Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00592

 

 

 

Т.Алимаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02702 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1974 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Т.Алимаа

Хариуцагч: Медикамонголиа ХХК

 

нэхэмжлэл: ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Т.Алимаа, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нараас хяналтын журмаар 2020.10.26-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Алимаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлмаа, өмгөөлөгч П.Сарантуяа, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Т.Алимааг 2019.02.18-ны өдрийн Медикамонголиа ХХК-ийн захирлын Б/24 дугаар тушаалаар уурхайн клиник менежер албан тушаалд томилсон бөгөөд 2020.05.14-ний өдрийн 63 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон тушаалыг хүлээн авч танилцаад ажлаас хууль бусаар халагдсан гэж үзэж байна. Тушаалд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон гэж заасан байна. Нэхэмжлэгчтэй 2019.02.18-ны өдөр байгуулсан гэрээгээр хугацаа тохироогүй байхад хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж гэрээ дуусгавар болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Т.Алимааг уурхайн клиник менежер ажил эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлж өгөн үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Т.Алимаа нь Медикамонголиа ХХК-ийн орон нутаг дахь уурхайн клиник менежерийн албан тушаал эрхлэхээр ажил олгогчтой 2019.02.18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ хөдөлмөрийн гэрээний 5.1.2-т Энэхүү гэрээ нь байгууллагын захирал болон ажилтан гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж 3 сарын хугацаанд үйлчилнэ гэж нэн тодорхой заасан. Мөн хөдөлмөрийн гэрээний 5.1.2-т Гэрээний хугацаа дуусах үед аль ч тал нь гэрээг цуцлах тухай санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа бол энэхүү гэрээний хугацааг цааш мөн хугацаа буюу 3 сараар сунгасанд тооцно гэж заасны дагуу Т.Алимаагийн хөдөлмөрийн гэрээний хугацаа 3 сараар тус тус сунгагдсанаар 2020.05.18-г хүрсэн. Т.Алимаа нь тус эмнэлэгт хамгийн удаан хугацаагаар ажиллаж байсан, тус байгууллагатай олон удаа хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан учир манай хөдөлмөрийн гэрээний 5.1.1-д заасан бодит хүчин зүйл, онцлогоос хамааран талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаагаар байгуулдаг болохыг мэдэж байсан, мэдэх ч ёстой ажилтан билээ. Гэтэл тэрээр нэхэмжлэлдээ хөдөлмөрийн гэрээгээр хугацаа тохироогүй байсан гэж нэхэмжлэлдээ бичиж байгаа нь бодит байдалд огт нийцэхгүй байна. Иймд Т.Алимаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 101/ШШ2020/02702 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус зааснаар Т.Алимааг Медикамонголиа ХХК-ийн уурхайн клиник менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 10,570,053 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар хариуцагчаас 254,270 төгрөг гаргуулан улсын орлогод болгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1974 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02702 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Медикамонголиа ХХК-д холбогдох Т.Алимаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,270 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.Алимаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-г анхааран үзээгүй байна. 23.2.1 нь байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг тодорхой хуульчлан заасан. Энэ нь үгийн утгаар болон хууль хэрэглээний онолын хувьд ажилтан хөдөлмөрлөх эрхээ эдлэхийн баталгаа болохыг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2 нь талууд тодорхой нөхцөл болзол тавьсан хэлцлийн шинжтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл 3 сарын хугацаатай байгуулаад ийм нөхцлийг хангавал ахин сунгана гэсэн тодорхой нөхцлүүдийг шаардах ёстой. Энэ нөхцөлд нэхэмжлэгч болон ажил олгогч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг ИХ-н 56-р зүйлийн 1.1-д заасан хууль буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд харшилсан гэж үзнэ. Тодруулан хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлийн 2-ийн 1-ийг зөрчиж 23.2.2-оор гэж харилцан тохиролцоогүй, тодорхой нөхцөл заагаагүй, дүр эсгэсэн шинжтэй 3 сарын хугацаатай гэсэн гэрээ нь өөрөө хууль бус гэрээ болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна. Үүнээс шууд улбаалж анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж сунгахгүй болсон гэсэн мэдэгдэл нь өөрөө хууль бус гэж үзэгдэнэ. Хөдөлмөрийн хуулийн 37.1.3-н утга бол дахин дахин давтагдах гэрээний тухай ойлголт биш болохыг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 30-д зааснаар 3 сарын хугацаатай гэсэн заалт нь хүчин төгөлдөр бус заалт гэж үзэгдэх тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үр дагаврыг бий болгох ёстой. Мөн 2020.05 сарын 63 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-ийг баримталсан байгаа нь буруу болно. Өөрөөр хэлбэл 23.2.1-ийг зөрчсөн гэрээнээс 37.1.3-т заасан үр дагавар үүсэхгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу болж. Түүнчлэн цаашид сунгагдахгүй болсон нөхцөл байдлыг нотлох үүргийг ажил олгогчид хүлээгээгүй байх тул уурхайн клиник менежер-ийн албан тушаал нь урьд өмнө байсаар хадгалагдаж байгаа эсэх нь маргаанд ач холбогдолгүй, хамааралгүй юм гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 2004.03.26-ны өдрийн Медикамонголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 04/05/17 тушаалд холбогдох хамгийн анхны хөдөлмөрийн гэрээг үндсэн ажилтны, хугацаагүй байгуулсан бөгөөд эмнэлэг анх шинээр байгуулагдах үеэс л их эмчээр ажиллаж эхэлсэн ба тасралтгүй 16 жил ажиллахдаа тус эмнэлгээс хэд хэдэн удаа уурхайн эмч, уурхайн клиник менежерийн ажилд томилогдон ажиллаж байсан, тус бүрт би уурхайгаас бус Медика Монголиа ХХК-иас л цалинждаг байсан тул их эмчийн, клиник менежерийн албан тушаал нь байнгын ажлын байр гэдгийг мэддэг байсан. Гэтэл Медикамонголиа ХХК нь 2019.02.18-ны өдөр байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулах болсон тодорхой үндэслэл шаардлага үүсээгүй байхад хугацаатай гэрээ байгуулж, хууль зөрчсөн талаар анхан шатны шүүх .. уурхайн клиник менежерийн албан тушаалд ажилтныг хугацаатайгаар ажиллуулах шалтгаан нөхцөл бүрдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, ажилтан Т.Алимаагийн ажиллаж байсан уурхайн клиник менежерийн албан тушаал нь байнгын ажлын байр байхад ажил олгогчоос түүнтэй хөдөлмөрийг гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-д заасныг зөрчсөн байна гэх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд Шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 07-д Хөдөлмөрийн хуулийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй" гэрээ байгуулах үүрэгтэй болохыг ч мөн заажээ. Дашрамд дурдахад миний бие өнгөрсөн 16 жилийн хугацаанд Медикамонголиа ХХК-ийн эмнэлэгт ажиллаж байхдаа нэг удаа ч ажил цалгардуулж, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж байгаагүй бөгөөд 2020.02.28-с анх удаа акт авч хэвтэн эмчлүүлээд ажилдаа явах гэтэл 2020.03.11-ний өдөр анх мэдэгдэл гардуулж уурхай руу явуулахгүй гэснээр хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчсөн. Гэнэтийн нөхцөл байдалд маш их цочирдсон бөгөөд ажиллах хүсэл зорилгоо удаа дараа илэрхийлсэн боловч гэрээг дуусгавар болтол буюу 2020.05.18-г хүртэл хотын оффист өөр албан тушаалд, хөдөлмөрийн гэрээгүй түр ажиллах санал тавьсныг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан болно. Байгууллагаас шүүхэд хандан заргалдахгүй бол 12,735,850 төгрөгийг нөхөн олгох санал тавьсан ч миний бие шүүх ажиллагаа шударга байдлыг тогтооно гэж итгэн гомдол гаргаж байгаа билээ. Миний бие 3.5 жилийн дараа өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол хангагдах юм. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх 2019.02.18-ны өдрийн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.1, 5.1.2-р шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчиж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь дараах үндэслэлд хамаарч байна. Үүнд: Магадлалын хянавал хэсэгт "...хөдөлмөрийн гэрээний 5.1.1-д зааснаар эмнэлгийн үйл ажиллагааны онцлог, гэрээт үйлчлүүлэгчид болох уул уурхайн компаний үйл ажиллагаанаас хамааран өөрчлөгдех болох шаардлага, шалтгааныг харгалзан хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах, 5.1.2-д гэрээний хугацаа 3 сар байх, уг хугацаа дуусах үед аль аль тал нь гэрээг цуцлах тухай санал тавиагүй бол гэрээний хугацаа мөн 3 сараар сунгагдсанд тооцох нөхцлийг тус тус харилцан тохиролцсон /хх7-9/ байх ба дээрх тохиролцоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1, 23.2.2-т заасан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах тухай зохицуулалтанд нийцжээ...нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээгээр хугацаа тохироогүй гэсэн тайлбар няцаагдаж байхаас гадна Уурхайн клиник менежерийн албан тушаал хэвээр байгаа, уг албан тушаал байнгын ажлын байр байхад ажил олгогчоос хууль зөрчиж ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна гэж үндэслэл болгоод хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад хугацааг сунгахгүй бол хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болох агуулгатай байна. Түүнчлэн цаашид сунгагдахгүй болсон нөхцөл байдлыг нотлох үүргийг ажил олгогчид хүлээлгээгүй байх тул уурхайн клиник менежерийн албан тушаал хадгалагдаж байгаа эсэх нь маргаанд ач холбогдолгүй, хамааралгүй юм. Хөдөлмөрийн гэрээний хугацаа ажил олгогчийн санаачлагаар цуцлагдаагүй, харилцан тохиролцсон гэрээний хугацаа дууссанаар дуусгавар болж байх тул анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т заасан зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь буруу болжээ гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч хариуцагч байгууллагад анх 2005 онд их эмч албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тушаал ахиж уурхайн клиник менежер шинэ ажил албан тушаалд ажиллах болсноор 2019.02.18-ны гэрээг байгуулсан бөгөөд \хх7\ талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.1-д эмнэлгийн бүтэц, бүрэлдэхүүн, ажилтны орон тоо болон үйл ажиллагааны цар хэмжээ нь түүний голлох гэрээт үйлчлүүлэгч болох уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас илт хамааран хувьсан өөрчлөгдөж болох шаардлага, шалтгааныг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-г иш үндэс болгон хугацаатай байгуулахаар талууд хүсэл зориг нэгтсэн болно гэж заасан байхад давж заалдах шатны шүүх ...хөдөлмөрийн гэрээний 5.1.1 -д зааснаар эмнэлгийн үйл ажиллагааны онцлог, гэрээт үйлчлүүлэгчид болох уул уурхайн компаний үйл ажиллагаанаас хамааран өөрчлөгдөх болох шаардлага, шалтгааныг харгалзан хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 198.1-д зааснаар үгийн шууд утгаар тайлбарлаагүй хэрэглэсэн нь алдаатай. Хууль тогтоогч хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.1-д заасан тохиролцоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан агуулгатай байхад энэ агуулгаар талуудад хугацаа тохиролцох нөхцөл шаардлага үүсэхгүй, харин ч хуулиар зохицуулагдах харилцааг давхар гэрээгээр тохиролцох шаардлагагүй, хугацаагүй гэрээ гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. Үгийн шууд утгаар хариуцагч байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, орон тоо нь гэрээт байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалж хувьсан өөрчлөгдөж тухайн орон тоо байхгүй болсон бол гэрээний хугацаа дуусгавар болохоор тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл гэрээний 5.1.1 нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох урьдач нөхцөл бий болсон тохиолдолд хамаарах зохицуулалт, энэ нөхцөл бүрдээгүй буюу бүтэц орон тоо өөрчлөгдөөгүй, уурхай хэвийн ажиллаж байхад ажил олгогч гэрээ дуусгавар болох үндэслэлтэй гэж мэтгэлцэж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой байгаа. Харин ч гэрээний 5.1.2-т зааснаар гэрээ цуцлах санал тавиагүй бол мөн хугацаагаар сунгасанд тооцох-оор байхад хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох үндэслэл бүрдээгүй байхад гэрээ дуусгавар болгожээ гэж дүгнэх нь нийцнэ. Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т зааснаар хугацаа тохирох эрхтэй боловч УДШ-ийн 2006 оны 33 дугаар тогтоолын 7 дах хэсэгт зааснаар харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна гэж тайлбарласан, тэр үндэслэл, шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан агуулгатай, уурхай хэвийн ажиллаж байгаа, орон тоо хэвээр байгаа, бүтэц орон тоо өөрчлөгдөөгүй байхад гэрээг дуусгавар болгож байгааг цуцлах шийдвэр гаргасан хууль бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, давж заалдах шатны шүүхийн цаашид сунгагдахгүй болсон нөхцөл байдлыг нотлох үүргийг ажил олгогчид хүлээлгээгүй байх тул уурхайн клиник менежерийн албан тушаал хадгалагдаж байгаа эсэх нь маргаанд ач холбогдолгүй, хамааралгүй юм. Хөдөлмөрийн гэрээний хугацаа ажил олгогчийн санаачлагаар цуцлагдаагүй, харилцан тохиролцсон гэрээний хугацаа дууссанаар дуусгавар болж байх тул гэсэн дүгнэлт хуульд нийцэхгүй, бүтэц орон тоо өөрчлөгдөөгүйтэй талуудын хэн аль нь маргаагүй, давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээний 5.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-г буруу тайлбарлан хэрэглэсэн, харин ч ажил олгогч бүтэц орон тоо өөрчлөгдсөнийг нотлох хуулиар хүлээсэн үүрэгтэй байхаар хууль, гэрээгээр зохицуулсан байх тул магадлалын үндэслэл, дүгнэлт няцаагдана. Тодруулбал давж заалдах шатны шүүх хугацаатай гэрээ гэж дүгнэж байгаа бол уурхай хэвийн ажиллахгүй болсон, бүтэц орон тоо өөрчлөгдсөн болохыг хариуцагч баримтаар нотлож байж гэрээг дуусгавар болгох үүрэгтэй гэдгийг буруу дүгнэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Т.Алимаа 2020.06.16-ны өдөр Медикамонголиа ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, уурхайн клиник менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг хүссэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Медикамонголиа ХХК-ийн захирал 2020.05.15-ны өдөр 63 дугаартай тушаал гаргаж, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-г үндэслэн орон нутаг дахь салбарын клиник менежер Т.Алимаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020.05.18-ны өдрөөр тасалбар болгон... дуусгавар болгосон байна.

 

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заажээ.

 

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй гэдгийг Т.Алимаад 2020.04.15-ны өдөр мэдэгдэж 2020.05.15-ны өдөр тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг 2020.05.18-ны өдрөөр дуусгавар болгосон баримт хэрэгт авагдсан байх тул энэ үйл баримтыг давж заалдах шатны шүүх тогтоогдсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 42 дугаар зүйлийн 42.4-г зөрчөөгүй байна.

 

Өөрөөр хэлвэл, ажил олгогч хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болсон тухай ажилтанд 2020.04.15-ны өдөр мэдэгдэж 2020.05.15-ны өдөр тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг 2020.05.18-ны өдрөөр дуусгавар болгосон нь нотлогджээ.

2. Гэрээний хугацаа цаашид сунгагдах эсэх асуудал нь зөвхөн хугацаатай гэрээнд хамаарна.

а\. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгохоор заажээ.

 

Т.Алимаагийн ажиллаж байсан уурхайн клиник менежер нь байнгын ажлын байр болох нь тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

б\. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар ажилтан, ажил олгогч харилцан тохиролцсоноор байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болно.

Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахад талууд энэ тухай харилцан тохиролцсон буюу ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тодорхой үндэслэл, шалтгаан үүссэн байхыг шаардана. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино.

Зохигчийн хооронд 2019.02.18-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5-т Гэрээний хугацаа, цуцлах үндэслэл-г тусгаж, 5.1-т гэрээний хугацаа гээд 5.1.1-т ...энэхүү гэрээг тус эмнэлгийн үйл ажиллагааны онцлог буюу тухайлбал, эмнэлгийн бүтэц, бүрэлдэхүүн,ажилтны орон тоо болон үйл ажиллагааны цар хэмжээ нь түүний голлох гэрээт үйлчлүүлэгчид болох уул, уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас илт хамааран хувьсан өөрчлөгдөж болох шаардлага, шалтгааныг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсгийн заалтыг үндэс болгон хугацаатай байгуулахаар талууд хүсэл зориг нэгдсэн болно... гэжээ. Түүнчлэн уг гэрээний 5.1.2 т ....Энэхүү гэрээ нь байгууллагын захирал болон ажилтан гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж сар \ жил \ хугацаанд үйлчилнэ. Гэрээний хугацаа дуусах үед аль тал нь гэрээг цуцлах тухай санал тавиагүй бөгөөд ажилтан ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа бол энэхүү гэрээний хугацааг цааш мөн хугацаа\3 сар, жил\ -р сунгагдсанд тооцно.. гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон, 2019.02.18-ны өдрийн гэрээний 5.1.1 дэх заалтын агуулга нь ажилтны тоог цөөрүүлэх, хасах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх үндэслэлд хамаарахаар байх тул үүнийг тодорхой нөхцөл шалтгаан бий болсон буюу талуудын тохиролцоо гэж үзэх, улмаар хугацаатай гэрээ байгуулах үндэслэл болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсгийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх Т.Алимааг байнгын ажлын байранд хугацаагүй гэрээгээр ажиллаж байсан талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүх үзлээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа ...эмнэлгийн бүтэц, бүрэлдэхүүн, ажилтны орон тоо болон үйл ажиллагааны цар хэмжээ нь... голлох гэрээт үйлчлүүлэгчид болох уул, уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас илт хамааран хувьсан өөрчлөгдөж болох.. шалтгаан нотлогдоогүй.... клиник менежерийн албан тушаалын орон тоо шаардлагагүй болсон гэх үндэслэл тогтоогдоогүй... гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн бөгөөд үүнийг үгүйсгэх баримтгүй байгааг дурдах нь зүйтэй гэж дүгнэв.

4. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1974 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02702 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД, С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ