Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 14

 

                               “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн

                            нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн захирал Р.Гантөмөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, гуравдагч этгээд “Тавинлан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 168 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0472 дугаар магадлалтай, “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 168 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг баримтлан “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаар захирамжийн “Монгол ньюс” ХХК-д холбогдох хэсгийг, 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжийн “Тавинлан” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0472 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгч “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн захирал Г.Гантөмөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд тус маргаан бүхий газар дээрхи обьектыг Засгийн газрын 1997 оны 75 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 1997 оны 116 дугаар тогтоолоор “Үзэсгэлэн яармаг” компани улсын үйлдвэрийн газрыг нээлттэй дуудлага худалдаагаар тус компанийн худалдаж авсан, 1997 онд агуулахын барилга буюу барилгын доорх 187,95 м.кв газар нь уг үл хөдлөх эд хөрөнгийн хамт салшгүй хэсэг болон эзэмшилд ирсэн, нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар өмчлөх эрх үүссэн гэдгийг тогтоогдсон байна гэж дүгнэсэн үүнийг үгүйсгээгүй зөвшөөрсөн болно. Агуулахын доорх газар бусад газрын эзэмших хүсэлтийг гаргаж 7750 м.кв талбайгаар эзэмшүүлэхээр Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэсэн боловч эзэмшлийн хил заагийг тодорхойлсон зураг дээр агуулахын байрыг нэхэмжлэгчид багтаан оруулаагүй, хасч зураг үйлдсэнийг өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй маргаж шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандсан боловч одоог хүртэл обьект нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 87 дүгээр зүйлийн 84.3-т “газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд хамаарна”, 85 дугаар зүйлийн 85.2-т “түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна”, 87 дугаар зүйлийн 87.1-д “өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж заасны дагуу дээрх газар дээр байгаа обьектууд “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн эзэмшилд байна. Иймээс нэхэмжлэгч 1997 оны дуудлага худалдаагаар худалдан авснаас хойш агуулахын үл хөдлөх хөрөнгийг газрын хамт эзэмшсээр ирсэн бөгөөд албан ёсоор кадастрын зурагт оруулж баталгаажуулаагүй ч гэсэн иргэний хуульд заасан үндсэн хөрөнгийн бүртгэлд тусгагдсан тул тус компанийн эзэмшлийн газрын байх ёстой. Өөрөөр хэлбэл, холбогдох хууль зөвшөөрсөн байгаа болно. Иргэн, газрын тухай хуульд заасан болон өмч хувьчлалын баримтууд байсаар байтал анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзэхгүйгээр бусдын өмчлөлд байгаа обьектын газрыг “Тавинлан” ХХК-д шилжүүлж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаар захирамж гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шинжээчдийн дүгнэлтээр газар давхцалтай гэдгийг дүгнэж, гуравдагч этгээдийн хүсэлт дээр давхцалгүй газар эзэмших хүсэл зориг буюу “сул чөлөөтэй” газрыг хүссэн байхад үл хөдлөх хөрөнгө оршин байгаа газрыг давхардуулан олгосон үйлдлийг шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй” гэж заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх хууль нийцүүлж тогтоож чадаагүйд гомдолтой байна. “Сарны титэм үзэсгэлэн” ХХК буюу нэхэмжлэгч тал удаа дараа нэхэмжлэл, шаардлагаа хууль зүйн үндэслэлтэй тавиад байхад тухайн үеийн бүх шатны шүүхүүд бодит байдлыг зөв дүгнэсэн мөртлөө нэхэмжлэгчийн эрх, ашгийг хохироож, иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчиж, “Тавинлан” ХХК-ийн талд шийдвэр гаргаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа буруу байна. Мөн анхан шатны шүүх дээр талуудын хэн аль нь маргаантай байгаа учраас мэдээллийн санд ороогүй, бүрэн тусгагдаагүй өнөөг хүрсэн гэдгийг тайлбарласан байдлыг анхааран үзнэ үү. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 283 дугаар захирамжаар “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-д 7750 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газрын төлбөрт 1997 оноос 2016 он хүртэл нийт 67 250 000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татварт 197 362 436 төлж гэрээний үүргээ биелүүлж газраа төлбөрөө төлж ирсэн байна. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Магадлал хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд үнэлээгүйгээс шалтгаалан“...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол байхад нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 355, 2011 оны 438 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй” гэж буруу дүгнэсэн. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд нь энэхүү захиргааны хэргийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянахын өмнөх маргаан буюу 2007 оны захиргааны хэргийн шүүх шийдвэрүүдийн дараа гарсан, түүнчлэн дээрх иргэний хэргийн шийдвэрийг харвал “газар эзэмших эрх олгосон захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүй”-г холбоогүй болно. Агуулахын барилгыг албадан нүүлгэж газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн маргаан нь Нийслэлийн Засаг даргын 2006 болон 2011 оны захирамжийг хүчингүй болгох захиргааны хэргийн үндэслэл, шалтгаан болох үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх дүгнэхдээ захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь иргэний хэргийн маргааны шийдвэрийн үндэслэл болсныг дүгнэх байтал эсрэгээр нь өөрийн шийдвэртээ иргэний хэргийн шүүхийн шийдвэр /уг захиргааны маргааны үндэслэлд хамааралгүй”-ийг үндэслэл болгож дүгнэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, хууль ёсны байхаас гадна шударга ёсыг тогтоох, түүнийг сахиулан хамгаалах нь шүүхийн үндсэн зарчим юм. Гэтэл нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг бусдад эзэмшүүлэхээр давхардуулан олгосон хариуцагчийн буруутай үйлдлийг шалган тогтоогоогүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүйгээр хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Монгол Улсын төрийн өмч хувьчлалын бодлого, төрийн өмчийн хорооны шийдвэр, Үндсэн хуульд заасан өмчлөх эрхийг үгүйсгэж үл хөдлөх хөрөнгийн язгуур суурь ойлголтыг үл хайхарсан шийдвэрийг шүүх гаргасан. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, 85 дугаар зүйлийн 85.2-т “түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна”, 87 дугаар зүйлийн 87.1-д “өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж зааснаар үл хөдлөх хөрөнгийн салгаж үл болох эрх нь газрын эрх бөгөөд нэхэмжлэгч 1997 оны дуудлага худалдаагаар худалдан авснаас хойш агуулахын үл хөдлөх хөрөнгийг газрын хамт эзэмшсээр ирсэн. Агуулахын доорх газар болон бусад газрыг эзэмших хүсэлтийг гаргаж 7750 м.кв талбайгаар эзэмшүүлэхээр Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэсэн боловч эзэмшлийн хил заагийг тодорхойлсон зураг дээр агуулахын байрыг нэхэмжлэгчид багтаан оруулаагүй, хасч зураг үйлдсэнийг өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй маргаж шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандсан. Гэвч Нийслэлийн Засаг даргын “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн 7750 м.кв талбай бүхий газрын эзэмшүүлэхээр олгосон нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/1328 дугаар албан бичиг болон албан тоотын 1,2 дугаар хавсралтаар “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн эзэмшиж буй “...талбайн хэмжээг тодорхойлоход 6948 м.кв байна” гэснээс үзвэл даруй 802 м.кв талбай дутуу байгаа нь нотлогдож, хариуцагчийн нэхэмжлэгчийг хохироосон үйлдэл нь илт тодорхой, нэхэмжлэгч эзэмших эрхтэй газрыг эзэмшиж чадахгүй байгаа үйл баримт байхад шүүх нотлох баримтыг огт үнэлж дүгнээгүй хэргийг шийдвэрлэв. Мөн мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08/065/1167 дугаар дүгнэлтээр “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн газрыг 6950 м.кв байна гэж дүгнэсэн нь энэ үйл баримт буюу нэхэмжлэгчийн эзэмшил газар дутаж байгааг эрх бүхий төрийн бүхий л байгууллагууд нотолж байна. “Сарны титэм үзэсгэлэн” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 283 дугаар захирамжаар олгогдсон, 2004 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээнд заасан 7750 м.кв эзэмшил газрын төлбөрийг жил бүр төлж ирсэн байдаг. Гагцхүү нэхэмжлэгчийн эзэмшил газрыг зурагт буулгахдаа зарим хэсгийг хасч, түүнийгээ бусдын газарт оруулсан нь өнөөдрийн маргааны эхлэл болсон үйл явдал. Түүнээс биш нэхэмжлэгчид 7750 м.кв газрыг эзэмших эрх нь хуулийн дагуу үүссэн, эзэмшиж байгаа боловч энэ нь эрхийн доголдолтой холбоотой байхад шүүх эзэмших эрхгүй газрыг эзэмшилдээ байлгасан утга, агуулгатай дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Төрийн өмчийн хорооны 2000 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/733 дугаар албан бичиг, 2006 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2/1291 дүгээр албан бичиг, “Монгол ньюс” ХХК-ийн “сул чөлөөтэй” газрыг эзэмших эрхийг хүссэн албан бичгийн утга учрыг буюу эдгээр нотлох баримтуудыг огт үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгчийн газрын хэмжээ дутуу, дутаж байгаа хэмжээнд нь маргаан бүхий газар багтаж байгааг аль ч шүүх үндэслэл бүхий дүгнээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. 1994 оны Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 1-д “төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоож, газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, 2002 оны Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд дээрх агуулга бүхий заалт тусгагдсан төдийгүй 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн дүгнэж буй “нэхэмжлэгч агуулахын байрны доорх газрыг өнөөдрийг хүртэл эзэмшиж буй бодит факт, гагцхүү энэхүү эзэмшил нь Газрын тухай хуульд зааснаар нэхэмжлэгчид хууль ёсоор үүсээгүй” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн эзэмших эрхээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар хуулийн дагуу олж авсан боловч бүрэн бодитоор эрхийн дагуу хэрэгжүүлж чадахгүй ирсэн нь уг маргаан бүхий газрыг давхардуулан бусдад газар олгосон хариуцагчийн хууль бус үйлдлээс шалтгаалсныг Улсын дээд шүүх анхаарч үзнэ үү. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

                                                                                       ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/16 дугаар захирамжаар “Гурван гол” ХХК-д  худалдаа үйлчилгээний зориулалтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 5400 м.кв газрыг 3 жилийн хугацаатай олгосон ба 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжаар уг газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-д шилжүүлэн, хэмжээг 7750 м.кв болгон нэмэгдүүлжээ.

“Гурван гол” ХХК-ийн 5400 м.кв, “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн 7750 м.кв газрын баталгаат хэмжээ тогтоосон актаар /батлагдсан/ түүний газар бусад хуулийн этгээдийн / “Монгол ньюс” ХХК, “Тавинлан” ХХК/ эзэмшил газартай давхцалгүй, харин нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг захиргааны байгууллага бусдад эзэмшүүлсэн нь талуудын маргах үндэслэл болжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх 5400 м.кв, 7750 м.кв газрын баталгаат хэмжээ тогтоосон /батлагдсан/ актаар тодорхойлсон нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраас тусдаа байрлах түүний өмчлөлийн 187,95 м.кв агуулахын барилгын доорх газрыг хамруулан Нийслэлийн Засаг даргын  2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаар захирамжаар “Монгол ньюс” ХХК-д,  2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжаар “Тавинлан” ХХК-д 1200 м.кв газрыг эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдсон  байна.

Тухайн агуулахын барилгын өмчлөгч “Сарны титэм үзэсгэлэн” ХХК биш гэж талууд маргадаггүй ба хэрэгт авагдсан баримтаар анх 1997 онд Төрийн өмчийн хорооноос Сүхбаатар дүүрэг Чингисийн өргөн чөлөө-48-д байрлалтай “Үзэсгэлэн яармаг” /УҮГ/-ын 2335,8 м.кв талбай бүхий барилга, 3272,94 м.кв гадна талбай, эд хөрөнгийг нийтийн дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж, 1997 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дуудлага худалдаа зохион байгуулагдаж, “Гурван гол” ХХК тус хөрөнгийг 603 100 000 төгрөгөөр худалдан авсан, үүнд 187,95 м.кв талбай бүхий агуулахын барилга багтсан;  “Гурван гол” ХХК 2000 онд татан буугдаж, Татан буулгах комиссын 2000 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор дээрх “Сарны титэм үзэсгэлэн төв”-ийн 658 842 979 төгрөг бүхий хөрөнгийг Ө.Ганбатад шилжүүлж, Ө.Ганбат 2000 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийг үүсгэн байгуулж, тухайн хөрөнгөө компанийн нэр дээр шилжүүлсэн буюу нэхэмжлэгч тухайн агуулахын өмчлөгч болох нь нотлогдсон байна.

“Сарны титэм үзэсгэлэн” ХХК анхнаасаа тус газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан ба хариуцагч маргаан бүхий газар дээрх уг үл хөдлөх хөрөнгийг хэрхэх талаар шийдвэрлээгүй атлаа түүний доорх газрыг “Монгол ньюс” ХХК, “Тавинлан” ХХК-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасантай нийцээгүй байна.

Учир нь, газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох тухайн агуулахыг нэхэмжлэгч зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахын тулд зайлшгүй түүний доорх газрыг ашиглах нөхцөл бодитоор үүссэн тухайн тохиолдол нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасанд  хамаарах юм.

Нөгөөтэйгүүр, “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийг тухайн агуулахын “өмчлөгч” болохыг үгүйсгэх боломжгүй, түүний өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй, мөн 5400 м.кв, 7750 м.кв газрын баталгаат хэмжээ тогтоосон актад тус агуулахын доорх газар ороогүй нь тухайн үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг бусдад олгох үндэслэл болохгүй юм.

Иймд, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаар захирамжийн “Монгол ньюс” ХХК-д, 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжийн “Тавинлан” ХХК-д холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөд оногдох хэмжээгээр хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 168 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0472 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Газрын тухай хуулийн  /2002 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаар захирамжийн “Монгол ньюс” ХХК-д холбогдох хэсгийн, 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжийн “Тавинлан” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд оногдох хэмжээгээр  хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                       ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН