Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар Дугаар 182/ШШ2018/01210

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 06 өдөр

   Дугаар 182/ШШ2018/01210

             Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Б-д холбогдох,

 

Автомашины үнийн үлдэгдэлд 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ганбилэг/2528/, хариуцагчийн төлөөлөгч А.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч А.Ганцэцэг/1953/, шүүх хуралдааны нарийн даргаар Ц.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Б нь 2016.05.16-нд ЧД, 23байр болон ТХ 30-р байрнуудын дундах хуучин тоглоомын талбайг өөрчилж доороо 82 автомашины зогсоолтой, дээрээ тоглоомын талбай бүхий төсөл хэрэгжүүлэх болсон, одоогийн байдлаар 2014.05.22-ны өдрийн Нийслэлийн газар, барилгажилтын хурлаар ороод дэмжигдсэн, одоогоор газрын захирамж болон бусад бичиг баримт гаргуулах хэрэгтэй байна, гаргуулаад цаашид ажил явуулахад хөрөнгө хэрэгтэй, хөрөнгөө оруулчих, цаашдаа хамтраад ажиллая гэсэн. Тэгээд миний эзэмшлийн 2007 онд үйлдвэрлэгдсэн 2008 онд Монголд орж ирсэн ланд круйзер 100 маркын  0000УНЛ улсын дугаартай автомашиныг 20 сая төгрөгт тооцож аваад эхлээд газрын зөвшөөрлийг гаргаад цаашдаа хамтарч ажиллая гээд миний машиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваад цааш нь зарсан. С.Б нь газрын зөвшөөрөл болон бусад бичиг баримт нь 2016.07.01-ний өдөр гэхэд гаргуулж ажил эхлүүлнэ, тэгж чадахгүй бол би өөрөө бүх хариуцлагыг хүлээнэ гэж баталгаа гаргаж нотариатаар гэрчлүүлж гарын үсэг зурсан. Гэтэл дурдсан хугацаанд бичиг баримт гаргаагүй бөгөөд өөрөө хариуцлагаа хүлээхгүй арга саам хийсээр байгаад нэг уулзаад би чамд Сансарт байрлалтай авто зогсоол нэг ширхэг, дүүгийнхээ приус 10 маркын  авто машин нэг, шарга морьтод 4 айлын газар өгье гэсэн. Иймээс тохиролцож гэрээ байгуулан авто зогсоолыг 2017.06.27-ны өдөр 5 сая төгрөгт тооцож авсан. Тухайн үед  приус 10 маркын автомашиныг дүү нар нь надад авч ирж үзүүлсэн ба тэр машиныг зарж өгнө гэж худал хэлээд надад өгнө гэж байсан болохоор нь би аваагүй, 2 дүү нь өрөнд өгөх гэж байгааг мэдэхгүй байсан. Яг шүүх дээр ирэхээр  С.Б шал өөр зүйл ярьж байгуулсан гэрээгээ байгуулаагүй, тохирсон тохиролцоогоо хийгээгүй мэтээр хуурамч дүр эсгэж, бодит байдлыг гуйвуулж байгаа учраас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд авто зогсоолыг 5 сая төгрөгөөр тооцож авсан тул үндсэн шаардлага 10 сая төгрөг байсныг нэмэгдүүлж, 20.000.000 төгрөгийг хариуцагч С.Б-гаас нэхэмжилнэ гэлээ.

 

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016.05.16-ны өдөр Б.Б, М.Б-нартай дээрээ хүүхдийн тоглоомын талбай, доороо 85 машины зогсоолын барилгажилтын ажилд хөрөнгө оруулалтын зорилгоор Баянзүрх дүүргийн  25 тоотын гэрчилгээ нь гараагүй байрыг 65 сая төгрөгт, мөн 1996 оны  Ланд 100 маркын  0000 УНЛ улсын дугаартай автомашиныг 25 сая төгрөгт бодож авсан болно. Гэрээгээ хийж нотариатаар орсноос 20 хоногийн дараа М.Б байраа буцаан авсан. Ингээд бидний хооронд хийсэн хэлцэл цуцлагдаж дууссан. Балжиннямын автомашин болох Ланд 100 маркын автомашиныг 2016 оны автомашины ханшаар 15 сая төгрөгөөр зарж борлуулсан. Түүний автомашин нь Дөлгөөн нуурын автомашины засварын газрын хашаанд хөдөлгөөнгүй байсан. Ингээд 2017 оны 4 сард хоорондоо тохиролцож үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан дээрээ тохижилт бүхий автозогсоолыг Б-дтүүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгсөн. Хоорондын тохиролцоонд ямар нэг асуудалгүй, өр авлагагүй гэж тохиролцсон. Үүнээс хойш 2017 оны 9 сард Балжиннямаас лагерын  газар авах хүн байна уу гэж асууж сураглаж өгөөч гэж гуйснаас хойш хувийн шуналаас болж надаас лагерын газар өг гэж нэхэж тулган шаардсан.  Гэтэл Б нь миний гэр оронд ирж дарамталж лагерын газар өг, ална, хядна гэж дарамталсан. Иргэн Б-д би газар өгөхгүй гэснээс болж ийнхүү гүтгэж байна гэж ойлгож байна. Миний барьж байгуулсан дээрээ тоглоомын талбай, доороо автомашины зогсоол нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч бүгд 20-22 сая төгрөгт зарж борлуулагдаад дууссан. Иймд би иргэн Б-д өгсөн үл хөдлөх хөрөнгө болох авто зогсоолыг 22 сая төгрөгөөр үнэлж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.Бын хариуцагч С.Б-д холбогдуулан гаргасан 20 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.Б нарын хооронд авто зогсоол барих хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан байх ба, нэхэмжлэгч Б.Б гэрээнд өөрийн 25 сая төгрөгийн үнэтэй Ланд 100 маркын автомашинаар хөрөнгө оруулахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, 2016.05.16-ны өдрийн бичгээр гаргасан баталгаа зэргээр тогтоогдож байна.

 

            Гэтэл автозогсоол барих ажил бүтэмжгүй болсон гэсэн үндэслэлээр талууд гэрээнээс татгалзсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдлоо.

 

            Хариуцагч С.Б нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө болох Ланд 100 маркын автомашиныг бусдад худалдан борлуулсан болох нь гэрч П.М мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба, уг эд хөрөнгийг буцаан өгөх боломжгүй болсон учраас нэхэмжлэгч Б.Бд  автомашины оронд эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2204089699 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 3 тоот хаягт байршилтай 14.56 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгсөн тухайд талууд маргахгүй байна.

 

            Харин уг шилжүүлсэн автозогсоолыг 5 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлж авч үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх ба, нэхэмжлэгч Б.Б автозогсоолыг 15 сая төгрөгт тооцож авсан гэсэн бол, хариуцагч С.Б шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 18.026.000 төгрөгөөр тооцоход татгалзах зүйлгүй гэж, 8.500.000 төгрөг өгөхөөр эвлэрэх санал тавьсныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй болно.

 

            Иймд талууд хамтран ажиллах гэрээнээс татгалзсан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.2.2-т зааснаар хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй байх ба, автомашиныг буцаан өгөх боломжгүй болсон байх тул гэрээгээр тохиролцсон 25.000.000 төгрөгөөс шинжээчийн үнэлсэн авто зогсоолын үнэлгээ 18.026.000 төгрөгийг хасч тооцож, үлдэх 6.974.000 төгрөгийг хариуцагч С.Б мөнгөөр  нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

            Хамтран ажиллах гэрээгээр шилжүүлсэн Ланд 100 маркын автомашиныг захиран зарцуулах эрхийг хариуцагч С.Бд нэхэмжлэгч Б.Б-аас итгэмжлэлээр шилжүүлсэн тухайд талууд маргаагүй бөгөөд С.Б өөрийн захиран зарцуулах эрхийн хүрээнд уг автомашиныг бусдад ямар үнээр худалдан борлуулсан болох, уг автомашины эвдрэл гэмтэлтэй байсан зэрэг нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.2.2-т зааснаар хариуцагч С.Бгаас 6.974.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Б.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 13.026.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  44 дүгээр зүйлийн 44.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч  Б.Б-аас төлсөн 350.000 төгрөгнөөс төлбөл зохих 257.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 42.050 төгрөгийг буцаан олгож, хариуцагч С.Б-гаас 126.534 төгрөг гаргуулж Б.Б-д олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.АЛТАНЦЭЦЭГ