Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1845

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч:  Боржигин овогт Батцагааны Сэргэлэн /РД:ук/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Жонгоор овогт Саранбилэгийн Ариунзаяа /РД:хм/-т холбогдох,

 

6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Сэргэлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулган /0476/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюундулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Сэргэлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулган нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Найман шарга” валют арилжааны зах дээр павилон түрээслэн бизнес эрхэлдэг.   Би С.Ариунзаяаг одоогоос 7-8 жилийн өмнөөс таньдаг байсан. Тэрээр хамгийн анх надаас өдөрт 1,000,000 төгрөгийг авч гадаа зогсдог байсан. Тодруулбал, тэрээр надаас түр авсан мөнгөөрөө хүмүүсээс валют худалдан авч, дундаас нь ашиг унагаан зардаг байсан. Ингэж явсаар 2017 оны 8 дугаар сард надаас 2,000,000 төгрөг зээлж авсан. Энэ мөнгөө төлөөгүй байхдаа нэмж 2,000,000 төгрөгийг “...ээжийн бие муудсан” гэж хэлээд нэмж зээлсэн. 2017 оны 10 дугаар сард өмнө авсан нийт 4,000,000 төгрөг дээрээ нэмж 5 хоногийн хугацаатай 1,000,000 төгрөг авсан. Ингээд түүний авсан мөнгө нь 5,000,000 төгрөг болсон. 2017 оны 10 дугаар сарын сүүлээр надаас ахин 1,000,000 төгрөгийг өдрийн хугацаатай авчихаад тэр чигтээ алга болсон. Нийт 6,000,000 төгрөгийг хариуцагч С.Ариунзаяа нь авсан, нэг ч төгрөгийг буцаан төлөөгүй. Иймд 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан надад олгож өгнө үү. Бид анх нэхэмжлэлдээ 6,000,000 төгрөг болон хүү гэж бичсэн. Хүүг нэхэмжлээгүй, буруу бичсэн байна. Зөвхөн өгсөн 6,000,000 төгрөгөө л шаардаж байгаа гэжээ.  

 

Хариуцагч С.Ариунзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Сэргэлэнгээс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өдрийн буцаалттайгаар 20 хувийн хүүтэй зээл авах болсон. Миний бие авсан зээлээ цаг тухайд нь төлж байсан. Ингэж явсаар 2017 оны 8 дугаар сард 2,000,000 төгрөг зээлсэн. Хүүнд нь 520,000 төгрөгийг хүүнд нь төлсөн. 9 дүгээр сард зээлээ төлж чадалгүй 520,000 төгрөгийн хүүг төлсөн. 10 дугаар сард мөнгөний хэрэг гараад 3,000,000 төгрөг зээлсэн. Эхний 96,000 төгрөгийг хүүнд төлсөн. 11 дүгээр сард өдрөөр явж хүчирхээ болиод аргагүйн эрхэнд зугтаасан. Нийт 6,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийн хүүг төлсөн. 4,000,000 төгрөгийг төлнө. 4,000,000 төгрөгийг төлөхөд минь хугацаа олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюундулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин С.Ариунзаяа нь 2017 оны 10 дугаар сараас эхлээд нэхэмжлэгчээс өдрийн 1,000,000 төгрөг авч валют арилжааны цэг дээр зогсдог болсон. Нийтдээ 5,000,000 төгрөг авсан гэж надад хэлсэн. Үүнээс 2,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Одоо бол бидний тооцоогоор 4,000,000 төгрөгийг буцаан төлөх ёстой. Анх нэхэмжлэгчээс мөнгө авснаас хойш зөвхөн хүүнд нь гэхэд 8,760,000 төгрөгийг буцаан төлсөн гэсэн тооцоог би хийсэн. Гэвч миний охин нэхэмжлэгчтэй зөвхөн амаар харилцан тохирч, мөнгийг бэлэн өгч, авалцдаг байсан тул өөр ямар нэг бичгийн баримт алга байна. Иймд 4,000,000 төгрөгөөс илүүг төлөх боломжгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Сэргэлэн нь хариуцагч С.Ариунзаяад холбогдуулж 6,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. Тэрээр “...хариуцагчид бэлнээр зээлсэн 6,000,000 төгрөгөө буцаан шаардаж байна” гэж өөрийн шаардлагаа тайлбарлав. 

 

Хариуцагчийн зүгээс 6,000,000 төгрөг авсан эсэх талаараа маргаагүй. Харин буцаан төлөх ёстой мөнгөний хэмжээн дээрээ маргаж байна. Тодруулбал, өөрийн татгалзлаа “...нийт авсан мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл нь 4,000,000 төгрөг байгаа” гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн  гэрээний харилцаа үүссэн байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. 

 

Нэгэнт хариуцагч С.Ариунзаяа нь 6,000,000 төгрөгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй тул шүүхийн зүгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүрэгтэйгээр оролцдог бөгөөд хариуцагч өөрийн “...2,000,000 төгрөгийг буцаан төлсөн” гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ариунзаяагаас 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сэргэлэнд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Сэргэлэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ариунзаяагаас 120,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

     

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                           Н.ХАНГАЛ