Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1748

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, сөүлийн гудамж, сөүлийн плаза, 201 тоотод байрлах, “ГК ББСБ” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Эзэн овогт Сүхбаатарын Баттөгс /РД:уп/

 

Хариуцагч: Агваан Гүрбазарын Батцэцэг /РД:уо/ нарт холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 29,608,226.15 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантөмөр, Б.Мөнхзул, хариуцагч С.Баттөгс, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа /0967/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Баттөгс, С.Батцэцэг нар нь тус ББСБ-тэй 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/004/17 тоот зээлийн гэрээг байгуулж 25,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлсэн. Улсын бүртгэлийн Ү-2205010042 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 3 дугаар байрны 5 тоот хаягт байрлалтай 18.0 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Уг зээлийг С.Баттөгсийн хэрэгжүүлж буй “Интерьерийн шинэ технологийн студи байгуулах” зориулалтаар олгосон. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хуваарийг удаа дараа зөрчин хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл эргэн төлөлт хийгээгүй зэрэг байдал нь бидний ажилд хүндрэл учруулж компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Иймд зээлдэгч С.Баттөгс, С.Батцэцэг нараас нийт 27,476,064.70 төгрөг төлөхийг шаардаж нэхэмжлэл гаргаад байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ихэсгэсэн шаардлагадаа: Зээлдэгч С.Баттөгсийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тооцоолсноор нийт төлбөр нь 29,608,226.15 төгрөг болж байгааг нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагч С.Баттөгс шүүхэд гаргасан тайлбартаа: Би Г.Батцэцэгтэй 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Интерьерийн шинэ технологийн студи” байгуулж, барилгын дотор заслын зураг төсөл хийхээр тохиролцож, хамтран ажиллахаар болсон. Бид хоёрт санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй байсан тул зээл авахаар ярилцахад Г.Батцэцэг “надад зээл бүтээгээд өгөх таньдаг хүн байгаа, чи аав, ээжтэй ярилцаад орон сууцыг өөрийнхөө нэр дээр шилжүүлчих, тэгвэл барьцаанд тавьж зээл авахад амархан бүтнэ” гэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүрэг 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 3 дугаар байрны 5 тоот хаягтай 18 м2 талбай бүхий нэг өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205010042 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн 000525786 дугаар гэрчилгээтэй, 4 хүний өмчлөлийн /ээж Н.Бадамгарав, аав Г.Сүхбаатар, эгч С.Ариунтуяа, С.Баттөгс/ орон сууцыг бэлэглэлийн гэрээ хийж миний нэр дээр шилжүүлсэн. Г.Батцэцэг өөрийн танил н.Энхзол гэдэг хүнээр “Грийт капитал” ББСБ-ийн эрх бүхий хүнтэй
яриулсан ба  “зээл олгохоор боллоо” гэж хэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бид зээл авахаар болж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан.

2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр С.Баттөгс миний “Хаан” банкны 5030540342 дугаар данс руу зээлийн 25,000,000 төгрөг орсон.     Миний данс руу мөнгө орсны дараа Г.Батцэцэг “би үйл ажиллагааныхаа санхүүжилтийг өөрөө зохицуулж, хяналт тавина” гээд зээлийн мөнгийг өөрийн Хаан банкны 5021203910 тоот данс руу шилжүүлэхийг шаардсан тул би 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөгийг Г.Батцэцэгийн данс руу шилжүүлсэн. 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлөх зээлийн хүүнд 967,000 төгрөгийг Г.Батцэцэг төлөөд  түүнээс хойш зээлийн хүүд нэг ч төгрөг төлөөгүй. 25,000,000 төгрөгийг аваад ямар ч үйл ажиллагаа явуулаагүй сураггүй алга болсон. Зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. 2017 оны 6 дугаар сарын 06, 15-ны өдрүүдэд би хүүнд 2,055,326 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 494,676 төгрөг төлсөн. Зээлийн хугацаа 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дууссан, би 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн мөнгөөр худалдан авсан гэх /Г.Батцэцэгийн/ “Приус”-20 маркийн 22-67 УНЧ улсын дугаартай О.Батнямын нэр дээр байсан тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй суудлын автомашиныг зарж 8,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Батцэцэгтэй хамтран ажиллах гэрээнээсээ татгалзаж, “Грийт капитал” ББСБ-аас авсан зээлийн үлдэгдэл 21,472,890 төгрөг, зээлийн хүүд 2,055,326 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 494,676 төгрөг, нийт 24,022,830 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 20217 дугаар захирамжаар хариуцагч Г.Батцэцэгийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр миний нэхэмжлэлийг буцаасан. Би янз бүрийн шугамаар Г.Батцэцэгийг олох гэсэн боловч хаана байгаа нь тодорхойгүй, олдохгүй байсан тул 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч эрэн сурвалжлуулах өргөдөл өгч, тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүгчийн 00261 дугаартай шийдвэрээр Г.Батцэцэгийг эрэн сурвалжлах ажиллагаа Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр явагдаж, Г.Батцэцэгийг одоогийн байдлаар олж тогтоогоогүй байна. Хэдийгээр бид хоёр хамтран зээл авсан боловч зээлийн мөнгийг бүгдийг нь Г.Батцэцэг авсан, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, өөр зүйлд зарцуулсан Г.Батцэцэг хариуцах ёстой гэж үзэж байна. Энэ талаар ББСБ-ын зээлийн мэргэжилтэн болон холбогдох улсууд бүгд мэдэж байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантөмөр, Б.Мөнхзул нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх хариуцагч нарт холбогдуулж талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт нийт 27,476,064.70 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагуудыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Батцэцэгт холбогдох шаардлагаасаа татгалзсан ба нэхэмжлэлийн үнийн дүнг 29,608,226.15 төгрөг болгон ихэсгэсэн. Иймд хариуцагч С.Баттөгсөөс 29,608,226.15 төгрөгийг гаргуулж, шийдвэрийг сайн дураар хариуцагч биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн зүгээс гэрээний хугацаанд буюу 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 967,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 1,050,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 8,500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид буцаан төлсөн. Үүнээс өөр төлөлт огт хийгээгүй гэжээ. 

 

Хариуцагч С.Баттөгс, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  С.Баттөгс нь хамгийн анх өөрийн эгч болох Г.Батцэцэгт 25,000,000 төгрөгийн зээл авч өгсөн. С.Баттөгс нь уг 25,000,000 төгрөгөөс нэг ч төгрөгийг өөртөө аваагүй. Ийм учраас зээлийн төлбөрийг  хариуцвал хоёулаа л хариуцах ёстой. Тэгээд ч хариуцагч С.Баттөгс гэрээний хугацаа дууссанаас хойш 8,500,000 төгрөгийг төлсөн. Уг мөнгийг үндсэн зээлээс хасч тооцох ёстой гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч “Грийт капитал ББСБ” ХХК болон хариуцагч С.Баттөгс, Г.Батцэцэг нар №ЗГ004/17 тоот зээлийн гэрээ байгуулсан ба “Грийт капитал ББСБ” ХХК нь хариуцагч нарт 25,000,000 төгрөгийг 1 сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлжээ /хх 6-8 хуудас/. 

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдэгч С.Баттөгс өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 3 дугаар байрны 5 тоот хаягт байрлалтай, 18 м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205010042 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцыг барьцаалж, №ҮБГ004/17 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулсан байна /хх 9-12 хуудас/. 

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.  

 

Нэхэмжлэгч “Грийт капитал ББСБ” ХХК нь хариуцагч нарт холбогдуулж №ЗГ004/17 тоот зээлийн гэрээ, №ҮБГ004/17 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 20,615,294.64 төгрөг, зээлийн хүүнд 5,717,308.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,143,461.68 төгрөг, нийт 27,476,064.70 төгрөг гаргуулах, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар анх шүүхэд хандсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагын хэмжээг ихэсгэж нэхэмжлэлийн дүнг 29,608,226.15 төгрөг болгосон /хх 1, 53 хуудас/.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч нь хариуцагч Г.Батцэцэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг  төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно. 

 

Хариуцагчийн зүгээс гэрээний хугацаанд буюу 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 967,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 1,050,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 8,500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид буцаан төлсөн талаар зохигчид маргаагүй ба шүүхээс дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Зээлдэгч гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн гүйцэтгэх үүрэг буюу Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөөс тооцогддог.

 

Иймд зээлдэгчийн хувьд гэрээний хугацаа хэтэрснээс хойш үндсэн зээлийн үлдэгдэл төлөх үүргийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасан илүү хүнд нөхцөлтэй үүрэг гэж үзэн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 8,500,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч зээлийн үлдэгдлээс хүү, нэмэгдүүлсэн хүү бодож, хариуцагчийн биелүүлбэл зохих үүргийг тодорхойлох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцнэ. 

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №ЗГ004/17 тоот зээлийн гэрээ, уг гэрээний хавсралт болох “Зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарь”-иас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нар үндсэн зээлийг зээлийн гэрээний хугацааг дуусахад төлөхөөр тохирчээ. 

 

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д “нэмэгдүүлсэн хүүг” тодорхойлохдоо гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээг хэлнэ гэжээ. Эндээс үзэхэд нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл төлөх үеэс тооцно. 

 

Дээр дурдсан байдлаар тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 16,500,000 төгрөг, зээлийн гэрээний хүү 8,990,773 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,294,948 төгрөг, нийт 26,785,721 төгрөг болж байх бөгөөд энэ дүнг хариуцагч С.Баттөгсөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг  бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. Мөн зүйлийн 242.3.-т заанаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байдаг тул нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцах ёстой этгээд нь С.Баттөгс гэж тодорхойлсныг буруутгах боломжгүй. 

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасантай нийцэж байх тул барьцааны зүйл болох орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Грийт капитал ББСБ” ХХК нь хариуцагч Г.Батцэцэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Баттөгсөөс 26,785,721 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Грийт капитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,822,505.15 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Баттөгс шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 3 дугаар байрны 5 тоот хаягт байрлалтай, 18 м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205010042 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баттөгсөөс 291,879 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Грийт капитал ББСБ” ХХК-д олгосугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Н.ХАНГАЛ