Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 1712

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-48  өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2556375, Капитал банк ХХКомпанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн  дугаар хороо,  дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж  дүгээр байрны  тоотод оршин суух, эмэгтэй,  регистрийн дугаар , Боржигон овогт Сүхбатын Гантулга

Хариуцагч:Баянгол дүүргийн  дугаар хороо,  дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж  дүгээр байрны  тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар Алтангэрэл овогт Балчиндоржийн Барсболд нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 39 284 915 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхцогт, хариуцагч буюу хариуцагч С.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Барсболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Капитал банк  ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банк ХХКомпани С.Гантулга, Б.Барсболд нартай 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 42 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 49 000 000 төгрөгийн зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар 120 сарын хугацаатай, сарын 0,67 хувийн хүүтэй олгосон, зээлийн гэрээний үүргийн барьцаа болгож  Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 34 дүгээр байрны 2 тоотод байршилтай орон сууцыг барьцаалсан.Зээлдэгч С.Гантулга, хамтран зээлдэгч Б.Барсболд нар зээл авснаас хойш удаа дараа хугацаа хэтрэлт гаргаж 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна.Иймд С.Гантулга, Б.Барсболд нараас үндсэн зээлийн 35 709 939 төгрөг, зээлийн үндсэн хүү 3 094 407 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480 567 төгрөг нийт 39 284 915 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсэж байна гэжээ.

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэрээнд зааснаар зээлийн гэрээний үүргийг 90-ээс дээш хоногоор хэтрүүлбэл шүүхэд хандана гэж заасан байдаг боловч Б.Барсболд өөрөө ирж бидэнтэй уулзаж байраа зарна, төлбөрийг төлнө гэж яриад байсан тул түүнд боломж олгож хүлээсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 387 хоногоор үүргээ биелүүлээгүй байна.Одоо хэтэрсэн хугацааны 7 969 000 төгрөгийн өр үүсээд байгаа бөгөөд зээлийн муу ангилалд шилжсэн, энэ зээлд 100 хувийн эрсдэлийн сан байгуулагдсан байгаа.Одоо хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 35 709 939 төгрөг, зээлийн үндсэн хүү 3 094 407 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480 567 төгрөг нийт 39 284 915 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэв.

            Хариуцагч С.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2013 оны 9 сард ипотекийн зээлд хамрагдаж Капитал банкнаас 49 000 000 төгрөг авсан бөгөөд сар бүр 600 000 төгрөг тасралтгүй 2017 он хүртэл төлсөн бөгөөд 2017 оноос төлбөрийн чадваргүй болж 2017 оны 6 сараас хойш төж чадаагүй.Бид 0-16 насны 7 хүүхэдтэй, сарын орлого 470 000 төгрөг байна.Капитал банктай шинээр гэрээ хийж өр төлбөрийг хойшлуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

            Хариуцагч буюу хариуцагч С.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Барсболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Бид Капитал банкнаас 2013 оны 9 дүгээр сард 10 жилийн хугацаатай, 49 000 000 төгрөгийн зээл авсан, 2017 он хүртэл төлж байсан боловч би ажилгүй болоод төлж чадахгүй болсон, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой, би байраа зарна гэж зар өгсөн боловч зарагдахгүй байна, үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн дүнд маргахгүй байна.Гэхдээ гэрээний хугацаа 2023 онд дуусах ёстой байгаа, банк надад нэг жилийн хугацаа өгвөл би төлбөрийг бүрэн төлөх боломжтой байгаа боловч үүнийг банк зөвшөөрөхгүй байгаа гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк ХХКомпани хариуцагч С.Гантулга, Б.Барсболд нарт холбогдуулан үндсэн зээлийн 35 709 939 төгрөг, зээлийн үндсэн хүү 3 094 407 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480 567 төгрөг нийт 39 284 915 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах

тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын дүнг нэг жилийн хугацаанд бүрэн төлж барагдуулахаар эвлэрэх саналыг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авахгүй гэж маргаж байна.

            С.Гантулга, Б.Барсболд нар 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Капитал банк ХХКомпанитай зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч байгууллагаас 49 000 000 төгрөгийг, 120 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлж авсан болох нь талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хийгдсэн 42 тоот зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

            Хариуцагч нар нь нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд гаргасан үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн эргэн төлөлтийн тооцооллын дүн дээр маргахгүй байх бөгөөд тэд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлд зээлийн гэрээ дуусгавар болох нөхцлийг талууд тохирсон байх бөгөөд гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1-т зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн бол, 8.3.2-т зээлийн гэрээний эргэн төлөлтын хуваарийн дагуу төлөөгүй бол, 8.3.3-т зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног хүртэл үргэлжилсэн бол/ гэж заасан байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заасан байна.

Гэтэл талууд зээлийн гэрээгээр зээлийг эргэн төлөх хугацааг 60 хоног хэтрүүлбэл гэрээг дуусгавар болгоно гэж тохиролцсон атлаа зээл эргэн төлөх хугацааг хариуцагч нар 387 хоног хэтрүүлсэн байгаа байдлаас үзэхэд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой болсон байна гэж үзэх үндэстэй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол,  222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч нарыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр заасан байна.

Хариуцагч нар 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй гэж тайлбарлаж байх бөгөөд талуудын гэрээгээр тохирсон нөхцлөөр тэдний хооронд 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээ дуусгавар болсон байна гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 35 709 939 төгрөг, зээлийн үндсэн хүү 3 094 407 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480 567 төгрөг нийт 39 284 915 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь үндэстэй байна.

Мөн зохигчдын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 34 дүгээр байрны 2 тоотод байршилтай, 41,23 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохирсон байна.

Энэхүү барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1,   156.2-т зааснаар бичгээр байгуулсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Иймд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 34 дүгээр байрны 2 тоотод байршилтай, 41,23 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хариуцагч нарын төлөх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-т заасныг баримтлан Сүхбатын Гантулга, Балчиндоржийн Барсболд нараас 39 284 915 /гучин есөн сая хоёр зуун наян дөрвөн мянга есөн зуун арван таван/ төгрөгийг гаргуулан Капитал банк ХХКомпанид олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 572 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 424 572 /дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун далан хоёр/  төгрөгийг гаргуулан Капитал банк ХХКомпанид олгосугай.

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч С.Гантулга, Б.Барсболд нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 34 дүгээр байрны 2 тоотод байршилтай, 41,23 метр квадрат талбайтай, үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН