Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2024/0109

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 901 дүгээр шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв. 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч: З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч: Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч:  С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “З” ХХК

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т

 

Хэргийн индекс: 128/2023/0833/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 901 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-018001 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус компанийн хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрлийг сунгасан шийдвэрээ гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалган” шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга Д.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “

2.1. ... Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “Ийнхүү нэхэмжлэгч “З” ХХК-аас ... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа ХҮ-018001 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ бичгээр гаргасан болох нь уг хүсэлтийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс нотлох баримтаар гаргаж ирүүлснээр нотлогдож байна” гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.28-д “ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөнтэй холбогдсон загвар, маягтыг батлах”-аар хуульчилсан бөгөөд уг маягт нийтэд ил Ашигт малтмал, газрын тосны газрын вэб сайтад байдаг. Нэхэмжлэгч “З” ХХК ашигт малтмалын хайгуулын ХҮ-018001 дугаартай тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас ... өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу холбогдох баримтыг ирүүлээгүй болох нь уг хавтаст хэрэгт байгаа баримтаар нотлогдоно. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан хуулийн шаардлага хангасан баримтыг төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгч “З” ХХК-аас хүлээн авсан мэтээр хийсвэрлэн дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан өрөөсгөл дүгнэлт хийж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан болохыг нотлон харуулж байна.

2.2. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь “З” ХХК-ийн ХҮ-018001 дугаар тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтэд хавсаргасан баримтыг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан гэдгээр огт хүлээж авахгүй байгаа” гэх агуулга бүхий тайлбар гаргасныг няцаах баримт хариуцагчаас гаргаагүй” гэжээ. Дээр дурдсан үндэслэлд заасан баримтыг гаргах боломж гаргаагүй. Нэхэмжлэгч хариуцагч нар ашигт малтмалын хайгуулын ХҮ-018001 дугаартай тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг гаргаагүй, хүлээж аваагүй гэсэн асуудлаар маргаж байхад анхан шатны шүүх энэ талаарх баримтыг цуглуулаагүй. Нэхэмжлэгч ашигт малтмалын хайгуулын ХҮ-018001 дугаартай тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн хэн гэдэг мэргэжилтэнд хэзээ өгсөн, өгөхөөр очиж байсан талаарх баримт байхгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн болох нь анхан шатны шүүхийн дээр дурдсан дүгнэлтээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ “гэж заасан үүргээ биелүүлээгүй байж уг хэргийг яаран хянан шийдвэрлэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

2.3. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: нэхэмжлэгч “З” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааны дотор бүрдэл дутуу боловч тусгай зөвшөөрлийн сунгуулахаар өргөдлөө гаргасан...” гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч “З” ХХК 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрийн захиргааны байгууллагад "... ашигт малтмалын хайгуулын ХҮ-018001 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах материалуудыг хүлээлгэн өгөх хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болж” байгаа тухай дурдаад энэ хугацааг сунгаж өгөхийг хүссэн албан бичгийг ирүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх уг албан бичгийг ашигт малтмалын хайгуулын ХҮ-018001 дугаартай тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөл гаргасан гэж дүгнэж хэргийг шийдвэрлэж байгаа нь уг шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.

2.4. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “... Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу нэхэмжлэгч “З” ХХК тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа үйлдэл холбогдуулан нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сард Ашигт малтмал, газрын тосны газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хандсан болон шүүхэд 2022 оны 01 дүгээр сард хандан гомдол. нэхэмжлэлээ гаргаснаар “тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа” нь тасалдах буюу захиргааны байгууллага уг хугацааг зогсоон, маргаан эцэслэн шийдвэрлэсэн үеэс үргэлжлүүлэн тоолох ёстой” гэж дүгнэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан нэхэмжлэгч “З” ХХК-аас 2021 оны 12 дугаар сард Ашигт малтмал, газрын тосны газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хандсан албан бичиг ирүүлээгүй байна. “З” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХҮ-018001 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны '0 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон бүртгэлтэй байгаа бөгөөд уг баримт хавтаст хэрэгт авагдсан. Дээр дурдсан шүүхийн дүгнэлтээс харахад анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн шинжлэн судлаагүй өрөөсгөл хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

2.5. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “...шүүх нь нэхэмжлэгчийн ХҮ-018001 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нь дуусчихсан тохиолдолд нэхэмжлэлийг хангах боломжгүй, өргөдлийг хүлээж авахыг даалгах хууль зүйн үндэслэл байхгүй юм” гэж дүгнэжээ. Уг дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болсон боловч анхан шатны шүүх шийдвэрээ дүгнэлтийнхээ эсрэг гаргасан нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0901 дугаартай шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсныг нотолж байна.

2.6. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ 1 сарын өмнө гаргаагүй бол уг тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах, өргөдлийг хүлээн авахгүй байх эрхийг төрийн захиргааны байгууллагад олгоогүй байна” гэж дүгнэжээ. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” байхаар /тухайн үед хүчин төгөлдөр байсан/, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3.дугаар зүйлийн 3-т "Хуулиар зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг эрхлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж хуульчилсан. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17-д “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх” төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтэст байхаар мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” бол уг тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор хуульчилсан байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болох нь дээр дурдсан хуулийн зохицуулалтаас тодорхой харагдаж байна.

2.7. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт:"... хариуцагч нь “З” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргасан өргөдлийг ажлын 10 хоногт багтааж буюу 08 дугаар сарын 14-ний өдрийн дотор багтааж шийдвэрлэх ёстой байсан боловч уг хугацаанд багтаан өгөөгүй ...” гэж дүгнэжээ. “З” ХХК нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 07/03 дугаартай албан бичгээр төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргасан. Төрийн захиргааны байгууллага уг хүсэлтэд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ ...” гэж заасны дагуу хариу өгсөн билээ. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулна” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн хуульчилсан.

2.8. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “Ийнхүү дээрх шүүхийн шийдвэрээс үзэхэд уг шийдвэрийг гарах үед захиргааны байгууллага нь “З” ХХК-ийн ХҮ-018001 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан эс үйлдэхүй одоогоор байхгүй, тусгай зөвшөөрлийг сунгуулахаар гаргасан өргөдлийг нь хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүй гаргасан гэх агуулгатай дүгнэлтийг хийсэн...” гэжээ. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-д “Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана” гэж заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2.9. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “... “шударга ёсны” зарчим, ... “тэгш байдлын зарчим”-д нийцэхгүй байна гэжээ. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын системд Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа 5 тусгай зөвшөөрөл эзэмшигч 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын хооронд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулан тусгай зөвшөөрлөө сунгуулсан бүртгэлтэй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч “З” ХХК-д давуу байдал бий болгох нөхцөл бүрдүүлж байгаа нь дээр дурдсан зарчимд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

2.10. Нэхэмжлэгч компани Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ““З” ХХК-ийн ХҮ-018001 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэл гаргасан. “З” ХХК үг үсгийн зөрүүгүй яг адилхан ийм нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сард захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хянан шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

2.11. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0901 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “З” ХХК-аас “тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-018001 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч “З” ХХК-ийн хүсэлтдээ хавсаргасан баримтыг хариуцагч Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон тул хүсэлтийг хүлээн авахгүй гэх үндэслэлээр холбогдох баримтыг хүлээн аваагүй гэдэгтэй талууд маргаагүй бөгөөд энэ нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй учраас хэрэгт хамааралгүй” гэж дүгнэн, зарим баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бодитойгоор үнэлэлгүй, Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг буруу тайлбарлан хэрэглэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангаагүй байна.

3. Энэ талаар гаргасан хариуцагчийн “... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу холбогдох баримтыг ирүүлээгүй, ... Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан хуулийн шаардлага хангасан баримтыг төрийн захиргааны байгууллага хүлээн авсан мэтээр хийсвэрлэн дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан өрөөсгөл дүгнэлт хийж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан ...” гэх гомдол үндэслэлтэй.

 4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 834 дүгээр шийдвэрээр “З ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “З” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтийг хүлээн авсан боловч шийдвэрлээгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгаж, үлдэх шаардлага болох “XV-018001 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 132 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 178 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

5. Үүний дараа нэхэмжлэгч “З” ХХК-аас 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 07/03 дугаар албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 11/3582 дугаар албан бичгээр “... “З” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-018001 дугаартай  тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан сунгуулах өргөдлийг, түүнд хавсарган ирүүлэх баримт бичгийн хамт ирүүлээгүй байна. ...” гэж, тус компанийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/47 дугаар албан бичигт хариу өгчээ.

5.1. Уг албан бичигт “... тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө ... ” гэж тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө гаргаагүй гэх агуулга дурдсан нь дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангасан хэсгийн үр дагаврыг үл хэрэгссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

6. Харин уг албан бичгийн шүүхийн шийдвэрээр “даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлд хамаарах “... хавсарган ирүүлэх баримт бичгийн хамт ирүүлээгүй ...” гэсэн агуулгын тухайд захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.

6.1. Учир нь анхан шатны шүүхийн 834 дүгээр шийдвэрээр зөвхөн “байгаль орчны төлөвлөгөө”-г батлуулаагүй хугацаа хоцорсон нь “хүндэтгэн үзэх шалтгаан” -д хамаарна гэж үзэж, хугацаандаа өгсөн хүсэлтийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасныг тогтоож, дээрх хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хавсаргах баримтыг бүрэн гаргаж өгөх эрхийг нээсэн, харин хариуцагч нь түүнийг хүлээн авч, хүсэлтийг зохих журмаар шийдвэрлэхийг даалгажээ.

6.2. Гэтэл нэхэмжлэгч нь уг шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан өргөдөлд хавсаргах бүх баримтыг (хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан баримт) хариуцагчид хүргүүлээгүй нь нэхэмжлэлд дурдсан “... 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтийг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрлүүлэхээр хандсан” гэх тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 07/03 дугаар албан бичигт “... хүсэлтэд шүүхийн шийдвэрийн хуулбар, Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/87 дугаар захирамжийн хуулбар, төлбөр төлсөн баримтын хуулбар хавсаргав” гэж дурдсанаар тогтоогдож байхад анхан шатны шүүх уг хүсэлтийн хавсаргасан баримтаа тоочсон хэсгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна.

6.3. Энэ тохиолдолд 834 дүгээр шүүхийн шийдвэрээр “... хугацаа сунгахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.” гэж заасан шийдвэр гаргахыг хариуцагчид шууд даалгах үндэслэлгүй.

6.4. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ: …” гэж заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол сунгах шийдвэр гаргахаар байна.

7. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т “Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэдгийг танилцуулсны үндсэн дээр байгаа нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ” гэж хэрэглэх ёсгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг гарсны дараа эс зөвшөөрч гаргах давж заалдах гомдлын үндэслэл, түүнд дүгнэлт өгөх давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамааралтай заалтыг тусгасан байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 901 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 22.1, 22.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.1-д тус тус заасныг баримтлан “З” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-018001 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан “З” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ШҮҮГЧ                                                                З.ГАНЗОРИГ

                    ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА

      ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ