Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1343

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М Н ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Т О  ХХК -д  холбогдох

 

            Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.284.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Манай М Н ХХК  болон Т О  ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Лондон паб хамгаалалтын үйлчилгээний хөлсийг нэг сарын 800.000 төгрөг байхаар тохиролцсон.

Гэтэл Т О  ХХК нь зохих төлбөрөө хугацаанд өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Харуул хамгаалалтын гэрээний үүрэгт 2017 оны 06 дугаар сарын төлбөр 800.000 төгрөг, түүний өдрийн алданги 4.000 төгрөг, 100 хоногийн алданги 400.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 01-24-ний өдрийг хүртэл хамгаалалтын төлбөр 723.000 төгрөг, түүний өдрийн алданги 3.615 төгрөг, 100 өдрийн алданги 361.500 төгрөг, нийт 2.284.500 төгрөгийг Т О  ХХК-иас гаргуулж өгнө үү”  гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “ Т О  ХХК болон М Н ХХК нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн харуул хамгаалалтын гэрээ хийгдэж хамтран ажиллаж эхэлсэн. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч талын хамгаалж байсан Т О  ХХк-ийн Лондон караокед үйлчлүүлэгчид хоорондоо маргалдан улмаар харилцан зодоон үүсгэн тус караокены эд хөрөнгө болох 3 дугаартай өрөөний 60 инчийн 2 зурагтыг хагалж хохирол учруулсан. Хамгаалалтын албаны ажилтан ганцаараа хүрэлцэхгүй болохоор нь манай ажилтнууд туслалцаж мөн гэрээний 2.6, 3.11-т зааснаар шуурхай бүлэг дуудсан боловч Мөнх тэнгэрийн ноёд ХХК нь гэрээний зүйл заалтаа зөрчин шуурхай бүлэг явуулаагүйгээс 1 цаг гаран үргэлжилсэн  маргаан нь зодоон болж эд хөрөнгөөрөө  хохирсон болно. Анх харуул хамгаалалтын гэрээ хийхдээ бидний тавьсан гол шаардлага нь шуурхай бүлэгтэй байхыг хүсэхэд нэхэмжлэгч тал тухайн шаардлагад нийцсэн бүлэгтэй 5-н минутын дотор ирж үйлчилгээ үзүүлнэ гэж байсан. Би өөрийн биеэр Оросоотой уулзаж бид танай буруутай үйлдэл гэрээгээ зөрчсөнөөс болж хохирч болохгүй байна гэхэд бид хохиролгүй болгож өгнө гэж хэлсэн. Манай караокед 2 зурагт байхгүй 5 сар болоход бидний үйлчилгээний нэр хүнд болон үйл ажиллагаа доголдож байсан ч нэхэмжлэгч талыг хүлээж 2017 оны 06 дугаар сарыг хүртэл гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрийг төлж байсан ба 06 дугаар сараас 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл төлбөрийг суутган Нарантуул захаас хамгийн хямд зурагтыг нэг бүрийг нь 800.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөгөөр авсан. Хагарсан зурагтнуудыг Арина электрон барааны дэлгүүрээс тус бүрийг нь 1.750.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөгөөр худалдан авсан боловч нэхэмжлэгч талын байдлыг харгалзан үзэж хямдханыг авсан. Нэхэмжлэгч М Н ХХК нь гэрээнийхээ үүргээ биелүүлж шуурхай бүлгээ явуулсан бол маргаан болж байхад асуудлыг зохицуулж хохиролгүй гарах бүрэн боломжтой байсан” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М Н ХХК нь хариуцагч Т О  ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.523.000 төгрөг, алданги 761.500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь М Н ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, шуурхай бүлэг илгээсэн бол зодоон гарч, телевиз эвдэж, хохирол учрахгүй байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Харуул, хамгаалалтын гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лондон” караокед харуул, хамгаалалтын үйлчилгээг үзүүлэх, хамгаалалтын үйлчилгээний хөлс нэг сарын 800.000 төгрөгөөр тохиролцож байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч нь гэрээний үндсэн төлбөр буюу 2017 оны 6 дугаар сарын хамгаалатын ажлын хөлс 800.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын хамгаалалтын ажлын хөлс 723.000 төгрөг, нийт 1.523.000 төгрөгийн тооцоололд маргаагүй, харин 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Лондон караокены зурагтыг хагалсны улмаас хохирол учирсан тул хамгаалалтын хөлс 1.523.000 төгрөгийг өгөөгүй, одоо болтол хохирлоо барагдуулж чадаагүй, хамгаалалтын гэрээний дагуу шуурхай бүлэг ажиллаагүй тул алданги төлөх боломжгүй гэж маргасан.

 

Хариуцагч нь Лондон караокены 2 зурагтны хохирлыг зөрчил гаргасан этгээд Д.Батбаяраас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр барагдуулсан болох нь Лондон 28 караокены төлбөрийн нэхэмжлэх, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгийн Лондон караокены ажилтан Өлзийхишигтэй утсаар ярьсан тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 2390 дугаар тогтоолоор нотлогдож байна.

 

Түүнчлэн шуурхай бүлэг ажилласан болох нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн рапортын дэвтрийн хуулбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээний 2.6, 3.11-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хариуцагч нь шуурхай бүлэг ажиллаагүй, мөн эвдэрсэн зурагтны үнийг авч чадаагүй гэх нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө.” гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-д “Хамгаалалтын үйлчилгээний төлбөрийг сард хоёр удаа олгох ба эхний хагасыг сарын 15-ны өдөр, сүүлийн хагасыг сарын 30-ны өдөр бэлнээр барагдуулахаар тохиролцов” гэж тус тус заажээ.

 

Хариуцагч Т О  ХХК-иас хамгаалалтын ажлын хөлс 1.523.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мөнх тэнгэрийн ноёд ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж, Харуул, хамгаалалтын гэрээний 7.3-д “Төлбөрийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцно” гэж тус тус заажээ.

 

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 1.523.000 төгрөгийн 0.5 хувь буюу 7.615 төгрөгийг гүйцэтгээгүй хоног 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр 2018 оны 3 дугаар сарын 20 өдрийг хүртэл нийт 230 хоногоор тооцоход 1.751.450 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 1.523.000 төгрөгийн 50 хувиар тооцож, 761.500 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Т О  ХХК-иас хамгаалалтын ажлын хөлс 1.523.000 төгрөг,  алдангид 761.500 төгрөг, нийт 2.284.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М Н ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Т О  ХХК-иас хамгаалалтын ажлын хөлс 1.523.000 төгрөг,  алдангид 761.500 төгрөг, нийт 2.284.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мөнх тэнгэрийн ноёд ХХК-д олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51.510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ЭНХБАЯР