Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1605

 

МАГАДЛАЛ

 

2017.7.19                                                   Дугаар 1605                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Мөнгөн буудай ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/01672 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Мөнгөн буудай ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Хишигсүрэн, Д.Наранцэцэг нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 31 818 414,47 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Мандахсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Зээлдэгч Д.Хишигдэлгэр, Д.Наранцэцэг нар Мөнгөн буудай банк бус санхүүгийн байгууллагаас 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 20.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5%-ийн хүүтэй байрны урьдчилгаа төлөх зориулалтаар зээлсэн. Уг зээлийг бэлэн бусаар үндсэн зээлдэгч Д.Хишигдэлгэрийн Хаан банкны 5058105625 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Д.Хишигдэлгэрийн өмчлөлийн Ү-2201046973 улсын бүртгэлийн, 000477734 гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 84 б байр 166 тоотод байрлах 58,32 мкв талбайтай 3 өрөө орон сууц барьцаалсан. Гэрээг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч 2016 оны 08 дугаар сарын 09-нд зээлийн хүүгийн төлбөрт 764.944.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 35.055.56 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 11-нд зээлийн хүүгийн төлбөрт 186.376.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13.623.37 төгрөг төлсөн. Хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Наранцэцэг нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Д.Хишигдэлгэрийн данс руу 5.000.000 төгрөг, 08 дугаар сарын 06-ны өдр 500.000 төгрөг, 08 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг, 08 дугаар сарын 08-ны өдөр 1.300.000 төгрөг, 08 дугаар сарын 17-ны өдөр 6.000.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдааны дараа буюу 05 дугаар сарын 29-ний өдөр 3.042.000 төгрөгийг манай байгууллагын данс руу шилжүүлсэн. Д.Наранцэцэг өөрт ногдсон үүргээ төлнө гэсэн эрмэлзлэлээр манай байгууллагад төлөөд, үлдэн төлбөр нь Д.Хишигдэлгэрийн данс руу хийгдсэн болох нь Сонгино хайрхан дүүргийн Прокурорын тогтоол хэрэгт хавсаргасан баримтаар хангагдаж байна гэж манай талаас харж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага 31.818.414.47 төгрөгнөөс Д.Наранцэцэгийн төлсөн 3.042.000 төгрөгийг хасаж хариуцагч Д.Хишигдэлгэрээс 28.776.414.47 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.Хишигдэлгэр нь хариуцагч байсан Д.Наранцэцэгийн хамт 2016 оны 07 дугаар сарын    04-ний өдөр “Мөнгөн буудай ББСБ” ХХК-иас 20.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлдэн авсан. Зээлийн гэрээний барьцаанд Д.Хишигдэлгэрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 84 б байрны 166 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан юм. Мөнгөн буудай банк бус санхүүгийн байгууллагаас хариуцагч Д.Наранцэцэг нь Д.Хишигдэлгэрийн барьцаанд тавьсан 3 өрөө орон сууцыг 8%-ийн зээлд хамруулан өөрийн охин Б.Азжаргалд худалдаж авч өгөх зорилгоор энэ зээлийг анх авсан. Банкны 8%-ийн зээл бүтэх нь тодорхой болсон учир урьдчилгаа мөнгө дутаад байна энэ байраа барьцаалж 20.000.000 төгрөгний зээл аваад өг гэж хүссэний дагуу байр барьцаалагдсан. Зээлийн 20.000.000 төгрөг хариуцагч Д.Хишигдэлгэрийн Хаан банк дахь дансанд шилжиж орж ирэнгүүт Д.Нарацэцэгийн охин Б.Азжаргалын данс руу 15.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Гэтэл Д.Наранцэцэг 8%-ийн зээлээр орон сууц худалдаж авах ямар нэгэн санаа зорилгогүй байсан бөгөөд Д.Хишигдэлгэрийг хуурч орон сууцыг нь барьцаанд тавиулсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч энэ талаар Прокурорын газарт гомдол гаргасан. Д.Наранцэцэг, Д.Хишигдэлгэр нарын хооронд өр авлаганы өөр асуудал байдаг бөгөөд Д.Наранцэцэг нэхэмжлэгчид ойлгуулахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Д.Хишигдэлгэрийн данс руу шилжүүлж байсан гэсэн буруу ойлголтыг өгсөн. Энэ хоёр хүний хооронд ямар нэгэн өр авлагын асуудал байгаагүй бол Д.Наранцэцэг Мөнгөн буудай ХХК-ийн данс руу шилжүүлэх байсан. Д.Наранцэцэгийг хариуцагчаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон. Д.Хишигдэлгэрийн дансанд 20.000.000 төгрөг шилжиж орсон боловч үүний 15.000.000 төгрөгийг Д.Наранцэцэг авсан. Иймд Д.Хишигдэлгэр нь өөрт ногдох 5.000.000 төгрөгийг хүү алдангийн хамт төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч Д.Хишигдэлгэрээс 14.388.207.23 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Мөнгөн буудай ББСБ” ХХК-д олгож, үлдэх 14.388.207 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч Д.Хишигдэлгэрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 84 б байрны 166 тоот 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.512.07 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Хишигдэлгээрээс 229.891 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мөнгөн буудай ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.Хишигдэлгэр нь манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулсан үндсэн зээлдэгч төдийгүй зээлийг өөрийн дансаар хүлээн авсан, мөн түүнийг төлөх үүрэг хүлээсэн этгээд билээ. Зээлдэгч Д.Наранцэцэг нь зээлийн гэрээний хүү, алданги болох 3 042 000 төгрөгийг манай байгууллагад төлсөн учир үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон юм. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Д.Наранцэцэгээс Д.Хишигдэлгэрийн дансанд шилжүүлсэн мөнгийг "...энэ төлбөр нь "Мөнгөн буудай ББСБ" ХХК-иас авсан зээлийн эргэн төлөлт болох нь баримтаар тогтоогдохгүй байна..." гэж дүгнээд түүнийгээ Прокурорын тогтоолыг дурьдан тайлбарласан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлдэгч нар зээл авахдаа "танайхаас авсан зээлийг бид хуваана", "хувааж авсан хэмжээгээрээ төлбөрөө төлнө" гэж манай байгууллагатай анх тохиролцоогүй бөгөөд эдгээр хүмүүсийн хоорондын өр авлагын асуудлыг нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байхад шүүх нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож, тэдний маргааныг манай нэхэмжлэлийн шаардлагатай холбон хийсвэр дүгнэлт хийж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч Д.Наранцэцэгийн тайлбар болон холбогдох бусад баримтаар манай байгууллагаас авсан зээлийн мөнгө хариуцагч Д.Хишигдэлгэрийн данс руу буцан орж, түүний эзэмшилд шилжсэн нь батлагдаж байгаа. Харин зээлдэгч Д.Хишигдэлгэр нь зээл авсаныхаа дараагийн сарын хүүг төлсөн бөгеөд түүнээс хойш шүүх хурал болтол хэдэн сарын хугацаанд нэг ч төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй атлаа зээлийг өөрийн хэрэгцээнд ашигласаар байсан гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Эдгээр хүмүүсийн хооронд хэрэв өр авлагын өөр асуудал байгаа бол холбогдох баримтаа гарган жичдээ шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгаа бөгөөд манай ББСБ зөвхөн өөрийн Зээлийн гэрээтэй холбоотой үүссэн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Д.Хишигдэлгэрээс 28 776 414.47 төгрөгийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Мөнгөн буудай ББСБ” ХХК нь хариуцагч Д.Хишигсүрэн, Д.Наранцэцэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31 818 414,47 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Наранцэцэгээс татгалзжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчдын хооронд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээл болон барьцааны гэрээний үүрэг гэж тодорхойлсон, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...хариуцагч Д.Наранцэцэг нь зээлийн гэрээний үүргийг миний дансаар төлсөн гэж нэхэмжлэгчид буруу ойлгуулснаас түүнийг хариуцагчаас чөлөөлсөн...” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл дээрх зээлийн гэрээнд хариуцагч нар гарын үсэг зурж, гэрээний зүйл болох 20 000 000 төгрөгөөс Д.Наранцэцэг нь 10 000 000 төгрөгийг авч, хариуцагч Д.Хишигдэлгэрийн дансаар буцаан төлж байсан, нэхэмжлэгчид 3 042 000 төгрөгийг төлснөөр нэхэмжлэгч нь түүнийг хариуцагчаар татахаас татгалзсан үйл баримт тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь хуулийн дээрх зохицуулалтад зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч Д.Хишигдэлгэрээс шаардсан байхад нэхэмжлэлийн заримыг хангасан нь үндэслэлгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой юм.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийг хангаж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/01672 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Хишигдэлгэрээс 28 776 414, 47 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мөнгөн буудай ББСБ” ХХК-д олгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 84б байрны 166 тоот 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “...Д.Хишигдэлгэрээс 229 891 төгрөг...” гэснийг   “305 442 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 229 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

     ШҮҮГЧИД                                                  Д.ЦОГТСАЙХАН

                                                                         М.НАРАНЦЭЦЭГ