Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2209

 

МАГАДЛАЛ

 

2017.10.13                                                     Дугаар 2209                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/01592 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Сд холбогдох,

 

Эцэг тогтоолгох, охин Нарангоотой тодорхой хугацаанд хамт байж, биечлэн уулзаж байх журмыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2013 оны 6 дугаар сард танилцаж, улмаар 7 дугаар сараас эхлэн дотно харилцаатай болсон юм. Хамт амьдрах явцад 2013 оны 10 дугаар сард Б.С нь өөр эрэгтэйтэй холбоотой байгаа нь тогтоогдсон ба энэ асуудлыг аав, ээжид нь танилцуулж, Б.С ч надад үнэнээ хэлсэн. 2014 оны 5 дугаар сарын 20-ны үеэр төрөх байсан учраас биеийг асууж ярих гэтэл утсаа авдаггүй, гэрт нь очиход хаалгаа нээж өгөхгүй надтай холбогдохыг хүсээгүй. Би охинтой болно гэж их баярлан хүүхдээ хүлээдэг, бүр зүүдэлдэг байсан. Охин төрснийг ээж нь хэлсэн тул эмнэлэгт нь очиж охин болон Б.Стай уулзсан. Удалгүй БНСУ-д магистрантурт суралцахаар явж, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сургуулиа төгсөж, Канад, Герман улсад амьдраад 2016 оны 1 дүгээр сард ирсэн болно. 2016 оны 3 дугаар сард Б.С машинтайгаа явж байхад нь уулзсан ба улмаар охинтойгоо тухайн сард уулзаж, Гэгээнтэн цогцолборын хүүхдийн тоглоомын газар охиноо тоглуулсан. Охин минь намайг ааваа гэж дуудаж, эрхэлж байсан болно. Би 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс дахин гадаад улсад ажлаар явсан ба "дахиж охинтой уулзуулахгүй" гэсэн майлыг надад явуулсан. 4 дүгээр сард буцаж ирээд охинтойгоо уулзаж, улмаар "би охиноо цэцэрлэгт нь хүргэж өгч, авдаг байя" гэж гуйхад Б.Сын аав зөвшөөрсөн ба     маргааш нь охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр өглөө эрт очиход Б.С мөн л намайг хөөж, би охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөөгүй болно. Миний бие 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Канад улсад байсан ба ирээд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охинтойгоо гуйж байж уулзсан болно. Миний бие хэдийгээр Б.Стай гэрлэлтээ бүртгүүлээгүй ч охиноо төрөхөөс өмнө хамт амьдарч, эр эмийн харилцаатай учраас охиныхоо эцэг нь мөн гэж боддог. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдлэх тул эцгийн хувьд хүүхдийнхээ өмнө хүлээдэг бүх эрх, үүргийг хэрэгжүүлэхийг хүсэж байна. Охин Нарангоо одоо ээжийнхээ асрамжид амьдарч байгаа хэдий ч охиныг аавтай нь уулзах боломж олгохгүй, охины талаар ямарч мэдээлэл өгөхгүй, харилцах боломж ч олгохгүй байгаа нь охин Нарангоогийн эрхийг зөрчиж байгаа юм.

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагийн зэрэгцээ нэгэнт хариуцагч Б.С нь охин Нарангоог миний охин гэдгийг хүлээн зөвшөөрч, тайлбар ирүүлсэн, охины эцэг мөн эсэхэд шинжилгээ хийлгэхээс татгалзаж байгаа тул охиныгоо зөв өсгөж, хүмүүжүүлэх, сурч боловсрох зэрэг хуульд зааснаар эцгийн хувьд эдлэх бүх эрх, үүргийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа юм. Иймд охин С.Нарангоогийн эцгээр Б.Оыг тогтоолгож, охинтойгоо тодорхой хугацаанд хамт байж, биечлэн уулзаж байх журмыг шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Бид танилцаад удаагүй байсан ба 36 настай байсан бөгөөд хүүхэдтэй болохыг туйлын их хүсэж байсан. Танилцаад хамт байх хугацаанд өөр эрэгтэй хүнтэй уулзаж байгаагүй. Б.О хамт байх хугацаандаа намайг найз нөхөд, эцэг эхтэй минь уулзахыг хязгаарлаж, миний фэйсбүүк, цахим шуудангийн нууц үг болон гар утсыг надаас шаардаж аваад, байнгын шалгаж, миний үйлдэл бүрийг хянадаг байсан. Намайг ор үндэслэлгүйгээр байнга хардаж, дарамталж, зоддог байсан. Би жирэмсэн байх хугацаандаа 2 удаа өвдөж эхний удаад нь Чингэлтэй дүүргийн Клиникийн нэгдүгээр амаржих газар хэвтэж эмчлүүлсэн, дараах удаад нь гэрээр эмчлүүлсэн. Намайг эмнэлэгт байх хугацаанд Б.О байнгын сэтгэл санааны дарамт учруулдаг байсан. Гэртээ халуураад өвчтэй хэвтэж байхад, чиний хэвлийд байгаа хүүхэд чинь минийх мөн үү, чи үнэнээ хэл, гээд л байнгын зовоодог байсан. Мөн 2 удаа огт шалтгаангүйгээр гудамжинд танихгүй хүнтэй муудаж, зодолдож байсан. Өөрийн үзэл бодол байр суурийг хүчээр тулгадаг, хүчирхийлэл хэрэглэдэг дарамтлагч. Намайг 36 настайдаа жирэмсэлж, анхны хүүхдээ төрүүлэх гэж байгаа, эмчийн тусгай хяналтад байдаг, тонустай гэдгийг мэдсээр байж тогтмол сэтгэл санааны дарамтанд оруулж амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байсан.

Тухайн үед миний төрөх хугацаа хэт ойртсон байсан тул сэтгэл санааны хувьд тайван амгалан байж, хүүхдээ төрүүлэх бэлтгэлээ хангах нь надад илүү чухал байсан тул би шүүх цагдаагаар яваагүй.

Миний охиныг төрснөөс нь хойш буюу 1 жил 10 сарын дараа хүүхдээ харах гэж ирэхдээ хариуцлагагүй хандаж согтуу ирсэн. Иймд би хүүхдээ ахиж уулзуулахгүй гэж дургүйцсэн. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б.О гуйж байж охинтойгоо уулзсан гэдэг нь худал болно. Манай ээж, аавын гэрт ирээд, охинтойгоо уулзаад, дайлуулаад явсан. Миний ээж, аав 2 бол хүнд муу санадаггүй, маш сайхан сэтгэлтэй хүмүүс бөгөөд зүгээр энгийн харьцдаг. Эхийнх нь хэвлийд байхаас нь эхлүүлээд өнөөдрийг хүртэл хайрлаж, хамгаалж байгаагүй бөгөөд миний охины биеийн байдлыг нэг ч асууж байгаагүй.

2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр би охиноо бодоод маргааш нь буюу 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр охиноо баярлуулаарай гэхэд, чамтай шүүх дээр уулзана, гэдэг хариу өгсөн бөгөөд охинтойгоо уулзаагүй. Б.О миний охины эцэг мөн гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.О нь 2014 оны 5 дугаар сарын 11-ний өдөр охин Нарангоогийн эцэг мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг О охин Нарангоотой уулзахад эх Сын хяналттай, эх С хяналт тавих боломжгүй үед эцэг О охин Нарангоотой ганцаарчлан уулзахад эх С саад учруулахгүй байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт ойлгомжгүй, тодорхой бус заасны улмаас шүүхийн шийдвэр гарсан ч охин Нарангоотойгоо уулзаж чадахгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт "...эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно" гэж заасан тул шүүхээс өөрийн охин Нарангоотойгоо уулзах журмыг нарийвчлан тогтоолгохыг хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.Сд холбогдуулан эцэг тогтоолгох, охин С.Нарангоотой тодорхой хугацаанд хамт байж, биечлэн уулзаж байх журмыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Б.С нь эцэг мөн болохыг зөвшөөрч байгаа тул охинтойгоо уулзах боломжоор хангуулах” гэснийг   хариуцагч нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...Б.О нь зан авирын хувьд доголдолтой учраас зөвхөн миний хяналтанд уулзаж байх...” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчтэй охиныг уулзуулахгүй байх үндэслэл болон зааж буй “охинд сэтгэл санааны хувьд сөргөөр нөлөөлөх, эрх ашигт буруугаар хандах” нөхцөл байдал хэргийн баримтаар хангалттай нотлогдоогүй байх тул охинтой уулзуулах хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт нь найруулгын хувьд алдаатай болсон гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5, 26.6 дахь хэсэгт “эцэг, эх хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахгүй” байхаар зааснаар охин С.Нарангоотой ганцаарчлан уулзахад Б.С саад учруулахгүй байх нь зүйтэй.

Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх үндэслэлээр найруулгын өөрчлөлт    оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар    сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/01592 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...охин Нарангоотой уулзахад эх Сын хяналттай, эх С хяналт тавих боломжгүй үед эцэг О охин Нарангоотой ганцаарчлан уулзахад эх С саад учруулахгүй байх...” гэснийг охин С.Нарангоогийн эрх ашигт харшлахгүй байдлаар эцэг Б.О нь түүнтэй уулзахад саад учруулахгүй байхыг эх Б.Сд даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 ШҮҮГЧИД                              А.МӨНХЗУЛ

 

                                                        М.НАРАНЦЭЦЭГ