Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01787

 

 

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01787

 

 

Мөнхтэнгэрийн ноёд ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01343 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Мөнхтэнгэрийн ноёд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Талын оюу ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 284 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Бат-Амгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Мөнхтэнгэрийн ноёд ХХК болон Талын оюу ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Лондон караокед хамгаалалтын үйлчилгээний хөлсийг нэг сарын 800 000 төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл Талын оюу ХХК нь зохих төлбөрөө хугацаанд өгөлгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд Харуул хамгаалалтын гэрээний үүрэгт 2017 оны 06 дугаар сарын төлбөр 800 000 төгрөг, түүний өдрийн алданги 4 000 төгрөг, 100 хоногийн алданги 400 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 01-24-ний өдрийг хүртэл хамгаалалтын төлбөр 723 000 төгрөг, түүний өдрийн алданги 3 615 төгрөг, 100 өдрийн алданги 361 500 төгрөг, нийт 2 284 500 төгрөгийг Талын оюу ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Талын оюу ХХК болон Мөнхтэнгэрийн ноёд ХХК нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн харуул хамгаалалтын гэрээ хийгдэж хамтран ажиллаж эхэлсэн. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч талын хамгаалж байсан Талын оюу ХХК-ийн Лондон караокед үйлчлүүлэгчид хоорондоо маргалдан улмаар харилцан зодоон үүсгэн тус караокены эд хөрөнгө болох 3 дугаартай өрөөний 60 инчийн 2 зурагтыг хагалж хохирол учруулсан. Хамгаалалтын албаны ажилтан ганцаараа хүрэлцэхгүй болохоор нь манай ажилтнууд туслалцаж мөн гэрээний 2.6, 3.11-т зааснаар шуурхай бүлэг дуудсан боловч Мөнхтэнгэрийн ноёд ХХК нь гэрээний зүйл заалтаа зөрчин шуурхай бүлэг явуулаагүйгээс 1 цаг гаран үргэлжилсэн маргаан нь зодоон болж эд хөрөнгөөрөө хохирсон болно.

Анх харуул хамгаалалтын гэрээ хийхдээ бидний тавьсан гол шаардлага нь шуурхай бүлэгтэй байхыг хүсэхэд нэхэмжлэгч тал тухайн шаардлагад нийцсэн бүлэгтэй 5-н минутын дотор ирж үйлчилгээ үзүүлнэ гэж байсан.

Манай караокед 2 зурагт байхгүй 5 сар болоход бидний үйлчилгээний нэр хүнд болон үйл ажиллагаа доголдож байсан ч нэхэмжлэгч талыг хүлээж 2017 оны 06 дугаар сарыг хүртэл гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрийг төлж байсан ба 06 дугаар сараас 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл төлбөрийг суутган Нарантуул захаас хамгийн хямд зурагтыг нэг бүрийг нь 800 000 төгрөг, нийт 1 600 000 төгрөгөөр авсан. Хагарсан зурагтнуудыг Арина электрон барааны дэлгүүрээс тус бүрийг нь 1 750 000 төгрөг, нийт 3 500 000 төгрөгөөр худалдан авсан боловч нэхэмжлэгч талын байдлыг харгалзан үзэж хямдханыг авсан. Нэхэмжлэгч Мөнхтэнгэрийн ноёд ХХК нь гэрээнийхээ үүргээ биелүүлж шуурхай бүлгээ явуулсан бол маргаан болж байхад асуудлыг зохицуулж хохиролгүй гарах бүрэн боломжтой байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Талын оюу ХХК-иас хамгаалалтын ажлын хөлс 1 523 000 төгрөг, алдангид 761 500 төгрөг, нийт 2 284 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мөнхтэнгэрийн ноёд ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51 510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүхээс нэхэмжлэгч талын дараа нь хуурамчаар нөхөж хийсэн рапортын дэвтрийг нотлох баримтын хэмжээнд үнэлж шуурхай алба ажилласан гэсэн дүгнэлт хийсэн нь үнэнд огт нийцэхгүй байна. Хэрвээ шуурхай алба зохих журмын дагуу ирж ажлаа хийсэн бол тухайн үед маргаан, зодоон нь 1 цаг гаран үргэлжилэхгүй байсан.

Шүүх 2 зурагтны хохиролыг Д.Батбаяр гэх этгээд ямар үндэслэлээр барагдуулсан гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Өнөөдрийг хүртэл тухай 2 зурагтны хохирлыг Д.Батбаяр, Мөнхтэнгэрийн ноёд ХХК аль аль нь барагдуулаагүй байгаа. Мөн Сүхбаатар дүүргийн Прокурорын манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдтэй утсаар ярьсан тэмдэглэлийг нотлох баримт баримтын хэмжээнд үнэлсэн байна.

Мөн анхан шатны шүүх хурал болох товыг манайд албан ёсоор мэдэгдэлгүйгээр шүүх хурал хийж, зөвхөн нэг талын гаргаж өгсөн хуурамч нотлох баримтад үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Мөнхтэнгэрийн ноёд ХХК нь хариуцагч Талын Оюу ХХК-д холбогдуулан харуул хамгаалалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 284 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Талын Оюу ХХК-д шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн талаар баримтгүй байна. Хэргийн 71 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад хариуцагчийн төлөөлөгчид хурлын товыг мэссэжээр хүргүүлсэн гэх боловч мэдэгдэх хуудсаар мэдэгдэх, мэдэгдэх боломжгүй тохиолдолд утсаар мэдэгдэх хуульд заасан ажиллагааны дарааллыг зөрчжээ.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчжээ.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01343 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА