Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1688

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг,  дүгээр хороо, энгэршанд  гудамж, тоотод оршин суух Зана овогт Ж.Даваахүү /РД:фж/-гийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо, Эрчим хүчний гудамж, өөрийн байранд оршин байх, “Тт” ХХК /РД:/-д  холбогдох,

 

1,110,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Даваахүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Талст трейд” ХХК буюу захирал  н.Болдтой аман гэрээгээр харилцан тохирсны үндсэн дээр тус компанийн хашаа, үйлдвэрийн барилгын манааг хийхээр болсон. Уг компани нь Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 4 дүгээр цахилгаан станцын зүүн талд “Талст” ХХК гэсэн хаягтай байдаг. Дотор нь үйлдвэр нь байдаг. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, сарын 400,000 төгрөгийн цалинтай сахиулын ажлыг өдөр бүр 24 цагийн турш хийхээр болсон юм. Гэхдээ би 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж манаач хийсэн. Гэвч бид харилцан ойлголцоогүй тул 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Ингээд би дараах шаардлагыг шүүхэд гаргасан. Үүнд:

1/ 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны авах ёстой цалингийн үлдэгдэл 800,000 төгрөг. Нийтдээ 2 сарын цалинг хариуцагч өгөөгүй байгаа. Гэхдээ би 2017 оны 01 дүгээр сарын 20 хүртэл ажилласан гэж үзэж байгаа.

2/ Нүүрс болон унааны мөнгө 170,000 төгрөг. Тухайн үед хариуцагч компанийн захирал нь надад “...та нүүрсээ ачуулаад хашаанд буулгачих. Дараа нь би мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. Ингээд би 2016 оны 10 дугаар сардаа багтаан 250,000 төгрөгөөр нүүрс авсан. Нүүрс буулгасан тээвэрлэлтийн хөлсөнд 70,000 төгрөг төлсөн. Нийт 320,000 төгрөгийг би өөрөөсөө зарлагдсан. Үүнээс хариуцагч тал 150,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байгаа юм.

3/ Хоолны мөнгө 140,000 төгрөг. Намайг манаач хийж байхад хариуцагч байгууллагын хашаанд 2 хүн төмөр хаалга хийж байсан. Хариуцагч компанийн захирал надад “та энэ хоёр хүнд хоол хийж өгөөрэй, би танд хөлсөнд нь нэг хүний 10,000 төгрөг төлнө” гэж амалсан. Би нийтдээ 17 хоногийн турш тэр хүмүүст хоол хийж өгсөн. Ингээд уг мөнгө нь 140,000 төгрөг болж байгаа. Ингээд нийтдээ 1,110,000 төгрөгийг “Талст трейд” ХХК-иас гаргуулж өгнө үү. Хариуцагч тал 640,000 төгрөг авсан талаар баримт гаргаж өгсөн байна. Уг баримт дээр миний бие гарын үсэг зурсан тул мөнгийг авсан талаар маргахгүй гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Даваахүү, Г.Болд бид хоёр 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр харилцан тохирч хавар хүртэл үйлдвэрийн харуулын байранд амьдруулан, манаа хийлгэж түр ажиллуулахаар амаар тохирсон. Цалинг сарын 300,000 төгрөг гэсэн. Тухайн үед Ж.Даваахүү нь “400,000 төгрөг болгохгүй юм уу” гэхэд нь би үгүй гэсэн хариуг өгсөн. Үйлдвэрийн хашаа доторх хог цасыг цэвэрлэх, өдөр тутмын рапорт хөтлөх байсан ч Ж.Даваахүү нь би ийм ажил хийж чадахгүй гэсэн тул би өөрөө цэвэрлэгээг хийдэг байсан. Рапорт хөтлөх дэвтэр өгсөн ч түүн дээр нүдний хараа муу гээд юм бичсэнгүй. Би ч буруу л хүнтэй ярьж дээ гэж бодсон, за одоо яах вэ дээ настай хүн ийм л байх байлгүй дээ гэж бодож байсан. Цас цэвэрлэсэн тухайд бол ердөө нэг л удаа нэг хүн явах 10 м орчим урттай зам гаргаж цас цэвэрлэсэн байсан. Тэрээр “Даралт ихсээд байна, эм авчирч өг” гэхээр нь би нэг хайрцаг эм өгсөн. Намайг “Хүүхдүүд чинь яагаад ирдэггүй юм бэ, эм авчирч өгч болмоор юм” гэхэд нэхэмжлэгч учиргүй уурлаж “чи миний хүүхдүүдээр битгий оролд” гэж загнаж зандарсан. Хүү нь нэг удаа ирэхдээ нэг ширхэг даралтны эм барьчихсан ирэхээр нь би түүнд “чи арай ч дээ, нэг ширхэг эмээр энэ хөгшин яах вэ дээ, би аваад өгчихсөн” гэж хэлж байсан. Даарах хөрөх тухайд бол би портер машинаар нүүрс аваад өгч, мөнгийг нь би төлсөн. Зууханд гал түлэхээс гадна цахилгаан халаагч би авч өгсөн. Тэр нь байнга залгаатай л байдаг байсан. Нэхэмжлэгчийг байх явцад манай н.Бадамцэрэн гэх ажилтан хамт ажиллаж байсан ажилтны гар утсыг өрөөнд нь түр тавиад 5 минутын хугацаанд гараад ирэх хооронд алга болсон байсан тул тэд хоорондоо өөр хүн байсангүй атал Ж.Даваахүүг авлаа гээд муудалцахад тухайн үедээ би Ж.Даваахүүгийн талд орж арай ч энэ настай хүн авчихгүй байлгүй дээ гээд өмөөрч байсан. Манай нэг ажилчин орой ажлаа дуусгаад үйлдвэрийн түлхүүр өгөхөд Ж.Даваахүү хүлээж аваангүй. Нөгөөдөх нь аргаа бараад гадаа цонхны тавцан дээр тавиад орхиж. Би түүнийг нь мэдэлгүй 3 хоногийн дараа ирээд түлхүүр авах гээд асуутал тэр чинь гадаа байгаа гэхээр нь гайхаад “яагаад аваад байж байхгүй яасан юм бэ” гэтэл тэрээр “би авах албагүй, гадаа цонхон дээр тавилаа л гэсэн” гээд сууж байсан. Гэтэл дараа нь би үйлдвэрээс 220В-ийн нэг гагнуурын аппарат нэг ширхэг үнэ 450,000 төгрөг, аргон гагнуурын аппарат нэг ширхэг, үнэ 2,800,000 төгрөг, лазер хэмжүүртэй нэг хөрөө, үнэ 2,500,000 төгрөг, алга болсныг мэдсэн, энэ тухай асуутал учиргүй уурлаад “би яаж мэддэг юм, түлхүүр чинь гадаа л байсан, үйлдвэр дотор юу байгааг би яаж мэддэг” юм гэсэн. Би тухайн үед энэ өвгөнөөс салахгүй бол ёстой болохгүй юм байна гэж бодсон. Алга болсон зүйлийн тухай бол миний л хохь болж гээд цагдаад хандсангүй. Тухайн үед эдгээр төхөөрөмжөөр ажил хийж байсан түлхүүрийг Ж.Даваахүүд хүлээлгэж өгөөд явахгүй яасан юм бэ гээд ажилчнаас асуухад тэр өвгөн чинь би авахгүй гээд байсан. Тэгэхээр нь гадаа цонхны тавцан дээр ил орхилоо шүү гэж хэлээд явсан гэсэн. Хэрэв ажилчин дээрх багажийг авч явсан бол тухайн үед гарахыг нь харж байсан Ж.Даваахүү өөр зүйл авч яваагүйг мэдэж байгаа. Хоёр ажилчинд долоо хоногийн турш өдрийн хоол хийж өглөө, нэг аяга хоол хийснээ 10,000 төгрөг гэж үнэлжээ. Ойр хавьд хоолны газар байхгүй тул би хоолны мах, бусад материалыг нь авч өгөөд нэгэнт Ж.Даваахүү өөртөө хоол хийдэг юм чинь хамтад нь хийчихээрэй гэж хэлсэн, хоол хийхэд шаардлагатай цахилгаан, түлээ, хоолны материал бүгд би төлсөн атал түүний хоол хийсний хөлсийг үнэлмээргүй санагдаж байна. Учир нь Ж.Даваахүү өөрөө тэр хоолноос идсэн шүү дээ, дээр нь хоолны материалыг нь би авч өгсөн. Багаж төхөөрөмж алга болсон гэж маргасны дараа удалгүй Ж.Даваахүү бие муудсан гэж хэлээд 2017 оны 01 дүгээр сарын эхээр өөрийн хувцсаа аваад явсан. Гэхдээ түүний бие муудсан байгаагүй, харин ч намайг харж байхад өөрөө охиныхоо микро автобусанд өөрийн юмаа ачаад явсан. Бие нь муудсан бол юун юм ачих. Тухайн үедээ намайг аягүй бол нөгөө алга болсон юмаа нэхээд цагдаа шүүх гээд явах байх гэж сэжиглээд зугтан явсан гэж би ойлгосон. Өрөөндөө л байж байдаг, гадна хашааны хаалгаа би өөрөө түлхүүрээр онгойлгож орж гарч байдаг байсан. Хүний урманд ядаж хэн ирж байна гээд цонхоороо ч хардаггүй байсан. Тэр цас энэ тэр арилгаж ядарч ухаан алдсан гэдэг нь худал. Надаас авсан мөнгөө 400,000 төгрөгөөр дутуу бичжээ. Зөвхөн гарын үсэг зурсан мөнгөө бичээд зураагүй авснаа санаатайгаар бичээгүй байна. Үйлдвэрээс явсны дараа эргэн ирээд “бие муу байна, мөнгө өг” гэхэд нь 100,000 төгрөг өгсөн. гэхдээ гарын үсэг зуруулаагүй нь миний буруу болжээ. Дараа нь дахиж ирээд мөнгө нэхэхэд нь би бухимдаад “харин ч танаас алдсан төхөөрөмжөө нэхээгүй байхад юун бас мөнгө нэхээд байгаа юм бэ” гэхэд тэрээр “тэгээд тухайн үедээ цагдаад өгөх нь яасан юм” гэж тавлаад явсан. Тэгээд энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм байна. Би Ж.Даваахүүд амаар тохирсон ажлаа хийдэггүй байсных нь төлөө, 3 төхөөрөмж алга болгосных нь төлөө, хүний гар утас авсных нь төлөө мөнгө өгөхгүй. Харин ч сөрөг нэхэмжлэх гаргах боломжтой гэж бодож байна. Ажиллаж байсан хүүхдүүдээс асуугаад ямар төхөөрөмж үйлдвэрт байсан, хэзээ энэ нь алга болсон гээд асуугаад гэрчлүүлээд явбал болох байх гэж бодож байна гэжээ. 

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Даваахүү нь “Талст” ХХК-д холбогдуулж 1,110,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг “Талст трейд” ХХК болгон сольсон.

 

“Талст трейд” ХХК-ийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 4 дүгээр цахилгаан станцын зүүн талд байрлах үйлдвэр, үйлдвэрийн хашааг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд харж, манаачаар ажилласан гэх нэхэмжлэгч Ж.Даваахүүгийн тайлбарыг хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. 

 

Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь харуул хамгаалалтын ажил, үйлчилгээ байна гэж шүүх үзлээ.  

 

Нэхэмжлэгч тус компанийн харуулаар ажилласан хугацааны цалингийн үлдэгдэл 800,000 төгрөг, нүүрс болон унааны мөнгө 170,000 төгрөг, бусдад хоол хийж өгсөн хөлс 140,000 төгрөг, нийт 1,110,000 төгрөгийг “Талст трейд” ХХК-иас шаардсаныг хариуцагчийн зүгээс бүхэлд нь зөвшөөрөөгүй.

 

“...нэхэмжлэгч Ж.Даваахүү нь ажилласан хугацаандаа үйлдвэрээс бараа, бүтээгдэхүүн алга болгосон”, “...ажлаа дутуу хийсэн тул одоо ямар ч мөнгө төлөхгүй” гэсэн агуулгаар хариуцагчийн төлөөлөгч өөрийн татгалзаа шүүхэд бичгээр ирүүлжээ.  

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба нэгэнт нэхэмжлэгч тодорхой хугацаанд ажилласан тул хөлсөө шаардах эрхтэй. Харин түүний ажилласан хугацааг өөрийнх нь тайлбарт үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийтдээ 103 хоног гэж тогтоох нь зүйтэй. 

 

Хэдийгээр хариуцагчийн зүгээс “сарын цалинг 300,000 тохирсон” гэж тайлбарласан ч энэ талаарх баримтыг ирүүлээгүй, өөрийн татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасны дагуу нотолж чадаагүй байна.

 

Иймд нэг өдрийн ажлын хөлс 13,333 /400,000:30/ төгрөгийг ажилласан хоногт үржүүлэхэд 1,373,299 төгрөг болно. Үүнээс нэхэмжлэгчийн “...би хариуцагчаас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 640,000 төгрөг авсан юм байна” гэсэн тайлбарыг үндэслэн уг 640,000 төгрөгийг хасахад 733,299 төгрөг болж байна. Уг 733,299 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүх үзлээ. 

 

Харин нэхэмжлэгч нүүрс болон унааны мөнгө 170,000 төгрөг, бусдад хоол хийж өгсөн мөнгө 140,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй болохоо нотлоогүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Талст трейд” ХХК-иас 733,299 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Даваахүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 376,701 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 31,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Талст трейд” ХХК-иас 22,149 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Даваахүүд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Н.ХАНГАЛ