Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 07

 

Ц.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ц.Сайнхүү,

Хохирогч Д.Н, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шүүгдэгч Ц.Б, өмгөөлөгч М.Энхзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 2019/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдлоор, Ц.Б холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, халх, 1972 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумд төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Тайшир сумын хуримт багийн малын эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн Завхан гол гудамж 1-10 тоотод оршин суудаг, Монгол улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгээр шагнагдаж байсан, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ДЗ72122511 регистрийн дугаартай, Тугчин овогт Ц Б.

Шүүгдэгч Ц.Б 2015 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн Завхан гол 2-1 тоотод  байрлах иргэн Д.Н өмчлөлийн монгол гэрийн цоожыг нь эвдлэн орж эмээлийн мөнгөн дараа 4 ширхэг, эмээлийн мөнгөн баавар 2 ширхэгийг хулгайлж хохирогч Д.Н 1.480.000 төгрөгийн, мөн хажуу гэр болох иргэн Д.Н өмчлөлийн монгол гэрээс 200.000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг, 2 ширхэг монетон бөгж, тасарсан монетин гинж, зүрхэн хэлбэртэй кулоны хамт, тэмээний ноосон хөнжил зэргийг хулгайлж 890.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах

2.

дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б холбогдох 201507000099 дугаартай эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж. Шүүгдэгч Тугчин овогт Ц Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцон, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг ял эдлэсэн хугацаанд оруулан тооцож. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний нэхэмжэгч Д.Отгонбаатарын энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээлийн 4 ширхэг даруулгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Н буцаан олгож, шүүгдэгч Ц.Б 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н, 890.000 /найман зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н нарт тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа: Анхан шатын шүүх Ц.Б намайг 2015 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Тайшир сумын Хуримт багийн Завхан голын 2-1 тоотод байрлах хохирогч Д.Н өмчлөлийн Монгол гэрээс эмээлийн мөнгөн дараа дөрвөн ширхэг эмээлийн мөнгөн баавар 2 ширхэгийг хулгайлж бусдад 1.480.000 төгрөгийн, мөн тоотод байрлах хохирогч Д.Н өмчлөлийн Монгол гэрээс 200.000 төгрөг, мөнгөн аяга нэг ширхэг, 2 ширхэг монетон бөгж, зүрхэн хэлбэрийн кулонтой, тасарсан монетон гинж, тэмээний ноосон хөнжил зэрэг эд зүйл хулгайлж 890.000 төгрөгийн хохирол тус тус учуулсан гэх мэт буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын  хугацаагаар хорих ял оногдуулсан, уг ялыг өршөөн хэлтхүүлж ялаас чөлөөлсөн. Ц.Б миний хувьд дээрх 2 хохирогчийн эд зүйлийг хууль бусаар хулгайлж аваагүй болно. Иймд энэ хэргийн үнэн зөвийг олж дахин хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь 2015 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн Завхан голын 2-1 тоотод байрлах Д.Н өмчлөлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж эмээлийн 4 ширхэг мөнгөн дараа, 2 ширхэг мөнгөн баавар, уг хашаанд байрлах Д.Н өмчлөлийн монгол гэрийн хаалганы цоожны даруулгыг хөшин гэрт орж

3.

20000 төгрөг, мөнгөн аяга, 2 ширхэг монетон бөгж, зүрхэн хэлбэртэй кулонтой тасарсан монетон гинж, тэмээний ноосон хөнжил зэрэг эд зүйл хугайлж,  хирогч Д.Н 1480000 төгрөгийн, хохирогч Д.Н 890000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Үүнд: Хохирогч Д.Н мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 05 дугаар сарын 18-ны 23 цаг 20 минутын үед хоёр хүүхдээ Энхболд гэдэг айлд үлдээгээд ажил дээрээ ирж байж байгаад 01 цаг 35 минутын үед Батсуурьтай хамт гарч би Энхболдынд очиж хоносон. Өглөө нь манай том охин Амгалан 08 цаг 10 минутын үед гэррүүгээ яваад удалгүй манайд хулгай орсон байна гэж ирсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд хамт очиход хуучин цагийн хийцтэй доороо сийлбэртэй дунд гарын хуучин мөнгөн аяга, 200000 мянган төгрөг, 2 ширхэг монетон бөгж, зүрхэн хэлбэртэй кулонтой дундуураа тасарсан монетон гинж, тэмээний ноосон хөнжил зэрэг эд зүйл байхгүй байсан. Шөнө Батсуурь бид хоёрыг эмнэлгээс гараад явж байхад Б байшингийн булангаас чимээ гарсан. Бид хоёрыг эмнэлгээс гарахад Болдсайханых харанхуй байсан. Энхболдынд очоод цонхоор нь харахад Болдсайханы бүх цонх гэрэлтэй харагдсан. Болдсайхан гэдэг хүнийг сэжиглэж байна ” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Амгалангийн: “Гэртээ очиход үүдний амбаарын хаалганы цоож мушгигдсан хаалга онгорхой байсан. Ороход хамаг эд хогшил, тавилга, сав суулга онгичоод, хувцас хунарыг гаргаад шидсэн байсан” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Х.Билэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ”2015 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 08 цаг 40 минутын үед ирээд гэртээ орох гэтэл үүдний амбаарын цоож эвгүй болчихсон байсан гэртээ ороход хоймрын авдар орны завсар байсан монгол эмээлийн мөнгөн тоноглолыг ховхолж авсан байсан. Тэгээд гэрээс гараад ирэхэд хажуу айлд бас хулгай орсон байна гээд хэсгийн төлөөлөгч ирсэн байсан” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Н мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Тайшир сумын хуримт баг Завхан голын 2-1 тоот хашаанд байсан  манай гэрээс эмээлийн мөнгөн дараа 4 ширхэг, мөнгөн баавар 2 ширхэг хулгайд алдагдсан. Манай хажуу талын айл болох Д.Наранбадамын гэрээс монетон ээмэг бөгж, кулон, бэлэн мөнгө, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Миний дараа ааваас өвлөгдөж ирсэн.  6 талтай, цэцгэн хээтэй, цэцэг бүрийн үзүүр дээр жижиг нүхтэй дараа байсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “2015, 2016 оны үед Тайшир сумын малын эмч Б гэдэг хүн ирээд монгол эмээлийн 4 ширхэг мөнгөн дараа зармаар байна. Та аваач гэхээр нь хэдээр зарахыг нь асуухад 140000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би тэр үнээр нь Болдсайханаас уг 6 талтай, цэцгэн хэлбэртэй, эдлэгдэж байсан, зэс сэнжтэй 4 дарааг худалдаж авсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Шаравнямбуугийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Надад үзүүлж байгаа энэ 4 мөнгөн дараа минийхтэй хэлбэр хийц нь төстэй юм. Гэхдээ биш байна. Минийх хээн дээрээ хас тэмдэгтэй байсан.” гэсэн мэдүүлэг,

4.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цэцгэн хээтэй, 6 талтай, эмээлийн мөнгөн дарааг эд мөрийн баримтаар тооцож Д.Отгонбаатараас хураан авсан тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үнэлтгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт шинжлэн судлах  ажиллагаа зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон байна.

 Шүүгдэгч Ц.Б нь эд мөрийн баримтаар тооцож Д.Отгонбаатараас хураан авсан 4 ширхэг мөнгөн дарааг манай хадам аав Б.Шаравнямбуу надад өгсөн, хохирогч Д.Н алдсан мөнгөн дараа /даруулга/ биш гэж мэдүүлж байгаа боловч энэ нь гэрч Б.Шаравнямбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би өөрийн хүү Гантулгад эмээлийн мөнгөн дараа өгсөн. Манай хүү гэрээсээ 2015 оны үед алдсан. Би хүргэн Б эмээлийн дараа бэлэг болгож өгсөн зүйл байхгүй.” Надад үзүүлж байгаа дараа минийхтэй төстэй боловч биш байна” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Гантулгын мөрдөн байцаалтад анх өгсөн: ”Би ааваасаа өвлөж авсан дарааг Б өгөөгүй. 2014-2015 оны намар манай эгч хуримаа хийсэн жил алдсан. Манай аав Болдсайханд мөнгөн дараа өгөөгүй. Б худлаа хэлж байгаа юм” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын явцад хохирогч Д.Н нь “миний алдсан мөнгөн дараа хуучин цагийн цэцгэн хэлбэртэй, угалзан хээтэй, 6 талтай, тал тус бүртээ жижиг дөрвөлжин нүхтэй, зэс сэнжтэй дараа байсан” гэсэн мэдүүлж, Д.Отгонбаатараас хурааж авсан 4 ширхэг мөнгөн дарааг уг онцлог шинжээр нь өөрийн дараа мөн болохыг таньсан тухай таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн гэрч Ш.Гантулга нь шүүхийн хэлэлцүүлэгт “Энэ 4 даруулга минийх байгаа юм. Аав мөнгө болгож ав гээд Б өгсөн гэж сонссон гэж мэдүүлж байгаа боловч өөрийн алдсан мөнгөн дарааны онцлог шинжийг тодорхой зааж чадаагүйгээс гадна өөрийн хүргэн ах Ц.Б гэмт хэрэгт буруутгахгүйн тулд өгсөн байж болох энэхүү мэдүүлэг нь бодит байдалд нийцэхгүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан, хоорондоо ноцтой зөрүүгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтуудыг бодитой үнэлсэн байна.

Шүүгдэгч Ц.Б үйлдэл нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж, хохирогчийн өмчлөлийн эд зүйлсийг зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах бодит боломж бүрдүүлснээрээ хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Тиймээс шүүгдэгч Ц.Б нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх  хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, уг ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх

5.

хуульд зааснаар хорих ялаас өршөөн хэлтрүүлж, шүүгдэгчийг ялаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.     

Тиймээс шүүгдэгч Ц.Б гаргасан би хохирогч нарын эд зүйлийг хууль бусаар хулгайлж аваагүй тул дахин хянаж шийдвэрлүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, Эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ                           Ш.БАТТОГТОХ

                              ШҮҮГЧИД                           Т.ЖАРГАЛСАЙХАН

                                                                        Ч.ЭНХТӨР