Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1685

 

“К... Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01712 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “К... Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г, Б.Б  нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 39 284 915 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Б ын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Энхцогт, хариуцагч Б.Б ын өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч “К... Банк” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “К... Банк” ХХК нь  С.Г, Б.Б  нартай 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 42 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 49 000 000 төгрөгийн зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар 120 сарын хугацаатай, сарын 0,67 хувийн хүүтэй олгосон, зээлийн гэрээний үүргийн барьцаа болгож Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 34 дүгээр байрны 2 тоотод байршилтай орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч С.Г, хамтран зээлдэгч Б.Б  нар зээл авснаас хойш удаа дараа хугацаа хэтрэлт гаргаж 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна. Иймд С.Г, Б.Б  нараас үндсэн зээлийн 35 709 939 төгрөг, зээлийн үндсэн хүү 3 094 407 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480 567 төгрөг нийт 39 284 915 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсэж байна гэжээ.

Хариуцагч С.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  нар хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид К... Банкнаас 2013 оны 9 дүгээр сард 10 жилийн хугацаатай, 49 000 000 төгрөгийн зээл авсан, 2017 он хүртэл төлж байсан боловч би ажилгүй болоод төлж чадахгүй болсон, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой, би байраа зарна гэж зар өгсөн боловч зарагдахгүй байна, үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн дүнд маргахгүй байна. Гэхдээ гэрээний хугацаа 2023 онд дуусах ёстой байгаа, банк надад нэг жилийн хугацаа өгвөл би төлбөрийг бүрэн төлөх боломжтой байгаа боловч үүнийг банк зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-т заасныг баримтлан С.Г, Б.Б  нараас 39 284 915 төгрөгийг гаргуулан К... Банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 572 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 424 572 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч С.Г, Б.Б  нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: К... Банкны шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүд 15.464.851.93 төгрөг төлөх ёстойгоос 12.370.444.11 төгрөгийг төлсөн бөгөөд 3.094.407.82 төгрөгийг л төлөөгүй. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ 5 жилийн турш тогтвортой биелүүлж ирсэн, эдийн засгийн хямралтай байдлаас шалтгаалан сүүлийн хэдэн сарын турш гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй боловч одоо үүсээд байгаа зөрчлийг бүрэн арилгах хүсэл зоригийн илэрхийлэл гаргасаар байхад шүүх хариуцагч нарыг нэмэлт хугацаа тогтоосон ч зээлийг төлөх боломжгүй гэж шууд үзсэн ньтун ойлгомжгүй. Нэхэмжлэл гаргаснаас хойш 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн "Зээл, хүү төлөх, шүүхэд өгөх тухай сүүлийн мэдэгдэл" бүхий баримтад хариуцагчаар гарын үсэг зуруулж, улмаар түүнийг шүүхэд нөхөж өгсөн байдаг. Уг мэдэгдэлд 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөрт багтаан зээл, зээлийн хүүг төлөх тухай мэдэгдсэн нь дурдсан хугацаа нэгэнт өнгөрсөнөөс хойш мэдэгдлийг хариуцагчид гардуулсан. Гэтэл анхан шатны шүүхээс үүнийг огт анхааралгүй хэргийг буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “К... Банк” ХХК нь хариуцагч С.Г, Б.Б  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39 284 915 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Б.Б  эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигчид шүүх хуралдааны шатанд эвлэрч, зээлийн гэрээний үүргийн зөрчил болох 9 238 558,38 төгрөгийг хариуцагч 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, талуудын хооронд байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 42 тоот “Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ”-г хэвээр үргэлжлүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.