Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2024/0146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 871 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “О” ХХК

Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар

Гуравдагч этгээд “Б” ХХК

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

 

Хэргийн индекс: 128/2021/0927/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 871 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 11 дүгээр зүйлийн 11.1.3-д тус тус заасныг баримтлан “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдох тус газрын орлогч дарга Ч.Бум-Эрдэнийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08/2627 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...

2.1. Анхан шатны шүүх нь захиргааны акт хууль зөрчсөн тухайд огт дүгнэлт өгөөгүй.

Анхан шатны шүүх нь хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийсэн гэж үзэхээргүй он, сарын хувьд зөрүүтэй, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй, мөн захиргааны актад гомдол гаргах этгээдийг болон хугацааг дурдаагүй болох нь тогтоогдож байхад энэ талаар дүгнэлт огт өгөөгүй. Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх уг алдаатай хууль бус захиргааны актыг хүчингүй болгохгүй байгаа нь хууль шүүхийн өмнө тэгш байх зарчмыг зөрчиж, хэт нэг талд буюу төрийн талд ажиллаж, хувийн хэвшлийн хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.

2.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7 болон 8 дахь хэсгийг зөвшөөрөхгүй тухайд.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7-д “ ... барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсан нь хуульд нийцжээ.”, 8-д “Учир нь гал тэсвэржилтийн зэргээс хамаарч барилга хоорондын зайг зайлшгүй мөрдөх учиртай ...” гэсэн. Гэтэл хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар нь нэхэмжлэгчийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлахдаа уг үндэслэлээр цуцлаагүй, зөвхөн Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д “барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан ургамалд аюул учруулахгүй байх” гэж заасан. Тиймээс шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн дээрх дүгнэлтүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, .шийдвэр гаргаж болохгүй” гэдгийг зөрчжээ.

2.3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 9 дэх хэсгийг зөвшөөрөхгүй тухайд.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 9 дэх хэсэгт “ ... шинжээч нарын дүгнэлт дээрх дүгнэлтээс зөрүүтэй байгаа хэдий ч энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.” гэж заасан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: 40.2.3. захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл тухайн барилгын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсан захиргааны актыг гаргах болсон хууль зүйн үндэслэл нь тодорхой биш холбогдох байгууллагууд өөр өөр дүгнэлт гаргасан байна. Түүнчлэн “О” ХХК анх зөвшөөрөл авахад барилга хоорондын зай нь дүгнэлтэд дурдсан шиг 6 м байгаагүй. Нэхэмжлэгч буюу “О” ХХК-ийн хувьд 4-5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулан, зоорийн 2 давхар, дээшээ 3 давхар нийт 5 давхар барилга барьсан байсан бөгөөд зөвшөөрөл өгснөөсөө хойш 1 сар гаруй дараа гэнэт барилгын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалж, барилгын ажлыг зогсоож, цаашид компанийг үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгож, хөрөнгө оруулагч нарын хооронд маргаан үүсгэж, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдсөн. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0871 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:                                                         

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08/2627 дугаар албан бичгээр “... үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгад хяналтын хэмжилт хийхэд 2018 оны МЗХ2018/26-19 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019 онд батлагдсан загвар зургийг зөрчиж, барилгын 2 давхраас дээш А, Д, 1 тэнхлэгийн дагуу консоль гаргасан, зэргэлдээ орших барилгын хоорондын зайг норм, дүрэмд заасан хэмжээнээс ойртуулсан зэрэг нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасан шаардлагыг хангуулаагүй” гэж дурдаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 02-02/2366, 02-02/2532 дугаар албан бичгүүд, “Б” ХХК-ийн гомдол, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлахаар шийдвэрлэж, гэрчилгээг ирүүлэхийг мэдэгдсэн байна.

2. Анхан шатны шүүх “... шинжээчийн дүгнэлтээр ... гуравдагч этгээдийн барилгаас хөндлөн талын баруун талын булангаас 3.7 м, зүүн талаас 6.3 м зайтай, Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/-ын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд гал тэсвэржилтийн заавал мөрдөх норм ба дүрмийн шаардлага хангаагүй” гэснийг, Онцгой байдлын ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 005/02 дүгнэлтэд дээрх дүрмийг мөрдөнө гэж заасныг үнэлж, нэхэмжлэгчийн барилга нь бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй, энэ нь Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т нийцэхгүй тул хариуцагчаас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсан нь хуульд нийцсэн” гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийг зөв хэрэглэсэн, үндэслэл бүхий болжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, гэрчилгээ цуцалснаа мэдэгдээгүй талаар дүгнэлт өгөлгүй хэт нэг талыг барьсан ...” гэх боловч хэрэгт авагдсан “Б” ХХК-ийн гомдол, түүнд хавсаргасан “Монголын торгоны зам” ХХК-ийн “... “О” ХХК-ийн газар дээр барьж буй барилгад санал авах тухай” албан бичгийг гуравдагч этгээдэд хүргүүлж байсан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан бичгүүдэд газар дээр нь шалгаж, зайн хэмжээ зөрчигдсөнийг тогтоосон талаар, маргаан бүхий албан бичигт хяналтын хэмжилт хийсэн талаар тус тус дурдсан зэргээс үзвэл хөрш гуравдагч этгээдээс гомдол гаргасны дагуу захиргааны байгууллагуудаас холбогдох ажиллагаа хийж байгааг мэдээгүй гэж үзэхээргүй байна.

4. Мөн хэрэгт авагдсан сонсох ажиллагааны талаарх албан бичгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн эсэх нь тогтоогдоогүй боловч нэхэмжлэгч нь Барилгын норм ба дүрмийг зөрчсөн зөрчлийг үгүйсгэх баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсан бол гаргах байсан Барилгын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсан үндэслэлийг үгүйсгэх баримт, тайлбар ирүүлээгүй байх тул энэхүү гомдлын дагуу шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

5. Мөн давж заалдах гомдолд “... хариуцагчийн гэрчилгээг цуцлахдаа зөвхөн Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасныг дурдсан, гэтэл цуцалсан үндэслэлд хамааралгүй “... гал тэсвэржилтийн зэргээс хамаарч барилга хоорондын зайг зайлшгүй мөрдөх учиртай” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн” гэх боловч Барилгын норм ба дүрэм, нормативын баримт бичиг, ялангуяа Галын аюулгүй байдлыг хангахтай холбоотой мөрдөх зайн хэмжээ нь барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасан барилгын үйл ажиллагаанд баримтлах “хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх;” зарчимд хамаарах тул уг гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6. Гомдолд “... шинжээч нарын дүгнэлт дээрх дүгнэлтээс зөрүүтэй хэдий ч маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж заасан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасныг зөрчсөн, маргаан бүхий актын үндэслэл тодорхой биш, холбогдох байгууллагууд өөр өөр дүгнэлт гаргасан, анх зөвшөөрөл авахад барилга хоорондын зай нь 6 м байгаагүй, хөрөнгө оруулалт хийсний дараа гэнэт цуцалсны улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг зөрчигдсөн” гэжээ.

7. Маргаан бүхий захиргааны акт нь “загвар зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар  зөрчиж, консоль гаргаж, барилга хоорондын зай зөрчигдсөн” талаар дурдсан бөгөөд анхан шатны шүүх үүнтэй холбоотой  шинжээчийн дүгнэлтэд “... тэнхлэгийн хувьд зөрүүгүй” гэснийг шийдвэрийн үндэслэл болгоогүй, харин дүгнэлтийн 2, 3 дахь хэсэгт заасан дээр дурдсан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн барилга хоорондын зайн хэмжээ нь заавал мөрдөх норм ба дүрмийн шаардлагыг хангахгүй гэснийг үндэслэлээ болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

8. Эдгээрээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТ ООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0871 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                            З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ