Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2018/00096/и |
Дугаар | 135/шш2018/00537 |
Огноо | 2018-05-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 135/шш2018/00537
*******-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум ****** баг, ****** байранд байрлалтай ******* ******* ТББ-ын харъяа ******* сумын ерөнхий боловсролын ******* сургуулийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, ****** баг, ****** хороолол, ***** байр, ***** тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ******/-д холбогдох
“*******-Уул аймаг, ******* сум 10 дугаар баг 380 айл нэршилтэй барилгын баруун талд байрлалтай ******* сургуулийн эзэмшлийн 415.1 мкв талбай бүхий газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Л.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* сургууль нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...уг газар нь *******-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184 тоот шийдвэрт үндэслэсэн, ******* сургуульд 20 жилийн хугацаатай дунд сургуулийн зориулалтаар эзэмшүүлэх газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, /нэгж талбарын дугаар / бөгөөд 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр *******-Уул аймгийн Газрын албатай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ бүхий газар юм. Гэтэл Рич зочид буудлын эзэн Я.******* 2007 онд сургуулийн амралттай байх үеийг ашиглан хүч түрэмгийлэн сургуулийн газрыг авто зогсоол болгон ашиглаж тоосгон суурьтай хашаа 3 авто граж барьж хууль ёсны эзэмшигч биднийг үл тоомсорлрон хэл амаар доромжилсоор ирсэн бөгөөд сурагч хүүхдүүдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Энэхүү газарт бид сурагчдын завсарлага чөлөөт цагийг өнгөрүүлэх биеийн тамираар хичээллэж тогтлож наадах ёслол хүндэтгэлийн зарим арга хэмжээ зохион явуулдаг талбай болгон тохижуулахаар төлөвлөж байсан боловч хариуцагчийн хууль бус үйлдлээс болж хууль ёсны эзэмших эрхээ хэрэгжүүлж чадалгүй өдийг хүрлээ. Уг газрыг чөлөөлүүлэх талаар манай сургуулийн зүгээс 2007 оноос хойш *******-Уул аймгийн Захирагчийн алба, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газарт 2-3 удаа албан бичгээр хандаж, дээрх байгууллагуудаас зөвлөмж албан шаардлага гаргасан боловч ямар нэгэн үр дүнд хүрсэнгүй. Иймд хууль ёсны эзэмших эрхийн гэрчилгээ, гэрчилгээ бүхий эзэмшигч ******* сургуулийн үүсгэн байгуулагч багш ажилчид 200 гаруй сурагч зорилго чиглэл нэгтэй 22 дугаар дунд сургуулийн 200 гаруй сурагч нийт 400 гаруй хүүхдийн эрх ашгийн төлөө будсын эзэмшил газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулж тоосгон суурьтай хашаа 3 авто граж барьж авто зогсоол болгон ашиглаж байгаа Я.*******ы хууль бус үйлдлийг таслан зогсоож хашаа ба авто гражуудыг буулган уг газрыг чөлөөлж хууль ёсны эзэмшигчийн мэдэлд сургуулийн зориулалтаар ашиглах боломжийг бүрдүүлж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ч.******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Уг нэхэмжлэлд дурдсан газар нь 1980-аад онд 380 айлын зориулалттай орон сууцны нийтийн эзэмшлийн газар байсан ба улмаар уг барилга хэсэг хэсгээрээ олон иргэн аж ахуйн нэгжид хувьчлагдаж дамжиж худалдагдсан ба манай компани 2007 онд 1 ба 2 давхрыг зоорийн давхрын хамт авч зочид буудлын зориулалтаар одоо болтол зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Би тухайн үед намар 10 дугаар сард уг гаражийг барихад ямар нэгэн асуудал гаргаагүй. 2015 оны намайг гараж барьж байхад энэ асуудлаар юм ярьж эхэлсэн. “*******” сургууль манай давхрыг худалдаж авах уу? гэж хэлэхэд худалдаж авахгүй гэдгийг хэлж байсан. 14 жилийн өмнө уг газарт хүмүүс согтууруулах ундаа уучихдаг тийм л талбай байсан. Би уг газрыг өөд татаж тийм хэмжээний үзэмжтэй болгосон. Өөрийн компаний харалдаа газрыг тохижуулж ашиг олсон. Намайг анх уг гаражийг барьж байхад ямар ч зүйл хэлээгүй. Одоо “*******” сургууль уг байрнаас гараад явчихсан. Манай ажилчдын 50 гаруй хувь нь гэр хорооллын хүмүүс байдаг. Ар талын зоорьны талбай дээр нилээн үйлдвэр үйлчилгээ явуулдаг. Өөрийнхөө харалдаа газар дээр л гараж барьсан. Тухайн үед намайг уг газрыг ингэж тохижуулж байхад “Эрдэм хөтөч” сургууль байсан. 2008 онд “*******” сургууль орж ирсэн. Тэгээд л ийм асуудлыг гаргаж ирсэн. Иймд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ТББайгууллагын харъяа ******* сумын Ерөнхий боловсролын ******* сургууль нь хариуцагч Я.*******, ******* ХХК нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Хэрэгт авагдсан баримтаар
Маргааны зүйл болох *******-Уул аймгийн ******* сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 380 байрны ард байрлах 415 мкв талбайтай газрыг “*******-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 368 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын дугаар бүхий 415.1 мкв газрыг хоёр жилийн хугацаатайгаар “Эрдэм хөтлөгч” лицей дунд сургуульд эзэмшүүлэхээр” газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээг 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр олгосон бөгөөд Эрдэм хөтлөгч сургууль нь *******-Уул аймгийн газрын албатай 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна. /хх-/
Эрдэм хөтлөгч сургуулийн захирал Н.Сувд, ******* сургуулийн захирал Д.Бямбабаатар нарын хооронд 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Эрх шилжүүлэх гэрээ бичгээр байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр “...*******-Уул аймгийн ******* сумын 10 дугаар багт байрлах тоот газрын эзэмших эрхийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаар бүхий 451,1мкв газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцсон” ба
“Эрдэм хөтлөгч” 29 дүгээр лицей дунд сургуулийн 2007 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 03-ний өдрийн 03 дугаартай албан бичгээр “*******-Уул аймгийн ******* сумын 10 дугаар багийн 5 дугаар хороололд орших Эрдэм хөтлөгч лицей дунд сургуулийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 28 дугаар дунд сургуулийн мэдэлд шилжсэнтэй холбогдуулан тус сургуулийн 0,04 га талбай бүхий газрыг 28 дугаар сургуулийн нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө үү” гэж,
*******-Уул аймгийн Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “*******” хятад дунд сургуулийн 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6 дугаартай албан бичгээр “Тус аймгийн ******* сумын 10 дугаар багийн 5 дугаар хороололд орших “Эрдэм хөтлөгч” лицей сургуулийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ манай сургуулийн мэдэлд шилжсэнтэй холбогдуулан Эрдэм хөтлөгч лицей дунд сургуулийн эзэмшилд байгаа 0,04 га талбай бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг манай сургуулийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн албан бичгийг тус тус *******-Уул аймгийн Газрын албанд хүргүүлсэн байна. /хх-/
*******-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар “Эрдэм хөтлөгч сургуулийн эзэмшлээс 11 жилийн ******* хятад дунд сургуулийн эзэмшилд ******* сумын 5 дугаар хороолол 380 байрны ард байрлах 415,1 мкв талбайтай газрыг шилжүүлэн эзэмшлүүлэхээр” шийдвэрлэсэн ба Дээрхи аймгийн засаг даргын 184 дугаартай захирамжийг үндэслэн уг газрыг ******* дунд сургуульд 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, *******-Уул аймгийн Газрын алба, ******* сургууль нарын хооронд 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна. /хх/
Нэхэмжлэгч ******* дунд сургуулийн эзэмшлийн *******-Уул аймгийн 10 дугаар баг 5 дугаар хороолол 380 байрны ард байрлах 415,1 мкв талбай бүхий газар дээр ******* ХХК-ний Рич зочид буудал нь хаалга гаргаж, хашаа татан, ******* ХХК-ний захирал Я.******* нь автомашины граж барьсан учир ******* сургууль нь өөрийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаа болох нь хэрэгт авагдсан *******-Уул аймгийн Газрын харилцаа , Барилга хот байгуулалтын газрын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 206 дугаартай албан бичиг, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10-07-022/06 тоот зөвлөмж, зохигч талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, 91 дүгээр зүйлийн 91.2.1-т “эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно”, 92 дугаар зааснаар 92.1-т “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК, Я.Эрдэнчулуун нарын хууль бус эзэмшлээс ******* сумын 10 дугаар багт байрлах 3380 байрны ард байрлах 415,1 мкв талбайтай газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч тал “...*******-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах тухай шаардлагыг захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 117 дугаар зүйлийн 117.1-т “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тус тус заасан боловч ******* сургуулийн нэхэмжлэлтэй Я.*******, ******* ХХК нарт холбогдох дээрх иргэний хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай 115 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэсэн болно.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-т хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг 179.1.1-179.1.3-т заасан үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянаж үзэж болохоор заасан байх тул энэхүү шүүхийн шийдвэрт шинээр нөхцөл байдал бий болвол дахин хянагдах боломжтой болохыг дурьдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар хариуцагч ******* ХХК, Я.******* нарын хууль бус эзэмшлээс *******-Уул аймгийн 10 дугаар баг 5 дугаар хороолол 380 байрны ард байрлах 415,1 мкв талбай бүхий, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн газрыг чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА