Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Э.Болор

Өмгөөлөгч Б.Энхтуяа

Шүүгдэгч Э.Насанбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Цэрэндорж овогт Эрдэнэбаатарын Насанбаярт холбогдох эрүүгийн 201610010209 тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 31 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмар эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт, Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг 116-р байрны подвальд оршин суух, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 02 сарын 04-ны өдрийн 45 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 10 сарын 11-ний өдрийн 44 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, Цэрэндорж овогт Эрдэнэбаатарын Насанбаяр /РД: ЕО85053071/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/

Шүүгдэгч Эрдэнэбаатарын Насанбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар 03-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 117-р байрны гадна иргэн М.Төмөрбаатартай маргалдан нүүрэн тус газарт нь өшиглөж, улмаар М.Төмөрбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Э.Насанбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би 2016.10.03-ны өдөр оройн 18 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Тэгсэн Сайншандаас миний таньдаг Сосорбурам 5 залуу дагуулаад манай гэрт ирээд архи дарс ууцгааж байсан. Би ороод дунд нь суугаад 200 грамм архи татсан. Тэгээд удалгүй манай эхнэрийн найз хүүхэн Хүслээ манай гэрт ирсэн. Тэгээд ажил гарчихлаа гар утсаа өгч бай гээд миний утсыг аваад ярьж байсан. Тэгээд удалгүй Төмөрбаатар Хүслээгийн араас гараад подвальд харанхуй өрөөнд маргалдаад байсан. Тэгээд би араас нь Сосорбурамтай хамт гараад Хүслээг чирч гаргаж ирээд яв гээд явуулсан. Тэгээд би Хүслээгээс гар утсаа нэхсэн чинь Төмөрбаатарт байгаа гэсэн. Би Төмөрөөгөөс гар утсаа авах гэсэн чинь миний утсыг минь өгөхгүй байшингийн булан эргээд байж байгаад гарч ирэхдээ утсыг минь эвдлээд өгсөн. Би гар утсаа аваад гэр лүүгээ ороод унтахаар орондоо орсон. Хаалгаа цоожлоод хэвтэж байхад Төмөрөө ирээд хаалга нүдээд орилоод байхаар нь Сосорбурам зайл гээд Төмөрөөг хөөсөн. Тэгтэл Төмөрөө Сосорбурамыг гараад ир гээд орилоод гартаа төмөр барьчихсан байсан. Тэгээд гэрийн хаалга нээгээд ороод ирсэн. Тэгээд Сосорбурамтай хамт тэр хоёр гараад явсан. Намайг гараад очиход тэр хоёр дээр доороо орчихсон ноцолдож байхаар нь би хоёуланг нь нэг, нэг удаа өшиглөөд салгасан. Тэгээд Төмөрөө цусаа гойжуулаад яваад өгснөө цагдаа дагуулаад эргээд хүрээд ирсэн. Би Төмөрбаатарыг танихгүй. Би урьд нь харж байгаагүй. Би Төмөрбаатарын нүүр лүү нь нэг удаа л хөлөөрөө өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Сосорбурам манай гэрт хүмүүс авчирч архи ууснаас ийм хэрэг гарлаа. Төмөрбаартар, Сосорбурам хоёрыг салгах үед ийм хэрэг болсон гэв.

-Хохирогч М.Төмөрбаатарын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэгт: ... 2016 оны 10 сарын 03-ны өдөр өглөө 09 цаг өнгөрч байхад Сосорбурамын хамт айлд очиж барилгын өрлөг хийхээр явж байгаад Петровисын колонкын дэргэд Сосорбурамын найз Самбуу гэх залуутай таараад машинд нь сууж яваад дэлгүүр орж бид хоёрт 2.5 литрийн Сэрүүн гэх пиво авч өгсөн. Тэгээд Сосорбурам бид хоёр Насанбаярын гэрт Самбуугаар хүргүүлээд буусан. Гэрт нь орж очиход Насанбаяр, Эрдэнээ хоёр байж байсан. Тэгээд дөрвүүлээ авч очсон пивоо хувааж уусан. Гаднаас Сайншандаас ирсэн 4 залуу орж ирсэн. Тэр хэд ирэхдээ 0.75 граммын Ерөөл архи нэг шил, 2.5 литрийн Нийслэл пиво нэгийг авчирсан. Тэгээд 8-уулаа архи пивоо хувааж уугаад дахин гарч дэлгүүрээс хоёр том пиво, нэг шил архи, 10 хуушуур аваад гэртээ орж архи, пивоо ууцгааж хуушуураа идсэн. Тэгээд дуусад тэнд байсан хүмүүс тараад явцгаагаад Насанбаяр, Сосорбурам, Оюунболд, Насанбаярын таньдаг нэг хүүхэн бид дөрөв үлдсэн. Би Насанбаярын гар утсыг гуйж авч ярьж байгаад өмднийхөө арын хармаанд хийсэн. Тэгээд санаандгүй үүдэнд гадаа довжоон дээр суухдаа дэлгэцийг нь хагалсан байсан. Тэрнээс болж Насанбаяр бид хоёр маргалдаж байгаад Насанбаяр гэртээ орсон. Насанбаяр гар утсаа надаас аваад гэртээ ороод Сосорбурамд намайг утсыг нь тоосгоор цохиод хагалсан гэж худлаа ярьсан байсан. Тэгээд Сосорбурам гарч ирээд “яагаад чи Насанбаярын гар утсыг тоосгоор цохиж эвдсэн бэ” гэж надтай маргалдан барьцалдаж аван намайг нэг удаа шанаанд гараараа цохьсон. Тэгээд газарт намайг дараад сууж байхад Насанбаяр гарч ирээд миний нүүр лүү хоёр удаа өшиглөсөн. Тэгтэл Сосорбурам “чи болио, би дараад сууж байхад цаашаа яв” гэж хэлсэн чинь дахиж миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Бид хоёр гар утаснаас болж маргалдаж зодолдсон. Бид хоёрт өш хонзон, өр авлага байхгүй. Намайг өөр хүн цохиогүй гэжээ. /хх-ийн 13-14/   

-Хохирогч М.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Бид хоёр эвлэрсэн, одоо Насанбаяраас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэжээ.

-Эрүүгийн хэрэг тогтоол /хх-ийн 1/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 9/

-Шинжээчийн 398 дугаартай дүгнэлт: М.Төмөрбаатарын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, зүүн шанаа хацар орчмоор зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны баруун талд зулгаралт, хамрын нуруу хэсгээр зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтлүүд нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 16/

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, жолооны үнэмлэх /хх-ийн 24-25/

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/

-Хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 27-28/

-Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Э.Насанбаяр нь 2016 оны 10 дугаар 03-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 117-р байрны гадна иргэн М.Төмөрбаатартай маргалдан нүүрэн тус газарт нь өшиглөж, улмаар М.Төмөрбаатарын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, зүүн шанаа хацар орчмоор зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны баруун талд зулгаралт, хамрын нуруу хэсгээр зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд язарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч Э.Насанбаярын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч М.Төмөрбаатарын “...Тэгээд газарт намайг дараад сууж байхад Насанбаяр гарч ирээд миний нүүр лүү хоёр удаа өшиглөсөн. Тэгтэл Сосорбурам “чи болио, би дараад сууж байхад цаашаа яв” гэж хэлсэн чинь дахиж миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Бид хоёр гар утаснаас болж маргалдаж зодолдсон.” гэх мэдүүлэг, шинжээчийн 398 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Насанбаяр нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 02 сарын 04-ний өдрийн 45 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 10 сарын 11-ний өдрийн 44 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзсан болох нь шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлйин 78.2.3-т заасан хугацаа өнгөрсөн байх тул анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Э.Насанбаярыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн 23 дугаар 23.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж мэтгэлзэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар Э.Насанбаярыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогч нь М.Төмөрбаатар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэх тайлбарыг шүүхэд өгсөн байдал мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюул, учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байдал, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч нь анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзээд шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Цэрэндорж овогт Эрдэнэбаатарын Насанбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Эрдэнэбаатарын Насанбаярт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Э.Насанбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Насанбаярт урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг Э.Насанбаяр, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА