| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2022/0845/З |
| Дугаар | 221/МА2024/0107 |
| Огноо | 2024-02-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2024/0107
З.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, түүний өмгөөлөгч Ц.Г,
Нэхэмжлэгч: З.Д
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: Г.У
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/450 дугаар захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/1412 дугаар тушаал илт хууль бус захиргааны акт болохыг тус тус тогтоолгох” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 909 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э,
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л,
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2022/0845/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З.Д оос хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/450 дугаар захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/1412 дугаар тушаал илт хууль бус захиргааны акт болохыг тус тус тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 909 дүгээр шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Д ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны нийслэлийн Засаг даргаас 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 450 дугаар захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/1492 дугаар тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх, гэж зааснаар. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана гэж 20.4-т сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн аваад түүнд хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж гарын үсэг зурна, 21 дүгээр зүйлийн 21.1-т иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасан. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйл, 61 дүгээр зүйлийг тус тус үндэслэн гаргасан болно.
3.2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг дүгнэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасныг баримтлан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон буюу эерэг үйлчлэлтэй захиргааны актын хүчингүй болгож болох хугацааг 5 жилийн дотор байхаар тогтоож өгсөн байгаа тул З.Д-д газар өмчлүүлэх эрх олгосон шийдвэрийг хүчингүй, эрх зүйн зөрчилтэй гэх үндэслэл илэрч, тогтоогдсон байлаа ч ийнхүү хүчингүй болгох хуульд заасан хугацаа нь дууссан талаар дурдсан байдаг.
3.3. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/450 дугаар захирамжийг гаргахдаа өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасныг баримталсан бөгөөд нэгэнт Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан хугацаа дууссан байсан тул тус хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй болсон бөгөөд маргаан бүхий 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/450 захирамж нь бусад газар эзэмшигч,ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байсан тул нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тус захирамжийг гаргасан болно.
3.4. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн маргаан бүхий захиргааны актаа баримталсан буюу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх” нь иргэний үүрэг байхаар тусгасныг З.Д зөрчиж хүчингүй болсон гэрчилгээг газар өмчлөх хүсэлтдээ хавсаргасан нь зохистой үйлдэл биш боловч, энэ нь иргэний газар өмчлөх эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл биш, хуулиар ийм эрх Нийслэлийн Засаг даргад олгоогүй, хууль зүйн зөрчил биш байна гэж тайлбарласан.
3.5. Газрын тухай хууль нь газрын суурь хууль бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-д хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр иргэний газар өмчлөх эрх дуусгавар болох талаар хуульчилсан бөгөөд “бусад” гэдэгт Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, бусад хууль хамаарна. Үүнээс үзэхэд иргэний газар өмчлөх эрхийг хүчингүй болгох хууль зүйн эрх Нийслэлийн Засаг даргад олгоогүй гэх дүгнэлт хууль зүйн хувьд буруу дүгнэлт юм.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/450 захирамж зорилгодоо нийцсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, түүний өмгөөлөгч Ц.Г нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Маргаж буй захиргааны акт нь Улсын ерөнхий прокурорын 2014 оны 1/03 дугаар тогтоолыг үндэслэн гарсан. 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1/03 дугаартай прокурорын тогтоолд Сонгинохайрхан дүүргийн газрын албаны мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Д.О нь иргэн З.Д ийн газраа хуваалгах хүсэлтийн дагуу 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр З.Д ийн 413 м.кв газрыг 1017 м.кв газар болгон өөрчилж, Ц.О т 348 м.кв, З.Д ид 668 м.кв хэмжээтэй болгон дур мэдэн хоёр хувааж мэдээллийн санд бүртгэж гэрчилгээ олгон хууль дүрэм зөрчиж, албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр Л.У, Д.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна, ...анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д заасан нөхцөл байдлыг тогтоосон дээр дурьдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.
4.2. Анхан шатны шүүх: нэхэмжлэгч З.Д ийг маргаж буй газрыг өмчилж авах хүсэлт гаргахдаа хүчингүй болсон газар эзэмших гэрчилгээг зөвхөн хавсаргаж өгсөн, тэр нь хууль зүйн үр дагавар бий болгоогүй юм шиг үнэлэлт дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Учир нь З.Д-д 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/195 дугаартай захирамжаар газар өмчлүүлэхдээ дээр дурьдсан хүчингүй болсон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамжийг үндэслэсэн байдаг, өөрөөр хэлбэл тухайн үед З.Д нь маргаж буй газрыг өмчилж авах ёсгүй байсан. Тухайлбал: 1. З.Д нь маргаж буй газрыг өмчилж авахыг хүссэн өргөдлөө 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн гэдэг ч 2012 онд өмчлүүлэх өргөдөл гаргаж байгаагүй болохыг нотолсон 2015.04.10-ны өдрийн 238 тоот албан бичиг хавтаст хэрэгт авагдсан, 2. З.Д-ийг 413 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшиж байхад нь талбайн хэмжээг хууль бусаар 1017 м.кв болгон гэрчилгээ бичигдсэн, 3. 1017 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохын оронд дахин газрын хэмжээг томруулан гэрчилгээ гаргасан, энэ нь иргэдийн хооронд маргаан үүсэх шалтгаан-бодсон. Энэ нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02-03/115 тоот албан бичгээр тогтоогдоно.
4.3. ...шийдвэрийн үндэслэх хэсэгт 3.24. “...шүүх хуралдаанд Г.Д-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох 2009/0274/3 индекстэй хэрэг, Г.У-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох 128/2016/0437/3 индекстэй захиргааны хэргүүдийг судалсан болно...” гэжээ. Шинжлэн судалсан гэх захиргааны хэргүүдийг хянан шийдвэрлэсэн шүүгчдийн дотор Д.Э шүүгч өөрөө байсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны үеэр хэлэлцэгдэж, шүүх хуралдаан даргалагч миний захирамж, миний оролцсон шийдвэр байна гэх мэтээр хэлж ярьж байсан.
4.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шаардлагаа ихэсгэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхийг нэхэмжлэгч эдлэхээр заасан байдаг. “Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрх анхан шатны шүүхийн аль ч шатанд хэрэгжих боломжтой бөгөөд хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах, хариу тайлбар авах зэрэг ажиллагааг журмын дагуу гүйцэтгэнэ. Маргаж буй захиргааны хэргийн хариуцагч нь Нийслэлийн Засаг дарга, энэ нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай 6037 дугаартай шүүгчийн захирамжаар нотлогдоно. Харин нэхэмжлэгч тал ихэсгэсэн гэх шаардлагаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргажээ. Өөрөөр хэлбэл хариуцагч болох Нийслэлийн Засаг даргад хамааралгүй, нэхэмжлэлийн зүйлээ Нийслэлийн Засаг даргатай холбоотойгоор нэмэгдүүлээгүй байсан. Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаас харахад иргэн З.Д нь ихэсгэсэн гэх шаардлагаа тусад нь нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээр байгаа талаар, ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах талаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй.
4.5. Гуравдагч этгээд Г.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г нь шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад хэргийн оролцогчдын хэлсэн ярьсныг эрс зөрүүтэй, буруу ташаа бичсэн байсан. Анхан шатны шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлан авах хүсэлт гаргасан боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас журам батлагдаагүй гэх үндэслэлээр татгалзсан болно.
Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчээс хариуцагч, гуравдагч этгээд нарын гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч З.Д-оос Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/450 дугаар захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/1412 дугаар тушаал илт хууль бус захиргааны акт болохыг тус тус тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
2.2. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/195 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар 813 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд тус хавсралтын 739 дугаарт З-ийн Д-д Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо, Ногоончулуутын *** дугаар гудамжны *** тоот хаягт байрлах, 668 м.кв газрыг өмчлүүлсэн байна.
2.3. Харин маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/450 дүгээр захирамжаар “...Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо, Ногоончулуутын *** дугаар гудамжны *** тоот хашааны 668 м.кв газрыг иргэн З.Д-ид өмчлүүлэхдээ Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчсөн тул нийслэлийн Засаг даргын 2013 оны А/195 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүйгээр газар өмчилж авсан иргэдийн жагсаалт”-ын 739 дэх заалтыг хүчингүй болсонд тооцож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож, ингэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.3, 20.4, дэх хэсэг, 21 дүгээр дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Улсын Ерөнхий прокурорын 2014 оны 1/03 дугаар тогтоолыг үндэслэжээ.
2.4. Захиргаа өмнө нь гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтлахаар, тухайлбал эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг 48.2-т заасан үндэслэлээр л хүчингүй болгох ба ингэхдээ захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгох боломжтойг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтаар зохицуулсан.
2.5. Харин энэ тохиолдолд хариуцагчаас хуулийг буруу хэрэглэж маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/450 дүгээр захирамжаар дээрх хуульд заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох хугацаа хэтэрсэн байхад ийнхүү шийдвэр гаргаж нэхэмжлэгч З.Д-ийн газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-д нийцэхгүй байна.
2.6. Энэ талаар анхан шатны шүүхээс “...нэгэнт хуулиар эерэг үйлчлэлтэй захиргааны актыг хүчингүй болгож болох хугацааг 5 жилийн дотор байхаар тогтоож өгсөн байгаа тул З.Д-ид газар өмчлүүлэх эрх олгосон шийдвэрийг хүчингүй, эрх зүйн зөрчилтэй гэх үндэслэл илэрч, тогтоогдсон байлаа ч ийнхүү хүчингүй болгох хуульд заасан хугацаа нь дууссан байгаа тул Нийслэлийн Засаг даргад “эзэмшүүлсэн захирамж нь хүчингүй болсон байхад өмчлүүлсэн” гэх үндэслэлийг зааж, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/450 дугаар захирамжийг гаргах эрх зүйн үндэслэл байхгүй буюу ийм эрх байхгүй, ... Нийслэлийн Засаг даргаас нэгэнт З.Д-д өмчлүүлсэн газрын өмчлөх эрхийг түүний газар эзэмших эрх олгосон захирамж, гэрчилгээ нь хүчингүй болсон байсан гэх үндэслэлээр хүчингүй болгох эрхийг хуулиар олгоогүй тул маргаан бүхий актыг гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байсан...” гэж дүгнээд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
2.7. Учир нь хуульд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг тодорхой зааснаар хууль тогтоогч захиргааны эрх хэмжээг хязгаарласан, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага өмнө нь гаргасан хууль бус актаа гагцхүү хуульд заасан зайлшгүй, тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд хүчингүй болгох боломжтой байсан, түүнчлэн гуравдагч этгээд Г.У болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г нараас УИХ-ын байнгын хороо, УИХ-ын гишүүн Г.У, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс болон холбогдох захиргааны байгууллагуудад гаргасан дээрх газрын эзэмшил, өмчлөлтэй холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтийг удаа дараа захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргаж байсныг үгүйсгэхгүй боловч хариуцагч нь хуулийн зөвшөөрсөн боломжит хугацаанд хүчингүй болгох эрх, үүргээ хэрэгжүүлээгүй атлаа нэхэмжлэгч З.Д-д нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай” А/195 дугаар захирамжаар газар өмчлөх эрх олгосноос хойш 9 жилийн дараа буюу 2022 оны А/450 дугаар захирамжаар дээрх эерэг нөлөөлөл бүхий дээрх актыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг ноцтой хөндсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.8. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-д зааснаар бусад үндэслэлээр хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа боловч иргэний газар өмчлөх, эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл нь зөвхөн хэн нэгний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зайлшгүй хамгаалах үндсэн шаардлагыг хангаагүй байна. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г-ийн тайлбарласанчлан З.Д газраа үндэслэлгүйгээр томруулснаар Г.У-ийн орох, гарах гарцыг хаасан, мөн түүний газар өмчлөх эрхийг хүчингүй болгож байсан зэргээр нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс “...Г.У-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 221/ШТ2017/0232 дугаар тогтоолд ...тухайн байршилд буюу иргэн З.Д-ийн өмчлөлийн газрын зэргэлдээ газар эзэмших, өмчлөх эрхгүй, маргаан бүхий захиргааны актын улмаас Г.У-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй болохыг тогтоож, дүгнэсэн, ...одоо бодит байдалд иргэдийн эзэмших, өмчлөх эрх үүссэн байсан газруудын орц гарц нь тусдаа болох нь ...газрын кадастрын мэдээллийн сангийн зураг...-аар тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
2.9. Нөгөөтэйгүүр, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан ерөнхий үндэслэл нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан тодорхой үндэслэлээр хязгаарлагдах бөгөөд захиргааны байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоо муу, дээд шатны байгууллагын хяналт хангалтгүй, албан тушаалтнуудын хайхрамжгүй, ажилдаа хайнга хандсан буруутай үйл ажиллагааны улмаас иргэний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон газар өмчлөх үндсэн эрхэд аливаа байдлаар шууд халдах учиргүй.
2.10. Тиймээс хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно”, 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэснийг хэрэгжүүлээгүй, мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан Иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгох үндэслэл буюу хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдал бий болоогүй байхад нэхэмжлэгчийг буруутган газар өмчлөх эрхийг дуусгавар болгосон маргаан бүхий акт илт хууль бус гэж үзэхээр байна.
2.11. Харин анхан шатны шүүх маргаан бүхий актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай болжээ.
2.12. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх нөхцөл нь хариуцагчаас тухайн захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй болох нь хэнд ч тодорхой байх тохиолдлыг заасан бөгөөд тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор хөндөгдөж, зөрчигдсөн байх тохиолдолд шүүхээс тухайн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх ёстой.
2.13. Маргааны үйл баримт болон дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/450 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл “Захиргааны акт илт хууль бус болох”, 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэлд хамаарч байна.
2.14. Иймд нэхэмжлэгч З.Д-ийн газар өмчлөх эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/450 дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт байгаа энэ тохиолдолд түүнийг үндэслэж гарсан буюу нэхэмжлэгч З.Д-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо, Ногоончулуутын *** дугаар гудамжны *** тоот хаягт байршилтай газрын эрхийн Г-******* дугаар улсын бүртгэлийг хаасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/1492 дугаар тушаалыг мөн илт хууль бус акт гэж үзнэ.
2.15. Түүнчлэн нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/1492 дугаар тушаал нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/450 дугаар захирамжийн үр дагавраас үүдэн гарсан акт байх тул “...хариуцагч Нийслэлийн Засаг даргад хамааралгүй, нэхэмжлэлийн зүйлээ Нийслэлийн Засаг даргатай холбоотойгоор нэмэгдүүлээгүй” гэх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй байна.
2.16. Анхан шатны шүүх дээрх байдлаар маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
2.17. Хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1597 дугаар тогтоолоор шүүгч Д.Э нь ээлжийн амралтаа авсан тул хэргийг шүүгч Д.Ч-д шилжүүлсэн атлаа буцаан шүүгч Д.Э-т шилжүүлсэн зөвлөгөөний тогтоолгүй, мөн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч, хамтран хариуцагчаар татах тухай” шүүгчийн захирамжид дугаар бичигдээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй боловч анхааруулах үүднээс энд дурдаж, мөн тус хэргийг ирүүлэхдээ Г.Д-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох 4 хавтас, 516 хуудас бүхий 2009/0274/З индекстэй захиргааны хэрэг, Г.У-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох 2 хавтас, 499 хуудас бүхий 128/2016/0437/З индекстэй захиргааны хэргийг тус тус нотлох баримтаар ирүүлсэн байх ба тухайн хэргүүдээс нотлох баримтаар үнэлсэн баримтуудыг хуулбар үнэн дарж баталгаажуулан хэрэгт хавсаргах бөгөөд цаашид хавтаст хэргийг нотлох баримтаар дагалдуулан ирүүлэхгүй байхыг анхан шатны шүүх анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 909 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4” гэсний дараа “...47 дугаар зүйлийн 47.1.6” гэснийг нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА