч ОХУ-ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн 22 дугаар хороололд байрлах 6 дугаар байрыг 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Оросын холбооны улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх “Хилийн чанад дахь  Өмчийн газар”-ын Үйлдвэртэй байгуулсан 524 дугаартай Түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшлэг болно.

Уг байрны 3-04 тоотын 1 өрөө орон сууцыг хариуцагч болох Г.*******тай сарын 100,000 төгрөгийнм хөлстэй нэг жилийн хугацаатайгаар хөлслүүлэхээр талууд харилцан тохиролцож 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 27/15 дугаар Орон сууц хөлслөх гэрээг байгуулсан болно.

Хариуцагч нь тус орон сууцыг талуудын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан боловч гэрээний дагуу хөлс төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрээд байна.

Иймд хариуцагчаас байрны хөлс 1,429,942 төгрөг, алданги 185,004 төгрөг, цахилгааны төлбөр 178,932 төгрөг, нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 3500 төгрөг,  нийт 1,797,378 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Г.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...миний бие 2010 оноос хойш уг байрыг түрээслэн сууж байсан түрээсийн хугацаанд төлбөрөө төлж байсан. Анх түрээслэн орохдоо өмнөх айлын үлдэгдэл өр 400,000 төгрөгийг төлж орсон анх 80,000-аар түрээсэлж байгаад сүүлдээ нэмэгдсээр байгаад 115,000 төгрөгийг төлж байсан.

Би ганц бие хөрөнгөгүй ажилгүй тул түрээсээ төлж чадахаа болиод дүү нараа оруулсан 2016 оны 02 сараас халуун хүйтэн усгүй, тогггүй хэрэгцээнийхээ усыг гаднаас зөөж газен пелаткаар хоол ундаа хийж амьдарч байгаад 2016 оны 06 сард энэ байрнаас гарсан.

2016 оны 10 сарын 22-ны өдөр 600,000 төгрөгийн түрээс  төлж 270,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн.2016 оны 02 сараас хойш ямарч хүн амьдрах боломжгүй байрнаас мөнгө нэхэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан байрны төлбөр 1,429,942 төгрөг, алданги 185,004 төгрөг, цахилгааны төлбөр 178,932 төгрөг, нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн зардал болох 3,500 төгрөг, нийт 1,797,378 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч Г.*******тай 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр  Дархан сумын 4-р баг 22-р хороолол,*******1 өрөөг, 12 сарын хугацаатай буюу 2015оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сарын 90 000 төгрөгөөр, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 100,000 төгрөгөөр хөлсөлсний төлбөрийг тооцох, хөлслөгч орон сууц хөлсөлсний төлбөрийг урьдчилж тухайн сарын 10-ны дотор төлөх, хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тоолуураар тооцон дараа сарын 10-ны дотор хөлслүүлэгч талд төлөх, дээрхи төлбөрүүдийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги тооцож төлүүлэхээр харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан Орон сууц хөлслөх гэрээ, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч *******ХХК нь орон сууц хөлслөх гэрээний хугацаа буюу 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд төлөх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 370,008 төгрөг, түүний алданги 144,500 төгрөг /гэрээний 1,4-т заасан/,  гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны буюу 2015 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 1,572,066 төгрөг, цахилгааны төлбөр 201,116 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Г.******* хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 295 дугаар зүйлийн 295.4-д “Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй”, 232 дугаар зүйлийн 232.6-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно”  гэж заажээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тус байрны түрээсийн төлбөртэй холбоотой тооцооны баримтад дурьдсан хариуцагчийн төлсөн төлбөрийн талаар талууд маргадаггүй.

 Хариуцагч Г.******* нь гэрээний хугацаа дуусахад буюу 2015 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 370,008 төгрөг, түүний алданги 144,500 төгрөг , нийт 514,508 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаанд Г.******* нь нийт 2,000,000 төгрөгийг төлсөн болох нь дээрх тооцооны баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Г.******* нь *******ХХК-нд тус байрны түрхүүрийг 2017 оны 10 дугаар сард хүлээлгэн өгсөн боловч тэрээр тус байранд 2016 оны 08 дугаар сараас хойш хугацаанд оршин суугаагүй, амьдрах боломж байхгүй байсан, харин уг байр хувьчлагдана гэсэн яриа байсан учир би түлхүүрийг өгөөгүй байсан гэсэн тайлбарыг гаргасан болно.

Г.*******гийн түрээслэж байсан орон сууцны цахилгааны төлбөр нь 2016 оны 08 дугаар сараас хойш гараагүй, тог цахилгаан ашиглаагүй, уг орон сууцанд дулаан байхгүй байсан болох нь зохигч талын тайлбар, тооцооны баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Г.*******г уг орон сууцанд 2017 оны 08 дугаар сараас хойш хугацаанд амьдраагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч тал байрны түрээсийн төлбөр 100,000 төгрөгт талбайн төлбөр, ус дулааны төлбөр багтдаг гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч 100,000 төгрөгөөс хэд нь талбайн төлбөр, хэд нь ус дулааны төлбөр болох талаар тодорхойлоогүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

 Тус орон сууцыг цэвэр бохир усаар хангаагүй байхад усны төлбөрийг оруулан тооцсон түрээсийн төлбөр 100,000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл 295 дугаар зүйлийн 295.4-т “...хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй” гэж заасан байхад  усаар хангаагүй байж ....нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд  гэрээний хугацаа дуусахад үлдэгдэл төлбөр 514,508 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаа буюу 2015 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 1,400,000 төгрөг, цахилгааны төлбөр 201,116 төгрөг, нотариатын зардал 3600 төгрөг, нийт 2,119,124 төгрөг төлөх ёстойгоос хариуцагч Г.*******гийн төлсөн 2000,000 төгрөгийг хасаж, үлдэх 119,124 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,678,254 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.4-т зааснаар хариуцагч Г.*******гаас 119,124 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,678,254 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 43,708 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   З.ТУНГАЛАГМАА