Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0092

 

“Тулга очир жаргалан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл 

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал

Нэхэмжлэгч: “Тулга очир жаргалан” ХХК

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Бадамгарав, Д.Түмэндэмбэрэл

Гомдлын шаардлага: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 0421 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0421 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, хариуцагч Д.Түмэндэмбэрэл, Д.Бадамгарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмандах, М.Доржханд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/1027/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Тулга очир жаргалан” ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Бадамгарав, Д.Түмэндэмбэрэл нарын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн НА-23220000027 дугаар актын тэмдэглэх хэсгийн 5 дахь хэсэгт ногдох 64,728,465.95 төгрөгийн татвар, 25,891,386.38 төгрөгийн тогууль, 507,318.49 төгрөгийн алданги бүгд 95,625,170.82 төгрөгийн төлбөр ногдуудсныг хүчингүй болгуулах ”-аар маргасан байна.   

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0421 дүгээр шийдвэрээр “ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 41 дүгээр зүйлийн 41.12.3-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Бадамгарав, Д.Түмэндэмбэрэл нарын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн НА-23220000027 дугаар актын тэмдэглэх хэсгийн 5 дахь хэсэгт ногдох 64,728,465.95 төгрөгийн татвар, 25,891,386.38 төгрөгийн тогууль, 507,318.49 төгрөгийн алданги бүгд 95,625,170.82 төгрөгийн төлбөр ногдуудсныг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Тулга очир жаргалан ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:     

3.1. “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэгдвэл зохих хуулийг хэрэглээгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч маргаан бүхий асуудалд харилцааг нарийвчлан зохицуулсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зүйл заалтыг үндэслэж гомдол шаардлага гаргасан. Гэтэл шүүх салбарын ерөнхий хууль буюу Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг үндэслэж шийдвэрлэхдээ хууль хэрэглээний талаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээхээр юуг шаардаж байгаад эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий байх зарчимд нийцсэнгүй.

3.2. Шүүх шийдвэрийн үндэслэлдээ... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар үйлийн 13.1.4-д “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх", Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д "Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй" гэсэн хуулийн үндэслэл заагаад дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд татвар ногдох орлогоос хасагдах зардал нь зохих шаардлагыг хангасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар, эсхүл импортын татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан нөхцөлд татвар ногдох орлогоос хасаж тооцохоор байна гэж дүгнэсэн.

3.3. Гэтэл тус компани БНХАУ-аас сэлбэг худалдан авч карго тээвэр зуучийн компаниар зуучлуулан тээвэрлүүлэн хүлээн авч борлуулах үйл ажиллагаа явуулдаг тул гаалийн бүрдүүлэлт, гаалийн татварыг тээвэр зуучийн компани төлж, манай компаниас гаалийн татвар, тээвэр, үйлчилгээний хөлс орсон төлбөрийг тээвэр зууч- карго компанид төлдөг. Энэ нөхцөлд гаалийн байгууллагад төлсөн тухай баримт тус компанид байх ёсгүй учир гаалийн баталгаажсан баримтгүй гэж үзсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. ТУБ нарын "Тулга очир жаргалан" ХХК-д хийсэн  татварын шалгалтын 2018.01.01-ний өдрөөс 2021.12.31 өдрийг дуусталх цаг хугацаа нь Ковид-19 цар тахлын хөл хорионы дэглэм хэрэгжиж байсан үе бөгөөд гаалийн бүрдүүлэлтийг хүлээн авагчийг биечлэн хийлгүүлэхгүй журам гарч зөвхөн карго тээвэр зуучийн компаниар хийхээр зохицуулалттай байсан.

3.4. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно" мөн зүйлийн 13.5. "Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно." Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д "зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх" гэж тус тус нарийвчлан хуульчилсан байхад татварын алба зөвхөн е-баримтаар зардлыг тооцож акт тавьсан нь хуулийн үндэслэлгүй бөгөөд шүүх хариуцагч нарын дахин давтагдашгүй дугаар бүхий цахим л баримтаар зардал тооцно гэх тайлбар үндэслэлийг дүгнэж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

3.5. Хариуцагч нар нь албан өрөөнөөсөө 100 хувь цахимаар шалгалт явуулж нөхөн татвар ногдуулж акт гаргасан. Татварын шалгалт явуулах цаг үед хуулийн этгээдээс санхүүгийн анхан шатны баримтыг ТУБ нарт гаргаж өгснийг тэд хүлээн аваагүй бөгөөд Татварын маргаан таслах зөвлөл санхүүгийн нотолгоо баримтуудыг хүлээн аваад тооцоолол дүгнэлт хийгээгүй. Маргаан үйл баримт нь шүүхэд гарган өгсөн санхүүгийн анхан шатны баримтууд бөгөөд аж ахуйн нэгжээс гарсан бодит зардлуудыг "цахим биш байна" гэх тайлбараар зардалд оруулалгүй зөрчил гэж үзэж хариуцлага ногдуулсан. Ботид амьдрал дээр манай улсын дотоодын төлбөрийн гүйлгээ 100 хувь е-баримтаар цахимжаагүй бөгөөд татварын алба өөрийн хэрэгжүүлэх үүрэгтэй хуулийн шаардлагаа татвар төлөгчийг хангахгүй байна гэж хариуцлага нэхэх үндэслэлгүй юм.

3.6. Иймд хууль буруу хэрэглэж хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр нөхөн татвар ногдуулж, алданги торгуулийн хариуцлага хүлээлгэсэн татварын улсын байцаагч нарын актад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэж чадаагүй анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0421 дугаар шийдвэрийг бүхэлд нь хянаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

2.1. Татварын улсын байцаагч Д.Түмэндэмбэрэл, Д.Бадамгарав нар нь “Тулга очир жаргалан” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2322400855 тоот томилолтын дагуу /Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус жайка модуль-Иж бүрэн/ хяналт шалгалтыг хийж, НА-23220000027 тоот нөхөн ногдуулалтын акт үйлджээ.

2.2. Нэхэмжлэгчээс маргаан бүхий НА-23220000027 тоот Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 6 дахь хэсэгт ногдох 64.728.465,95 төгрөгийн нөхөн татвар, 25.891.386,38 төгрөгийн торгууль, 5.075.318,49 төгрөгийн алданги, нийт 95.625.170,82 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан байна.

2.3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”, 13.1.4-д “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх”, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй”, 41 дүгээр зүйлийн 41.12-т “Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна”, 41.12.3-д “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах” гэж тус тус заасан.

2.4. Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Тулга очир жаргалан” ХХК нь 2020 онд 191.401.045,70 төгрөгийн, 2021 онд 455.883.613,73 төгрөгийн материалын зардлыг илүү тооцож, татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил үйлдсэн болох нь, дээрх зардал гаргасныг нотлох хуульд заасан шаардлага хангасан баримтыг татварын хяналт шалгалтын явцад гаргаж өгөөгүй нь тогтоогджээ.

2.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...гаалийн бүрдүүлэлт, гаалийн татварыг тээвэр зуучийн компани төлж, манай компаниас гаалийн татвар, тээвэр үйлчилгээний хөлс орсон төлбөрийг тээвэр зууч карго компанид төлдөг, ...гаалийн байгууллагад төлсөн тухай баримт тус компанид байх ёсгүй..., ...татварын албан зөвхөн Е-баримтаар зардлыг тооцож акт тавьсан нь хуулийн үндэслэлгүй...”гэж маргаж байна.

2.6. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд татвар ногдох орлогоос хасагдах зардал нь зохих шаардлагыг хангасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар, эсхүл импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч компаниас хуульд заасан шаардлага хангасан баримтыг гаргаж өгөөгүй энэ тохиолдолд хариуцагч нарын гаргасан нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

2.7. Өөрөө хэлбэл, 2020, 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан татвар ногдох орлогоос хасагдах зардлын дүн нь импортын барааны мэдээ болон төлбөрийн баримтын дүнгээс их бөгөөд уг зардлыг нотлох дээрх хуульд заасан шаардлага хангасан баримтыг гаргаж өгөөгүй, гаргаж өгсөн баримт нь хуулийн шаардлага хангахгүй байгаа энэ тохиолдолд “зардалд оруулан тооцоогүй” гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 421 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ                            

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН