Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 128/шш2020/0713

 

2020 11 02 128/ШШ2020/0713

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч А.Насандэлгэр, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И сан /РД:10877**/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Гуравдагч этгээд Г ХХК гадаадын хөрөнгө оруулалттай ХХК РД:20747**/,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэр болон Г ХХК ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, С.Д гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Бр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И сан 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Г ХХК ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлдээ: Г ХХК ХХК-д ашигт малтмал ашиглалтын МV-020634 тоот тусгай зөвшөөрлийг олгох тухай Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэр нь Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн заалтуудыг зөрчиж гарсан гэж үзэж байна.

Тухайлбал Цөмийн энергийн тухай хуулийн 19.1.4-т байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, 19.1.5-д байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө, 19.4.1-д 5.3-т заасан нөхцлийг зөвшөөрсөн шийдвэр, 19.4.2-т Ашигт малтмалын тухай хуулийн 25.1-т заасан баримт бичиг гэж заасан байдаг.

Эдгээр хуулийн зохицуулалтаас харахад цацраг идэвхт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаас өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсэн байх, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулсан байх, хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримтыг хавсаргаж өгөх шаардлагатай.

Цөмийн энергийн тухай хуулийн 19.6-д Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь өргөдлийг хүлээн аваад дараах ажиллагааг явуулна, 19.6.2-т өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах гэж зохицуулсан байдаг.

Манай байгууллагын нэхэмжлэлээр үүсгэгдэн хянан шийдвэрлэгдэж байгаа маргааны туршид хариуцагч талаас ч тэр, гуравдагч этгээдээс ч тэр ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаас өмнө хийлгэсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө гэх баримтыг гаргаж ирэхгүй байгаа бөгөөд төрийн захиргааны байгууллага ямар баримтанд үндэслэж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь тодорхойгүй байна. Эсвэл хуурамч баримтанд үндэслэж олгосон эсвэл хуулиар тусгайлан шаардсан баримтууд байхгүй байхад хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон байх үндэслэл энэ хугацаанд хангалттай тогтоогдлоо гэж үзэж байна.

Уран бол онц аюултай гэсэн олон улсын ангилалд ордог, маш нарийн журам дүрэм стандарт мөрдөж ажиллахгүй бол хор хөнөөл нь манайх шиг цөөхөн хүн амтай улсад үндэстнээрээ мөхөх аюулд хүргэж болзошгүй юм. Өрөмдлөг хийх үед шаварт химийн бодис хийж зуурдаг, өрөмдлөгийн явцад ураны хүдрийн биетэд нэвтрэх тохиолдолд цацраг идэвхт шлам үүсдэг. Үүнийг олон улсад бага түвшний цөмийн хог хаягдал гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл альфа, бета, гамма болон радон хий гардаг. Гэтэл Г ХХК ХХК нь шаврын хаягдлын зүмп бүрд 7 хоногт нэг удаа альфа, бета, гамма цацрагийн бохирдлыг багажаар хэмжих МNS-5627:2006, МNS-5630:2006, МNS-5631:2006 стандартыг хэрэгжүүлээгүй. Энэ орчинд хайгуулын олон өрөмдлөг хийсэн ч цацраг аюултай хэмжээнд байхад МNS-4990:2000, ОУЦЭА WS-G-1.2 стандартын дагуу нэг ч аюултай гэсэн тэмдэг тэмдэглүүр тавиагүй, хашаа хамгаалалт хийх стандартыг хэрэгжүүлээгүй.

Г ХХК ХХК нь хайгуулын явцад нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу хийгээгүй усыг задгайлж хаясан, ураны шар нунтаг гарган авахдаа газрын гүнрүү хүхрийн хүчил шахаж ураны хүдрийг уусган баяжуулах арга хэрэглэснээ мэдээлээгүй нуусан нь гүний усыг цацраг болон химийн бодисоор хордуулах аюул үүсгэсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Г ХХК ХХК-ийн МҮ-20634 тоот тусгай зөвшөөрөлтэй Өлзийт талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох дүгнэлт гаргаагүй (Ашигт малтмалын тухай хуулийн 39.1.1), байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.6, 56.1.5 дахь заалтаар цуцлагдах үндэслэлтэй байна

Г ХХК ХХК нь цацрагийн аюулгүй ажиллагааны талаар баримтлах бодлого, дүрэм журам зорилгын дагуу, цацрагийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, байгаль орчныг бохирдлоос хамгаалах, төслийн нөлөөлөлд өртөх орон нутгийн иргэдийн оролцоог хангаагүй, одоогийн болон ирээдүйн хүн амын эрүүл мэндийг ионжуулагч цацрагийн нөлөөллөөс хамгаалах, хүрээлэн буй орчинд нөлөөлөх цацрагийн шарлагын хэмжээг аль болох бага түвшинд /ALARA-As Low As Reasonably Achievable/ байлгах стандартыг хэрэгжүүлээгүй.

Цөмийн болон цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө, энэ талаар хийсэн ажлын тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа шинээр хийлгээгүйг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, орон нутгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, манай сангаас зөвхөн Цөмийн энергийн тухай хуулийн 33 заалтыг хэрэгжүүлээгүй гэдгийг нотолсон баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан.

Г ХХК ХХК нь ионжуулагч цацрагийн хор нөлөөллөөс хамгаалах хуульчлагдсан үүргээ биелүүлээгүй нь нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдөж, хор хохирол нь бодитоор нүүрлээд байна.

Монгол-Орос-Америкийн хамтарсан Г ХХК ХХК нь 1994 онд байгуулагдаж Говийн бүсэд эрдэс баялаг хайх ашиглах тухай олон улсын гэрээ гэгчийг 15 жилийн хугацаатай хийж ураны хайгуул хийж эхэлсэн. Энэ үед Монгол Улсад Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуулийн аль нь ч гараагүй байсан. 1997 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсаны дараа 1998 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө бүртгүүлсэн. Эрдэс баялгийн тухай хуульгүй, ялангуяа Цөмийн энергийн тухай хуульгүй, ямар ч мэдлэг мэдээлэлгүй оронд ураны хайгуулыг стандартыг зөрчиж хийж байсан нь Цөмийн энергийн тухай олон улсын хуулийг ноцтой зөрчсөн ёс зүйгүй үйлдэл юм.

Цөмийн энергийн тухай хуулийн 18.2-д зааснаар мөн хуулийн 5.3-т Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ гэсэн нөхцлийг Г ХХК ХХК зөвшөөрсөн шийдвэр гаргаагүй байхад МҮ-020634 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож хууль зөрчсөн.

Цөмийн энергийн тухай хуулийн 29.1-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноос хойш 60 хоногт багтаан түүнийг эзэмшигчтэй орд ашиглах гэрээ байгуулна, 29.4-д Энэ хугацаанд орд ашиглах гэрээг байгуулаагүй бол геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд орд ашиглах гэрээг хуульд заасан хугацаанд байгуулаагүй байгаа нь тодорхой харагдаж байна.

Орд ашиглах гэрээг хийхдээ төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь биш 15 хувиар хийж Монгол Улсын эрх ашигт хохиролтой, Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд заасан Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэсэн заалтыг зөрчсөн гэрээ хийгдсэн.

Г ХХК ХХК болон Ашигт малтмал, газрын тосны газар нь энэ компани ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, ямар ч хор хохирол учруулаагүй, ямар ч хууль дүрэм зөрчөөгүй гэж мэлзэж байгаа боловч Г ХХК компанийн толгой компани болох Дэнисон Майнз гэдэг 85 хувийг эзэмшигч ураны үндэстэн дамнасан том корпораци нь Торонтогийн хөрөнгийн бирж дээр бидний хууль бусаар ашиглалтын зөвшөөрөл олгосон гэж маргаж байгаа ордуудын эзэн болчихсон хувьцааны арилжаа хийж олон зуун сая долларын хөрөнгө босгож байгааг Блүүнбэрг мэдээлж байхад төрийн олон байгууллага ийм хариуцлагагүй хяналтгүй ажиллаж байна.

Монголын ард түмний мэдлийнх гэж Үндсэн хуульд заасан газрын доорх хөндөгдөөгүй баялгийг лиценз гэдэг алга дарам цаасаар үнэгүйдүүлэн алдаж, дээр нь ионжуулагч цацрагийн бүх эрсдэлийг монголчууд хүлээх, иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчиж байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар хууль бус шийдвэр, Г ХХК ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын МҮ-020634 тоот тусгай зөвшөөрлийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, Цөмийн энергийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.1.3, 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан үндэслэлүүдээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Г ХХК ХХК Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумдын нутгийг дамнасан 10665,2219 га-д тусгай зөвшөөрлийг олгохдоо холбогдох хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал Цөмийн энергийн тухай хуулийн 21.2-т 20 жилээр олгоно гэсэн хуулийн заалтыг давж зөрчсөн, Орд ашиглах гэрээний хугацааг 30 жилээр, энэ хууль бус хугацаагаар хийсэн нь ноцтой асуудал үүсгэхээр байна. Хайгуулын өрөмдлөг хийх үед газрын гүний усны судал таарсныг битүүмжлэлгүй орхиж усыг хөрсөн дээр ид задгай урсгаж, түүнээс хүн мал олон жил ундаалж байгаа, уг задгай уснаас 500-1000 метрийн зайд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын лабораторийн 2017 оны 11 сарын 08-ны өдрийн хэмжилтээр цацрагийн хэмжээ 0.40-0.60 мкв цаг буюу маш өндөр тунтай гарсан байна. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 08 сарын 10-ны өдрийн дүгнэлтээр уг газарт гамма цацрагийн тунгийн чадал 0.26-3.72 мкв, уран торигийн задралын бүлийн цөм тус бүрийн хувийн идэвхийн дээд хэмжээ 1000 бк/кг байхаас давсан өндөр үзүүлэлттэй ноцтой нөлөөлөл гарсан тул цацраг идэвхийг бууруулах, хүн ам, мал амьтныг цацрагийн нөлөөллөөс хамгаалах арга хэмжээ авахыг Түвшинширээ сумын захиргаанд зөвлөмж өгсөн. Энэ нь байгаль орчныг сэргээх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.6, 56.1.5 дахь заалтаар цуцлагдах үндэслэлтэй байна.

И сан ТББ-аас Г ХХК ХХК-ийн ураны хайгуул хийж, нөөцийг тогтоож улмаар уран ашиглах зөвшөөрөл авсан талаар Түвшинширээ, Уулбаян сумын зааг нутагт оршин суух нөлөөллийн бүсийн иргэдээс 2017 оны 11 сард санал асуулгын судалгаа авахад 96 хувь нь уг компанийн талаар ямар ч ойлголтгүй байсан. 2017 оны 11 сарын 06-ны өдөр Түвшинширээ сумын Засаг дарга Ж.Б, 4-р багийн Засаг дарга Д.А, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Э нарын хамтаар Г ХХК ХХК-ийн уран ашиглахаар шав тавьсан гэх Өлзийт талбайг эрээд олоогүй, сумын Засаг дарга болон иргэд нь огт мэдээгүй байсан. Энэ нь Цөмийн энергийн тухай хуулийн 16.3.3, 19.4, 19.5, 19.8, 40.2, Ашигт малтмалын тухай хуулийн 19.4, 38.1.1, 38.1.3, 38.1.6, 40.1, 40.2, 42.2 дугаар заалтуудыг хэрэгжүүлээгүйг нотолж байна.

Г ХХК ХХК нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын нутагт байрших Өлзийт талбайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн тухай материал тус яамны архивын мэдээллийн санд байхгүй байгаа нь Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Г ХХК ХХК-ийн МҮ-00020634 тоот тусгай зөвшөөрөлтэй Өлзийт талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход байгаль орчны нөлөөллийн үнэлгээ дүгнэлт гараагүйг нотолж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 10.5, 10.4 дэх заалтуудыг хэрэгжүүлээгүй байна.

Мөн Г ХХК ХХК нь МҮ-000206*** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахдаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 4 дүгээр бүлэг, олон нийтийн оролцооны 18.4, 18.5 дахь заалт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журмыг хэрэгжүүлээгүй, уурхайн шав тавьсныг мэдэгдээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг танилцуулаагүй нь үнэн болох нь тухайн орон нутгаас тодорхой нотлох баримтуудыг ирүүлсэн. Эдгээр нь Цөмийн энергийн тухай хуулийн 18.8, 19.1.4, 19.1.5, 19.1.6 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 36.1 дэх заалтыг хэрэгжүүлээгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох хуулийн шаардлага хангагдаагүй байхад Г ХХК ХХК тусгай зөвшөөрөл олгосон байна.

Иймд Г ХХК ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулийн хэрэгжилтийг хангаагүй байхад хуурамчаар олгосон нь Цөмийн энергийн тухай хуулийн 26.1.2, 26.1.3, 26.2.1, 26.2.3 дугаар заалтуудаар цуцлагдах үндэслэл болно. Хууль зөрчиж олгогдсон уг тусгай зөвшөөрлийн улмаас нэхэмжлэгч болон уурхайн нөлөөллийн бүсийн иргэд, малчид, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол доорх байдлаар зөрчигдөж байгаа болно. Үүнд:

1. 2017 оны байдлаар малын гоц халдварт шүлхий болон бусад үл оношлогдох өвчин 2015 оноос өмнөх байдлаас олон давтамжтайгаар гарсан бөгөөд хүн амын хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд тус суманд өссөн статистикийн үзүүлэлттэй байгаа зэрэг нь уг цацраг идэвхт бодисын тархалтаас болж хүн, мал амьтны дархлаа суларч үүссэн гэж үзэж байгаа. Тус сум нь сүүлийн 2017 оны байдлаар 22 сая гаруй төгрөгийн хохирол зардал гараад байна.

2. Ураны хайгуул хийхэд мөрдөгдөх 7 хоног тутамд хаягдлын ус шаварт альфа, ветта, гамма цацраг хэмжих мэдээлэх стандартыг огт хэрэгжүүлээгүй нь орон нутагт цацрагийн хяналтын улсын байцаагч байхгүй, хяналт тавих ч чадваргүй үед 1994 оноос цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын стандартыг зөрчиж нууцаар газар доор ураны хүдрийг хүхрийн хүчил шахаж уусган баяжуулах арга хэрэглэж, шар нунтаг дээж гарган авч байснаа огт мэдээлээгүй. Гүний усыг цацрагаар бохирдуулсан байж болзошгүй юм. Нэгэнт ураны хүдрийг хөндөж байгаа бол цацраг идэвхт бодисын задрал явагдаж 24.000-1.000.000 жилээр ч цацрагийн шарлага нь байгаль орчин болон хүн малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж генийн өөрчлөлтөд оруулж, мутант үүсгэн, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байна.

3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр хуучин ашиглаж байгаад урантай гээд хаягдсан Бумбатын нүүрсний уурхайн хаягдлын овоолгын орчим газарт гамма цацрагийн тунгийн чадал 2.26-3.72 мквЗв/цаг, өндөр нь 3.72 мкЗв/цаг уран, торигийн задралын бүлийн цөм тус бүрийн хувийн идэвхийн дээд хэмжээ 1000кб/кг байхаас давсан өндөр үзүүлэлттэй ноцтой хэмжээнд гэж гарсан.

4. Гэтэл Г ХХК ХХК хайгуулын өрөмдлөг хийх үедээ газрын гүний усыг битүүмжлэлгүй орхисноос хөрсөн дээр ил задгай урсгаж гаргасан энэ булаг нь хаягдлын далангаас 500-1000 метр орчимд байгаа нь энэ нутгийн хуурай эмзэг хөрстэй, тал хээрийн бүсэд олон давтагддаг хүчтэй салхи шороон шуургаар туугдан цацрагтай шороо агаар, хөрс усаар дамжин тархаж цацрагаар бохирдуулах аюултай нөхцлийг бий болгосон байна. Гэтэл энэ орчинд хайгуулын олон өрөмдлөг хийсэн ч өнгөрсөн 20 гаруй жилд энэ цацрагийн хэмжээ аюултай гэсэн нэг ч тэмдэг тэмдэглүүр, хашаа хамгаалалтыг стандартын дагуу хийлгэхгүй өдийг хүрсэн нь төрийн холбогдох байгууллагуудад туйлын хариуцлагагүй ажиллаж байгааг нотолж байна.

5. Уран болон онц аюултай гэсэн олон улсын ангилалд ордог, маш нарийн журам дүрэм стандарт мөрдөж ажиллахгүй бол хор хөнөөл нь манайх шиг цөөхөн хүн амтай улсад үндэстнээрээ мөхөх аюулд хүргэж болзошгүй юм. Уран олборлоход хамгийн чухал тавигдах 2 шаардлага байдаг. Байгаль орчин ба одоо болон ирээдүйн хүн амд нөлөөлөх, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж аюул эрсдэлээс хамгаалах, хяналт тавих байдаг. Гэтэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, хяналтгүй уран ашиглах зөвшөөрлийг Г ХХК ХХК-д олгосон. Иймд Г ХХК ХХК-д олгосон МҮ-000206*** тоот тусгай зөвшөөрлийг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан боловч ямар нэгэн хариу өнөөдрийг болтол ирээгүй байна.

6. Мөн Г ХХК ХХК-д МҮ-000220634 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох олон хуулийг зөрчиж олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт 2019 оны 06 сарын 04-ний өдрийн 15 тоот албан бичгээр явуулсан. Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 16 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ Цөмийн энергийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэд хамааруулсан гэж тайлбарласан нь өөрийн байгууллагын бүрэн эрхээ мэдэхгүй байна. Цөмийн энергийн тухай хуулийн 11.2.1.1 дүгээр зүйлд зааснаар цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох гэж зааж уг асуудлыг геологи, уул уурхай асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд харьяалуулж хуульчилсан. Мөн Г ХХК ХХК МҮ-00020634 ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг 30 жилээр олгож, хууль зөрчсөн ноцтой алдаагаа компьютерийн тохируулгын алдаа гэжээ.

8. Монгол Улсын Засгийн газар нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 оны 04 сарын 11-ний өдрийн хуралдааны 21 дүгээр тэмдэглэлдээ Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын нутагт орших 1068Х дугаарын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Өлзийт талбайд цацраг идэвхт ашигт малтмалын орд ашиглалтын тусгай зөвшөөрлийг Г ХХК ХХК-д олгох асуудлын зарчмын хувьд дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын даргад даалгажээ. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь холбогдох хуулийн шаардлагыг хангаагүй, биелүүлээгүй компанид тусгай зөвшөөрлийг олгосон талаар маргаж байгаа болно.

9. Энэ бүхнээс дүгнэлт хийхэд байгаль орчин болоод хүн ам, малын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх цацрагийн тун хэмжээ энэ нутагт маш өндөр түвшинд шарсаар орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байхад Монгол Улсын Засгийн газраас холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгасныг биелүүлээгүй, Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиудын олон зүйл заалтуудыг зөрчсөн, нууцад хамаараагүй заалтуудаар, иргэдийн зайлшгүй мэдэх мэдээлэл авах, оролцох, саналаа өгөх эрхийг тус тус зөрчсөн байхад 2016 оны 07 сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр Г ХХК ХХК-д цацраг идэвхт ашигт малтмал ашиглах МҮ-00020634 тоот тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага Ашигт малтмал, газрын тосны газар олгосон байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-д зааснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймээс Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын болон нөлөөлөлд өртөж буй багийн иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх хангагдана гэж үзэж, Ашигт малтмал, газрын тосны газрын олон хууль, журам зөрчиж Г ХХК ХХК-д цацраг идэвхт ашигт малтмал ашиглах МҮ-0020634 тоот тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, Г ХХК ХХК-д олгосон МҮ-0020634 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү.

Уран нь онцгой хор хохирол учруулдаг ангилалд ордог учир заавал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр Засгийн газрын тогтоол, тэмдэглэл гарах ёстой. Хариуцагч, гуравдагч этгээдүүд Цөмийн энергийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын санал хамаарахгүй гэж тайлбарладаг. Эдгээр байгууллагууд хуулийн шаардлагыг хангаагүй, биелүүлээгүй гээд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шаардлагыг хангаагүй, биелүүлээгүй гэдэг. Олон улсад уран нь хүн ба байгаль орчинд болон ирээдүйд яаж нөлөөлөх вэ гэдгийг үнэлүүлэх ёстой боловч манай улсад ийм заалт байдаггүй нь харамсалтай. Давж заалдах шатны шүүхээс үнэн бодит байдлыг харгалзан үзсэн гэж үзэж байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авах шаардлагыг биелүүлээгүй гэдгийг 2 удаа нотолсон. Цөмийн энергийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан шаардлагыг биелүүлээгүй, нийтийн эрх ашиг цаашлаад Монгол Улсын иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж байна. 2016 онд өөр компанид ашиглалтын тусгай зөвшөөрлийг 20 жилээр өгсөн байхад яагаад гуравдагч этгээд Г ХХК ХХК-д 30 жилээр өгсөн байгаа нь маш их эргэлзээ төрж байна. Альфа цацраг нь их хор уршигтай учраас энэ шаардлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Цөмийн энергийн тухай хуулийн дагуу 15 дугаар зүйлийн 15.2.1-д цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, 15.2.2-т цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тухай заалт байна. Хайгуулын төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхдээ нарийвчилсан үнэлгээ хийх үү, үгүй юу гэдгийг нөлөөлөх байдлын үнэлгээ хийсэн компани хэлэх ёстой. Гэтэл Г ХХК ХХК-ийг хайгуулын төсөлд нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэсэн байдаг.

Цөмийн энергийн тухай хуулийн 19.1.4-т байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, 19.1.5-д байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө, Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхийг заасан бол, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.6-д байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтооно гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл цацраг идэвхт, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг заавал хийлгэсэн байхыг шаардсан бөгөөд хэрэгт авагдсан 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт нь ураны эрэл хайгуулын ажил эхлэх зөвшөөрөлд хийгдсэн байгаа нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа гаргасан дүгнэлт гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь 2016 оны ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шаардлага гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3-т Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч И сан нь шаардлага хангасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Гуравдагч этгээдийн хувьд хуулийн шаардлага хангасан гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ талаар баримт алга. гэв.

Хариуцагч хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумдын нутаг Өлзийт нэртэй газарт Г ХХК" ХХК-д цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Ихбага баяншарга сангийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумдын нутаг Өлзийт нэртэй
10665.22 гектар бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын МХ/-020634 тоот тусгай
зөвшөөрлийг анх Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн
512 дугаар шийдвэрээр Г ХХК ХХК-д олгосон байна.

Г ХХК ХХК нь Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн
18.5.1-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан бөгөөд мөн хуулийн 5.2
буюу 5.3-т заасан нөхцлийг зөвшөөрсөн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын
тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь
тогтоон, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн хайгуулын талбайд цацраг идэвхт ашигт
малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан бол, мөн хуулийн
18 дугаар зүйлийн 18.9-д Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай
зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзээд тусгай
зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг үйл ажиллагааны онцлогийг харгалзан энэ
хуулийн 15.1, 15.2.2, 15.2.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 6-12
сар, энэ хуулийн 15.2.1, 15.3.1, 15.3.2, 15.3.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрлийг 1-3 сарын дотор, энэ хуулийн 15.3.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх
тусгай зөвшөөрлийг 3-14 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж тус тус заасан эрхийнхээ
дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг 2016 оны
01 дүгээр сарын 05-ны өдөр гаргаж кадастрын өргөдлийн бүртгэлийн NМ-025616
дугаарт бүртгүүлсэн байна.

Өргөдлийг хянан үзэхэд Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн
18.5.1, 18.9-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмын
дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангасан өр
гөдлийг гаргасан байна. Тодруулбал Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 6/4146 тоот байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн тухай тодорхойлолт, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар нөөцийг хэлэлцүүлэн нөөц хүлээн авсан тухай 12 тоот дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2/594 тоотоор дээрх тусгай зөвшөөрлийг олгоход татгалзах зүйлгүй тухай албан бичгийг ирүүлсэн байна.

Г ХХК ХХК нь хуульд заасан шаардлага хангасан өргөдөл гаргасан тул Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2 дахь заалтыг үндэслэн ашигт малтмалын ашиглалтын МV-020634 тоот тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Иймд Г ХХК ХХК-д ашигт малтмалын ашиглалтын МV-020634 тоот тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана гэж үзэж байна. Манай талаас 2016 оны шийдвэртэй холбоотой бүх баримтуудыг гаргаж өгсөн. Сүүлд тус шүүхэд хэрэг буцаж ирснээс хойш Тагнуулын ерөнхий газраас 2 дахь санал авагдсан тухай баримтыг мөн гаргаж өгсөн. Цөмийн энергийн цацраг идэвхт бодис аюултай учраас Цөмийн энергийн тусгай зөвшөөрөл нь хэмжээ харгалзахгүйгээр стратегийн ордод орж төр 34 хүртэл хувийг эзэмшсээр ирсэн. МҮ-0020634 тоот тусгай зөвшөөрөл нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газраас санал авдаг. Саналд ямар нэгэн комментын дагуу бичиг баримтын бүрдүүлбэр хангуулах чиглэлээр ажиллана. Ингэж ажиллаад Цөмийн энергийн хуулийн дагуу шаардлага хангасан гэж үзэн зөвшөөрөл олгосон.

30 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон. Геологи уул уурхайн компьютерийн систем нь ердийн ашигт малтмалд зориулагдсан, ердийн ашигт малтмалын хугацаа нь 30 жил байх ёстой. Манай байгууллагын ажилтны буруутай ажиллагааны улмаас гаргасан алдаагаа шүүхэд ирсний дараа мэдсэн. Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж зааснаар 20 жилийн хугацаатай болгон засварласан. Тусгай зөвшөөрлийн хугацаандаа баригдаж ажиллах учраас орд ашиглах гэрээ, тусгай зөвшөөрөл 2 харшлахгүй гэж үзэж байна.

Мөн хайгуулын үйл ажиллагаа явагдаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож олборлолтын үйл ажиллагаа явагддаг. Тиймээс хайгуулын ажиллагаа хийхдээ байгаль орчинд хор хохирол учруулахгүй байхын тулд жил бүр менежментийн төлөвлөгөөг батлуулдаг. Үүний дагуу эрдэнэсийн санд нөөцөө бүртгүүлж явсан бол үүнийг үндэслэн хайгуулын ажлын үед батлагдсан байгаль орчны ерөнхий үнэлгээний дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө өгдөг. Үүнээс хамаарч хууль ёсны шаардлагатай материалуудыг бүрдүүлж, хангасан эсэхийг шалгаж үзээд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудал яригдана.

Цөмийн энергийн газар татан буугдсанаар 2016 онд манайд чиг үүрэг шилжиж ирсэн. Цөмийн энергийн ордууд нь их бага хэмжээнээс үл хамаарч стратегийн орд болж, төр 35 хүртэл хувийг эзэмшиж болно. Төрийн эзэмшлийн хувийг хуулийн дээд хязгаарт буюу 35 хувьд хүргэх эсэх нь төрийн дээд байгууллагын эрх мэдлийн асуудал юм. Мөн захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацааны асуудал зайлшгүй яригдана гэж үзэж байна. Гуравдагч этгээд Г ХХК компани ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаар нэхэмжлэгчийн эрх ашгийг хэрхэн яаж хөндсөн гэдэг нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэргийн үйл баримттай холбоотой материалуудыг бүгдийг гаргаж өгсөн. Тагнуулын ерөнхий газраас дахин санал аваад баримт ирсэн. Тагнуулын ерөнхий газарт дахин гаргаж өгсөн нэмэлт баримтууд ирүүлсэн байсан, хэрэгт нууц тэмдэгтэй авагдсан. Цөмийн энергийн тухай хуульд заавал дэмжсэн санал авах ёстой гэсэн агуулга байхгүй. Хуулийн шаардлага хангуулахаар санал авах л зорилготой. Эцсийн байдлаар төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй. Ашиглалтын тусгай зөвшөөрлө авснаар уурхай нээнэ гэсэн үг биш. Уурхайг эхлүүлэх хүртэл байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэж батлуулсан байх ёстой. Хайгуулын зөвшөөрөл авахад байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэсэн байхад л болно. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ гэж зааснаар төр өөрөө шууд эзэмших эрхтэй. Мөн хувьцааны асуудлыг Засгийн газрын онцгой бүрэн эрхэд хамааралтай. Ашигт малтмалын тухай хуульд 5-аас дээш хувийг бусдад шилжүүлэх тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй байсан. Хэрвээ мэдэгдээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдсэн даруйдаа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хариуцлага хүлээлгэх эрхтэй. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавигдах шаардлагын хувьд Цөмийн энергийн тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд тодорхой заасан.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо хавтаст хэрэгт авагдсан бүх баримтуудыг үндэслэсэн. Хэргийн үйл баримттай холбоотой бүх баримтуудыг гаргаж өгсөн. Өөр баримт байхгүй. 2016 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа бүх материалуудаа шинэчилж өгсөн. Тиймээс өөр баримт байхгүй. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, агентлагийн хурлын тэмдэглэл байгаа. гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр И сан" гэсэн сангийн тэргүүн Л.Бын гаргасан нэхэмжлэлээр тухайн үеийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016.07.22-ны 512 дугаарт шийдвэр хууль бус тул Г ХХК ХХК-д 2016.09.20-нд олгосон МҮ-020634 дугаар бүхий цацраг идэвхит ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үйл ажиллагааных нь эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд болох Г ХХК ХХК нь дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Г ХХК ХХК нь 25 жил зөвхөн ураны хайгуул судалгааны чиглэлээр ажиллаж байна. Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумдын заагт орших Өлзийтийн ураны гидрогени төрлийн орд газар 1998 оноос хайгуул судалгаа хийж орд газрын нөөцийг 2012 он тогтоосон. Мөн орд газрыг эзэмших ТЭЗҮ-ийг 2015 онд батлуулсан.

Ураны орд нь стратегийн орд бөгөөд энэ Өлзийтийн ордын тусгай зөвшөөрлийг хуульд заасан шаардлагуудыг хангасны үндсэн дээр авсан болно. Тусгай зөвшөөрөл авах үед Цөмийн энергийн газар татан буугдаж Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрөл олгох болсон бөгөөд манай тусгай зөвшөөрлийг олгохдоо бусад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн адил Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.-д ...ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл болон уурхайн талбай тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ." гэж заасны дагуу 30 жилээр олгосон байна.

Ер нь ураны хайгуул, ор газрууд дээрх үйл ажиллагаа нь Цөмийн энергийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулиар давхар зохицуулагддаг тул энэ асуудал техникийн чанартай асуудал болно. Манай компанийн зүгээс тусгай зөвшөөрөл авах болон одоо ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа ямар нэгэн хууль зөрчөөгүй юм.

2. Мөн дээрх нэхэмжлэлд ус задгайлж гаргасан гэжээ. Монгол орны аль ч нутагт мал аж ахуй, хөдөө аж ахуйн чиглэлээр худаг гаргадаг. Дээрх ус задгайлсан гээд байгаа талбайд манай компанийн үйл ажиллагаанаас хамааран ус хортой болсон гэж үзэх үндэслэл байхгүй. Учир нь тухайн задгайлсан гээд байгаа ус нь байгалийн ус бөгөөд тэр усыг тусгайлан задгайлж орхиогүй болно. Ер нь 2012 оноос хайгуулын ажил бүрэн зогссон. Хайгуул хийсэн талбайг нөхөн сэргээж орон нутгийн байгаль орчны байцаагч болон Түвшинширээт сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн болно.

3. Нэхэмжлэлд мөн манай талбайг олоогүй гэжээ. Энэ талбайнууд нь булангийн цэгүүдтэй. Манай компани нь Ашигт малтмалын хуулийн 3 дугаар зүйлийн 36-д заасны дагуу талбайн булангийн цэгүүдийн шав тэмдгийг тавьсан байгаа юм.

4. Байгаль орчны ерөнхий үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гаргуулсан. Тухайн ордыг ашиглан үйлдвэр байгуулах тохиолдолд төслийн нарийвчилсан байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ боловсруулна. Энэ орд газрын талбай дээр Г ХХК ХХК нь 2012 оноос хойш газар дээр нь ямар нэг үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл явуулаагүй болно.

5. Нэхэмжлэлд цацрагийн өндөр тун илэрсэн гэж 2 өөр үзүүлэлтийг тайлбарлажээ. Өлзийтийн орд газарт уран олборлоогүй, олборлосон ч газар, орон нутагт цацрагийн түвшин өндөрсөх боломжгүй. Зөвхөн ураны баяжмал нь өөртөө цацраг идэвхит шинж чанартай болно. Одоогоор ямар нэгэн ашиглалтын болон олборлох үйл ажиллагаа явуулаагүй байгаа тул цацрагийн тун манай компанийн үйл ажиллагаанаас хамааран өндөрсөх боломжгүй юм.

6. Хайгуул хийснээс болж тухайн орон нутагт малын шүлхий гарсан, хавдрын өвчлөл нэмэгдсэн гэдэг асуудлыг ч үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ураны хайгуулын ажил нь бусад ашигт малтмалтай ижил өрөмдлөг, геофизикийн ажил, лабораторийн шинжилгээ зэрэг ажлыг л хийдэг. Энэхүү үйл ажиллагаанаас шалтгаалан хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлсэн байх боломжгүй бөгөөд энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байна.

Дээрх хариу тайлбаруудыг үндэслэж 2019 оны 6 дугаар сарын 24-нд И сан гэсэн сангийн тэргүүн Борын АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2016.07.22-ны 512 дугаар шийдвэр хууль бус гэж гаргасан нэхэмжлэл нь бүрэн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК ХХК 26 дахь жилдээ зөвхөн ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Г ХХК ХХК нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын заагт орших Өлзийтийн ураны гидрогени төрлийн орд газарт 1998 оноос хойш хайгуул, судалгаа хийж орд газрын нөөцийг 2012 онд тогтоосон. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд Байгаль орчны үнэлгээ хайгуулын тусгай зөвшөөрөл үйл ажиллагааг явуулахдаа хуулийн шаардлагыг хангаж ажилласаар ирсэн. Хайгуулын ажилд нийт 11 тэрбум төгрөг зарцуулсан. 2016 оноос хойш зөвхөн энэ чиглэлийн үйл ажиллагаанд 4,8 тэрбум төгрөгийг хуулийн дагуу төлж, мөн жил бүр 231,000,000 төгрөгийг ашиглалтын тусгай зөвшөөрөлд хуулийн дагуу төлсөөр ирсэн. И сан сангийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үүнд: Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаас өмнө хийлгэсэн Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 7.2-т Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж зааснаар Байгаль орчны яамнаас 2011 онд авсан Б-075 гэсэн Байгаль орчны ерөнхий үнэлгээг хуулийн дагуу шаардлага хангасан материал өгсөн. Мөн төслийг цаашид хөгжүүлэх орон нутгийн менежментийн төлөвлөгөө хийгдээгүй тохиолдолд компани нь жил болгон нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг батлуулж байсан. Манай компанийг Түвшинширээ сумын Засаг дарган.Б байгаль орчны нөхөн сэргээлтийг байнга хийж, ямар нэгэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаагүй талаар дурдсан байдаг. Энэ баримт хавтаст хэрэгт авагдсан. Мөн 34 хувийг манай компани лиценз авахаас өмнө эзэмшиж байсан. Мөн нэхэмжлэгч талаас хөрөнгө оруулалтын гэрээ хийгдээгүй гэж тайлбарладаг. Орд ашиглах гэрээг 60 хоногийн дотор хийгээгүй гэж маргаж байна. Г ХХК ХХК нь 09 сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрлийг гардаж авсан. Орд ашиглах гэрээ нь тухайн ордыг ашиглах явцад ямар зарчим арга зүйг баримталж ашиглах талаар дурдсан. Тиймээс орд ашиглах гэрээ нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаатай адил байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 оны 08 сарын 10-ны өдөр албан тоотод цацрагийн байцаагч нар 2018 оны 05 сарын 19-нд хэмжсэн. Г ХХК болон хэд хэдэн компаниудыг шалгаж үзээд хайгуулын болон ашиглалтын талбайд ямар нэгэн цацрагийн бодис илэрсэнгүй, хэвийн хэмжээнд байна гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

2011 онд байгаль орчны ерөнхий үнэлгээ батлуулсан, нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй. Бид 2011 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө Цөмийн энергийн газарт өгсөн. Цөмийн энергийн газар татан буугдаж Ашигт малтмалын газарт харьяалагдах болсон. 2014 онд техник эдийн засгийн үндэслэл хийлгэсэн. 2011 онд анх тусгай зөвшөөрөл хүсэхэд манай хөрөнгө оруулагч Денисон Майнинг компани байсан. 2016 онд тусгай зөвшөөрөл хүсэх үед хувьцаа эзэмшигч нь Чех улсын Ураниум индастри компани байсан. 198 хуудас материалыг 2018 онд бүрдүүлж өгсөн. Хэрэгт авагдсан баримтууд хангалттай авагдсан. Манайх орд ашиглах гэрээг гаргаж өгсөн. Ашиглалтын үйл ажиллагааг эхлээгүй хэд хэдэн шалтгаан бий. Түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ унасан. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хуулийн зохицуулалт 34 заалттай. Энэ заалтуудыг манайх анхаарч ажилласан. Цөмийн энергийн тухай хуулийн 18.5.1 -д зааснаар давуу эрх, боловсон хүчинтэй байх, байгаль орчны үнэлгээтэй байх зэрэг үзүүлэлтийг гаргаж өгсөн. гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 30 жилээр олгосон асуудал нь захиргааны байгууллага илт алдаатай гэж үзсэн захиргааны актаа засаж залруулах эрхтэй. 9 дүгээр сарын 20-нд тусгай зөвшөөрөлд зориуд худлаа бичүүлснээс хойш 11 сарын 19-нд орд ашиглах гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байна. Гэвч үүнийг нотолсон баримт байхгүй, шийдвэр гарснаас хойш 60 хоногийн дотор гэж хуульд байхгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 60 хоногийн дотор гэж заасан. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад 34 хувийг өгөхөөс татгалзахгүй гэсэн баталгааг гаргаж өгсөн. 34 хувийг хэзээ авах, авах эсэх нь төрийн асуудал. Цөмийн энергийн тухай хуулийн 26.1.2, 26.1.3, 29.4 заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Хуурамч бичиг баримт үйлдсэн бол хүчингүй болох заалт байна. Аль баримтыг хуурамчаар үйлдсэн гэдэг үндэслэл тогтоогдоогүй. Хэрвээ хуурамчаар үйлдсэн талаар ярьвал гэмт хэргийн шинжтэй болно. Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 48.1.2, 48.2.2 -т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Ямар захиргааны акт хууль бус гэдгээ нотлох ёстой. Нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа бол үүнийг нотолсон байх ёстой. Хайгуулын төсөлд хийгдсэн байгаль орчны үнэлгээг ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаас өмнө хийлгэж өгсөн гэж нэхэмжлэгч ярьж байна. Хайгуулын төсөлд зориулж хийх ямар ч боломжгүй. Хайгуулын төсөл 1998 оноос 2011 онд хийгдэж хугацаа нь дууссан. Мөн үнэлгээ хийхдээ олон нийтийн саналыг аваагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэ заалтууд ямар агуулгаар хуулийн шаардлага зөрчиж, хуульд заасан 34 хувийг шилжүүлэх нөхцлийг хангахгүй багаа талаар ойлгомжгүй байна. Ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ гэж 2 янз байдаг. Тухайн төслийг хэрэгжүүлэхэд нарийвчилсан үнэлгээ зайлшгүй шаардлагатай. 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй компанийг уран ялгаруулж, нийтийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И сан хуульд заасан шаардлагуудыг хангуулаагүй ураны ордод ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус үндэслэлээр Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумдын нутагт 10665,22 гектар Өлзийт талбайд цацраг идэвхит ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг Г ХХК ХХК-д олгосон Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэр болон ашигт малтмалын ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

И сан нь 2012 онд байгаль орчныг хамгаалах, ... иргэдийг мэдээ, мэдээллээр хангах үйл ажиллагааны үндсэн чиглэлтэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулсан, тухайлбал 2013 онд Сүхбаатар аймгийн сумдад байгалийн нөөц баялгийг ашиглахад олон талын оролцоог дэмжих, байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншлыг залуу үед өвлүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн, бусад төсөл хөтөлбөртэй хамтран 2012-2018 онд байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийг оролцох чадварыг дээшлүүлэх, хариуцлагатай ил тод уул уурхайг хөгжүүлэхэд орон нутгийн иргэдийн оролцоог хангах чиглэлээр сургалтуудыг орон нутагт зохион байгуулсан, 2016, 2017, 2018 онд үйл ажиллагааны тайлангаа татварын болон улсын бүртгэлийн байгууллагад гаргасан, өөрөөр хэлбэл байгаль орчныг хамгаалах, иргэдийг мэдээ, мэдээллээр хангах дүрмийн зорилготой байгуулагдсан, дүрмийн зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа 2012 оноос хойш явуулсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумдын нутагт 10665,22 гектар Өлзийт талбайд ураны ордод цацраг идэвхит ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн NM-025616 дугаартай өргөдлөөр гадаадын хөрөнгө оруулалттай Г ХХК ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгож, ашигт малтмал ашиглалтын MV-020634 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2016 оны 9 дүгээр сарын 20-нд 30 жилийн хугацаагаар бичжээ.

Нэхэмжлэгч нь цацраг идэвхит ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хуулиар тавигдсан шаардлагыг хангуулаагүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, орон нутгийн оролцоог хангаагүй, тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас илүү хугацаагаар олгосон, орд ашиглах гэрээ байгуулах хугацаа алдсан, нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу хийгээгүй, усыг задгайлж хаясан, цацрагийн түвшин өндөр газруудад анхааруулах тэмдэг тавиагүй, ураны шар нунтаг гарган авахдаа газрын гүн рүү хүхрийн хүчил шахаж ураны хүдрийг уусган баяжуулах арга хэрэглэснээ мэдээлээгүй нуусан, гүний усыг цацраг болон химийн бодисоор хордуулсан байх магадлалтай, Бумбатын хаагдсан нүүрсний уурхайн орчим цацрагийн идэвхжил өндөр байгаа нь тус компанийн үйл ажиллагаатай холбоотой, хүн малын өмчлөл ихэссэн, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, байгалийн тэнцвэр алдагдуулсан хэмээн маргаж, хариуцагч нь холбогдох байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн Г ХХК ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авах шаардлагыг хангасан гэж үзэж тусгай зөвшөөрөл олгосон, тусгай зөвшөөрлийн хугацааны алдааг зассан гэж, гуравдагч этгээд нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд талбайгаа жил бүр хүлээлгэн өгч байсан, орд ашиглах гэрээг хугацаандаа байгуулсан, уурхай байгуулагдаагүй, ашиглалтын үйл ажиллагаа эхлээгүй байгаа тул байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, байгаль орчинд хохирол учруулаагүй гэж тайлбарлажээ.

Цацраг идэвхит ашигт малтмал ашиглахад хууль тогтоомжоор тусгай зөвшөөрөл хүсэгчид санхүүгийн болон техник, технологийн чадавхийн, мөн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах үйл ажиллагааны стандартын, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүйн ажиллагааны зэрэг тодорхой шаардлага тавигддаг нарийвчилсан зохицуулалтыг Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулжээ.

Цөмийн энергийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд цөмийн болон цацрагийн аюулгүй байдал гэж хүн ам, байгаль орчныг цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн нөлөөллөөс хамгаалах, цөмийн төхөөрөмж, цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагааг хангасныг, цацраг идэвхт ашигт малтмал гэж уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлалыг, ионжуулагч цацраг гэж шууд болон шууд бус замаар бодис, биологийн биет дотор хос ион үүсгэх цацрагийг, шар нунтаг гэж ураны хүдрийг боловсруулах үйл ажиллагааны явцад завсрын шатанд үүсэх ураны ислийг тус тус ойлгохоор, цацраг идэвхит ашигт малтмал ашиглах үйл ажиллагаанд хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюулгүй техник, технологи ашиглах зарчим баримтлахаар, улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшихээр заажээ.

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаандаа хүний эрүүл мэндэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи ашиглах ерөнхий шаардлага тавигдахаар, 17 дугаар зүйлийн 17.1.1-д тусгай зөвшөөрөл хүсэгчид техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан байх шаардлага тавигдахаар, мөн 17.3.1-д тусгай зөвшөөрөл хүсэгч нь цацраг идэвхт ашигт малтмал ашиглах санхүүгийн чадавхитай байх, байгаль орчны болон биологийн нөхөн сэргээлт хийх санхүүгийн чадавхитай байх, хариуцлагатай уул уурхайг хөтлөн явуулдаг, энэ талаар зохих туршлага хуримтлуулсан байх, уул уурхайн үйлдвэрлэлийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны олон улсын стандарт, шаардлагыг хангаж ажилладаг байх, 17.3.2-т цацраг идэвхт ашигт малтмалыг энхийн зорилгоор, дэлхийн зах зээлийн үнэд хүргэж борлуулах чадвартай, санхүүгийн хувьд бүрэн бие даасан байх, 17.3.3-т цацраг идэвхт ашигт малтмалын боловсруулалт, борлуулалтаар дэлхийн зах зээлд тогтвортой, тэргүүлэх байр суурь эзэлсэн байх, 17.3.4-т цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт хийх санхүүгийн чадавхитай байх, 17.3.5-д цацраг идэвхт ашигт малтмал олборлох, боловсруулах олон жилийн туршлагатай байх, 17.3.6-д цацраг идэвхт ашигт малтмалын ордын нөөцийг бүрэн ашиглах тэргүүний технологитой байх, 17.3.7-д цацраг идэвхт ашигт малтмалыг боловсруулах, ашиглахдаа эдийн засгийн илүү үр ашигтай, дэвшилтэт технологи ашигладаг байх, 17.3.8-д цөмийн технологи нэвтрүүлэх чадвартай байх шаардлагууд тавигджээ.

Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д цацраг идэвхит ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, Тагнуулын төв байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус тус санал авсан байх-аар, цацраг идэвхит ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсэхдээ 19 дүгээр зүйлийн 19.1.1 эрхлэх үйл ажиллагааны зорилго, төрөл, үндсэн чиглэл, техник, эдийн засгийн үндэслэл, мэргэжлийн боловсон хүчний танилцуулга, дотоод хяналтын ажилтан болон цацрагтай ажиллагчийн мэргэшлийн бэлтгэл, сургалтын гэрчилгээ, 19.1.2 эрхлэх үйл ажиллагаанд холбогдох аюулгүй ажиллагааны олон улсын стандартын шаардлагад нийцсэн иж бүрэн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, 19.1.3 үйл ажиллагаа эрхлэх байрны цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүйн стандартын шаардлага хангасан талаархи төрийн захиргааны байгууллагын үнэлгээ, 19.1.4 байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, 19.1.5 байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө, 19.1.6 цөмийн болон цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө, 19.1.7 цөмийн болон цацрагийн аюулгүй байдалд дотоодын хяналт тавих алба, эсхүл хариуцсан ажилтныг томилсон тухай шийдвэр, 19.1.8 болзошгүй цөмийн болон цацрагийн осол, сүйрлийн хор уршгийг арилгахад шаардлагатай нөөц боломж, хүч хэрэгслийн тухай танилцуулга 19.1.9 цацрагийн хэмжилтийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гэрчилгээ, үндсэн үзүүлэлт, 19.4.1 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй шууд эзэмшихийг зөвшөөрсөн шийдвэр, 19.4.2 Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.7-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ-г бүрдүүлсэн байхыг шаарджээ.

Мөн энэ хуулийн 34 дүгээр зүйлд цацраг идэвхт ашигт малтмал ашиглахад тавих үндсэн шаардлагыг заасан, тухайлбал 34.1-д улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөлгүйгээр цацраг идэвхт ашигт малтмал ашиглахыг хориглоно, 34.2-т цацраг идэвхит ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эрхлэх явцад хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс хамгаалах арга хэмжээг уг үйл ажиллагааг эрхэлж байгаа иргэн, компани өөрийн зардлаар хэрэгжүүлнэ. гэж заажээ.

Цацраг идэвхит ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсэхэд болон тусгай зөвшөөрөл олгоход хангах ёстой хуулийн шаардлагууд ийнхүү тодорхой зохицуулагдсан байдаг.

Гэтэл Сүхбаатар аймгийн сумдын нутагт дэвсгэрт Өлзийт талбайд ураны ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмал, газрын тосны газар нь хуулиар тогтоосон дээрх шаардлагуудыг хангуулах, бичиг баримтын бүрдэл хангагдсан эсэхийг хянах үүргээ хэрэгжүүлээгүй буюу хуулиар тогтоосон шаардлагуудыг хангуулаагүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газраас санал аваагүй, мөн орд ашиглах гэрээг хуульд заасан хугацаанд багтааж байгуулаагүй, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулиар тогтоосон хязгаарыг хэтрүүлсэн хугацаагаар олгосон нь тус тус хууль зөрчсөн гэж үзлээ.

Ашигт малтмал, газрын тосны газар өргөдлийг хүлээн аваад хуулиар тавигдсан дээрх шаардлагууд хангагдсан эсэхийг, холбогдох баримтуудын бүрдэл хангагдсан эсэхийг хянах үүрэгтэй, хариуцагч хуулиар хүлээсэн энэ үүргээ бүрэн хэрэгжүүлсэн болох нь баримтуудаар тогтоогдохгүй байна.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхдээ болон нэмж гаргаж өгсөн гэх бүхий л баримтуудыг хариуцагч шүүхэд гаргаж өгсөн гэх бөгөөд гуравдагч этгээд шүүхэд мөн баримтуудыг гаргаж өгсөн, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой хэрэгт авагдаагүй, шүүхэд судлагдаагүй өөр баримт байхгүй талаар хариуцагч, гуравдагч этгээд шүүх хуралдаанд тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баримтууд нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний 7/5267 тоотоор[1] тусгай зөвшөөрлийн мэдээлэл, тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн тодорхойлолт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр, Цөмийн энергийн комиссын санал, хурлын тэмдэглэл, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3/594 тоот албан бичиг, нөөц бүртгэсэн Уул уурхайн сайдын шийдвэр, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, 2011 онд хайгуулын төсөлд хийсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг ирүүлсэн, 9 дүгээр сарын 27-ны 7/6606 тоотоор[2] хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу хийгдсэн үйл ажиллагааны талаарх орон нутгийн захиргааны тодорхойлолтууд, Тагнуулын ерөнхий газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний 01/546 тоот албан бичиг, 10 дугаар сарын 24-ний 7/7123 тоотоор[3] тусгай зөвшөөрлийг 2019 онд шинээр бичиж олгосонтой холбоотой баримтууд, 12 дугаар сарын 12-ны 7/8046 тоотоор[4] Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар тэмдэглэл, талбайн шав тавьсан баримт, тусгай зөвшөөрлийн өргөдөл шийдвэрлэлтийн талаарх хариу, хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Г ХХК ХХК-ийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний 62/11 тоот 34 хувийг зөвшөөрсөн албан бичиг, хувьцаа эзэмшигчийн энэ талаарх зөвшөөрөл, тус компанийн Ашигт малтмалын тухай хуулийн 7.1-ийг хангаж буй тодорхойлолт, татварын тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээ, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр, багаж тоног төхөөрөмжийн 2011 оны танилцуулга, цацрагийн хяналтын ажлын хэсэг томилсон тус компанийн 2011 оны тушаал, хайгуулын үйл ажиллагаа явуулах ажлын 2011 оны зөвшөөрөл, уран ашиглах техник эдийн засгийн урьдчилсан үнэлгээний тайлангийн байгаль орчин экологийн үнэлгээ, компанийн үйл ажиллагааны танилцуулга, боловсон хүчний танилцуулга, 2011 онд баталсан цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө, хайгуулын анги, талбайд гарах гэнэтийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний 8/4179 тоотоор[5] кадастрын тойм зураг, Ашигт малтмалын газраас дахин санал авахаар Тагнуулын ерөнхий газарт 24 хуудас нэмэлт материал хүргүүлсэн албан бичиг, нэмэлт материалд компанийн тайлбар, мэдээлэл, 1994-2015 оны хайгуулын ажлын зардлын дүн, 1994-2012 оны өрөмдлөгийн ажлын тоон мэдээ, 2011, 2012 оны нөхөн сэргээлтийн ажлын акт, 2012 оны хайгуулын ажлын байгаль орчны тайлан, Денисон майнис корпорацийн болон Ураниум индастри компанийн товч танилцуулга, хамтран ажилладаг гадаад байгууллагын нэрс ирүүлжээ.

Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн баримтууд[6] нь нутгийн иргэдийн гарын үсэг бүхий тодорхойлолт, 2010, 2011 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө, зардлын жагсаалт, 2010, 2011 оны нөхөн сэргээлтийн ажлын баримт, гэрчилгээнд залруулга хийлгэх хүсэлт, 2019 онд шинэчлэн бичигдсэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн талбайн шав тавьсан баримт, хайгуулын үйл ажиллагаатай холбоотой орон нутгийн захиргааны 2012 оны тодорхойлолт, Цөмийн энергийн газраас баталсан 2013 оны ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ, 2009- 2012 онд олгосон үйл ажиллагаа эрхлэх түр зөвшөөрөл, техник эдийн засгийн үндэслэл хүлээн авсан Ашигт малтмалын газрын даргын 2015 оны тушаал, Г ХХК ХХК-ийн 2007-2011 онд цацрагийн хяналт хариуцсан ажилтан томилсон тушаал байна.

Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсэхдээ гаргаж өгсөн дээрх баримтуудаас үзвэл Цөмийн энергийн тухай хуулиар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхэд, тусгай зөвшөөрөл олгоход, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлагуудыг бүрэн хангасан гэж үзэхээргүй байна. Учир нь 2011, 2012 оны хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулсан хайгуулын үйл ажиллагаатай холбоотой төлөвлөгөө, тайлан, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм, болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө, ажиллах боловсон хүчний болон техникийн чадавхийн материалуудыг 2016 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо тус компанийг санхүүгийн болон техник, технологийн, ажиллах боловсон хүчний чадавхтай эсэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах үйл ажиллагааны стандартын, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүйн ажиллагааны шаардлагыг хангах эсэхийг дүгнэх баримт, мэдээлэл гэж үзэх боломжгүй юм.

Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Дундговь, Сүхбаатар аймгийн сумдын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 4 талбайд цацраг идэвхит ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн Г ХХК ХХК-ийн талаар хэлэлцээд цацраг идэвхит ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зарчмын хувьд дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан байдаг нь хуулиар тогтоосон дээрх шаардлагыг хангуулах үүргээс Ашигт малтмал, газрын тосны газрыг чөлөөлөхгүй. Учир нь Засгийн газар цацраг идэвхит ашигт малтмал ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах талаарх бодлого боловсруулах, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд тухайн асуудлыг хэлэлцсэн, харин цацраг идэвхит ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, хүчингүй болгох чиг үүрэг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газарт, түүний нэгжид хуулиар хүлээлгэсэн, ингэхдээ дээр дүгнэсэнчлэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авахдаа, тусгай зөвшөөрөл олгохдоо хуулиар тогтоосон дээрх шаардлагуудыг хангуулах, бичиг баримтын бүрдэл хангагдсан эсэхийг хянах үүрэг хүлээсэн.

Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсгийн цацраг идэвхит ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос санал авсан байна гэсэн заалтыг дээрх байгууллагууд тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан бүхий л баримтуудыг хянаад хуулиар тогтоосон шаардлагуудыг хангасан эсэхэд үнэлэлт өгч тухайн талбайд, тухайн этгээдэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож болох эсэхэд дэмжсэн санал авсан байхыг ойлгоно.

Гэтэл ийнхүү санал өгөх 3 байгууллагаас 2 байгууллага нь зөвшөөрсөн санал ирүүлээгүй, хуулиар тогтоосон зарим шаардлага хангаагүй байна, шаардлагыг хангуулсан тохиолдолд олгох боломжтой гэсэн хариу өгсөн байхад хариуцагч нь тухайн хариунд дурдагдсан шаардлагуудыг хангуулж зөвшөөрсөн санал аваагүй байдаг.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2/594 тоот албан бичгээр 11 төрлийн баримт бичгийг шинэчлэн боловсруулж хянуулсны үндсэн дээр улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрлийг олгох талаар мэдэгдсэн, улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөлгүйгээр цацраг идэвхт ашигт малтмал ашиглахыг хуулиар хориглодог, ийнхүү шинэчлэн боловсруулах шаардлагатай гэж мэргэжлийн хяналтын байгууллага үзсэн баримтад: 1) тухайн жилд хийж гүйцэтгэх ажлын товч танилцуулга, үйл ажиллагаа явуулах талбайн тусгай зөвшөөрлүүдийн хуулбар, 2) мэргэжлийн боловсон хүчний танилцуулга, дотоод хяналтын ажилтан болон цацрагийн ажиллагчийн мэргэшлийн бэлтгэл, сургалтын гэрчилгээ, 3) цөмийн болон цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө, 4) цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, 5) цөмийн болон цацрагийн аюулгүй байдалд дотоодын хяналт тавих алба, эсхүл хариуцсан ажилтныг томилсон тухай шийдвэр, 6) цацрагийн хамгаалал аюулгүй байдлын чиглэлээр тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, 7) цацрагийн хамгаалал аюулгүй байдлын чиглэлээр өмнөх онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, 8) байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, 9) байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 10) байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, 11) цацрагийн хэмжилтийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гэрчилгээ, үндсэн үзүүлэлтийн талаарх баримт бичгийг шинэчлэн боловсруулж хянуулахыг мэдэгджээ.

Энэ дагуу баримт бичгийг хэрхэн шинэчилж боловсруулсан, дахин санал авсан эсэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шүүх тодруулахад 2020 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар тус газрын 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2/394 тоот албан бичигт дурдсан баримт бичгийн бүрдлийг хангуулж ирүүлээгүй талаар тайлбар ирүүлжээ.

Мөн Тагнуулын ерөнхий газар 2016 оны 3 дугаар сарын 14-ний 01/546 тоот албан бичгээр Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагуудыг бүрэн хангаагүй тул тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гээд ямар шаардлагыг хангаагүйг Ашигт малтмалын газарт хавсралтаар хүргүүлсэн, үүнд 1) Цөмийн энергийн тухай хуулийн 17.1.2 санхүүгийн чадавхтай байх шаардлага хангасан гэж дүгнэх боломжгүй, хайгуулын ажлын тайлангаа зарим жил бүрэн гаргаж өгөөгүй, 2) 17.2.2 байгаль орчны болон биологийн нөхөн сэргээлт хийх санхүүгийн чадавхтай гэж дүгнэх боломжгүй, зөвхөн 2011 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө байх боловч түүнийг хийсэн ажлын тайлан байхгүй, бусад хайгуулын жилүүдэд энэ чиглэлээр ямар ажил хийсэн, санхүүжилт гаргасан эсэх нь тодорхойгүй, 3) 17.2.3 хариуцлагатай уул уурхайг хөтлөн явуулдаг туршлагатай гэж дүгнэх боломжгүй, үүсгэн байгуулагдсанаас хойш ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан гэх боловч хөрөнгө оруулсан компаниудын талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл байхгүй, 4) уул уурхайн үйлдвэрлэлийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны олон улсын стандарт, шаардлагыг хангаж ажилладаг байх шаардлагыг хангасан гэж дүгнэх боломжгүй, цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг зөвхөн 1 албан тушаалтнаар хянуулсан, хайгуулын талбайд гарах гэнэтийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө гаргасан ч практик дадлага хийсэн тайлан байхгүй, олон улсын стандартыг хангаж буй талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй, 5) 17.3.2 санхүүгийн байдлыг тодорхойлох баримтгүй, санхүүгийн хувьд бүрэн бие даасан гэж дүгнэх боломжгүй, 6) 17.3.3 цацраг идэвхт ашигт малтмалын боловсруулалт, борлуулалтаар дэлхийн зах зээлд тогтвортой, тэргүүлэх байр суурь эзэлсэн байх шаардлагыг хангасан гэж дүгнэх боломжгүй, компанийн 85 хувийг эзэмшдэг Чехийн Ураниум индастри компанийн танилцуулга, мэдээлэл байхгүй, 7) 17.3.4 цацраг идэвхт ашигт малтмал олборлолт хийх санхүүгийн чадвартай гэж дүгнэх боломжгүй, компанийн санхүүгийн байдлыг тодорхойлох материал байхгүй, 8) 17.3.5 цацраг идэвхт ашигт малтмал олборлох, боловсруулах олон жилийн туршлагатай байх шаардлагыг хангасан гэж дүгнэх боломжгүй, хөрөнгө оруулагч компанийн талаарх дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл байхгүй гэж үзсэн байдаг.

Улмаар Г ХХК ХХК-иас нэмэлтээр ирүүлсэн 24 хуудас мэдээллийг хавсарган Ашигт малтмалын газрын 2016 оны 5 дугаар сарын 04-ний 6/2830 тоот албан бичгээр дахин санал авахаар Тагнуулын ерөнхий газарт хандсан, Тагнуулын ерөнхий газраас хуульд заасан шаардлагыг харгалзан шийдвэрлэх талаар хариу өгсөн.

Дээрхээс дүгнэвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ч, Тагнуулын ерөнхий газар ч Цөмийн энергийн тухай хуулийн дээрх шаардлагуудыг хангасан гэж үзээгүй буюу Г ХХК ХХК-д Өлзийт талбайд цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн санал өгөөгүй байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.3, 19.1.4, 19.1.5, 19.1.6, 19.1.7, 19.1.8, 19.1.9, 19.3-т тус тус заасан нөхцөл шаардлагыг хангуулсан эсэх, тухайлбал, үйл ажиллагаандаа хүний эрүүл мэндэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи ашиглах ерөнхий шаардлагыг хангасан эсэх, байгаль орчны болон биологийн нөхөн сэргээлт хийх технологийн болон санхүүгийн чадавхитай эсэх, техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан эсэх, эрхлэх үйл ажиллагаанд холбогдох аюулгүй ажиллагааны олон улсын стандартын шаардлагад нийцсэн иж бүрэн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй эсэх, үйл ажиллагаа эрхлэх газар нь цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүйн стандартын шаардлага хангасан талаарх төрийн захиргааны байгууллагын үнэлгээ хийлгэсэн эсэх, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ буюу тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахад байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөлөл үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг тогтоосон үнэлгээг хийлгэж батлуулсан эсэх, байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө батлуулсан эсэх, цөмийн болон цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө гаргаж батлуулсан эсэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдалд дотоод хяналт тавих албатай эсэх, болзошгүй цөмийн болон цацрагийн осол, сүйрлийн хор уршгийг арилгахад шаардлагатай нөөц боломж, хүч хэрэгслийн танилцуулгатай эсэх, эрх бүхий этгээдээс олгосон цацрагийн хэмжилтийн багаж хэрэгсэлтэй эсэхийг нотлох баримтуудаар хэрхэн бүрдүүлсэн талаар хариуцагчаас шүүх тодруулсан бөгөөд хариуцагч энэ талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хэрэгт хавсаргаснаас өөр баримт байхгүй хэмээн тайлбарласан болно.

Цацраг идэвхит ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ буюу уран олборлох төсөл хэрэгжүүлэх явцад байгаль орчинд, цаашлаад хүний эрүүл мэнд, мал амьтанд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг тогтоолгох үнэлгээг зайлшгүй хийлгэсэн байх, энэ үнэлгээгээр тавигдсан тавигдсан шаардлага, арга хэмжээг хэрэгжүүлэх технологийн болон санхүүгийн, ажиллах хүчин, техникийн чадавхи, туршлагатай болохоо нотолсон байх ёстой. Гэтэл цацраг идэвхит уран ашиглах тусгай зөвшөөрөл хүсэхдээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар 2011 онд батлуулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг зөвхөн хавсаргаж өгсөн, үүнээс өөр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй талаар гуравдагч этгээд маргаагүй, үүнийг нь хариуцагч Цөмийн энергийн тухай хуулийн 19.1.4-т заасан шаардлагыг хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь ураны эрэл хайгуулын төсөлд 2011 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн, өөрөөр хэлбэл уг дүгнэлтэд тус ордод олборлолт явуулах тохиолдолд байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаар огт дүгнэгдээгүй болно.

Хариуцагч болон гуравдагч этгээд маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд уурхай байгуулагдаагүй, ашиглалтын үйл ажиллагаа эхлээгүй гэж тайлбарладаг ч цацраг идэвхит ашигт малтмал буюу уран олборлох төсөл бий болсон, уг төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн байх, энэ үнэлгээний дүгнэлтээс хамаарч ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг, тодруулбал уг төсөл нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх, түүний сөрөг нөлөөллийг хэрхэн арилгах, бууруулах арга хэмжээ төлөвлөгдсөнийг дүгнэж байж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх ёстой. Нэгэнт олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд уурхай байгуулагдах, олборлолт хийж эхлэх нь цаг хугацааны асуудал бөгөөд дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унаснаас үйл ажиллагаа эхлээгүй байгаа талаараа гуравдагч этгээд шүүх хуралдаанд тайлбарласан болно. Одоогоор ашиглалтын үйл ажиллагаа эхэлсэн эсэх нь, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх үр дагавар үүссэн эсэх нь тусгай зөвшөөрөл хүсэхэд хуулиар тавигдсан шаардлагыг хэрэгжүүлээгүйг зөвтгөхгүй.

Орон нутгийн оролцоог хангах журмыг зөрчсөн талаар Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг дарга, Уулбаян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тодорхойлсон байдгийг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нь маргаан бүхий актад буюу цацраг идэвхит ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэртээ дээрх шаардлагуудын зөвхөн 1 болох өөрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоолгосон хувьцааны төрийн эзэмшлийн хувь хэмжээг зөвшөөрсөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид давуу эрхээр олгож болох заалтыг, тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх хугацааны зохицуулалтын хамт үндэслэж шийдвэрлэсэн нь тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хууль ёсны байх шаардлага хангахгүй гэж дүгнэх бас нэг үндэслэл болж байна.

Г ХХК ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэсэн Ашигт малтмал газрын тосны газрын хуралдааны тэмдэглэлээс үзвэл тусгай зөвшөөрөл олгоход тавигдах хуулиар тогтоосон шаардлагуудыг хангасан эсэхийг тухайлж хэлэлцээгүй байдаг.

Ийнхүү цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгохдоо хуулиар тогтоосон шаардлагуудыг бүрэн хангуулаагүй байх тул тусгай зөвшөөрөл олгосон захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Цөмийн энергийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 -т цацраг идэвхит ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг техник, эдийн засгийн үндэслэл, хяналт шалгалтын үр дүнг харгалзан 20 жил хүртэл хугацаагаар олгох-оор хуулиар хугацааны дээд хязгаарыг ийнхүү тогтоосон байхад тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгохдоо 30 жилээр бичиж олгосныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч залруулж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шинэчлэн олгосон ч энэ нь хариуцагчийн тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг бүхэлд нь зөвтгөх, залруулсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Цөмийн энергийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д тусгай зөвшөөрөл олгосноос хойш 60 хоногт багтаан орд ашиглах гэрээ байгуулах-аар, 29.4-т энэ хугацаанд орд ашиглах гэрээ байгуулаагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох-оор тус тус заасан байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 512 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг олгосноос хойш 60 хоногийн дотор багтааж орд ашиглах гэрээ байгуулаагүй, орд ашиглах гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 18 -нд байгуулсан, өөрөөр хэлбэл энэ үндэслэл нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно гэж шүүх үзлээ. Учир нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээг бичиж олгосон хугацааг тусгай зөвшөөрлийг олгосон хугацаанд тооцох боломжгүй, тусгай зөвшөөрлийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгосон болно.

Харин Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг хангахаа Г ХХК ХХК тусгай зөвшөөрөл хүсэхдээ 2011 оны 11 дүгээр сарын 11-нд илэрхийлсэн байх тул цацраг идэвхт ашигт малтмалын өмчлөгч болох төр буюу Улсын Их Хурлаас хувь эзэмшлээ 34 хувьд хүргэж тогтоосон шийдвэр гаргаагүйд хариуцагч байгууллагыг болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийг буруутгах боломжгүй, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эхлүүлэхэд энэ асуудлыг эрх бүхий этгээд шийдвэрлэх боломжтой байх тул хууль тогтоомж зөрчигдсөн үр дагавар үүсгээгүй байна. Тэгээд ч энэ үндэслэлээр буюу нийтийн өмчийн асуудлаар нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн маргах эрхгүй юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 01/166 дугаартай удирдамжаар И сангийн албан шаардлагын дагуу хэд хэдэн талбайд цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсний дотор Сүхбаатар аймгийн Уулбаян, Түвшинширээ сумдын нутаг дэвсгэрт Г ХХК ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Өлзийт нэртэй талбайд хайгуул хийсэн 3 цооногийн ойролцоох 5 цэгт 2-3 удаагийн давтамжтайгаар гамма цацрагийн тунгийн чадал, цацраг идэвхит хий радоны хуримтлалыг худаг болон цооногийн усанд 2 удаагийн давтамжтайгаар тодорхойлж, ус, хөрсөнд цацрагийн хэмжилт хийж, хөрс, уснаас дээж авч Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн цацрагийн хяналтын лабораторид изотопийн хувийн идэвхийг тодорхойлуулах шинжилгээ хийсэн байна.

Хайгуул хийсэн талбайн гүний ус гадагшилж буй цооногийн орчимд гамма цацрагийн тунгийн чадал 0.04-0.21 мк3в/цаг буюу байгалийн цацрагийн түвшнээс хэтрээгүй, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн 46.3604.07, 111.5153.51 солбицолд орших цооногийн орчимд гамма цацрагийн тунгийн чадал 0.19-0.34 мкЗв/цаг байгааг тодорхойлсон бөгөөд цацрагийн хяналт мониторинг хийх шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Энэ шалгалтын дүнгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний 11/085/289 дугаартай дүгнэлтэд усны дээжид хийсэн шалгалтаар байгалийн цацраг идэвхит Bi-214 изотопын хувийн идэвх 20-21 Бк/л, Pb-214 изотопын хувийн идэвх 22-23 Бк/л, Rn-222 изотопын хувийн идэвх 34 Бк/л, Cs-137 изотопын хувийн идэвх хэмжилтийн багажийн илрүүлэх хамгийн доод үзүүлэлтээс бага, талбайд шалгалтын явцад хийсэн хэмжилтээр гамма цацрагийн тунгийн чадал 0.07-0.13 млЗв/цаг, гүний усны задгайрсан гэх цооногийн усан дахь радоны хэмжээ 36Бк/л байгаа нь цацраг идэвхит радон хий болон байгалийн цацраг идэвхит бусад изотопууд Монгол Улсын ундны усны эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 900:2005 стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс бага буюу цацрагийн бохирдолгүй, тухайн орчин нь байгалийн цацрагийн түвшний хэмжээнд байна гэж дүгнэжээ.

Дээрх шалгалтын танилцуулгад тус компанийн тусгай зөвшөөрлийн Өлзийт талбайд цацрагийн хяналт мониторингийн ажил хийгдээгүй нь Цөмийн энергийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг, талбайд дотоод хяналт тавиагүйгээс нутгийн иргэд зарим нэг цооногийн металл хоолойг ухаж ил гарган цацрагийн нөлөөлөл үүсгэж болзошгүй байгаа нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5, Цацрагийн хамгаалалт аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийн 3.6.1-д заасан шаардлагыг зөрчсөн, 2012 оноос хойш хяналт шалгалтад хамрагдаагүй талаар дурдаад, цацраг идэвхит ашигт малтмалын ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрөлтэй Өлзийт талбайд Г ХХК ХХК нь цацрагийн хяналт мониторинг хийлгэх, дотоодын хяналтыг сайжруулах талаар улсын байцаагчийн албан шаардлагыг хэрэгжүүлэхийг даалгасан байна.

Нэхэмжлэгч нь Г ХХК ХХК нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу хийгээгүй, усыг задгайлж хаясан, цацрагийн түвшин өндөр газруудад анхааруулах тэмдэг тавиагүй, ураны шар нунтаг гарган авахдаа газрын гүн рүү хүхрийн хүчил шахаж ураны хүдрийг уусган баяжуулах арга хэрэглэснээ мэдээлээгүй нуусан, гүний усыг цацраг болон химийн бодисоор хордуулсан байх магадлалтай, Бумбатын хаагдсан нүүрсний уурхайн орчим цацрагийн идэвхжил өндөр байгаа нь тус компанийн үйл ажиллагаатай холбоотой хэмээн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ноцтой зөрчсөн гэж маргаж байгаа ч ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо хуулиар тогтоосон шаардлагыг хангуулсан эсэх хариуцагчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл, захиргааны үйл ажиллагаа, үйл баримттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойших үйл баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөхөд хамаарахгүйн дээр хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд цацрагийн аюулгүй ажиллагааг хангасан эсэх, энэ талаарх санхүүгийн, технологийн, техникийн болон ажиллах хүчний чадавхтай эсэхэд, мөн орон нутгийн хүн амын эрүүл мэнд, мал, амьтны өвчлөлд цацрагийн сөрөг нөлөөлөл хамааралтай эсэхэд шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу хийсэн эсэх, усыг задгайлж хаясан эсэх, цацрагийн түвшин өндөр газруудад анхааруулах тэмдэг тавьсан эсэх, ураны шар нунтаг гарган авахдаа газрын гүн рүү хүхрийн хүчил шахаж ураны хүдрийг уусган баяжуулах арга хэрэглэсэн эсэх, гүний усыг цацраг болон химийн бодисоор хордуулсан эсэх, Бумбатын хаагдсан нүүрсний уурхайн орчим цацрагийн идэвхжил өндөр байгаа нь тус компанийн үйл ажиллагаатай холбоотой эсэхийг мэргэжлийн байгууллага хуулиар тогтоосон харьяалал, чиг үүргийн хүрээнд шалгаж тогтоох учиртай.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн хууль зүйн үндэслэлд хамааралтай учир тусгай зөвшөөрөл олгосноос хойш тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг Цөмийн энергийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэх, хянуулах үүргээ хэрэгжүүлсэн эсэхийг шүүх дүгнээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Цөмийн энергийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 112 дүгээр зүйлийн 112.1.1, 15 дугаар зүйлийн 15.2.2, 17 дугаар зүйлийн 17.3, 18 дугаар зүйлийн 18.8, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.7, 21 дүгээр зүйлийн 21.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан И сангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг болон ашигт малтмалын ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 160-186 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 250, 2 дугаар хавтсын 1-26 дугаар хуудас

[3] Хэргийн 2 дугаар хавтсын 72, 75-85 дугаар хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтсын 219-250, 3 дугаар хавтсын 1-77 дугаар хуудас

[5] Хэргийн 4 дүгээр хавтсын 19-45 дугаар хуудас

[6] Хэргийн 2 дугаар хавтсын 47-62, 86-92, 95, 198-218 дугаар хуудас