Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1682

 

Б.С-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01845 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.С-н нэхэмжлэлтэй, хариуцагч С.А-д холбогдох

Зээлийн  гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюундулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Найман шарга” валют арилжааны зах дээр павилон түрээслэн бизнес эрхэлдэг. С.А нь 2017 оны 8 дугаар сард 2.000.000 төгрөг, нэмж 2.000.000 төгрөгийг зээлж авсан. 2017 оны 10 дугаар сард өмнө авсан нийт 4.000.000 төгрөг дээрээ нэмж 5 хоногийн хугацаатай 1.000.000 төгрөг авсан. Ингээд түүний авсан мөнгө нь 5.000.000 төгрөг болсон. 2017 оны 10 дугаар сарын сүүлээр надаас ахин 1.000.000 төгрөгийг өдрийн хугацаатай авчихаад тэр чигтээ алга болсон. Нийт 6.000.000 төгрөгийг хариуцагч С.А нь авсан, нэг ч төгрөгийг буцаан төлөөгүй. Иймд 6.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан надад олгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч С.А болон түүний төлөөлөгч Н.Оюундулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.С-с 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өдрийн буцаалттайгаар 20 хувийн хүүтэй зээл авах болсон. Миний бие авсан зээлээ цаг тухайд нь төлж байсан. Ингэж явсаар 2017 оны 8 дугаар сард 2.000.000 төгрөг 20 хувийн хүүтэй зээлсэн. Хүүнд нь 520.000 төгрөгийг төлсөн. 9 дүгээр сард зээлээ төлж чадаагүй 520.000 төгрөгийн хүүг төлсөн. 10 дугаар сард мөнгөний хэрэг гараад 3.000.000 төгрөг зээлсэн. Эхний 960 000 төгрөгийг хүүнд төлсөн. 11 дүгээр сард өдрөөр явж хүчирхээ болиод аргагүйн эрхэнд зугтаасан. Нийт 6.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийн хүүг төлсөн. Иймд 4.000.000 төгрөгөөс илүүг төлөх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.А-с 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-с 120,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариупагч С.А нь Б.С-с ямар нэгэн гэрээ хэлцэл хийлгүйгээр өдрийн хүүтэйгээр мөнгө зээлж байсан бөгөөд өдөр бүр хүү болон үндсэн төлбөрийг бэлнээр төлж байсан. Нэхэмжлэл гардан авч хариу тайлбар өгсөнөөс хойш миний бие өмнө нь С-н нөхөр гэх Х, найз О.Н Ч.Г нараар дамжуулан өгсөн мөнгөө гэрчлүүлэхээр хүсэлт гаргахад шүүгчийн туслах гэрчээр асуулгах хүмүүсийн хаяг нэр заримынх нь утсыг авсан бөгөөд дуудна гээд дуудаагүй байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч минийи бие хэргийн материалтай танилцаагүй. Шүүхэд 4.000.000 төгрөг төлөх ёстойгоо хүлээн зөвшөөрч байгаа болно. Шүүх ямар үндэслэлээр 6.000.000 төгрөг авсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч талд мөнгө өгсөн, авсан ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч С.А-д холбогдуулж 6 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 4 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2 000 000 төгрөг төлөхөөс татгалзжээ.  

 Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйн зэрэгцээ мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор гэрч асуулгах хүсэлт гаргах эрхтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Нямсүрэн, Энхээ, Гэрэлтням нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг “...эдгээр хүмүүсийн утасны дугаар, оршин суугаа хаяг тодорхойгүй...” гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардсан нэхэмжлэл гаргаж байсан /хх-ийн 1/, хариуцагч 520 000 төгрөгийн,  960 000 төгрөгийн хүү төлж байсан талаар тайлбар гаргаж байсан /хх-ийн 11/ зэргээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрч оролцуулах хүсэлт ач холбогдолтой байж болохоор байна.

Мөн нэхэмжлэгч “...гэрч асуулгах тал дээр татгалзах зүйлгүй...” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. /хх-ийн 22/

Түүнчлэн шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр эрх үүргийг тайлбарлаж өгснөөс /хх-ийн 10/ 7 хоногийн дараа шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийг нотлох баримт гаргаж өгөх,  шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримт бүрдүүлэх боломжит хугацаагаар хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Иймд анхан шатны шүүхийн “...хариуцагч өөрийн тайлбараа баримтаар нотолж чадаагүй ...” гэх дүгнэлт үндэслэлтэй болоогүй, шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх дутаа бүрдүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.