Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1768

 

 “Г.. к... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар    

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/01748 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Г.. к... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Б..төгс, С.Б нарт  холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 29 608 226.15 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч С.Баттөгсийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагч С.Б..төгс, өмгөөлөгч Ж.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, Б.М нар гаргасан тайлбартаа: Иргэн С.Б..төгс, С.Б нар нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/004/17 тоот зээлийн гэрээг байгуулж 25.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлсэн. Улсын бүртгэлийн Ү-2205010042 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 3 дугаар байрны 5 тоот хаягт байрлалтай 18.0 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б-т холбогдох шаардлагаасаа татгалзсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хуваарийг удаа дараа зөрчин хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл эргэн төлөлт хийгээгүй зэрэг байдал нь бидний ажилд хүндрэл учруулж компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Иймд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тооцоолсноор нийт төлбөр 29.608.226.15 төгрөгийг гаргуулж, шийдвэрийг сайн дураар хариуцагч биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б..төгс  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бид зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр С.Б..төгс  миний “Хаан” банкны 5030540342 дугаар данс руу зээлийн 25.000.000 төгрөг орсон. Г.Б  “...би үйл ажиллагааныхаа санхүүжилтийг өөрөө зохицуулж, хяналт тавина” гэж хэлээд зээлийн мөнгийг өөрийн Хаан банкны 5021203910 тоот данс руу шилжүүлэхийг шаардсан тул би 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 25.000.000 төгрөгийг Г.Б-ийн данс руу шилжүүлсэн. 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлөх зээлийн хүүнд 967.000 төгрөгийг Г.Б  төлөөд түүнээс хойш зээлийн хүүд нэг ч төгрөг төлөөгүй. 25.000.000 төгрөгийг аваад ямар ч үйл ажиллагаа явуулаагүй сураггүй алга болсон. Зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. 2017 оны 6 дугаар сарын 06, 15-ны өдрүүдэд би хүүнд 2.055.326 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 494.676 төгрөг төлсөн. Зээлийн хугацаа 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дууссан, би 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн мөнгөөр худалдан авсан гэх Г.Б-ийн “Приус20” маркийн 22-67 УНЧ улсын дугаартай О.Батнямын нэр дээр байсан тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй суудлын автомашиныг зарж 8.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Б-тэй хамтран ажиллах гэрээнээсээ татгалзаж, “Г.. к... ББСБ” ХХК-иас авсан зээлийн үлдэгдэл 21.472.890 төгрөг, зээлийн хүүд 2.055.326 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 494.676 төгрөг, нийт 24.022.830 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 20217 дугаар захирамжаар хариуцагч Г.Б-ийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр миний нэхэмжлэлийг буцаасан. Би янз бүрийн шугамаар Г.Б-г олох гэсэн боловч хаана байгаа нь тодорхойгүй, олдохгүй байсан тул 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч эрэн сурвалжлуулах өргөдөл өгч, тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүгчийн 00261 дугаартай шийдвэрээр Г.Б-ийг эрэн сурвалжлах ажиллагаа Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр явагдаж, Г.Б-ийг одоогийн байдлаар олж тогтоогоогүй байна. Хэдийгээр бид хоёр хамтран зээл авсан боловч зээлийн мөнгийг бүгдийг нь Г.Б  авсан, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, өөр зүйлд зарцуулсан Г.Б  хариуцах ёстой гэж үзэж байна. Би                    25 000 000 төгрөгөөс нэг ч төгрөгийг өөртөө аваагүй. Ийм учраас зээлийн төлбөрийг хариуцвал хоёулаа л хариуцах ёстой. Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш 8.500.000 төгрөгийг төлсөн. Уг мөнгийг үндсэн зээлээс хасч тооцох ёстой гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г.. к... ББСБ” ХХК нь хариуцагч Г.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Б-төгсөөс 26.785.721 төгрөгийг гаргуулан Нэхэмжлэгч “Г.. к... ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.822.505.15 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б...төгсөөс шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 3 дугаар байрны 5 тоот хаягт байрлалтай, 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205010042 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б..төгсөөс 291.879 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г.. к... ББСБ”           ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Б..төгс  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 25.000.000 төгрөгийг Г.Б-ийн данс руу шилжүүлсэн. Би янз бүрийн шугамаар Г.Б-г олох гэсэн боловч хаана байгаа нь тодорхойгүй, олдохгүй байсан тул 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч эрэн сурвалжлуулах өргөдөл өгч, тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүгчийн 00261 дугаартай шийдвэрээр Г.Б-г эрэн сурвалжлах ажиллагаа Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр явагдаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь Г.Б-г хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагаасаа ямар үндэслэлээр татгалзаж байгаа, түүнийг хариуцагчаас чөлөөлөх ямар хууль зүйн үндэнслэл байгаагаа тодорхойлоогүй байхад шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авсан. " Г.. к... ББСБ" ХХК нь хамтран хариуцлага хүлээх ёстой Г.Б  нь зээлийн мөнгийг авч, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, өөр зүйлд зарцуулсан болохыг мэдсээр байж дан ганц надаар зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээр шүүхийн шийдвэр гаргуулж байгаа нь хуульд нийцэхгүй  байна. Шүүхэд би Г.Б-т холбогдох зээлийн мөнгийг авсан бүхий л баримтыг гаргаж өгсөн боловч шүүх эдгээр нотлох баримтуудад дүгнэлт өгөөгүй. Иймд шүүхээр хэргийг хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Г.. к... ББСБ” ХХК нь хариуцагч С.Б..төгс, Г.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29 608 226.15 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

“Г.. к... ББСБ” ХХК болон С.Б...төгс, Г.Б нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Г.. к... ББСБ” ХХК нь зээлдэгч С.Б..төгс, Г.Б нарт 25 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү эргүүлэн төлөх, гэрээнд заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 6-8/

Зохигчид мөн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ҮБГ004/17 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч С.Б..төгсийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 3 дугаар байрны 5 тоот  хаягт байршилтай 18 м.кв, орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-ийн 9-12/

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар зохигч маргаагүй, уг зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр байна.

Зээлдэгч С.Б..төгс  нь хамтран зээлдэгч С.Б-н Хаан банкин дахь 5021203910 тоот дансанд 25 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн нь түүнийг зээл төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. 

Шүүх хариуцагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 8 500 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч зээлийн үлдэгдлээс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү  тооцож хариуцагчийн гүйцэтгэх үүргийг нийт 26 785 721 төгрөг болохыг тодорхойлсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн.

Нэхэмжлэгч нь С.Б..төгс, Г.Б нартай байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ004/17 тоот зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт зааснаар зээлдэгч нарын хэнээс нь ч өөрийн үзэмжээр үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч С.Б..төгс  зээлтэй болон өөрт учирсан хохиролтой холбоотой шаардлагыг мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дах хэсэгт зааснаар хамтран зээлдэгчид гаргах эрхтэй тул зээлийг дангаар хариуцах ёсгүй гэх түүний гомдол шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй ба хамтран зээлдэгч нар хоорондын тооцооны асуудлаа банкны зээлийн гэрээний үүргээс тусдаа шийдвэрлүүлэх боломжтой юм.

Мөн нэхэмжлэгч “Г.. к... ББСБ” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай мөн нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С.Б..төгсийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.