Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2019/04815/И |
Дугаар | 001/ХТ2021/00726 |
Огноо | 2021-06-17 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2021/00726
Ц.Баярсайханы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00215 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 661 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Ц.Баярсайхан
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
нэхэмжлэл: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Амар-Эрдэнийн хяналтын журмаар 2020.04.23-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Улсын бүртгэлд бүртгэгдсэн 89 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах 415 м.кв газар гэх хоёр хувийн өмчийг 25,885,950 төгрөгийн төлбөрт дуудлага худалдаагаар борлуулахаар үнэлгээ тогтоосон тухайгаа 2019.11.04-ний өдрийн 4/24294 тоот албан бичгээрээ мэдэгдсэн. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрсдийн хөрөнгийн үнийн саналаа 60 сая төгрөг гэж хүргүүлсэн боловч өөрсдийн ажлаа хялбарчилж манай хөрөнгийг 2 дахин бага буюу 33,398,000 төгрөг болгож бууруулж үнэлүүлсэн нь өнөөгийн зах зээлийн ханш, амьдралтай ямар ч авцалдаагүй болсон гэж үзэж байна. Энэ бүхэн нь дээрх үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн амьдралд нийцсэн бодит үнэлгээг шүүхээр тогтоолгох, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах шаардлагыг бий болгож байгаа тул ШШГТХ-н 55.3-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.11.04-ний өдрийн 4/24294 тоот албан бичгээр ирүүлсэн үл хөдлөх хөрөнгөнүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу зах зээлийн үнийн саналыг төлбөр төлөгч, өмчлөгч нараас авахад, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 60 сая төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч С.Дулам нь дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул 2019.10.28-ны өдрийн 344 дүгээр тогтоолоор Виннэр Вэй ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар талуудад танилцуулсан. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 33,398,000 төгрөгөөр үнэлснийг 2019.11.04-ний өдрийн 4/24294 дүгээр албан бичгээр мэдэгджээ. Улмаар 2019.11.29-ний өдрийн 10 цагт зохион байгуулах анхны дуудлага худалдаанд оруулахаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан боловч үнийн санал ирээгүй тул 2019.12.27-ны өдөр 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн боловч шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 101/ШШ2020/00215 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7. дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо Дунд дарь эхийн 34 дүгээр гудамж, 1797 тоотод байрлах 89 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах 415 м.кв газар эзэмших эрхийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.Баярсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 661 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Амар-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний өмчлөлийн маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 27-р хорооны Дунд Дарь эхийн 34-р гудамжны 1797 тоот улсын бүртгэлд бүртгэгдсэн 89 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах 415 м.кв нэг хүний өмчийн газар зэрэг нь хотын төвөөс 2.5 км зайтай дахин төлөвлөлтөд орсон, цэвэр ус түгээх худгийн дэргэд байрлах бодит зах зээлийн үнэлгээ нь дор хаяж 60сая төгрөгийн нийт үнэлгээтэй газар болон хувийн сууц гэсэн 2 үл хөдлөх хөрөнгийг хэт багаар буюу ердөө 33,398,000 төгрөгөөр үнэлсэн нь ийнхүү гомдлын үндэслэл болоод байгаа юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1-д хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх хэмээн заасныг зөрчсөн ба анхан шатны шүүхээс үүнийг харгалзан үзээгүй бөгөөд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй болно. Би нэхэмжлэлдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрсдийн ажлаа хялбарчилж манай хөрөнгийг 2 дахин буюу 33,398,000 төгрөг болгож бууруулж үнэлүүлсэн нь өнөөгийн зах зээлийн ханш, амьдралтай ямар ч авцалдаагүй болсныг дурдаж байсан. Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтыг бүрэн үнэлээгүй буюу ИХШХШТХ-н 38-д заасныг зөрчиж мөн хуулийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь өөрийн татгалзаж буй татгалзлыг нотлох үүрэгтэй бөгөөд тухайн үүргээ биелүүлж өөрийн, татгалзаж буй татгалзлыг нотолсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүх үл хэрэгсэн зөвхөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцын талаар дүгнэлт хийж шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай боллоо. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ц.Баярсайхан 2019.11.11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 34 дүгээр гудамж, 1797 тоотод байрлах 89 м.кв хувийн сууц, 415 м.кв газар өмчлөх эрхийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг шаардсан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.20-ны өдрийн 101/ШШ2016/05219 дугаар шийдвэрээр Ц.Баярсайхан, З.Амар-Эрдэнэ нар 25,600,000 төгрөгийг С.Дуламд төлөхөөр болж, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул 2019.03.27-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дунд дарь эхийн 34 дүгээр гудамжны, 1797 тоотод байрлах Ц.Баярсайханы өмчлөлийн 89 м.кв хувийн сууц, өмчлөх эрхтэй 415 м.кв талбайтай газрыг битүүмжлэх зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийсэн байна.
Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
2. Төлбөр төлөгч Ц.Баярсайхан, З.Амар-Эрдэнэ нар 89 м.кв хувийн сууц, өмчлөх эрхийн 415 м.кв газраа нийт 60,000,000 төгрөгөөр үнэлсэнг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул хариуцагч эд хөрөнгийг эрх бүхий этгээдээр үнэлүүлж, зохих журмын дагуу талуудад мэдэгдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.-т нийцсэн байна.
Шинжээч 89 кв.м үл хөдлөх эд хөрөнгийг 415 кв.м газар өмчлөх эрхийн хамт нийт 33,398,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт бага болсон гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй буюу энэ тухай баримтыг ирүүлээгүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 107 дугаар зүйлийн 107.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.6 дахь хэсэг болон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй юм.
3. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.
Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00215 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 661 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД