Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0932/З |
Дугаар | 128/шш2020/0682 |
Огноо | 2020-10-23 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 128/шш2020/0682
2020 оны 10 сарын 23 өдөр Дугаар 128/ШШ2020/0682 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХК /РД: /,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд:
овогтой ийн /РД: /,
овогтой ын /РД: В/,
овогтой гийн /РД: 7/,
овогтой /РД: /,
овогтой /РД: УЕ 86100866/,
овогт /РД: /,
овогтой /РД: /,
овогтой /РД: /,
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр захирамжийн *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийн зарим хэсгийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өмнө хүсэлт гаргасан 3.4 га цэцэрлэгжүүлсэн газрыг эзэмшүүлэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК нь 2012-2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Газрын алба, тус дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал зэрэг төрийн холбогдох байгууллагуудад мод үржүүлэх төсөл танилцуулж, тухайн байгууллагууд уг төслийг бүгд дэмжсэн хариуг албан бичгээр өгсөн тул 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 29 тоот албан бичгээр мод үржүүлгийн зориулалтаар 33563.5 м.кв газар эзэмших хүсэлтийг /газрын байршлыг харуулсан кадастрын зургийн хамт/ тус дүүргийн Засаг даргад гаргасан юм. Хүсэлтийг дүүргийн Газрын алба хүлээн авч, бусад иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшээгүй, эзэмших хүсэлт гаргаагүй байсан газрыг зааж өгч, модоо тарьж байхыг зөвшөөрсөн тул 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ШУА-ийн Ботаникийн хүрээлэнтэй Мод нийлүүлэх ажлын гэрээ байгуулан 2 настай улиасны 500 суулгац худалдан авч хүсэлт болгосон 33563,5 га газартаа суулгаж, төслөө хэрэгжүүлж эхэлсэн.
Газар эзэмших хүсэлтийн хариуд дүүргийн Газрын албанаас 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 333 тоот апбан бичгээр 2014 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд мод үржүүлгийн зориулаптаар газар эзэмшүүлэхээр тусгаагүй тул 2015 оны төлөвлөгөөнд саналыг тусгаснаар эзэмшүүлэх боломжтой гэсэн агуулгатай хариуг ирүүлсний дагуу 2015 оны төлөвлөгөөнд саналаа тусгуулж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/542 дугаар захирамжаар манай ХХК-д мод тарьсан нийт 4.0 га газраас 1.5 га буюу 15602 м.кв газрыг эзэмшүүлсэн.
Мод тарьсан байгаа үлдсэн газрыг эзэмшүүлэхийг дахин хүсч 2016, 2017 онд тус дүүргийн Засаг дарга, Газрын алба, Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг байгууллагуудад удаа дараа хандаж байсан. Гэтэл тус дүүргийн Газрын албанаас 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 11/646 тоот албан бичгээр хүсэлт гаргасан газрыг 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр захирамжаар иргэн *******, ******* нарын 8 иргэнд эзэмшүүлсэн болохыг манайд мэдэгдсэн болно.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т газар эзэмших хүсэлтийг гаргасан он, сар, өдөр, цаг минутаар бүртгэн авч шийдвэрлэхээр заасан. Манай компаниас өмнө нь хүсэлт гаргахад 2014 оны төлөвлөгөөнд тусгаагүй" гэсэн ганц үндэслэлээр эзэмшүүлэх шийдвэрийг 2015 он хүртэл хойшлуулж хариу өгсөн мөртөө үүнээс 2 сарын дараа, тэр ондоо /2014 онд/ бусдад тухайн газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.4-т заасантай нийцэхгүй байна.
Энэ талаар мэдсэнээс хойш санал, хүсэлт, гомдлоо тус дүүргийн Засаг дарга, Газрын албанд удаа дараа гаргаж, Газар зохион байгуулалтын албаны дарга /н., н. зэрэг/, газар зохион байгуулагч нартай удаа дараа уулзахад шийдвэрлэж өгнө гэж өнөөдрийг хүртэл хүлээлгэж байсан боловч Газрын албанаас 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 14/2881 тоот албан бичгээр шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн болно. Энэ олон жилийн туршид гаргасан хүсэлтийг маань дүүргийн Газрын албаны дарга н., н. нар шийдвэрлэж өгнө, хүлээж бай гэж байлгасаар эцэст нь ийм хариу өгснийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07/4845 тоот албан бичгээр шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх тухай хариу өгсөн болно.
*******, ******* нарын иргэд нь тухайн газрыг эзэмшүүлснээс хойш өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй, өнөөдөр бусдад зарж шилжүүлэхээр хөөцөлдөж яваа нь тухайн газрыг эзэмших зорилгоор биш, зарж ашиг олох зорилгоор захирамж гаргуулсан бөгөөд өөрт олгосон газар эзэмших эрхийг хэрэгжүүлээгүй болохыг нотолж байна.
Өмнө нь нэхэмжлэгч компаниас газар эзэмших хүсэлт гаргахад зөвхөн тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна, тусгуулах саналаа гаргана уу гэсэн үндэслэлээр эзэмшүүлээгүй атлаа тэр ондоо өөр этгээдэд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, төрөөс газар эзэмшүүлэхэд шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимтай нийцэхгүй шийдвэр гаргасан болно.
Иймд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3, 32.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 дэх заалтыг үндэслэн *******, ******* нарын 8 иргэнд газар эзэмшүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2014 оны дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчид хандан 3.4 га газрыг ойжуулах, мод үржүүлэх зориулалтаар эзэмших хүсэлт гаргаж, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан тул 2015 оны газар зохион байгуулаптын төлөвлөгөөнд тусгуулах саналаа өгсөн. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10/43 дугаар тогтоолоор баталсан тус дүүргийн газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөний Эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалт гэсэн 3 дугаар хүснэгтийн 3.5 дугаарт Иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх талаар хэсэгт 19, 20 дугаар хорооны нутагт /Сэлхийн ам/ мод үржүүлэг, жимс, жимсгэний зориулалтаар 20.0 га газар төлөвлөгдсөн.
Үүний дагуу нэхэмжлэгч 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших хүсэлтээ дахин гаргасан боловч ямар нэг үндэслэл, тайлбаргүйгээр хүсэлт болгосон 33563.5 м2 газраас 15602 м2 газрыг эзэмшүүлэх тухай 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/542 дугаар захирамжийг гаргасан байдаг. Үүний дараа Газрын албанаас 2014 оны 4 дүгээр сард хил хязгаарыг нь зааж өгч, зөвшөөрснөөр мод үржүүлж, цэцэрлэгжүүлж эхэлсэн газрын үлдсэн хэсгийг эзэмшүүлэх хүсэлтийг Засаг дарга, Газрын албанд удаа дараа гаргасан боловч Газрын албаны 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 11/646 тоот албан бичгээр тухайн газрыг бусдад эзэмшүүлсэн болохыг мэдэгдсэн болно.
Анх хүсэлт болгосон газрын зарим хэсгийг эзэмшүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан төрөөс газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим, 27 дугаар зүйлийн 27.6-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр... тарьж ургуулсан ойн төгөл, аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болно гэж заасан болон дээр дурдсан холбогдох бусад хууль, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй байна.
Иймд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 1.3 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.6, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3, 32.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4 дэх заалтыг үндэслэн *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт газар эзэмшүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2014 оны дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийн зарим хэсгийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өмнө хүсэлт болгосон 3.4 га ойжуулсан газрыг эзэмшүүлэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2015 оны төлөвлөгөөнд саналыг тусгаснаар эзэмшүүлэх боломжтой гэсэн агуулгатай хариуг ирүүлсний дагуу 2015 оны төлөвлөгөөнд саналаа тусгуулж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 сарын 31-ний өдрийн А/542 дугаар захирамжаар манай компанид мод тарьсан нийт 4,0 га газраас 1,5 га буюу 15602 м.кв газрыг эзэмшүүлсэн. Үүнээс хойш мод тарьсан байгаа үлдсэн газрыг эзэмшүүлэхийг дахин хүсэж 2016, 2017 онд тус дүүргийн Засаг дарга, Газрын алба, Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам зэрэг байгууллагуудад удаа дараа хандаж байсан. Гэтэл тус дүүргийн Газрын албанаас 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 11/646 тоот албан бичгээр хүсэлт гаргасан газрыг 2014 оны 06 сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар иргэн *******, ******* нарын нэр бүхий 8 иргэнд эзэмшүүлсэн тухай манайд мэдэгдсэн. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т газар эзэмших хүсэлтийг гаргасан он сар, өдөр, цаг, минутаар бүртгэн авч шийдвэрлэхээр заасан. Манай компаниас өмнө хүсэлт гаргахад 2014 оны төлөвлөгөөнд тусгаагүй гэсэн ганц үндэслэлээр эзэмшүүлэх шийдвэрийг 2015 он хүртэл хойшлуулж хариу өгсөн мөртөө үүнээс 2 сарын дараа, тэр ондоо бусдад тухайн газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т түрүүлж эзэмших хүсэлт гаргасан этгээдэд тухайн газрыг эзэмшүүлэхдээ шударга ёс, тэгш байдлыг хангахаар заасантай нийцэхгүй байна.
Энэ талаар мэдэгдсэнээс хойш санал, хүсэлт гомдлоо тус дүүргийн Засаг дарга, Газрын албанд удаа дараа гаргаж, Газар зохион байгуулалтын албаны дарга н., н. нар болон газар зохион байгуулагч нартай удаа дараа уулзахад шийдвэрлэж өгнө гэж өнөөдрийг хүртэл хүлээлгэж байсан боловч Газрын албанаас 2019 оны 09 сарын 23-ны өдрийн 14/2881 тоот албан бичгээр шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн болно. Энэ олон жилийн туршид гаргасан хүсэлтийг маань дүүргийн Газрын албаны дарга н., н. нар шийдвэрлэж өгнө, хүлээж бай гэж байлгасаар эцэст нь ийм хариу өгснийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07/4845 тоот албан бичгээр шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх тухай хариу өгсөн болно.
Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус зааснаар газар эзэмших тухай хүсэлт гаргаснаар тухайн газрын харилцааны оролцогч болдог. Учир нь гаргасан хүсэлтийн хариуг авах, гомдол гаргах эрхтэй болсноор тухайн газрын харилцааны субъект болдог. Зөрчигдсөн эрхээ хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрхтэй. Мөн үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй. Энэ эрх нь 2 нэхэмжлэлийн шаардлагын аль алинд нь хамааралтай. Учир нь газар эзэмших хүсэлт гаргаснаар газрын харилцааны оролцогч болж шаардах эрхээ хэрэгжүүлж гэрчилгээг авах гэхээр гуравдагч этгээд болох 8 иргэнд холбогдуулж шийдвэр гаргасан нь хууль бус гэж маргаж байна.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргасан бол хүсэлтийг хангаж, эсвэл татгалзаж шийдвэрлэнэ. Татгалзсан үндэслэл нь хуульд нийцсэн байх ёстой. 33563,5 га газрыг эзэмших хүсэлтийг 2014 оноос хойш тавьж, түүний зарим хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар 1,5 га газрыг компанид эзэмшүүлсэн. Үлдсэн газрыг эзэмшүүлэхгүй хууль зүйн үндэслэл байсан бол түүнийгээ хуулийн дагуу тайлбарлах ёстой. 2017 оны 06 сарын 13-ны өдрийн дүүргийн Газрын албаны 11/646 тоот албан бичгээр бусдад эзэмшүүлсэн шийдвэр гарсан гэдгийг мэдсэн. Тус албан бичгийг аваад 2017 онд мэдсэн даруйдаа Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч дээр дурдсанаар шийдвэрлэхгүй явсаар шүүхээр шийдүүл гэдэг хариу өгсөн.
Газрын тухай хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгж эзэмших газрынхаа хүсэлтийг хуульд заасан журмын дагуу гаргах ёстой. Мод үржүүлэх зориулалтаар газар эзэмших хүсэлттэй холбоотой шийдвэр гаргахад шаардлагатай бүх бичиг баримтаа бүрдүүлсний үндсэн дээр анх 2014 оны 04 сарын 02-нд хүсэлтээ гаргасан. Энэ хүсэлтийг тухайн ондоо шийдээгүй, таны хүсэлт гаргасан 3,4 га газар мод үржүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тиймээс 2015 оны төлөвлөгөөнд санал өг гэсний үндсэн дээр саналаа өгсөн. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т Газар эзэмших хүсэлтийг гаргасан, сар, өдөр, цаг минутаар бүртгэн авч шийдвэрлэхээр заасан. Маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг ХХК дүүргийн Газрын албанд өгөхөөс өмнө буюу 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэр бүхий иргэд Сүхбаатар дүүргийн Газрын албанд уг газрыг эзэмших өргөдөл гаргаж, холбогдох баримт бичгийг бүрдүүлсний үндсэн дээр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан этгээдэд тухайн газрыг эзэмшүүлэх, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т төрөөс газар эзэмшүүлэхдээ шударга ёс, тэгш байдлыг хангахаар заасан зарчимтай нийцэж, дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамж гарсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлыг гаргасныг өргөдөл гомдлыг бүртгэж авснаар тооцно. Баталгаажуулах захирамж гэдэг нь газар шинээр олгож байгаа захирамж. Төсөл хэрэгжүүлэхийн тулд хууль ёсны шат шатны байгууллагаас зөвшөөрөл авсан гэж байна. Үүнийг зөвшөөрөгдсөн гэж үзэхгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь орон нутгийн Засаг даргын захирамжаар гардаг. 2014 оны 04 сарын 02-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргаж, 2014 оны 04 сарын 24-ний өдөр тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна гэсэн хариу нь татгалзал гэж ойлгож болно. Тиймээс манай талаас эс үйлдэхүй байхгүй. Мод үржүүлгийн чиглэлээр 2015 оны төлөвлөгөөнд тусгагдахаар процесс ажиллагаа хийгдсэн байна. Хуульд заасны дагуу захиргааны байгууллага нь өөр иргэдийн газартай давхцуулан олгох боломжгүй байсан учраас компанид газрыг олгоогүй. Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг тодорхой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд *******, *******, *******, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Гуравдагч этгээдүүд нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр захирамжаар зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх үүссэн бөгөөд энэхүү эрхийг Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохих ёсоор авсан болно.
Энэ захиргааны хэргийн нэхэмжлэгч нь өөрт хуульд заасан эрх байна гэж үзэж байгаа нь ташаа ойлголт гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлдээ дурдаж, зөрчигдсөн гэх эрх нь гуравдагч этгээдүүдийн газар эзэмших хүсэлт гаргаснаас хойш өгсөн хүсэлт байх бөгөөд бусдын эрхийг хүндэтгэн үзэх ёстой. Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан хүсэлтээ хуульд зааснаар зохих ёсоор хэрэгжүүлэх ёстойг онцгойлон дурдмаар байна.
Иймд хууль ёсны эрхтэй гуравдагч этгээдүүдийн эрхийг зөрчилгүйгээр үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсэж байна гэжээ.
Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь зөрчигдсөн болоод шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаж байгаа нь огт ойлгомжгүй тодорхой бус байна. Гуравдагч этгээдүүд нэхэмжлэгч компанийн эрхийг зөрчих ямар ч үндэслэлгүй байна. Манай гуравдагч этгээдүүд эрхээ бий болгохдоо хуульд заасан журмын дагуу эрхээ бий болгосон гэж үзэж байна. Захиргааны байгууллага, албан тушаалтан хуулийн дагуу ажилласан. Тус компани нь хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ гэдэг нь өөрийнх нь эрхийн асуудал. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Газар эзэмшээгүй, та бүхний эрх огт байхгүй атлаа хөрөнгө оруулалт хийсэн нь буруу юм. Мөн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь нэхэмжлэгч компанийн хүсэлтийн зарим хэсгийг шийдвэрлээгүй гэж яриад байна. 2015 оноос хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Эрхийн зөрчлөө мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гуравдагч этгээдүүдэд газар олгох захирамж гарахдаа хэн нэгэн этгээдийн эрхийг зөрчөөгүй. Анх нэхэмжлэл гаргахдаа 1 шаардлагатай байсан. Нэхэмжлэгч тал өөрийгөө ямар эрхтэй гэдгээ сайн ойлгохгүй 2 дахь шаардлагыг гаргасан байна гэсэн таамаглал төрж байна. Дүүргийн Засаг дарга хууль зөрчсөн эсэх гэдгийг л шалгах үүрэгтэй өөр хэн нэгэн этгээдийн эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй. Дүүргийн Засаг дарга хуулийг зөрчсөн процессын алдаатай байсан гэдгийг тогтоосон зүйл огт алга. дугаартай захирамж нь хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байна. гэв.
Гуравдагч этгээд *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагууд нь ямар ч үндэслэлгүй байна. ХХК болон тус компанийн захирал асан нэхэмжлэлд дурдсан газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд *******, ******* нар зөрчсөн биш, харин эдгээр газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн талаас зөрчсөн нь олон баримтаар нотлогдоно.
Гуравдагч этгээд *******, ******* нар нь газар эзэмших хүсэлтээ 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасан байгаа бол ХХК хүсэлтээ 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргажээ. *******, ******* нар уг хүсэлтүүддээ 2011 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хийлгүүлсэн нэгж талбарын зургууд, эдлэн газрын тоо бүртгэлийн хуудсуудаа хавсаргасан байна.
Нэхэмжлэгч нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу 2015 онд нэхэмжлэл гаргах байжээ. Учир нь 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэхэд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас *******, *******, ******* нарын газар эзэмших эрхийг зөрчихгүй байхыг мэдэгдсэн шаардлагыг нэхэмжлэгч талд өгч байжээ. Иргэн *******, *******, ******* нар ч мөн онд ХХК-ийн захирал асан д Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 11/646 дугаартай албан бичгийг аваад газар эзэмших эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж бичсэн нь ямар ч үндэслэлгүй болно. ХХК нь *******, *******, ******* нараас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гардан авсныхаа дараа эрхээ зөрчигдсөн хэмээн гомдол гаргаж эхэлсэн болно. Ийнхүү ХХК нь нэхэмжлэл гаргах хугацааг 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс тооцоход 5 жилээр хэтрүүлсэн байна. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хөөн хэлэлцэх хугацааны асуудал энэ маргаанд зайлшгүй яригдана. 2002 оны 12 сарын 16-ны өдөр батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 6.1, 12.1-д заасны дагуу нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлээ гаргах ёстой байсан гэж үзэж байна. Учир нь 2015 оны 07 сарын 03-нд Сүхбаатар дүүргийн Газрын албанаас гуравдагч этгээд нарын эрх ашгийг зөрчихгүй байхыг мэдэгдэж компанид шаардах хуудас хүргүүлсэн. Энэ өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2015 оны 08 сарын 03-ны өдөр багтааж гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл аль хэдийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Үнэхээр газар эзэмшсэн эрх нь хууль ёсоор олгогдсон байсан бол 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Уг нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө манай нэр бүхий 8 иргэн болох гуравдагч этгээдүүд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. компани нэр бүхий 8 иргэний газрыг авахын тулд янз бүрийн арга заль хэрэглэсэн байсан. Манай гуравдагч этгээдүүдэд газар олгосон захирамжийг дугаартай захирамжид Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 07/32 дугаар тогтоолоор батлагдсан заалтыг харахад ойлгомжтой байна. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас газрын давхцалтай эсэх талаар баримт ирүүлсэн байсан. Хөөн хэлэлцэх хугацаа, хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэлдээ *******, ******* нарын иргэд нэр бүхий 8 иргэд нь өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй гэж тайлбарлаж байгаа нь газар эзэмших эрхтэй этгээд гэдгийг нотолж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр захирамжийн *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийн зарим хэсгийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлт гаргасан газраас шийдвэрлээгүй газрыг эзэмшүүлэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудыг дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Тус компани Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлхийн аманд мод үржүүлгийн плантаци байгуулах Ойн зугаалга төслийг хэрэгжүүлэх зориулалтаар 33563.5 м.кв газар эзэмших хүсэлтийг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 29 тоот албан бичгээр ХХК-ийн үйлдсэн газрын байршлыг харуулсан кадастрын зургийн хамт дүүргийн Засаг даргад гаргасан бөгөөд дүүргийн Газрын албанаас 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 333 тоот албан бичгээр 2014 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд мод үржүүлгийн зориулаптаар газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, 2015 оны төлөвлөгөөнд тусгуулахаар саналаа ирүүлнэ үү гэсэн хариу өгчээ. Өөрөөр хэлбэл хүсэлтийг 2015 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дараа шийдвэрлэхээр хариу өгсөн байна.
Улмаар Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10/43 дугаар тогтоолоор тус дүүргийн газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөг батлахдаа төлөвлөгөөний 3.2.9-д 20 дугаар хорооны нутагт Гүнжийн булаг орчимд 3 га газрыг цэцэрлэгт хүрээлэн, бичил цэцэрлэг байгуулах зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр тусгасан байна.
Тухайн байршилд мод үржүүлгийн плантаци байгуулах ХХК-ийн Ойн зугаалга төслийг дэмжсэн болохоо Нийслэлийн Байгаль орчны газар 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/453 тоотоор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 7/114 тоотоор, мөн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 07/2742 тоотоор илэрхийлсэн, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг дэмжиж буйгаа дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилсан байдаг.
Ийнхүү дүүргийн газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ХХК 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 33563.5 м.кв газар эзэмших хүсэлтээ шийдвэрлүүлэхээр 2015 оны 5 дугаар сарын 13-нд 33 тоотоор /4 дүгээр сарын 30-ны өргөдөл 5 дугаар сарын 13-нд бүртгэгдсэн/, 5 дугаар сарын 19-нд 27/5 тоотоор, 12 дугаар сарын 17нд 99 тоотоор /12 дугаар сарын 08-нд бүртгэгдсэн/ тус тус хандсаны эцэст Сүхбаатар дүүргийн Засаг дарга шийдвэрлэхдээ 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/542 дугаар захирамжаар зарим хэсгийг буюу 15602 м.кв газрыг эзэмшүүлсэн байдаг.
Хүсэлтэд хамаарах газраас үлдэх, үйл ажиллагаа явуулсан газрыг эзэмших хүсэлтээ шийдвэрлүүлэхээр удаа дараа захиргааны байгууллагад гомдол, хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн Газрын албанаас 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 11/646 тоот албан бичгээр иргэн *******, ******* нарын 8 иргэнд 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр захирамжаар эзэмшүүлсэн талаар, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 14/2881 тоотоор шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07/4845 тоотоор шүүхэд хандах хариу өгсөн байдаг.
Мөн ХХК нь хүсэлт гаргасан газарт нь давхцуулан нэр бүхий 8 иргэнд газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2014 оны дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дээд шатны Засаг даргад нь гомдол гаргасан байх бөгөөд гомдлыг бүртгэл хяналтын картад 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 03/2738 тоот хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх агуулга бүхий хариугаар хаажээ.
Иргэн, хуулийн этгээд ийнхүү газар эзэмших хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаснаар хүсэлтээ шийдвэрлүүлэхтэй холбоотой гомдол хүсэлт гаргах эрх үүсч, хүсэлтийг шийдвэрлэхтэй холбоотой захиргааны байгууллагын шийдвэр, үйлдэл, эс үйлдэлтэй маргах эрх үүснэ.
Нэхэмжлэгчийн энэ эрхийг нь гуравдагч этгээдүүд зөрчөөгүй ч хариуцагч захиргааны байгууллага иргэн, аж ахуйн нэгжийн 1 байршилд газар эзэмших хүсэлтүүдийг шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан дарааллыг харгалзаагүй нь буруутай байна гэж шүүх үзлээ. Тодруулбал нэхэмжлэгч ХХК нь тухайн байршилд мод үржүүлгийн төсөл хэрэгжүүлэхээр эзэмших хүсэлтийг 2014 оны 3 дугаар сарын 26-нд гаргасан, харин гуравдагч этгээд ******* нарын 8 иргэн тухайн байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хүсэлтээ 2014 оны 5 дугаар сарын 16-нд гаргасан нь цахим бүртгэл хяналтын картад бүртгэгджээ.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д иргэн, хуулийн этгээд газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана, 32.4-т хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг дүүргийн Газрын алба хүлээн авмагц бүртгэж, бүртгэлд хүсэлт хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэнэ гэж зааснаас үзэхэд хүсэлт гаргасан дараалал нь түүнийг шийдвэрлэхэд дарааллын хувьд тодорхой үр дагавар үүсгэхээр хуульчлагджээ.
Газар эзэмших хүсэлт гаргасан хугацаа нь ийнхүү бүртгэгдсэнээр тодорхойлогдохоос биш эзэмшихийг хүссэн газрын кадастрын зургийг хийлгэсэн, хүсэлтээ огноолсон хугацаагаар тодорхойлогдохгүй. Өөрөөр хэлбэл хүсэлтээ хуульд зааснаар гаргаж, эрх бүхий этгээд хүсэлтийг хүлээн авч бүртгэснээр хүсэлт гаргасан гэж үзэх тул гуравдагч этгээдүүдийг кадастрын зураг хийлгэснээр 2011 онд хүсэлт гаргасан гэж үзэхгүй, хүсэлтдээ бичсэн огноогоор 2013 онд хүсэлт гаргасан гэж үзэхгүй. Тиймдээ ч Хан-Уул дүүргийн Газрын албанаас ХХК-д хүргүүлсэн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 11/646 тоотод дээрх 8 иргэнийг газар эзэмших хүсэлтээ 2014 оны 5 дугаар сарын 16-нд гаргасан хэмээн дурдсан байдаг.
Дүүргийн Газрын албанаас 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, 2015 оны төлөвлөгөөнд тусгуулахаар санал өгөх талаар хариу өгч, улмаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсанаар газар эзэмших хүсэлтийг нь шийдвэрлэсэн ч хүсэлт гаргасан 33563.5 м.кв газраас зарим хэсгийг буюу 17960.5 м.кв газрыг эзэмшүүлэх эсэхийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хүсэлт гаргасан дарааллыг харгалзаагүйгээс үүссэн давхцалд үндэслэсэн нь хууль бус байна.
ХХК-ийн хүсэлт гаргасан 33563.5 м.кв газар болон ******* нарт эзэмшүүлсэн газар хэрхэн давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн зургаар тогтоогдож байна.
Ийнхүү хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болгох боломжгүй, өөрөөр хэлбэл эрх нь зөрчигдсөөр байгаа тохиолдолд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэгдэхгүй. Нөгөө талаас хүсэлтийг шийдвэрлээгүй буюу хүсэлт гаргасан дарааллыг үр харгалзсан хууль бус эс үйлдэхүйн үр дагавар болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны дүгээр захирамжаар 8 иргэнд газар эзэмшүүлсэн холбогдох хэсэгтэй маргахад мөн адил нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг салгаж тооцох боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий газрыг эзэмшихээр эхэлж гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа дараагаар нь гаргасан хүсэлтээр тухайн газрыг эзэмшүүлсэн байх тул хүсэлт шийдвэрлээгүй эс үйлдэхүйн хууль бус эсэхийг дүгнэхэд хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүйн адил газар эзэмшүүлсэн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг дүгнэхэд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
Ийнхүү нэхэмжлэгчийг эзэмших хүсэлт гаргасан газрын тухайд эзэмшүүлэх эсэхийг шийдвэрлэсэн захиргааны шийдвэртэй маргах эрхтэйн дээр хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж дүгнэсэн тул гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг дүгнэвэл:
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т хүсэлт гаргасан газар нь тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор тусгагдсан байхаас гадна 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар газар эзэмшүүлэх шийдвэрийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана.
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/32 дугаар тогтоолоор батлагдсан тус дүүргийн газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөнд 3.2.1-д 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар дээрээ зөвшөөрөлгүй олон жил амьдарч суурьшсан иргэдэд ахуй зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгагдсан байна.
Харин Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар дээрээ зөвшөөрөлгүй олон жил амьдарч суурьшсан иргэдэд ахуй зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газар эзэмших эрх олгохдоо энэ шаардлагад хамаарахгүй иргэдэд газар эзэмшүүлсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн тухайн газарт тэдгээр нь амьдардаггүй болох нь хэрэгт авагдсан агаарын зургаас тодорхой харагдахын дээр тэдгээрийн хүсэлтдээ бичсэн болон иргэний үнэмлэх дээрх оршин суугаа хаягаас тодорхой байна. Тухайлбал, гуравдагч этгээд ******* Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо, Хайлааст 7 дугаар гудамж 74 тоотод, ******* Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 29 дүгээр байр, 4 тоотод, *******, , ******* нар Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 104 дүгээр байр, *******од, ******* Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 9 дүгээр байр 39 тоотод, ******* Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр гудамж 40 тоотод, ******* Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 2 дугаар байр, 10 тоотод оршин суудаг хаягтай байжээ.
Дээрхээс дүгнэвэл 2014 оны 3 дугаар сарын 26-нд түрүүлж гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсанаар олгох талаар хариу өгсөн атал дараа нь 2014 оны 5 дугаар сарын 16-нд хүсэлт гаргасан этгээдүүдэд эзэмшүүлсэн нь өөрөөр хэлбэл хүсэлтийг дарааллаар шийдвэрлээгүй нь буруу байна.
Иймд нэхэмжлэгч компанийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа хүсэлт гаргасан газрын зарим хэсэгт давхцуулан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар эзэмшүүлэх зориулалтын шаардлагыг хангуулаагүй 8 иргэнд газар эзэмшүүлсэн шийдвэрийг буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр захирамжийн *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэсгийг хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийн зарим хэсгийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлт гаргасан 33563.5 м.кв газраас шийдвэрлээгүй үлдсэн газрыг эзэмшүүлэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргасан газар дээр гуравдагч этгээдээр татагдсан 8 иргэний газраас гадна 1 нэгж талбар давхцалтай нь зурагт тэмдэглэгдсэн байх бөгөөд шийдвэрлээгүй үлдсэн газрыг эзэмшүүлэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх-дээ бусад этгээдийн эрхийг мөн зөрчихгүй байх нь хариуцагчийн чиг үүрэг, нөгөө талаас нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлыг шүүх дүгнэх шаардлагагүй гэж үзсэнийг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг зөрчиж эзэмших эрх олгогдоогүй газрыг хашаалсан, мод суулгац тарьсан нэхэмжлэгчийн үйлдлийг шүүх зөвтгөөгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг баримтлан ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр захирамжийн *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийн зарим хэсгийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрлээгүй үлдсэн газрыг эзэмшүүлэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА