Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0697

 

 

 

 

 

 

 

 

                                Ю******* ХХК-ийн нэхэмжлэлтэй 

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Ю*******” ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/462 дугаартай тушаалын “Ю*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 637 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0330/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Ю*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад  холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/462 дугаартай тушаалын “Ю*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 637 дугаар шийдвэрээр: 

“...Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь заалтад заасныг тус тус баримтлан Ю******* ХХК-ийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/462 дугаартай тушаалын тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. ... Анхан шатны шүүхээс тухайн хэрэг маргааныг шийдэхэд үндэслэл болох нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж, улмаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлэн шийдвэр гаргалаа.

Тухайлбал Ю******* ХХК-ийн талаас нэхэмжлэл гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтууд эх хувиараа байхгүй байсан тул тухайн эх сурвалжийг зааж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3-т заасан үүргээ хэрэгжүүлсэн. Маргаан бүхий газар ашиглах эрхийг анх Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авах үед "Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” хийлгэж, үнэлгээний тайланг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа танилцан, Байгаль орчин аялал жуулчлалын яамны холбогдох газар "хууль, тогтоомж зөрчөөгүй" гэх дүгнэлт гаргаж байсан баримтуудын хуулбар хувийг хавсарган өгсөн.

3.2.Дээрх баримтууд төрийн байгууллагад эх хувиараа байх бөгөөд бид олж авах боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад бүрдүүлэх боломжтой байсан. Харин анхан шатны шүүхээс манай нэхэмжлэлийг хангахгүй үндэслэлийн 8-д “.. хариуцагч нь анхнаасаа тусгай хамгаалалттай газрын ойн сан бүхий газарт аялал жуулчлалын зориулалтаар ашиглах боломжгүй газрыг нэхэмжлэгч хуулийн этгээдэд ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Ойн тухай хуульд нийцэхгүй байх ба уг алдаагаа залруулж нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн...", үндэслэлийн 12-т “...нэгэнт анхнаасаа ашиглуулах боломжгүй газарт газар ашиглуулах шийдвэр гаргасан..." гэж дутуу цуглуулсан нотлох баримтад тулгуурлан нотлох баримтыг буруу үнэлэх нөхцөл бий боллоо гэж үзэж байна.

3.3.Анхны нөхцөл байдалд үнэлэлт өгөх бол газар анх олгох үеийн нөхцөл байдлыг бодитоор үнэлэх нотлох баримтыг цуглуулах, хариуцагчаас ирүүлсэн зураг тухайн байгууллагын санд хэзээ, хэрхэн орсон талаар үзлэг хийж дүгнэлт хийх нь хэргийг тал бүрээс үнэн зөвөөр шийдэх үндэслэл болох атал ийм хөнгөн хийсвэр байдлаар асуудалд хандсанаар дараа, дараагийн дүгнэлтүүдэд нөлөөлсөн анхан шатны шүүхийн 637 дугаар шийдвэрийн үндэслэл хэсгийн 10-т "...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаас үзэхэд тухайн захиргааны акт буюу маргаж буй тушаалаар нэхэмжлэгч Ю******* ХХК-иас хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан байвал түүнийг илт хууль бус гэж үзэх бөгөөд маргаж буй тушаалаар Ю******* ХХК-д олгосон 0.27 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь түүнд хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж үзэх үндэслэлгүй байна..." гэж дүгнэжээ.

Харин тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэрт газар ашиглах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж тухайн орон нутгийн засаг захиргааны нэгж, дархан цаазат газрын захиргаа зэрэг төрийн байгууллагатай газар ашиглах нөхцөл журам тохироод төлбөр хураамжаа тогтоосон гэрээг байгуулдаг, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлд гэрээг хэрхэн байгуулах, гэрээгээр зохицуулах зүйл зэргийг тодорхой заасан ба энэхүү гэрээ Иргэний хуулиар тодорхойлсон иргэд, аж ахуйн нэгжийн хооронд байгуулдаг “гэрээ”-ээс ялгаатай гэдэг нь ойлгомжтой, Захиргааны ерөнхий хуулийн 5-р бүлэгт заасан "Захиргааны гэрээ” бөгөөд гэрээ байгуулах эрх хэмжээ, үүрэг хариуцлага захиргааны байгууллагад байхаас иргэн, аж ахуйн нэгжид байхгүй.

3.4.Гэрээ байгуулах, гэрээгээр хийх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг бид 2017 онд холбогдох газарт өгч байсан хэдий ч өнөөдөр бидэнд гэрээ ирээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 52.1-т зааснаар "Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчлөн, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэсний дагуу болон холбогдох бусад заалтаар гэрээ байгуулах эрх, үүрэг захиргааны байгууллагаас бүрэн шалтгаалах хуультай. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11-р зүйл Хязгаарлалтын бүсийн дэглэм хэсэгт заасан үйл ажиллагааг холбогдох байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр зөвхөн хэрэгжүүлдэг энэ зөвшөөрлийг захиргааны гэрээнд тусгаж ямар хэлбэрээр газар ашиглахаас шалтгаалан улсад төлөх төлбөр, хураамжийг гэрээгээр шийддэг.

Захиргааны байгууллага өөрөө энэ үүргээ хэрэгжүүлээгүй байж иргэн, аж ахуйн нэгжийг Газрын тухай хуулийн 40.1.6"Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж буруутгах нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актын 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгүүлэхийг шаардсан, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй" гэсэн нөхцөл бүрдсэн.

3.5.Бид анхнаасаа хууль, тогтоомж зөрчөөгүй, төрийн холбогдох эрх бүхий байгууллагаас хувийн хэвшилд олгох боломжтой газарт газар ашиглах эрхтэй болж гэрчилгээ олгогдсон гэж ойлгосон. Бидний зүгээс тодорхой санхүүжилт гаргасны хойно захиргааны байгууллагын хайхрамжгүй байдал, хувийн хэвшлийг үл тоосон, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн илт хууль бус актад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж “анхнаасаа хууль бус байсан" гэх асуудлаар хариуцагч болон нэхэмжлэгч талууд маргаагүй атал ийм дүгнэлт хийж маргааныг шийдэж буйд харамсаж байна. Анхнаасаа хууль бус байсан юм бол хохирсон хувийн хэвшлийн "эрх ашиг хаана яаж хамгаалагдах вэ?” гэсэн асуулт шүүгчийн энэ шийдвэрээс гарч байгаа ба хэн, хэрхэн яаж гэдэг нь ойлгомжгүй үлдэж байна.

3.6.Өөрөөр хэлбэл шүүхийн үүрэг нь захиргааны байгууллага, албан тушаалтны алдаатай илт хууль бус шийдвэрийн улмаас хохирсон иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалах зорилготой байтал "алдаагаа зассан" нь зөв гэж шийдэх нь шүүхийн дүгнэж шийдвэрлэх асуудал биш юм. Маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсноор манай компани шууд газар ашиглах эрхтэй болоод хууль зөрчөөд барилга байгууламж бариад эхлэх гэж буй мэтээр асуудалд хандаж байгаа нь хэлэлцэх асуудлын хүрээнээс хальсан гэж ойлгогдохоор байгаа юм.

Тодруулбал тухайн захиргааны акт хүчингүй болсноор Ю******* ХХК онцгой бүрэн эрх олж авахгүй, хэрэв тухайн газар ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж холбогдох төрийн байгууллага үзэж байгаа бол Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгол болон хяналт шалгалтаа хийж хуулийн хүрээнд шийдвэрээ гаргах, маргаантай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх боломж нээлттэй үлдэх юм.

3.7.Мөн анхан шатны шүүх хууль тайлбарлан, хэрэглэхдээ алдаа гаргаж Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-д холбогдуулан гаргасан бидний үндэслэлийг хэрхэн хэрэгсэхгүй болгож буй талаар огт дурьдсангүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 9-д "...Маргаан бүхий актад Ойн тухай хуулийн дээрх заалт болон Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6 дахь заалтыг зэрэг үндэслэл болгосон нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх бөгөөд утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэж үзэх боломжгүй..." гэсэн байх юм.

Гэтэл “..”Улсын дээд шүүхийн 2006 оны 37-р тогтоолоор "захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай" гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцож болно..." гэж тайлбарласан. Нийтэд илтэд хууль хэрэглээний алдааг захиргааны байгууллага гаргасан байхад шүүхээс түүнийг дэмжиж илт захиргааны байгууллагын талд шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Шийдвэрт дараах үндэслэлээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Маргаан бүхий тушаалаар “Ю*******” ХХК-д олгосон 0.27 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн, хариуцагч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1/-д заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй, мөн Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Сайдын 2022 оны А/462 дугаар тушаал “илт хууль бус” актын шинжийг агуулахгүй.

Анх 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/263 дугаар тушаалаар “Ю*******” ХХК-д Богдхан уулын Хүүшийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 0.27 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгож, мөн өдөр газар ашиглах гэрчилгээ бичигдсэн, иймд хугацааны хувьд 2022 оны 9 дүгээр сард газар ашиглах эрх дуусгавар болохоор байсан ч нэхэмжлэгчээс сунгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасан нөхцөл үүссэн гэж үзэхгүй.

Учир нь уг заалт болох Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэсэн нь энэ тохиолдолд үл хамаарна.

Иймд “…газар ашиглах хугацаа дуусгавар болсон буюу нэгэнт хүчингүй болсон газар ашиглах эрхийн гэрчилгээг дахин цуцалж хэрэгжих боломжгүй шийдвэр гаргасан…” гэх нэхэмжлэлийн үндэслэлээр тушаалыг илт хууль бус гэж дүгнэх боломжгүй.

2.Харин ч газар ашиглах эрхийг хүчингүй болгосноор “Ю*******” ХХК-ийн газар ашиглах эрх дуусгавар болсон, мөн шийдвэр гаргахдаа нэг талаас нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал, нөгөө талаас хариуцагч анх шийдвэр гаргахдаа Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хамгаалалтын бүсийн ой, түүний дэглэмийг зөрчиж, уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-т заасан ойд хориглох үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн байгааг тус тус харгалзан үзсэн байх тул хариуцагчаас холбогдох хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан гэж үзнэ.

3.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар болон Богхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тус тус ирүүлсэн нэхэмжлэгч компанид ашиглуулахаар олгосон газрын нэгж талбарын байршлын зураг, мөн шүүхийн үзлэгээр авсан фото зураг зэргээр “ойн сан”-тай бүхэлдээ давхацсан болох нь хангалттай тогтоогдох бөгөөд Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг” ойлгохоор, 29 дүгээр зүйлийн 29.1.10-т “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах”-ыг хориглохоор, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Хамгаалалт, ашиглалтын хэлбэр, экологи эдийн засгийн ач холбогдлыг нь харгалзан ойн санг 5.1.1.хамгаалалтын бүсийн ой, 5.1.2.ашиглалтын бүсийн ой” гэж ангилахаар, 8 дугаар зүйлийн 8.1-д “Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, З0 хэмээс илүү налуу газрын ой хамаарна” гэж тус тус заажээ.

Тиймээс анхнаасаа хуулиар хориглосон газарт газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хуульд нийцүүлэх байдлаар маргаан бүхий тушаал гаргасныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” гэж үзэхгүй. Тушаалд үндэслэсэн Ойн тухай хуулийн холбогдох заалтаас үзэхэд ч хариуцагч энэ талаар маргаагүй гэж, тэр тусмаа талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн гэж шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

4.Харин “ашиглуулж үл болох газарт хамаарна” гэж үзэж буй энэ тохиолдолд уг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгах нь утга агуулгын хувьд зөрчилтэй мэт боловч дээр дүгнэсэнчлэн шийдвэр гаргах үед бодитоор ашиглаагүй байсан нөхцөл байдалд хамаарах хуулийн заалтыг хамтад нь баримталснаар тушаал утга агуулгын хувьд “илэрхий” алдаатай болохгүй.

Учир нь хоорондоо зөрчилдсөн гэх энэ 2 нөхцлийн аль нэгийг хангаж байхад л тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжтой юм.

5.Иймд шийдвэрт “…анхнаасаа тусгай хамгаалалттай газрын ойн сан бүхий газарт аялал жуулчлалын зориулалтаар ашиглах боломжгүй газрыг нэхэмжлэгч хуулийн этгээдэд ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Ойн тухай хуульд нийцэхгүй байх ба уг алдаагаа залруулж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн…” гэж дүгнэснийг буруутгахгүй, түүнчлэн тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхгүй гүйцэтгэхийг шаардаагүй, 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй талаарх зохицуулалтыг зөв тайлбарлан, эдгээрийн алинд ч тушаал хамаарахгүй талаар үндэслэлтэй дүгнэжээ. 

Түүнчлэн шийдвэрт Ойн тухайн хуулийн дээрх заалтыг дурдсан төдийгүй ойн сантай давхцалтай талаар ч дүгнэсэн байх тул “…нотлох баримтыг дутуу цуглуулсан, үнэлсэн…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Мөн анх олгох үеийн нөхцөл байдлыг нотлох баримтыг хэрхэн цуглуулсан эсэх нь илэрхий ойн сан бүхий газрын талаар өөрөөр дүгнэх нөхцлийг үүсгэхгүй болно.

Харин давж заалдах шатны шүүхээс тушаалын үндэслэл болгосон, маргаанд шууд хамааралтай хуулийн заалтыг шийдвэрт бүрэн баримтлаагүйг зөвтгөх нь зүйтэй гэж үзсэнээс гадна шийдвэрийн “Тодорхойлох” хэсэгт хариуцагчийг “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс” гэж буруу бичсэнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасны дагуу залруулга хийвэл зохино. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 637 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “…29.1.10, …” гэсний дараа “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1/, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6,” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгч “Ю*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансоёмбын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.БААТАРХҮҮ

 

                 ШҮҮГЧ                               Н.ХОНИНХҮҮ

 

                      ШҮҮГЧ                              Э.ЛХАГВАСҮРЭН