Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1641

 

Ж.Д-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/01688 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Д-н нэхэмжлэлтэй, хариуцагч “Т Т” ХХК-д холбогдох

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1 110 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Т Т” ХХК буюу захирал  Г.Б-той аман гэрээгээр харилцан тохирсны үндсэн дээр тус компанийн хашаа, үйлдвэрийн барилгын манааг хийхээр болсон. Уг компани нь Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 4 дүгээр цахилгаан станцын зүүн талд “Талст” ХХК гэсэн хаягтай байдаг. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, сарын 400.000 төгрөгийн цалинтай сахиулын ажлыг өдөр бүр 24 цагийн турш хийхээр болсон. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж манаач хийсэн. Гэвч бид харилцан ойлголцоогүй тул 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин 800.000 төгрөг, нүүрс болон унааны мөнгө 170.000 төгрөг, хоолны мөнгө 140.000 төгрөг, нийт 1.110.000 төгрөгийг “Т Т” ХХК-иас гаргуулж өгнө үү. Хариуцагч тал 640.000 төгрөг авсан талаар баримт гаргаж өгсөн байна. Уг баримт дээр миний бие гарын үсэг зурсан тул мөнгийг авсан талаар маргахгүй гэжээ. 

Хариуцагч “Т Т” ХХК  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Д, Г.Б бид хоёр 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр харилцан тохирч хавар хүртэл үйлдвэрийн харуулын байранд амьдруулан, манаа хийлгэж түр ажиллуулахаар амаар тохирсон. Цалинг сарын 300.000 төгрөг гэсэн. Тухайн үед Ж.Д нь “400.000 төгрөг болгохгүй юм уу” гэхэд нь би үгүй гэсэн хариуг өгсөн. Үйлдвэрийн хашаа доторх  цэвэрлэгээ, өдөр тутмын рапорт хөтлөх байсан ч Ж.Д нь би ийм ажил хийж чадахгүй гэсэн тул би өөрөө цэвэрлэгээг хийдэг байсан. Хоёр ажилчинд долоо хоногийн турш өдрийн хоол хийж өглөө, нэг аяга хоол хийснээ 10.000 төгрөг гэж үнэлжээ. Ойр хавьд хоолны газар байхгүй тул би хоолны мах, бусад материалыг нь авч өгөөд нэгэнт Ж.Д өөртөө хоол хийдэг юм чинь хамтад нь хийчихээрэй гэж хэлсэн, хоол хийхэд шаардлагатай цахилгаан, түлээ, хоолны материал бүгд би төлсөн атал түүний хоол хийсний хөлсийг үнэлмээргүй санагдаж байна. Учир нь Ж.Д өөрөө тэр хоолноос идсэн шүү дээ, дээр нь хоолны материалыг нь би авч өгсөн. Багаж төхөөрөмж алга болсон гэж маргасны дараа удалгүй Ж.Д бие муудсан гэж хэлээд 2017 оны 01 дүгээр сарын эхээр өөрийн хувцсаа аваад явсан. Надаас авсан мөнгөө 400.000 төгрөгөөр дутуу бичжээ. Зөвхөн гарын үсэг зурсан мөнгөө бичээд зураагүй авснаа санаатайгаар бичээгүй байна. Үйлдвэрээс явсны дараа эргэн ирээд “бие муу байна, мөнгө өг” гэхэд нь 100.000 төгрөг өгсөн. Би Ж.Д-д амаар тохирсон ажлаа хийдэггүй байсных нь төлөө, 3 төхөөрөмж алга болгосных нь төлөө, хүний гар утас авсных нь төлөө мөнгө өгөхгүй гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т Т” ХХК-иас 733.299 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 376.701 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн   60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 31.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т Т” ХХК-иас 22.149 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Д-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Т Т” ХХК-ийн захирал Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч талаас аливаа нотлох баримт гаргаагүй байхад нэхэмжлэгчийн цалинг 400.000 төгрөг байсан гэж шүүх үзэж төлөх үнийн дүнд энэ дүнг үндэслэсэн байна. Ажил олгогч цалинг сард 300.000 төгрөг гэсээр атал ажил олгогчийн өмнөөс 400.000 төгрөг гаргуулах шийдвэрийг гаргасан байна. Цалинг ажлаа хариуцлагатайгаар хийж гүйцэтгэж байж авдаг. Гэтэл ажилчин хүн үйлдвэрийн түлхүүрийг манаач гэгдэх Ж.Д-д үлдээхээр өгсөөр байтал авахгүй гэж хэлээд гадаа цонхны тавцан дээр 3 хоног байлгаж хулгайчид боломж олгон үйлдвэрийн байр дотроос 3 ширхэг төхөөрөмж алга болгосон байгаа. Ийм хүний цалинг бүрэн өгөх ёстой юу, намайг шүүхээс энэ төхөөрөмжүүдээ алга болгосныгоо нотлоогүй гэсэн байна, би хулгайч нар эсвэл санаатайгаар түлхүүрийг хүлээн аваагүй. Иймд шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй уг өргөдлийг гаргаж байгаа болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.  

Нэхэмжлэгч Ж.Д нь “Т Т” ХХК-д холбогдуулж 1 110 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ж.Д нь “Т Т” ХХК-ийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 4 дүгээр цахилгаан станцын зүүн талд байрлах үйлдвэр, үйлдвэрийн хашааг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд  манаачаар ажилласан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, гэрээний зүйл нь харуул хамгаалалтын ажил, үйлчилгээ байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.   

Нэхэмжлэгч ажилласан хугацааны цалингийн үлдэгдэл 800 000 төгрөг, нүүрс болон унааны мөнгө 170 000 төгрөг, бусдад хоол хийж өгсөн хөлс 140 000 төгрөг, нийт 1 110 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч  нүүрс болон унааны мөнгө 170 000 төгрөг, бусдад хоол хийж өгсөн мөнгө 140 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ, хариуцагч “...сарын цалинг 300 000 төгрөгөөр тохирсон...” гэх тайлбар, татгалзлын үндэслэлээ  тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт  заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 Шүүх хөлсөөр ажиллах гэрээний хугацааг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийтдээ 103 хоногоор, нэг өдрийн ажлын хөлс 13 333 /400 000:30/ төгрөгөөр тус тус тооцож, нийт 1 373 299 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 640 000 төгрөгийг хасч 733 299 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.