Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0472

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0472

Улаанбаатар хот

 

 

“Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн захирал Р.Гантөмөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэгшмандал нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 168 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн захирал Р.Гантөмөрийн гаргасан давж заалдах гомдлоор тус компанийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн захирал Р.Гантөмөр, “Гурван гол холдинг” ХХК-ийн захирал Н.Бэхбат нар 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шардлагадаа:

“...нийслэлийн Засаг даргын 2006 оны 363 дугаар захирамжийн “Монгол Ньюс” ХХК-д, 2011 оны 438 дугаар захирамжийн “Тавинлан” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 168 дугаар шийдвэрээр:

“...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн нийслэлийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаар захирамжийн “Монгол Ньюс” ХХК-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжийн “Тавинлан” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн захирал Р.Гантөмөр дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анх тус компани нь Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 75 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 1997 оны 116 дугаар тогтоолоор “Үзэсгэлэн яармаг” компани улсын үйлдвэрийн газрыг нээлттэй дуудлага худалдаагаар тус маргаан бүхий агуулахын доорх 187.95 м.кв газар нь 1997 онд агуулахын барилга буюу уг үл хөдлөх эд хөрөнгийн хамт салшгүй хэсэг болон эзэмшилд ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар өмчлөх эрх үүссэн.

Гэтэл анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг бусдад эзэмшүүлэхээр олгосон хариуцагчийн буруутай үйлдлийг шалган тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээхийн оронд “эзэмшиж байгаагүй” хэмээн дүгнэж байгаа нь туйлын шударга бус явдал бөгөөд Монгол Улсын Төрийн өмч хувьчлалын бодлого, Төрийн өмчийн хорооны шийдвэр, Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмчлөх эрхийг энэхүү шийдвэрээрээ үгүйсгэж үл хөдлөх хөрөнгийн язгуур суурь ойлголтыг үл хайхарсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1606 дугаар шийдвэрээр хууль ёсны өмчлөгч нь “Сарны титэм үзэсгэлэн” ХХК мөн болохыг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу агуулахын барилга нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлд анх шилжсэн үеэс түүний доорхи газрын эзэмшигч байсан байна.

Энэ нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, 85 дугаар зүйлийн 85.2-т “түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” 87 дугаар зүйлийн 87.1-т “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж зааснаар үл хөдлөх хөрөнгийн салгаж үл болох эрх нь газрын эрх бөгөөд нэхэмжлэгч 1997 оны дуудлага худалдаагаар худалдан авснаас хойш агуулахын үл хөдлөх хөрөнгийг газрын хамт эзэмшсээр ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа.

Дээрх нотлох баримтаас үзвэл маргаан бүхий агуулахын барилгын байршил нь “Гурван гол” ХК болон “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн эзэмшлийн газарт ороогүй байна” гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Агуулахын доорх газар бусад газрын эзэмших хүсэлтийг гаргаж 7750 м.кв талбайгаар эзэмшүүлэхээр нийслэлийн Засаг дарга шийдвэрлэсэн боловч эзэмшлийн хил заагийг тодорхойлсон зураг дээр агуулахын байрыг нэхэмжлэгчид багтаан оруулаагүй, хасч зураг үйлдсэнийг өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй маргаж шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандсан. Нэхэмжлэгч “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн эзэмшлийн газар, газрын мэдээллийн санд бүрэн тусгагдаагүй гол үндэслэл нь энэхүү маргаан бүхий үйл явдалтай холбоотойг дээд шатны шүүх анхаарч үзнэ үү.

Анхан шатны шүүх дээр талуудын хэн аль нь маргаантай байгаа мэдээллийн санд ороогүй, бүрэн тусгагдаагүй өнөөг хүрсэн гэдгийг тайлбарласан байдаг. Харин тухайн үед 1998, 2003, 2006 онд мэдээллийн сан одоогийнх шиг боловсронгуй байсан бол энэхүү газар давхцуулан олгосон үйл явдал гарахгүй байсан нь эргэлзээгүй.

Анхан шатны шүүх мэдээллийн нэгдсэн санд орж баталгаажуулаагүй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл мэдээллийн санд ороогүй үйл баримт нь төрийн захиргааны төв байгууллагын буруутай үйлдлээс шалтгаалан маргаантай байгаа, эзэмших эрхтэй газрыг эзэмшүүлээгүй нэхэмжлэгчийн үндэслэлтэй холбоотой болно.

Хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан баталгаат хэмжээ тогтоосон акт албан ёсны баримт гэж үзэхгүй гэж шүүх дүгнэсэн. Уг зургийг үйлдсэн хариуцагчийн хүсэл зорилгыг харвал агуулахын байрыг оролцуулан цэгүүдийг дэс дугаарлаж 7750 м.кв талбай бүхий газарт оролцуулахаар үйлдэж байсныг шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн зөвхөн өөрийн үндэслэлд нийцүүлэн тайлбарласан байна.

Иймд 187.95 м.кв газар нь газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд орж баталгаажаагүй гэж шүүх дүгнэсэн нь анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн, нэхэмжлэгчийн үндэслэлийг үнэн зөв тодорхойлоогүй шийдвэрлэсэн байгаа юм.

“Сарны титэм үзэсгэлэн” ХХК нь төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан хүсэлт гаргаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байгаа. Тухайлбал Төрийн өмчийн хорооны 2000 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №3/733 тоот, нийслэлийн Газрын албанд хандсан албан бичигт “...агуулахын барилга нь хөрөнгийн цогцолборт хамрагдан хувьчлагдсан юм. Иймд агуулахын байрлаж байгаа газрыг эзэмших зөвшөөрлийг “Гурван гол” ХХК-ийн нэр дээр болгож өгөхийг хүсье”, 2006 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №2/1291 тоот албан бичигт “...Иймд “Гурван гол” ХХК-ийн хувьчилж авсан агуулах, түүний хаалганы орчмын цардмал талбайн газрыг эзэмших ашиглах эрхийг тус объектыг дагуулж шилжүүлэх нь зүйтэй. Цаашид өмч хувьчлалын талаар төрөөс явуулж буй бодлогын хэрэгжилтийг хангах үүднээс хувьчлагдсан объектуудын доорхи газрыг гуравдагч этгээдүүдэд давхардуулан олгохгүй байхыг анхааруулж байна” гэж хандаж байсан байна.

Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн Газрын алба 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1/605 тоот албан бичгээр “...“Сарны титэм үзэсгэлэн” ХХК-иас өөрийн байрны ард талд байрлах агуулахын барилгынхаа эзэмшил газрыг баталгаажуулах талаар манай албанд удаа дараа хандсан боловч... нийслэлийн Засаг даргын 2006 оны7 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаар захирамжаар “Монгол ньюс” ХХК-д олгосон газартай давхцаж байгаа тул шийдвэрлэгдээгүй болно” гэсэн нь “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийг Газрын албанд хандаж байсныг хавтаст хэрэгт бүрэн нотлогдсон гэж үзэж байгаа болно.

Энэ нь 2002 оны Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг зөрчсөн байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.

Мөн шүүх хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй зөрчөөгүй гэж дүгнэсэн байна. Шинжээчдийн дүгнэлтээр газар давхцалтай гэдгийг дүгнэж, гуравдагч этгээдийн хүсэлт дээр давхцалгүй газар эзэмших хүсэл зориг буюу “сул чөлөөтэй” газрыг хүссэн байхад үл хөдлөх хөрөнгө оршин байгаа газрыг давхардуулан олгосон үйлдлийг хууль нийцүүлж тогтоож чадаагүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч “Сарны титэм үзэсгэлэн” ХХК нь 2000 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үүсгэн байгуулагдсан байхад шүүх 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үүсгэн байгуулагдсан мэтээр дүгнэж үүнээс хойшх хугацаанд газрыг эзэмших эрхээ баталгаажуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь нийслэлийн Засаг даргын 2003 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 283 тоот захирамжаар “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-д 7750 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, “Сарны титэм үзэсгэлэн” ХХК газрыг баталгаажуулсан байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад шүүх үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 2458 дугаар захирамжаар шинжээчээр томилогдсон ГХБГЗЗГ-ын 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтийн хавсралт 2-т “...“Тавинлан” ХХК-ийн эзэмшлийн газрын хил зааг дотор “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн “Сарны титэм” ХХК-ийн агуулахын барилга байрлаж байна. ...“Тавинлан” ХХК-ийн эзэмшлийн газартай “Сарны титэм” ХХК-ийн эзэмшлийн газар нь агуулахын барилгын хэмжээгээр давхцаж байна” гэж дүгнэсэн. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар шинжээчээр томилогдон ажлын хэсэг байгуулагдан шинжээчийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийн 3 дугаар хавсралт зурагт “Сарны титэм үзэсгэлэн” ХХК, “Тавинлан” ХХК-иудын газрын давхцалыг зургаар харуулсан шинжээчийн дүгнэлт тус тус гарсан.

Хамгийн сүүлийн шинжээчийн дүгнэлт нь мөн адил давхцалтай байгаа гэдгийг дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн баталгаат хэмжээ тогтоосон зургийн дагуу эзэмшиж байгаа газраас гадна ойр орчмын ногоон бүс, агуулахын доорх, түүний ойр тойрныг хамааруулан талбайн хэмжээнд оруулан 8510 м.кв эзэмшиж байгаа гэж дүгнэсэн боловч тухайн газар давхцалтай байна гэдгийг шинжээч нар дүгнэснийг шүүх үнэлж дүгнээгүй орхигдуулсан.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2013 оны 5/5991 тоот албан бичгээр “...схем зураг, кадастрын зургийн зөрүү гарч байгаа тухайн асуудлаа Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж шийдвэрлэнэ үү” гэсний дагуу тухайн 2 газраар шалгуулахад “...“Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн эзэмшиж буй талбайн хэмжээг тодорхойлоход 6948 м.кв байна” гэж дүгнэсэн нь гэрээний дагуу хууль ёсны эзэмших 7750 м.кв-тай зөрж буй нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн агуулахын байрны доорх газрыг хууль ёсоор эзэмшиж чадахгүй байгааг нотолж байгаа болно. Мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08/065/1167 тоот дүгнэлтээр 6950 м.кв гэж дүгнэсэн. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн №2/1328 тоот албан бичиг нь шинээр илэрсэн нөхцөл байдлын нотлох баримт болж шүүхээр үнэлэгдсэн болно.

Дээрх байдал нь нийгэмд шударга ёсыг хуулийн дагуу тогтоох шалгуур болох байтал явцуу хүрээний ашиг сонирхолтой этгээдийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргаснаар хууль ёсны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн этгээдийн эрх үүгээр зогсохгүй хөндөгдөж, зөрчигдсөөр байгааг эрхэм шүүгчид анхаарна уу.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 168 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дүгээр зүйлийн 118.3-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 168 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн захирал Р.Гантөмөрийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 75, Төрийн өмчийн хорооны 1997 оны 116 дугаар тогтоолоор “Үзэсгэлэн яармаг” УҮГ-ын 2335.8 м.кв талбай бүхий барилга, 3272.9 м.кв зам талбай бүхий хөрөнгийг нийтийн дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсний дагуу 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн нийтийн дуудлага худалдаагаар “Гурван гол” ХХК 603.1 сая төгрөгөөр худалдан авсан байх бөгөөд 1997 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар үйлдэгдсэн хувьчлагдах хөрөнгийн үнэлгээний танилцуулгад барилгын 13 объект түүний дотор 187.95 м.кв агуулах гэж тусгагджээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1606 дугаар шийдвэрээр дээрх агуулахын барилгын хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийг эцэслэн тогтоосон, мөн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1233 дугаар шийдвэрээр “Тавинлан” ХХК-ийн эзэмшлийн 1200 м.кв газарт байрлах “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн 185.95 м.кв талбай бүхий агуулахын барилгыг албадан нүүлгэж газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 677 дугаар тогтоолоор энэхүү шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж маргааныг эцэслэн шийдвэрлэхдээ “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийг хуучнаар “Үзэсгэлэн яармаг” УҮГ-ын агуулахыг барилгын өмчлөгч болохыг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 1606 дугаар шийдвэрээр тогтоосон байдал нь “...талуудын газар эзэмших ашиглах эрхийн талаар гарсан маргааныг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэжээ.

Иймд эдгээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчинтэй байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нийслэлийн Засаг даргын 2006 оны 366 дугаар захирамжийн “Монгол Ньюс” ХХК-д, 2011 оны 438 дугаар захирамжийн “Тавинлан” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох боломжгүй. 

Анхан шатны шүүх агуулахын барилгын байршлыг “Гурван гол” ХК болон “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн эзэмшлийн газарт ороогүй талаар хэрэгт авагдсан нийслэлийн Засаг даргын 1998 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А/16 дугаар захирамжаар “Гурван гол” ХХК-д Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд 0.54 га газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, тус компанийн нийслэлийн Газрын албатай байгуулсан гэрээ, түүний хавсралт, газрын хэмжээ, байршлыг харуулсан зураг, мөн 2003 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 283 дугаар захирамжаар “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-д 7750 м.кв газар эзэмшүүлснийг үндэслэн тус компанийн нийслэлийн Газрын албатай 2004 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээ, газрын баталгаат хэмжээг тогтоосон акт болон Газрын мэдээллийн санд хадгалагдаж байгаа “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн эзэмшиж байгаа кадастрын зураг зэргийг үндэслэн тухайн үед мөрдөгдөж байсан болон одоо мөрдөгдөж буй Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж үндэслэлтэй дүгнэжээ.  

Нэхэмжлэгчийн тухайд агуулахын барилгыг 1997 оны дуудлага худалдаагаар худалдан авч өмчлөгчийн хувьд түүний доорх газрыг өнөөдрийг хүртэл эзэмшиж буй нь бодит факт, гагцхүү энэхүү эзэмшил нь Газрын тухай хуульд зааснаар нэхэмжлэгчид хууль ёсоор үүсээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.  

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 283 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 7750 м.кв газрын хил заагийг тодорхойлсон зурагт агуулахын доорх одоогийн маргаан бүхий газрыг оруулаагүй, мөн Газрын кадастрын мэдээллийн санд бүрэн тусгагдаагүй болохыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2007 оноос хойш маргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог, түүнчлэн 1-р хавтаст хэргийн 51 дэх талд буй “Сарны титэм Үзэсгэлэн” ХХК-ийн эзэмшиж байгаа 7470 м.кв газрын баталгаат хэмжээг тогтоосон актад агуулахын доорх эдэлбэр газрын хилийн цэгийг 6, 7, 8, 9 гэсэн 4 цэгээр холбож тусгасан байх бөгөөд харин газрын мэдээллийн нэгдсэн санд энэхүү зургийг хэрхэн оруулах нь нэхэмжлэгчийн бус хариуцагчийн эрх хэмжээ, чиг үүрэгт хамаарах бөгөөд үүнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Гэвч эдгээр болон нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох бусад баримтууд анхнаас хэрэгт нотлох баримтаар авагдсан атал өнгөрсөн хугацаанд дээр дурдсан Улсын Дээд шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд гарчээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу хувьчилж авсан агуулахын барилгын доорх газрыг оролцуулан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 363 дугаар захирамжаар “Монгол ньюс” ХХК-д газар эзэмшүүлэх үед агуулахын барилгын доорх газраа нэхэмжлэгч баталгаажуулж аваагүй байсныг удаа дараагийн гарсан шүүхийн шийдвэрт дүгнэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН